Т.БАТСАЙХАН

 

Энэ намрын улс төр нэлээд халуун өрнөж байна.  Эрх баригч намын даргын сунгаанаас үйлдэлтэй улс төрийн талцал Засгийн газрын тэргүүнийг огцруулах, УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэх дээрээ тулав.  Улс төрийн халалттай зэрэгцэн Төв талбайд багш нар цалингаа нэмүүлэх жагсаал хийж байгаа бол эмч эмнэлгийн ажилчид өнөөдөр нэмэгдэж жагсана гэжээ.   Ийнхүү өчигдөр болсон Төв талбайн жагсаал болон Төрийн ордны ээлжит мэдэгдлүүдийг тоймлон хүргэж байна.

 

Багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардав

Багш нарын цалингийн асуудал үргэлж яригдаж ирсэн. Багш нар шаардлага тавьж, жагсаал зохион байгуулдаг ч удалгүй намддаг жишиг тогтсон гээд хэлэхэд хилсдэхгүй.Тэгвэл энэ жилийн хувьд багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн долоодугаар сараас эхлэн үе шаттайгаар тавьж ирсэн. Гэсэн ч тодорхой үр дүнд гарахгүй байсаар байгаа учраас улс орон даяар нэгэн зэрэг тайван жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайдад шаардлагаа хүргүүлсэн байдаг. Улмаар Боловсролын сайд П.Наранбаяр урсгал зардлаас 100 тэрбум төгрөг гаргаж, багш нарын цалинд нэмэгдүүлэх боломжтой талаараа мэдээлсэн. Түүний гал унтраах төдий шийдвэрийг багш нар хүлээж аваагүй юм. Тэгвэл багш нарын төлөөлөл өчигдөр Төв талбайд 11.00-15.00 цагийн хооронд суултаа үргэлжлүүллээ. Тэд "Цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байгаа. Боловсролын салбараар дамжиж бусад хөгжих суурь тавигдана. Багш нарын цалин нэмэгдсэнээр боловсролын чанар нэмэгдэнэ. Чанартай боловсролтой хүүхдүүд улс орноо хөгжүүлнэ " гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Улмаар энэ долоо хоногийг дуустал Төв талбайд тайван жагсаал, суулт хийх юм байна. Түүнчлэн багш нарын жагсаал цуглаантай нэгдэж, эмч эмнэлгийн ажилчид жагсах юм.

 

Л.Мөнхбаатар: Популизм шийдэл биш,хууль шийдэл юм

Төрийн ордны ээлжит мэдэгдлүүд үргэлжлэв.  Өчигдөр буюу мягмар гарагийн эхний мэдэгдлийг ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар хийв.  Хууль зүй, дотоод хэргийн сайдаас огцруулах асуудлыг өөрт нь хэлээгүй, мэдэгдлээс мэдсэн гэдгийг хэллээ. Тэрээр “Би Г.Занданшатар даргатай олон жил хамтран ажилласан. Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг би тэр мэдэгдлээс л мэдсэн. Танхимын гишүүнээ томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа надтай яриад хэлэх ёстой. Энэ бол хувь хүний биш төрийн харилцаа. Тиймээс Засгийн газрын гишүүнтэй холбоотой асуудлыг өөрт нь танилцуулаад шийддэг байх нь зөв. Хувь хүнийхээ хувьд ч бид гэмгүй явж ирсэн. Эр хүмүүс эргээд уулзах нүүртэй, дахиад давах даваатай л явж байвал зүгээр гэж боддог. Тиймээс хүнийхээ хувьд ч хударгагүй зүйл боллоо гэж үзэж байгаа.Нүүрсний хэргийг шалгуулах зорилгоор энэ томилгоог хийж байна гэж хэлсэн. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хэрэг ярихгүй гэдэг зарчмын байр сууриа хэлсэн. Хууль нь ч ийм юм. Миний энэ зарчим Ерөнхий сайд Г.Занданшатарын улс төрийн үйл ажиллагаанд саад болсон юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс ч намайг чөлөөлсөн гэж үзэж байна. Популизм бол шийдэл биш. Хууль л шийдэл юм” гэлээ.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7686)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.