Төмөрбаатарын БАТСАЙХАН
УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны улсын төсвөө хэлэлцэн батлах эгзэгтэй, чухал цаг үед улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. Төсөв батлах нь өөрийн гэсэн хуультай, хуулийн хугацаатай шүү дээ. Ер нь төсвийн хуулийг хугацаандаа баталж чадах нь болов уу. Та улс төрийн нөхцөл байдлыг юу гэж харж дүгнэж байна вэ?
-Төсвийн тухай хуульд ирэх оны төсвөө арван нэгдүгээр сарын 15-аас өмнө батлагдахаар заасан байдаг. Хэрэв энэ хуулийн хугацаандаа амжихгүй бол Төсвийн тухай хуулийн 41.4 дүгээр заалт хэрэгжинэ.
Цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, тэтгэвэр, халамжийг доод түвшинд, Засгийн газрын нөөцийг өмнөх жилийн хэмжээнд санхүүжүүлнэ. Тэгэхээр Улсын төсвөө хуулийн хугацаанд батлах нь Монгол Улсын 3.5 сая хүнд шууд хамаатай. Хөрөнгө оруулалтууд зогсоно. Ингэвэл юу болох уу. Ер нь эрсдэлтэй нөхцөл байдалтай байна. Жишээлбэл, АНУ-ын Конгресс төсөв хугацаандаа батлагдаагүй үед “continuing resolution” гэж түр горим ажиллуулдаг.
Манайд ч адилхан зарчим үйлчилнэ. Саяхан гаргасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд төсвийн бодлого тогтвортой үргэлжлэх шаардлагатайг онцлоод байна. Улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа нь үнэн. Эрх баригч нам хурлаа ч хийж чадахаа байсан. Намын зөрчил, хямрал төрийн хямрал болох учиргүй. Улсын Их Хурлын гишүүд өргөсөн тангараг, эрх ашгийнхаа эрэмбэ дарааллыг мөрдлөг болгоно гэдэгт найдаж байгаа.
-Нөгөө талаар төсвөө хуулийн хугацаанд нь амжиж батлах гэж яаран сандран хэлэлцэх болов уу. Ер нь төсвийн хэлэлцүүлэг өнгөрсөн хугацаанд ч хангалттай явж ирээгүй шүү дээ. Энэ нь төсвийн хөрөнгө “бай” -гаа онодоггүй, үр ашиггүй зардал их гардаг гээд сул талуудыг үүсгэж байна уу?
-Тийм ээ, энэ бол бодитой эрсдэлийн нэг. Ер нь өнгөрсөн жилүүдэд УИХ төсөвт тавих хяналтын үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн. Арга зүйн болон мэдээллийн тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн суурь шинэчлэлийн орчныг бүрдүүлээгүй өдийг хүрсэн. Нэг л жишээ хэлье. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардалд сүүлийн гурван жилд 1.5 их наяд төгрөг төсөвлөсөн байна. Үүнийг УИХ-аас дорвитой бууруулах арга хэмжээ аваагүй. Үндэсний аудитын газраас 2025 оны зургаадугаар сард бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардлыг үндсэн үйл ажиллагааны төлбөрөөс бусад төлбөр, арга хэмжээг багцлан төлөвлөж, эдийн засгийн ангиллаас гардаг зардлуудад зарцуулж, нийт дүнгээр тайлагнаж байгаа нь төсвийн зарцуулалтын ил тод, хариуцлагатай байдал, төсвийн сахилга батыг алдагдуулж байна гэж дүгнэж байсан. Ер нь яаруу сандруу гэхээсээ талуудын оролцоог хангаж, мэдээллийн болон арга зүйн ил тод орчинд, шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэж батлах явдал хамгийн чухал байна. Жишээ нь, 2026 оны төслийн төсөлд 1.38 их наяд төгрөгийн алдагдлыг тавьсан мөртлөө оновчтой утга агуулга тооцоо, үндэслэл байхгүй. Аудит ч үүнийг “үндэслэлгүй тооцсон” алдагдал гэж онцолсон. Өмнөх жилүүдэд ч тодотгол олон удаа хийсэн нь зарлага өсөж, үр ашиг, бүтээмж буурахад хүргэсэн гэж үзэж байна. Бусад улс алдагдлаа яаж шийддэг талаар ярья л даа. Чили улс зэсийн үнийн савлагааг “структурын тэнцэл”-ээр шүүж зарлагаа тогтоодог. Шинэ Зеланд төсвөө өргөн барихдаа sensitivity analysis буюу сайн, муу бүх хувилбарын тооцоог хавсаргадаг. Эстони ч цахим сургалтаар урсгалын зардлаа 40 орчим хувиар бууруулж чадсан. Манайд хийх ёстой хамгийн эхний алхмуудын нэг бол 50 сая төгрөгөөс дээш бүх зарлагад өртөг үр ашиг, өртөг үр нөлөөний тооцоолол хийж, эрэмбэ дараалал тогтооход гол хүчин зүйл болгох асуудлыг хуульчлах явдал мөн. Мөн “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигтэй уялдуулж, эдийн засаг, санхүүгийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнүүд боловсруулсан. Олон улсын сайн туршлагаас судалж, төсвийн хүрээний мэдэгдэл, мөнгөний бодлогын цагалбарын уялдааг мөрдөж, орлого, зарлагын зохистой хэмжээг дунд хугацааны эдийн засгийн загварчлалаар баталгаажуулах шаардлагатай.
-Засгийн газраас ирэх оны төсвийн төсөл дээр олон нийтийн саналыг тусгахаар энэ удаа цахим хэлбэрээр санал авсан. Энэ хэр үр дүнтэй арга гэж та харж байна вэ?
-Өнгөрсөн наймдугаар сарын 4-14-нд яамдын танхимын хэлэлцүүлэг явагдсан. Нийт 8810 саналыг 417 багц болгон нэгтгэхэд 151 нь он дамнан аль хэдийн төсөвт явж байсан тул давхардуулахгүй гэж үзсэн. 266 нь боломжтой гэж санал болгож, эцэст нь 84 нь төсөвт туссан. Эдгээрийн санхүүжилт 2.365.0 тэрбум төгрөгөөс урсгал зардалд 1.892.0 буюу 80 хувь, хөрөнгө оруулалтад 473.0 тэрбум буюу 20 хувь нь төсөвт туссан нь нааштай үзүүлэлт мөн. Аудит “Санал авах нь сайн ч төсөвт оруулах аргачлал тодорхойгүй байна” гэж дүгнэсэн. Үүнтэй би санал нийлж байгаа учраас цаашдаа иргэний 50 саяас дээш саналд CBA (cost benefit analysis), Cost-Impact, Output зэрэг шинжилгээ хийх хэрэгтэй гэж би үздэг. Ингэвэл нийт иргэдийн санал төсөвт үр дүнтэй тусахад бодит дэмжлэг болно.
-Та Төсвийн хууль дээр анализ, дүгнэлт хийж, намын бүлгийн гишүүддээ танилцуулсан. Анхаарах ёстой ямар асуудал байна вэ?
-Олон асуудал байна. Нэгдүгээрт, Бодлогын баримт бичгүүд, төсвийн хүрээний мэдэгдлийн төлөвлөлтийн чанар асуудалтай. Хоёрдугаарт, Засгийн газрын Төсвийн төсөл боловсруулах чадамжийн асуудал сул. Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийн төсөвт тавих хяналтыг бэхжүүлэх асуудал байна. Мэдээллийн тэгш бус байдлын асуудал, оролцоо, ил тод байдал, арга зүйн чанарын асуудал үүнд мөн багтана. Түүнчлэн Хөгжлийн бодлоготой нийцээгүй байдал, мөнгөн дүнгээрээ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний 15.0 хувь л төсвийн төсөлд туссан байсан. Урсгал зардал 74.4 хувь байгаа нь дэлхийн дунджаас өндөр байна. Дэлхийн дундаж 60 хувь байгаа шүү дээ. Мөн орлогын 30-35 хувь нь уул уурхайгаас хамааралтай хэвээр. Улсын гадаад өрийн 29.8 хувь нь хувьсах хүүтэй. Олон улсад суурь хүү өсвөл манай өрийн төлбөр дагаад өснө гэсэн үг. Эдийн засгийн бүтцийн асуудал байна. Жишээ нь манай улсын хувьд урсгал зардлыг 70 хувь болговол жилд 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын орон зай гарна. Дараагийн нэг асуудал нь Засгийн газраас зардлын иж бүрэн шинжилгээ хийж, оновчтой дүгнэлтүүд хийгээгүй өдийг хүрсэн гээд бод доо. Тухайлбал, төлөвлөлтийн арга зүйн хувьд Монгол Улс эдийн засгийн стратеги төлөвлөгөөгүй, таван жилийн дунд хугацааны санхүүгийн төлөвлөгөөгүй байгаа нь төсвийн төсөлд цогц шинжилгээ хийх боломжийг хязгаарлаж байна. Түүнчлэн fiscal space-д санхүүгийн боломжит орон зай хамаарах тааз үзүүлэлтүүдийг Өрийн удирдлагын стратегийн баримт бичигт заасан үзүүлэлтээр хязгаарлаж байгаа. Эдгээр үзүүлэлтүүдийг эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалтай холбож хийсэн судалгааны үр дүнг хууль, журамд тусгаж, хэрэгжилтийг хангах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын үр дүн, үр нөлөөг тооцох арга зүй нь олон улсын тэргүүлэх туршлагад нийцээгүй, алтернатив төсөв боловсруулж харьцуулалт хийгээгүй зэрэг сул талуудыг арилгаж, төсвийн удирдлагын чанарт цогц хийх шаардлагатай байна. 2026 оны Төсвийн төсөлд дээрх дэвшилтэт өөрчлөлтүүдийг гаргасан, тусгасан, төсвийн төслийг боловсруулахад ашигласан гэсэн мэдээлэл судалгаа байхгүй байна. Урт хугацаагаар олон хүчин зүйлсийг тусгаж төлөвлөлт хийсэн тохиолдолд салбаруудын нэгдмэл чанар бэхжиж, эрсдэлийг даван туулах боломж өргөжиж, зорьсон зорилго, зорилтдоо хүрэхэд томоохон дэмжлэг болно. Дэлхийн өндөр хөгжилтэй Австрали, Канад, Их Британи зэрэг орнуудын тэргүүлэх туршлага ч үүнийг бэлээхэн харуулж байна.
-Үр ашиггүй зардал их байгаа гэдэгтэй санал нийлнэ. Сургалт, семинар, хурал зохион байгуулах зэргээс эхлээд төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа маш их төсөв мөнгө зарцуулдаг. Энэ асуудлыг хөндөж ярьдаг ч үр дүн гардаггүй шүү дээ. Үүнийг багасгахын тулд ямар гарц шийдэл байна гэж та харсан бэ?
- Аудитын дүгнэлтээр жил бүр 200 тэрбум төгрөгийг ийм зардалд гаргадаг ч өгөөж нь тодорхойгүй байна. Үүнийг 30-40 хувьд бууруулбал 80 тэрбум төгрөгийн нөөц гарах боломжтой. Жишээ нь, Эстони улс төрийн сургалтуудын ихэнхийг цахим хэлбэрт шилжүүлснээр төрийн сургалтын зардлаа 45 хувь бууруулсан. Манайд ч цахим сургалт, хосолсон хэлбэрийг дэмжвэл үр дүнтэй. Манайд урсгал зардал ДНБ-ий 74.4 хувь болж, дэлхийн дундаж болох 60 хувиас өндөр байгаа нь төсвийн бүтцийн эрсдэлийг харуулж байна. Энэ нь зөвхөн зардлын хэмжээний асуудал бус, эдийн засаг дахь инфляцын гол үзүүлэлтүүдийг төсвийн орлого, зарлагын тооцоонд нарийн тусгаагүйтэй холбоотой. Урсгал зарлагад CPI ба нийт инфляцын өсөлт шууд дарамт болж, хөрөнгө оруулалт болон орлого талд ДНБ-ийн дефлятор бодит үр өгөөжийг тодруулахад чухал үүрэгтэй байдаг. Гэвч одоогийн төсвийн тооцоололд эдгээрийг тусгаарлаж харуулах загварчлал, аргачлал дутмаг байгаа нь төсвийн бодит зардал ба эдийн засгийн үр өгөөжийг бүдгэрүүлж байна.
Олон улсын практикт төсөв боловсруулахдаа урсгал зарлагын инфляцын нөлөөг CPI буюу нийт инфляцаар, хөрөнгө оруулалт ба орлогын тооцоог ДНБ-ийн дефлятороор тусад нь тооцож, ил тод тайлагнадаг нь төсвийн бодит байдал, бодлогын уялдааг хангах гол зарчим болдог. Монгол Улсад ийм ялгааг тодорхой загварчлахгүй байгаагаас төсвийн бүтэц, үр ашгийн үнэлгээ сул, олон нийт болон парламентын хяналтын боломж хязгаарлагдмал хэвээр байна. Түүнчлэн зардлын биет хэмжээ талаас нь аваад үзвэл төсөл хөтөлбөрийг нэгтгэх, хэмнэлтийн хуулийн дагуу томилолт зочны зардлыг хязгаарлах, тавилга, эд хогшлыг жил бүр авахгүй байх, тухайн төсөвт байгууллагын суурь нөхцөл байдлыг үнэлэх, мөн зардлын хэрэгцээг тогтоох суурь шалгуур болон эрэмбийн дагуу үнэлж, урсгал зардлаас үр дүн муутай хэсгийг нь хасах, төрийн худалдан авалтыг ил тод болгох, шударга зарчимд бүрэн нийцүүлэх шаардлагатай байна. Мөн урсгал зардлыг үр дүнтэй зарцуулаагүй бол хасах, сахилга хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх, бүх төрлийн сургалтыг цахимаар явуулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, төрийн үйлчилгээний хийдэл, давхардлыг арилгах, дижитал үйлчилгээг нэвтрүүлэх, бүтээмжийг өсгөх, авилгын төсөөллийн индексийг нэмэгдүүлэх гээд хийх ажил маш их байна.
-Нөгөө талаас төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь чухал байдаг. Гэтэл манай улсын төсөв уул уурхайн орлогоос бүрэн хамааралтай явж ирсэн. Ер нь төсвийн орлогыг солонгоруулах чиглэлд ямар бодлого барих нь чухал байна вэ?
-Яг үнэн. Одоо улсын орлогын 30-35 хувь нь уул уурхайгаас бүрдэж байна. Нүүрсний үнэ 10 буурахад л бид 600-700 тэрбум төгрөгийн орлогоо алдаж байгаа. Аудитын байгууллага ч үүнийг том эрсдэл гэж анхааруулсан. Чили улс уул уурхайгаас гадна жимс, загас, модны бүтээгдэхүүнээ экспортын гол суурь болгож чадсан. Финланд технологи, ойгоо түшсэн. Манайд хамгийн бодит гарц нь мал аж ахуй. Мах, сүү, арьс ширээ боловсруулж экспортлох, жижиг, дунд бизнесийг өргөжүүлэх шаардлагатай гэж хардаг.
-Гадаад талдаа олон улсад геополитикийн нөхцөл байдал ойлгомжгүй байна. Гэтэл Монгол Улс маш олон зүйлийг экспортоор авдаг шүү дээ. Цаашид дотоод үйлдвэрлэл болоод, эдийн засгийн дархлааг бий болгох чиглэлд юу хийх хэрэгтэй гэж та харж байна вэ?
-Манай улсын экспортын 90 хувь БНХАУ руу чиглэж байгаа нь том эрсдэл. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээр эдийн засгийн дархлаа сул хэвээр байна. Бид боомтын дэд бүтцийг сайжруулж, олон улсын хэлэлцээрүүдийг идэвхжүүлж байгаа нь зөв алхам. Жишээ нь, Вьетнам чөлөөт худалдааны хэлэлцээрүүдээрээ 50 гаруй зах зээлд нэвтэрсэн. Монголд ч мах, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах боломж байна.
-Өнгөрсөн оны төсвийн хуулийн нэг онцлог нь томоохон мега төслүүдээ хөдөлгөх байсан. Энэ бодлогын үр дүнг та хэрхэн харж байна вэ. Ирэх оны төсвийн төслөөр зарим төслүүд үргэлжилнэ гэж ойлгож байна?
-Аудитын байгууллага 2025 оны төслүүдийн 40 хувь нь санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байсныг анхааруулсан. Бусад орнуудын жишээ ч тодорхой байна. Солонгос улс “Public Investment Management System”-ээрээ бүх том төслөө өртөг–үр ашгийн шинжилгээнд оруулж, зөвхөн өндөр өгөөжтэйг нь баталдаг. Чили улсад төсвийн зарлагыг уул уурхайн орлогын хэлбэлзэлд бус, “структурын тэнцэл”-ийн дүрмээр тогтоодог тул мега төслүүдэд санхүүгийн сахилга баттай ханддаг. Манайд ч ийм зарчмыг нутагшуулж байж л мега төслүүдийн үр дүн бодитой баталгаажна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 195 (7692)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.