Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Хөшөө бүрд түүх бий. Учир нь, хөшөө дурсгал бол тухайн хүн, түүхэн үйл явдлыг сануулж, хүндэтгэн дээдэлж буйн илрэл төдийгүй тухайн улс, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун санаа, сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл байдаг. Тэгвэл Монголчуудын язгуур соёлыг авч үлдэж, хөгжүүлэхээр яваа залуусын нэг болох Б.Маргад-Эрдэнийг урьж, ярилцлаа.
-Сүүлийн үед цахим орчинд хөшөө дурсгал, уран барилгуудын талаар контент хийх болсон. Таны эзэмшсэн мэргэжлийн талаар яриагаа эхэлье?
-Би багаасаа л хайчилбарын дугуйланд явдаг байсан. Түүнээсээ үүдэж ШУТИС-д барилгын инженерийн сургуульд элсэж, архитектор мэргэжлээр суралцаж, төгссөн. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ хэдэн жил ажилласан. Гэвч нэг л болж өгөхгүй байсан. Ажилдаа түүртэж, улам ажиллах сонирхолгүй болсон. Ингээд өөрийнхөө хийх дуртай зүйлийг олохоор шийдэж цаасан урлал хийж эхэлсэн. Хэсэг хугацаанд цаасан урлал хийсэн чинь маш сайхан санагдаж, гар урлалын салбар луу орсон. Гэхдээ цаасан урлал хийж амьдрах боломж бага тул амьдралаа авч явах боломжтой мэргэжил нь юу вэ гэдгийг бодож байгаад дүрслэх урлагийн академийн Монголын уламжлалт дарханы ангид элссэн. Энэ жил сургуулиа төгсөж байна.
-Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж дархан болсон гэлээ. Танай удамд дархан хүн бий юу?
-Манай өвөө дархан хүн байсан гэдэг. Би өвөөгөө харж байгаагүй. Аав маань ч бас гарын ур дүйтэй, хийе гэснээ хийчихдэг хүн байдаг. Миний гар урлал буюу дархан хийх хүсэл маань өвөөтэй минь холбоотой байх гэж боддог. Тиймээс хэрвээ би энэ авьяасыг ил гаргаж чадвал хэр хол явж чадах вэ гэдэг асуулттайгаар анх оролдож эхэлсэн.
-Сургуульд сурч мэргэжлийг нь эзэмшихээр зорьсон байна. Зарим хүмүүсийн хувьд сургалт эсвэл хэн нэгэнд шавь ороод л үйл ажиллагаа явуулж эхэлдэг шүү дээ. Тэгвэл бакалаврын түвшний мэдлэг эзэмших, сонирхогч байх хоёр юугаараа ялгаатай юм?
-Манай улсад Монголын уламжлалт дархан бэлтгэдэг хоёр коллеж, нэг их сургууль байдаг. Тэр нь СУИС-ийн Дүрслэх урлагийн академи. Дүрслэх урлагийн академид суралцах хугацаанд дэлхийн урлагийн түүх, сонгодог урлаг гээд маш олон зүйлийг уншиж, сурч дэлхийн хэмжээний мэдлэг олж авсан.
-Сургуулиас олж авсан мэдлэг тань таныг видео контент хийхэд нөлөөлсөн. Ер нь уран зураач, дархан хүн нийгэмдээ хэрхэн үйлчлэх ёстой байдаг юм бол?
-Би сургуульд орохоосоо өмнө уран барилга, замд таарсан хөшөө зэргийг ажиглаад л явдаг байсан. Тухайн үед харсан зүйлсээ энэ бол уран барилга байна гэх зэргээр тодорхойлохоос өөр мэдлэггүй байсан. Хэн энийг яагаад хийв гэдэг талаар судалдаггүй, судаллаа ч google-ээс цааш хэтэрдэггүй байсан. Гэтэл Улаанбаатар музейн тайлбарлагч залуу youtube-д барилга, баримлуудын талаар ганц нэг контент хийж эхэлсэн. Тэр нь маш сонирхолтой байсан боловч үргэлжлээгүй. Тиймээс би таны асууснаар дүрслэх урлагийн нийгэмдээ үйлчлэх үйлчлэл, ач холбогдлын талаар таниулахаар контент хийж эхэлсэн. Ингэхдээ сонгодог хөшөө дурсгал, уран барилгын талаар судалж, түүний ач холбогдол, учир шалтгааныг тайлбарлаж байна. Ер нь ил буюу барьж авахад бэлэн зүйл нь хөшөө шүү дээ. Хүн бүр нийтийн эзэмшлийн талбайд байгаа хөшөөнүүдтэй хэдэн зуун удаа таарч байгаа. Тэгвэл тэр зүйлээр дамжуулан дүрслэх урлагийн болон тухайн зүйлийн хэрэгцээний талаар ойлголт өгөхийг зорьж байна.
-Сүүлийн үед уран баримал, хөшөө дурсгал зэргийг маш муухай хийсэн тохиолдол их байна. Үүнээс үүдэж салбарын нэр хүнд бас унаж байх шиг. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Үнэхээр ч харааны хурц, ухааны ур шаардсан нарийн чимхлүүр ажлыг бүтээлч сэтгэлгээгээр нэг бүрчлэн зурж, сийлж, урладаг болохоор аргагүй биз ээ. Хэн урласныг хийц, ураар нь хараад л мэддэг хүмүүс ч бий. Зураач болон урлаач хүн энэ цаг үеэ баталгаажуулж, уран сайхны аргаар бүтээл туурвил хийж, бид энэ цаг үед амьдарч байснаа тамгалж үлдээдэг. Тэгвэл сүүлийн үед ардын авьяастнууд буюу мэргэжлийн биш хүмүүс хямд үнээр хөшөө дурсгал хийж салбарын нэр хүндийг унагаах асуудал их байна. Тиймээс мэргэжлийн хүн, энгийн хүний ялгааг салгаж ойлгох хэрэгтэй. Албан байгууллага болон аж ахуй нэгжүүд ч гэсэн мэргэжлийн хүнээр тухайн хөшөө дурсгалыг хийлгэх нь зөв. Тэгвэл хожим хойно тухайн цаг үеэ илтгэсэн бүтээл болон үлдэх болно.
-Таны тайлбар тухайн зүйлийнхээ талаар сонирхолтой мэдээлэл, мэдлэгийг өгч чаддаг. Гэвч зарим зүйлс нь маргаан дагуулж байгаа харагддаг. Тухайн мэдээллийг та судалгаан дээр үндэслэж тайлбарладаг байх тийм үү?
-Би Улаанбаатарт байгаа сонгодог барилга, хөшөөг онцолдог. Хөшөө дурсгал хотод хэрэгтэй. Учир нь хөшөө, дурсгалууд нь нийгэмдээ гавьяатай хүмүүсийг үндэслэдэг. Хэн дуртай нь Улаанбаатарын гудамд өөрийнхөө эсвэл хамаатан садныхаа хөшөөг байршуулах боломжгүй. Миний хувьд сүүлийн гурван сарын хугацаанд 60 гаруй хөшөөг тайлбарлаад байна. 2019 оны байдлаар Улаанбаатар хотод 170 гаруй хөшөө дурсгал байна гэсэн судалгаа байсан. Энэ жил хайхад 300 орчим болж нэмэгджээ. Хотын зүүн хэсэгт дайны холбогдолтой хөшөө, дурсгал их байдаг бол төв хэсгээр түүхэн хүмүүсийнх илүү байдаг. Одоо бол хотын төвөөсөө гарч амжаагүй байна.
Ямар нэг хөшөөг тайлбарлахад багагүй хугацаа ордог. Өөрийнхөө мэдлэг дээр нэмээд бүхэл бүтэн нэг оныг судлах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, маш их судалгааны үндсэн дээр тайлбар хийдэг. Маршал Чойбалсангийн хөшөөний талаарх контент маань багагүй шүүмжлэлийг дагуулаад байна. Түүнийг би судалгааны үндсэн дээр тайлбарласан.
-Цаашид аль чиглэлээр бүтээл туурвина гэж бодож байна?
-Калиграфын их мастер Т.Жамъянсүрэн гэж миний багш бий. Багштайгаа хамтраад Монголын уламжлалт дарханы ажлыг үсгийн урлагтай холбож энэ чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Учир нь монголчууд бид төрт улс байх явцдаа 15 төрлийн бичиг үсгийг ашиглаж байжээ. Тэр болгоны фонтууд гэж бий. Тэгвэл монгол үгэнд зориулсан кирилл бичгийн фонтыг бичгийн хэлбэрт хэрхэн яаж гоё харагдуулах вэ. Нэгдүгээр ангид орж буй хүүхдэд сонирхолтой байхаар буюу хараа зүйд тохирсон үсгийг зохиох тал дээр ажиллана.
-Монголын өв, уламжлал, соёлыг шингээсэн монгол дархан гэдэг мэргэжлээр жилд хэчнээн хүн сурч төгсөж байна. Тулгамдаж буй асуудал нь юу байна?
-Монгол уламжлалт дархан гэдэг ажил бол зөвхөн Монголд л байх боломжтой. Тэгвэл орчин цагт нэг ахимаг насны дархан хүн өөдөөсөө хоёр хүүхэд харуулж суулгаад өөрийн чаддаг мэддэг зүйлээ зааж өгдөг. Академик мэдлэгийг хүн эзэмшихийн тулд урлагийн түүх, онолуудыг эзэмшиж бүрэн мэдлэгтэй болох шаардлагатай байна. Гэтэл нөгөө талдаа элсэлт маш их цөөрч байна. Энэ жил гурван оюутан л төгсөж байна. Тэгэхээр үүнийг дагаад монголын уламжлал, өв соёл гэдэг зүйл устаж үгүй болох магадлалтай юм шиг санагддаг. Соёлын биет бус өв гэдэг чинь хүн хийхгүй л бол байхгүй болдог зүйл шүү дээ. Тэгэхээр үүн дээр бас анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, Монголын уламжлалт дарханы хөгжил хэдэн зуун жилээр саатах нөхцөл байдал үүсээд байгаад эмзэглэж явдаг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 99 (7596)