Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор “С” продакшны бүжигчин, “Move hot” спиннингийн багш, фитнесийн тамирчин Ч.Баярцэцэгийг урилаа.

 

-Та спортын олон төрлөөр хичээллэдэг. Тэр дундаа фитнесээр хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би үргэлж хийх зүйлийнхээ жагсаалтаа мөрөөдлийн самбартаа бичдэг зуршилтай. Ихэвчлэн нэг жилээр төлөвлөж бичдэг. Хүний бодсон, зорьсон бүхэн биелдэг юм билээ. Би фитнесийн тамирчин болно гэж бодож, үүнийхээ төлөө алхам хийсэн. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх дуртай учраас 2022 оноос фитнесээр хичээллээ. Ингээд өнгөрсөн онд анхны тэмцээндээ оролцсон.

-Анхны бүхэн үнэ цэнтэй сайхан дурсамж үлдээдэг. Та фитнесээр хичээллээд удаагүй байхдаа хотын аваргын  тайзыг зорьсон байх аа?

-Фитнесийн тамирчдын анхны тэмцээн нь хотын аварга. Энэ тэмцээн нийт 18 төрлөөр зохион байгуулагддаг. Би үзүүлбэртэй ангилалд өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн. Тэмцээнийг зорихдоо байр эзлэхийг бодож хичээсэн. Харин багш байр эзлэхгүй ч байж болно. Сэтгэл зүйгээ бэлдээрэй гэж захисан. Харин бикини ангилал нь байрлалаа барихад л болно. Үзүүлбэртэй ангилал бусад төрөлтэй харьцуулахад хоёр дахин бэлтгэл,  хөдөлмөр шаарддаг болохыг  ойлгож авсан.

-Шагналаа гардах мөчийн мэд­рэмж, сэтгэл зүй ямар байсан бэ?

-Өөрийгөө ялан дийлсэн, хөдөлмөрч бүсгүйчүүдтэй өрсөлдсөн. Үнэнийг хэлэхэд тэднийг хараад сүрдэх мэдрэмж төрсөн. Гэхдээ би өөрийгөө ялан дийлэхийг хүссэн. Өчигдрийн өөрөөсөө илүү болохыг хичээдэг. Шагнал авах мөчид шилдэг таван тамирчин тайзнаа гарч ирсэн. Тэмцээнд орохоос өмнө шагнал авна гэж боддог байсан. Яг бодож байсан цаг мөчдөө очих үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж. Би чадлаа гэж дотроо бодсон.

-Өөрийгөө ялан дийлжээ. Өдрийн хэдэн цагийг бэлтгэлдээ зарцуулдаг байв?

-Зааландаа очиж бэлтгэлээ хийхээс гадна Спортын төв ордонд очиж үзүүлбэрээ бэлддэг байлаа. Тиймээс өдөрт 3-4 цагийн бэлтгэл хийсэн. Миний оролцсон ангилал тэсвэр, уян хатан байдал, тэнцвэр, хурд хүч гэсэн таван үзүүлэлтийг харна. Тэмцээнд оролцох тухайн хүнээс их тэвчээр шаарддаг. Гурав хоногийн өмнөөс усаа хасах жишээтэй. Өөртөө үнэнч байх чухал юм билээ. Зарим үед ганцаараа байхаар хоол идмээр санагдана. Дэглэм барьж байгаа учраас хамаагүй хүнс хэрэглэж болохгүй. Спорт хүнийг төлөвшүүлдэг гэдэг. Аливаад шантардаггүй дайчин, би чадна гэсэн сэтгэл зүйтэй болно. Үүнийг дагаад өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ шүү дээ.

 

-Тасралтгүй бэлтгэл хийгээд тэмцээнд оролцоход ямар бэрхшээл гарав. Үүнийг хэрхэн даван туулсан бэ?

-Мэдээж шантрах мэдрэмж төрсөн. Эхэндээ бие хөндүүр, босож суухад амаргүй. Эргээд бодоход хамгийн гоё мэдрэмж бие булрах. Мөн спортоор хичээллэхэд хамт хичээллэж байгаа хүмүүс чухал. Хэдий ядарч байсан ч нэгнээсээ дутуугаа нөхөөд урагштай. Аав, ээж болон ойр тойрны хүмүүс анх фитнесээр хичээллэхэд таатай хүлээж аваагүй. Хоолны дэглэм барьж байх үед хүссэн зүйлээ ид гэж хэлсэн. Гэхдээ би зорилгоосоо ухрахыг хүсээгүй. Тэмцээний хоног ойртох тусам миний зам тодорхой болсон.

-Амжилт багштай салшгүй холбоотой. Таныг хэн гэж багш зааж, чиглүүлсэн бэ?

-Миний багш улсын гурван удаагийн аварга н.Адьяа. Багш минь чансаагаараа гуравт эрэмбэлэгддэг фитнестэй олон шавь төрүүлсэн. Анх бэлтгэл хийж эхлэхэд багш гурван сарын дараа биед өөрчлөлт гарна гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа дасгалынхаа учрыг олсон. Одоогоор эрүүл мэндийн тодорхой шалтгааны улмаас фитнесийн бэлтгэлээ түр хугацаанд завсарласан байгаа. Есдүгээр сард зохион байгуулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Анх тэмцээнд оролцоно гэж бодоогүй, фитнесээр хичээллэсэн. Явцын дунд зорилго маань өөрчлөгдсөн гэж ойлгож болно.

-Есдүгээр сард тэмцээнд оролцоно гэлээ. Мэдээж бодсон зорилго байгаа байх?

-Би фитнесээр хичээллээд хүссэн биеийн галбираа хараахан бүтээгээгүй байна. Тиймээс түүндээ хүрэхийн тулд үргэлжлүүлээд хөдөлмөрлөнө. Хэрэв өнгөрсөн хугацаанд хүссэн биеэ бүтээсэн бол ингээд боллоо гээд ханаж магадгүй. Би ийм болж чадсан юм чинь одоо тийм болно гэсэн нууцхан хүсэл дотор минь бий. Намрын тэмцээндээ үзүүлбэргүй, энгийн ангилалд нь өрсөлдөнө. 

-Спортоор хичээллээгүй өөрийгөө одоотойгоо харьцуулбал ямар ялгаа гарсан бэ?

-Мэдээж ялгаатай. Дасгал хийдэг хүн энгийн хүнтэй харьцуулахад өөр. Сэтгэл зүй, амьдралын хэв маяг ялгаатай. Бодол гэгээлэг болсон гэж ойлгож болно. Өөрийгөө таньж мэдсэн байдаг болов уу. Өөрийгөө хайрлахаа мэддэг, зөв дадал хэвшилтэй болдог.

-Та спиннингийн багшаар ажилладаг. Тиймээс спортоор хичээллэхийн давуу тал юу вэ?

-Хүмүүс эрүүл амьдралын хэв маягийг олон удаа сонсдог ч хэрэгжүүлдэг нь ховор. Жингээ хасаж, эрүүл байхын тулд дөрвөн зүйл нөлөөлнө. Үүнд дасгал хөдөлгөөн, хооллолт, нойр, сэтгэл зүй чухал. Эдгээрт хүн цаг гаргах хэрэгтэй. Магадгүй ажлын ачаалал ихтэй ч цагаа зөв зохицуулах ёстой болов уу. Спиннинг бол кардио учраас хүмүүс их сонирхож хичээллэдэг. Жингээ хасахаар, дасгал хөдөлгөөн хийх зорилгоор спиннингээр хүмүүс хичээллэх нь бий. Хүн дуртай спортоо сонгож хичээлэх чухал гэж хардаг.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Миний үндсэн мэргэжил бизнесийн удирдлага. Ээж минь миний өчүүхэн авьяасыг хөгжүүлж өгсөн. Бага байхад Хүүхдийн ордонд бүжгийн дугуйланд оруулсан. Би монгол болон чөлөөт бүжгээр бүжиглэдэг. Юунд дуртай, хийж чаддаг зүйлээ мэдээгүй явахад миний авьяасыг хөгжүүлсэнд ээж аавдаа их баярлаж явдаг. Хөгжмийн ая надад тайвшрал өгөх нь бий. Бодлоо чөлөөлж хөдөлгөөндөө анхаарахад сайхан байдаг. Манайх хамтлагаараа олон үйл ажиллагаанд бүжиглэдэг. Бид өөрсдөө бүжгээ дэглэнэ. Нэг зорилготой, нэгнээ ойлгодог байх нь урагштай. 

-Та фитнес, бүжиг, спиннингийн алинд нь илүү дуртай вэ?

-Фитнес, спиннинг нэг дасгалаа олон удаа давтаж хийдэг. Харин бүжиг өөр шүү дээ. Тиймээс бүжигтээ илүү дуртай. Би хөдөлмөрч байхыг чухалчилдаг. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэсэн үг ч байдаг. Хөдөлмөрийн амт сайхан. Амьдралын утга учрын нэг нь хөдөлмөрч байх. Мөн өөрийгөө болон ойр тойрноо аз жаргалтай байлгах хэрэгтэй. Хүмүүс хамт амьдарч байгаа хүндээ аз жаргалыг даатгах нь бий. Энэ бол буруу. Хүн эхлээд өөрийгөө аз жаргалтай байлгахад анхаарвал зохистой гэж бодож явдаг. Ийм байж чадвал бодлоо чөлөөлж хөнгөн амьдарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 96 (7340)