П.АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор сэтгэл зүйч С.Азжаргалыг урьж, хосын харилцаа, хайр халамжийн талаар ярилцлаа. Тэрээр “Энх-Орчлон” дээд сургуулийг нийгмийн ажилтан, сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Сэтгэл зүйчээр 12 дахь жилдээ ажиллаж байна.
-Та сүүлийн үед хосын харилцаа руу илүү чиглэж ажиллаж байгаа. Яагаад энэ чиглэлд ажиллахаар болов?
-Анх хувь хүний хөгжил, анхны хайр дурлал сэдвийн хүрээнд ажилладаг байсан. Харин 2020 оноос эхлэн хосын харилцаа руу илүү чиглэж ажиллаж байна. Нэгдүгээрт, сонирхол татсан. Хоёрдугаарт, нэг сэтгэл зүйч ч гэсэн энэ талаар дуугарахгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Манай улсад гэр бүл салалт гэдэг зүйл маш их байна шүү дээ. Энэ асуудал бусад улс орнуудад ямар байдаг вэ гэдгийг Австрали, Солонгост ажиллаж, сурч байх хугацаандаа харьцуулж харсан. Европын улс бол чөлөөтэй, илүү нээлттэй. Гэр бүлтэй болохоосоо өмнө удаан хугацаанд үерхэж, нөгөө хүнээ таньдаг. Тухайн хүнтэй сэтгэлийн болоод биеийн таашаал таарч байна уу гэдгийг таньж мэдэхийн тулд удаан хугацаа зарцуулдаг. Мөн тодорхой төлөвлөгөө гаргасны дараа гэр бүл болдог. Солонгосчуудын хувьд гэр бүл тал руугаа чиглэсэн ард түмэн гэж харсан. Харин манайхны хувьд 25 нас хүрсэн бол хүнтэй суу, нас нь оройтчихлоо, хүүхэд нь оройтлоо, найзууд чинь хүнтэй суучихсан, амьдрал нь тогтчихсон байна гэж эцэг эх, хамаатан, найз нөхөд нь тулган шаарддаг хандлага 2020 хүртэл илүү давамгай байсан.
-Хосын харилцаа бол маш өргөн цар хүрээтэй ойлголт. Энэ дундаас хайр халамжийн талаар илүү дэлгэрүүлж ярилцахыг зорьсон юм?
-Халамж гэхээр нийтлэг хайр болчхож байгаа юм. Яг юуг халамж гэж хэлээд байгаа тодорхойлолтоо мэддэггүй. Халамж дотор маш олон зүйл байгаа. Зарим нэг нь өглөө эхнэрээ эсвэл нөхрөө сэрэхэд кофе, цайг нь бэлдэж өгдөг үүнийгээ халамж гэж боддог. Мөн ажилдаа явахад эхнэр, нөхрөө “Цайгаа уусан уу, өдрийнхөө хоолыг идсэн үү” гэж асуудаг. Энэ ч халамжийн нэг хэлбэр мөн. Тэгэхээр энэ олон зүйлсээс миний хүсдэг халамж яг юу юм бэ гэдгийг эхнэр, нөхөртөө хэлэхгүй бол тэрийг нь мэдэхгүй байгаад байгаа юм.
Зөвлөгөө авч буй үйлчлүүлэгчийн зарим нь “ Манай эхнэр намайг хартай гээд байна” гэдэг. Яагаад гэхээр “Би эхнэрээсээ түрүүлээд ажилдаа явдаг. Тийм болохоор эхнэрээсээ сайхан амарсан уу, өглөөний цайгаа уусан уу гэж асууж, залгадаг. Өдөр ажил дээрээ байхад нь өдрийнхөө хоолыг идсэн үү ,одоо хаачих юм бэ гэж асуудаг. Энэ нь миний эхнэртээ тавьж байгаа халамж. Гэтэл эхнэр маань үүнийг хар гэж ойлгоод байна” гэж хэлдэг. Тиймээс халамж гэдэг миний хувьд юу вэ гэдгийг ярилцах, ямар халамж мэдрэхийг хүсэж байгаагаа эхнэр, нөхөртөө ойлгуулах хэрэгтэй.
Үргэлжлэлийг www.zuuniimedee.mn сайтаас захиалан уншина уу.
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.