Баатарын НЯМСҮРЭН

 

 “Зууны мэдээ” сонин ээлжит зочноор найруулагч, жүжигчин Б.Ариунсайханыг урилаа. Тэрээр Солонгос улсад 15 жил амьдарч буй уран бүтээлч юм.

 

-Та саяхан анхны уран бүтээлийн “Жигүүр ургуулж өгсөн тэр минь” номоо уншигчдад хүргэсэн. Номыг нээж үзэхэд олон жилийн хөдөлмөр шингэсэн нь харагдаж байлаа?

-Ном гаргах болсон нь энгийнээс эхлэлтэй. Би нэг удаа уншиж байсан ээлжит номоо дуусаад гэгээн бодолд хөтлөгдсөн. Хүнд сэдэвтэй биш энгийн ном бүтээх бодолд уягдаж явсан үе бий. Би өдрийн тэмдэглэл хөтөлдөг байлаа. Таван жилийн өмнө бичсэн тэмдэглэлийг найз минь уншсан. “Чи их хөөрхөн бичдэг юм байна. Тэмдэглэлээ ном болгооч” гэж хэлсэн. Үүнээс ном хэвлүүлэх сэдэл авч багагүй хугацааг зарцууллаа.

-Энгийнээс том зүйл бий болдог. Тиймээс өдрийн тэмдэглэлээс бүтсэн нь амьдралын олон өнгийг харуулсан байх нь?

-Солонгост би их завгүй амьдралын хэмнэлтэй. Тиймээс эхний хоёр жил  номынхоо агуулгыг ихээр бичиж чадаагүй. Хааяа би Монголд ирэхдээ амьдралын сайхан, амар амгаланг олж хардаг. Солонгост ажлаа хийж өдөр хоногийг өнгөрүүлэхдээ өөртэйгөө зөрчилдөх нь бий. Энэ бүгдээ хүнд ярихаас илүүтэй бичиж тэмдэглэнэ. Хэцүү үе тохиолдоход бичиж л санаа амарч, тайвширдаг. Өдөр бүрийн тэмдэглэлүүдээ нэгтгэж үргэлжилсэн үгийн зохиол болгохоор зориг шулуудсан.

-Номд гарч буй үйл явдлууд бүхэлдээ таны амьдрал гэж ойлгож болох уу?

-Номын үйл явдлууд бүгд миний амьдрал биш. Хийсвэр сэтгэлгээ, уран сайхны аргаар тодорхой хэсгүүдийг бичсэн. Өөрөөр хэлбэл 50 хувь нь миний туулсан амьдрал, үлдсэн нь уран сайхны аргаар бүтсэн дээ. Гол дүрийн бүсгүйг л өөрийн амьдралаасаа сэдэвлэж бичихийг хичээлээ. Номын нэрийг өгөхдөө эхний хэсгээ бичиж дууссаны дараа бодож олсон. Яагаад ч юм номын нэрийг бодоход “Жигүүр урлаж өгсөн тэр минь” гэдэг нэр санаанд тод буусан. Би энэ нэрээрээ нэрлэхээр шийдэж гарчигласан. Харин зохиолоо бүрэн дуусгаад редакторт танилцуулсны дараа урлаж гэсэн үг нь ургуулж болж өөрчлөгдсөн. Номын хавтасны зураг бол Солонгосын Сорогсон уул. Энэ уулын түүхийг судлаад үзэхэд Монголтой холбоотой юм билээ. Чингис хаан дайнд явах үедээ энэ ууланд байрласан гэдэг. Дайлаар мордоод явах хүртэл нутгийн хүмүүс Сорогсон уулын агуйд нуугдсан түүхтэй. Би энэ уулын нэлээд өндөрт нь гараад Монголын зүг заагаад зураг авхуулж байлаа. Энэ зургаа номынхоо ковер болгосон нь бахархам. Нэмэлтээр нисэж байгаа онгоцны зураг шигтгэж өгсөн нь онгоц бол миний мөрөөдөлд хүргэсэн тээврийн хэрэгсэл гэж бодож явдаг. Би онгоцонд суухдаа тэнгэрт байгаа аавтайгаа ойртдог гэж дотроо билэгшээдэг дээ.

-Та мэргэжлийн зохиолч биш учраас ном бичих үед бэрхшээл тохиолдсон байх. Ер нь ном бичих мэдрэмж ямар байсан бэ?

-Орчуулагч, зохиолч Н.Пүрэвдагва ах, н.Отгонцагаан эгчтэй уулзах хүртэл өөрийгөө номтой нөхөрлөдөг, уншигч гэж боддог байлаа. Энэ эрхэм хүмүүстэй уулзаад ном уншаагүй юм байна гэсэн бодол төрсөн. Авьяаслаг хүмүүсийн ачаар миний ном илүү утга найруулга нь сайхан болсон гэж харж байгаа. Үгийн сонголт чухал болохыг ойлгож авсан. Н.Пүрэвдагва ах надад хандаж “Энэ хүний мэдрэмж гэдэг үгийг яая даа” гэж билээ. Хүн ганцаараа юм бичихдээ өөртэйгөө, мэдрэмжтэйгээ ажилладаг байх. Эх орондоо ирээд бичиж дуусгаад дээрээс нь зөв хүмүүстэй учирч, гар нийлж ажиллаа. Цаанаасаа л ном маань богино хугацаанд мэндлэх хувьтай байсан болов уу. Би аливааг бичиж туурвихдаа тухтай орчин хайдаг гэдгээ ойлгосон. Зарим үед гэртээ суугаад бичих гэхээр болж өгөхгүй үетэй нүүр тулсан. Тиймээс номоо бичиж дуусгахын тулд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард ажлаасаа гарч өөрийгөө чөлөөллөө. Үүнээс өмнө номынхоо 50-иас бага хувийг нь бичсэн байсан.

-Ажлаасаа гараад номоо хаана очиж бичсэн бэ?

-Би долоодугаар сарын 6-нд Монголдоо ирсэн. Гэр бүлээрээ баруун аймгуудаар аялсан. Энэ үед тархиа амрааж, бодлоо чөлөөлж хөглөгдөж явлаа. Аав ээжийн нутаг болох Увс, Завханаар аялж явахдаа хүмүүсийг нь ажиглах жишээтэй. Аяллаа дуусгаад номоо бичихийг илүүд үзсэн. Өдөр бүр дотоод ертөнцөө чимээлж явахдаа гол устай ойрхон газруудаар зохиолоо бичсэн нь үгээр хэлэмгүй нандин мэдрэмж. Миний номын хэсэгт хэцүү үе гардаг. Учир нь гол дүрийн залуугаасаа хагацаж байгаа үеийг бичихдээ далайн эрэг дээр байлаа. Нэг өдөр Хятадын Хайнань явахаар шийдэж, тасалбараа захиалсан. Тэр газрын байгаль нь миний төсөөлж байсан газар яг мөн байлаа. Салхи нь Монголтой ижилхэн, тэнгэрийн өнгө нь үүл нүүх бүрийд өөрчлөгдөнө. Үүл гараад бороо орно, удалгүй цэлмэг болох нь хүртэл мэдрэмж хөгөлнө. Миний сэтгэхүй шиг агаартай байсан нь сэтгэлд тод хадгалджээ.  Номын ихэнх хэсгээ тэнд бичсэн. Бичих хугацаанд олон янзын сэтгэл хөдлөлийг давсан. Зарим үед гуниглаж ганцаардана, уйлна, баярлана. Аав ээжийгээ бичих үе амаргүй байсан шүү.

-Сонсоод суухад ном бичсэн түүх нь үнэ цэнтэй юм. Төгсгөл хэсгийг нь хаана бичсэн бэ?

-Би цагаан сараас өмнө гэртээ ирсэн. Манай ахынх  нохойгоо тодорхой шалтгаанаар цаашид тэжээх боломжгүй болоод айлд өгчихсөн. Би тэр өдөр нь яагаад нохойгоо айлд өгч байгаа юм гээд гуниглаж уйлсан. Гунигтай үедээ би сууж төвлөрдөг төрлийн хүн. Ингээд л зохиолоо бичиж дуусгасан даа. Номыг минь уншсан хүмүүс үнэ цэнийг мэдрэх боломжтой. Эхлэл, өрнөл, төгсгөл хэсгээс хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай явахыг ойлгож авна гэдэгт итгэлтэй байна. Хүн хайртай хүнээсээ салж болно. Гэхдээ өөрийгөө алдаж болохгүй. Мөн айл аз жаргалтай амьдарч байхад тэр гэр бүлд гуниг өгөхгүй байхыг хичээх ёстой. Монголын үнэ цэн, оршин тогтнол хаана байна вэ, яагаад бусад улсын хүмүүс Монголд ирээд тайтгарал мэдрээд байна. Эдгээрийн нууцыг уншигчид “Жигүүр ургуулж өгсөн тэр минь” номоос ойлгож аваасай. 

-Хамгийн том шүүмжлэгч бол уншигчид. Номыг нь уншсан хүмүүс сэтгэгдлээ хэрхэн илэрхийлж байна?

-Уншсан хүмүүс эхнээсээ сэтгэгдэл илгээж байна. Дотны хүмүүс минь ном уншаад намайг илүү ойлгож байгаа нь ажиглагдсан. Магадгүй миний тухай өөр бодолтой байсныг үгүйсгэхгүй. Дараагийн номоо хэзээ гаргахыг асуух нь ч бий. Одоогоор магтсан сэтгэгдэл их хэлж байгаа. Мөн кино болгоорой гэж хэлэх нь цөөнгүй.  Хэрэв би номоо солонгос хэлээр гаргахаар төлөвлөсөн бол уншигчдад хүрээгүй байх болов уу. Удахгүй номоо солонгос хэл дээр хэвлэж уншигчдад хүргэхээр төлөвлөсөн. Мэдээж Солонгост орчуулгын номууд байдаг. Гэхдээ монгол зохиолчийн хэвлэгдсэн ном байхгүй. Тэгэхээр би анхдагч болох юм байна. Намайг номоороо кино хийхийг продюссер санал тавьбал дуртай хүлээж авна. Номоос сэдэвлэж бүтээл хийвэл цуврал драм, олон ангит кино гарах боломжтой.

-Монголдоо жүжигчний мэргэжил эзэмшээд Солонгос улс руу найруулагчаар сурахаар явсан юм билээ.  Урлагийн мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв?

-Би жүжигчин мэргэжлээр “Харцага” дээд сургуульд суралцаж төгссөн. Төгсөх дамжаанд байхдаа “Цахлай” жүжгийн Нинагийн дүрд ажиллаа. Энэ үед өөрийгөө голсон, тайзны хүн биш гэдгээ ойлгож дараагийн алхмаа бодсон. Оюутан байхдаа ангийн найзуудтайгаа орон нутгаар тоглолт хийнэ. Би тоглолтыг нь зохион байгуулаад, найруулна. Найруулах талдаа авьяастай, хөдөлмөрлөж чадахаа олж харсан. Намайг сургууль төгсөх үед кино урлаг хөгжөөгүй, театрын үйл ажиллагаа зогсонги байлаа. УДЭТ үйл ажиллагаагаа явуулж байсан ч тэнд ажилд оръё гэвэл өрсөлдөөнтэй. Солонгост найруулагчаар сурахаар урт холын аялалдаа гарсан. Солонгос руу урлагийн чиглэлээр суралцаж буй анхны монгол оюутан болсон.

-“Харцага” дээд сургуульд элсэж ороход таныг ямар багш угтаж авч мэргэжлийн ур чадвар суулгасан бэ?

-Сүхээ багш маань чаддаг бүхнээ харамгүй зааж өгсөн. Багшаасаа ихийг сурсандаа талархаж явдаг. Ангийн охидод эмэгтэй хүн ямар байх ёстой талаар их зөвлөнө. Гоо зүй, тайзны соёл, жүжигчний ур чадварыг зааж сургасан. Номд дурлуулсан хүн бол Сүхээ багш. Манай ангийнхныг Шекспирын Ромео Жульетта номыг унших даалгавар өгөхөд бүгд уншаагүй ирсэн. Биднийг жагсааж зогсоогоод багш өөрөө уншиж өгч байлаа. Үүнээс хойш даалгавраа хийх ёстойг ойлгож авсан.

-Солонгосын сургуульд суралцах болсон түүх нь сонирхол татаж байна. Юунаас сэдэл авч тус улсыг сонгосон бэ?

-Би нэг удаа театрт солонгос кино үзлээ. Хүнд олон мэдрэмж төрүүлдэг мэргэжил бол найруулагч учраас сонгосон. Гадны сургуулиудыг ч судаллаа. Солонгост дээгүүр тооцогддог сургуулиуд байдгийг олж мэдсэн. Үүний нэг нь болох “Күүкмин” сургуульдаа хандаж суралцахаар боллоо. Элсэх шалгалтаа гурван шаттайгаар өгсөн. Хамгийн түрүүнд бичиг баримтаа сайн бүрдүүлэх, зорилго зорилт харна. Дараа нь багш нарын өмнө ярилцлагад ордог. Гадаадын таван оюутан дундаас намайг сонгож авсан байдаг. 

-Аливаа зүйлийг эхлүүлэх нь тухайн хүнээс их зориг шаардана. Солонгост очсон мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Мэргэжлийн багш нар минь их гайхаж хүлээж авлаа. Ер нь гадаад оюутнууд бүжигчин, хөгжим бүжгийн мэргэжлээр суралцахаар ирдэг. Харин найруулагчийн ангид өөр улсын оюутан байгаагүй. Эхэндээ орчин, сургууль бүх зүйл нь шинэ байсан учраас дасан зохицоход тэвчээр шаардсан. Монголд сургалтын систем онолоос гадна практик байдаг бол Солонгост бие даан судлах чиглэлтэй. Энэ үед ойлгосон зүйл гэвэл өөртэйгөө ажиллах амаргүйг мэдэрсэн. Бие даах чадвар надад дутагдалтай байсан. Мөн тэндхийн оюутнууд илтгэх урлагийн чадвар сайн эзэмшсэн юм билээ.

-Сургуульдаа хэдэн жил суралцаж мэргэжлийн найруулагч болов. Сургуулиа төгсөөд яагаад Солонгост ажиллах болов?

-Би 2.5 жил суралцаад дипломын ажлаа гурван жил бичсэн. Төгсгөхгүй олон жил явсан даа. Би хатуу багштай таарсан нь үүний шалтгаан. Дөрөв дэх удаагийн шалгалтдаа тэнцэж байлаа. Дараа нь багш “Хүн хайрладаг хүнээ л зовоодог” гэж хэлсэн. Үүнийг сонсоод миний сэтгэл тайтгарч, санаа амарсан.

-Солонгос дэлгэцийн уран бүтээл хөгжсөн газар. Сурах, хөгжих зүйл их байдаг болов уу?

-Уран бүтээл хийх болоход техник хэрэгсэл сургуулиас гарна. Тухайлбал, богино хэмжээний кино хийхээр хүсэлт өглөө гэхэд манай сургуулийг төгссөн гээд бүх техник хэрэгсэл үнэгүй ашиглуулах жишээтэй. Мөн манай сургуулийн тайз, орчин нь үнэхээр тансаг. Миний хувьд сургуулиа төгсөөд “EBS” телевизэд туслах найруулагчаар ажилласан. Сонирхол минь кино байлаа. Телевизэд зургаан сар ажиллахад тухайн ажилчдын харилцаа хандлага амаргүй. Би туслах найруулагч учраас тухайн зураг авалтад сэтгэгдлээ хэлэх эрх байхгүй. Их завгүй хэсэг хугацаанд ажиллаад миний ажиллах салбар биш юм байна гэдгийг ойлгоод явсан.

-Туслах найруулагчийн ажлаасаа гараад мэргэжлийн уран бүтээл рүүгээ төвлөрсөн үү?

-Би Солонгосын кино фестивалийн гишүүнээр ажилладаг. Эдгээр бүтээлийнхээ зохиолыг би бичсэн. Анхны уран бүтээл 19 секунтын кино байлаа. “Зүүд” нэртэй аймшгийн кино юм. Энэ бүтээлээрээ тэмцээнд оролцоод эхний шатандаа тэнцлээ. Намайг монгол хүн гээд их олзуурхаж хүлээж авсан санагдаж байна. Дараа нь “Олон улсын карт” богино хэмжээний киногоо хүмүүст хүргэсэн. Энэ киногоо мөн л фестивальд сойсон. Цар тахлын үе байсан учраас бусад улсаас үзэгчид ирээгүй. Цахимаар хүмүүст хүргэж, хүмүүс ч таатай хүлээж авлаа.

-Урлагийн мэргэжил байнгын хөдөлмөр шаарддаг онцлогтой. Хамгийн сүүлд ямар дэлгэцийн уран бүтээл гаргасан бэ?

-Өнгөрсөн оны “Итгэл найдвар хоп” кино байна. Энэ бүтээл 4-5 кино фествалийн нээлтэд оролцсон. Би найзуудынхаа хийж байгаа богино хэмжээний бүтээлүүдэд оролцсон байдаг. Мөн видео гурван бичлэг ч байгаа. Том фестивальд оролцоод бүрэн хэмжээний кино хийх гэхээр Солонгост миний визний ангилал таардаггүй. Хөрөнгө авч кино бүтээх шалгуур нь Солонгосын иргэн байх шалгууртай. Харин гадны цагаачдын урлагийг дэмжих сангаас санхүүжилт авч богино хэмжээний бүтээлүүдээ туурвисан.

-Найруулагч мэргэжилтэй ч кино зохиолоо өөрөө бичжээ. Бүтээлийн санаагаа яаж олдог бол?

-Амьдралд болж буй үйл явдлаас киногоо сэдэвлэнэ. Мөн бүтээлийн санаа олныг тэмдэглэж явдаг. Фестивалиас намайг кино хийгээч гэхэд санаа нь бэлэн. “Олон улсын карт” киноны санааг тэмдэглэсэн байсан. Тухайн үед хүмүүс уран сайхны кино болгооч гэсэн. Энэхүү бүтээлийн санааг олсон түүх нь гэвэл дээр үед цахим орчин хөгжөөгүй байхад картаар л ярина. Хүмүүс үүнийг одоо болтол ийм карт яагаад зарагддаг юм гээд өнгөц хардаг. Хол байгаа хүмүүс аав ээж рүүгээ картаар л ярина шүү дээ. Би нэг бүсгүйтэй танилцсан. Тэрээр Солонгос залуутай амьдрал эхлүүлсэн бөгөөд нэг охинтой, өдөр бүр архи ууна. Над руу их ярина, би сэтгэл зүйч болсон мэт мэдрэмж төрдөг. Үүнээс сэдэвлээд нэг дүр гаргаж ирээд утасны цаанаас хайрладаг эмэгтэй болгоод бүтээлээ гаргасан. 

-Сонгосон замаасаа ухарч, шантармаар санагдсан үеэ хэрхэн давж гардаг вэ?

-Би өнгөрсөнд харамсдаггүй. Сонгосон зам, туулж байгаа амьдралдаа хайртай. Нэг гэмшиж явдаг зүйл минь аавыгаа өвдсөн байхад уулзаж чадаагүй нь. Бусад тохиолдож буй асуудлууд хэцүү санагддаггүй. Мэргэжлээсээ шалтгаалаад гэр бүл зохиох нас минь оройтоод байна гэж боддог. Бусдаар надад алдсан зүйл байхгүй. Магадгүй хэн нэгэнтэй учрах цаг болоогүй байх.

-Та “ARTUNAA” гэж youtube сувагтай. Тус сувгаараа дамжуулж хийсэн бүтээлээ үзэгчдэд хүргэдэг байх аа?

-Анх youtube сувгаа 2019 онд нээж байлаа. Тухайн үед найз маань сувагтай болохыг зөвлөсөн ч ажил болгож хэрэгжүүлээгүй. Би ууланд их алхдаг. Анх сувагтаа байршуулсан зургаан цуврал бол уулаар алхаж яваа бичлэг. Дараа нь хоолны бичлэгүүд оруулсан. Мөн аялах үеийн бичлэгээ байршуулсан байгаа. Харин нэрийг нь “ARTUNAA” гэж нэрлэсэн нь манай найзууд намайг Ариунаа гэж дууддаг. Тиймээс урлаг буюу Art гэдэг үгийг оруулаад unaa нэмсэн. Онцлог гэсэн утгатай Солонгосын  тэмдэг нэр. 

-Та багагүй дэлгэцийн уран бүтээлд ажилласан байна. Найруулагч боллоо гэж өөрийгөө хүлээн зөвшөөрсөн үе гэвэл?

-Дандаа л өөрийгөө голдог. Зохиолоо бичээд, дүрээ сонгож, зураг авалтаа дуусгаад монтажлаж байх үед олон зүйл анзаарагдана. Би дүрсээ аваад өөр хүнээр монтажаа хийлгэсэн бол дутагдал харагдахгүй байх. Дутуу бүхнээсээ сургамж авч цааш алхдаг. Найруулагч эхлээд хүн байх ёстой гэж боддог. Хүн чанартай байж л аливаа бүтээлийг найруулна. Би дурлаж сонгосон мэргэжлээ хэзээ ч орхихгүй. Сонгосон замынхаа төлөө өөрийгөө ялан дийлсэн учраас тэр л дээ. Би Солонгост сурах хугацаандаа өөрөө бүх зүйлээ болгосон. Сургалтын төлбөрөө төлөөд бага мөнгөтэй үлдсэн мөнгөөрөө нэг ширхэг төмс аваад гэртээ ирээд чанахад идэж чадаагүй. Тэр үеэс миний толгойд бодогдсон зүйл нь би илүү хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгээ ойлгож авсан. Өөрөөр хэлбэл би  хангалтгүй байгаагаа мэдэрсэн. хэрэв би тэр төмсөө идсэн бол цадаад сургамж аваагүй байх болов уу.

-Солонгост та амьдралынхаа 15 жилийг зарцуулжээ. Цаашид тэндээ дэлгэцийн уран бүтээл хийх үү?

-Ойр ойрхон Монголд ирэхээр эх орондоо амьдрахыг хүсэж байна. Магадгүй Монголд ирэх миний хугацаа болсон байх. Солонгост ажлаа тараад гэртээ орохоор хоосон мэдрэмж төрдөг.  Ямар зорилгоор би тэнд байгаагаа ойлгох гээд өөртэйгөө зөрчилдөнө.

-Хоёр орны соёл хоорондоо өөр. Үүнийг дагаад уран бүтээлүүд харьцуулагдаж харагддаг байх даа?

-Монголд дэлгэцийн уран бүтээл чамгүй хөгжиж явна. Мэдээж ялгаа харагдалгүй яахав. Хүний хөлс хөдөлмөрөө зарцуулж гаргасан бүтээлийг би муулах илүүц. Кино театрт кино үзэхэд монтаж, өнгө будаг, дуу, дүрслэх арга нь харьцуулагдаж харагдсан. Би дипломын ажлаа кино бүтээлийн харьцуулалтаар хийсэн болохоор тэр байж мэднэ. 

-Найруулагчийн ажил эмэгтэй хүнд хэцүү байдаг уу?

-Эмэгтэй хүн сэтгэл хөдлөл өндөртэй. Харин эрчүүд аливаад буурь суурьтай ханддаг. гэхдээ хөдөлмөр чухал. Учир нь мэргэжлийг эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ангилсан байдаггүй шүү дээ.  Би цаг сайн барихыг хичээдэг. Мөн зураг авалтын өмнө бэлтгэлүүдээ сайн базаана. Үүнийг сайн бэлдсэн байхад зураг авалт асуудалгүй. Мөн уран бүтээлчид бид зураг авалтын талбайд чин сэтгэлээ бүтээлдээ шингээдэг. Урлагийн хүнд мэдээж мэргэжлийн ур чадвар чухал. Жүжигчин хүн гэхэд амьдралын зав хэмнэлтэй байх нь  чухал. Харин найруулагч зөв логиктой байх хэрэгтэй. Мөн урлагаар дамжуулж хүний оюун санаа ухамсарт зөвийг түгээх ёстой. Надад уран бүтээлээрээ дамжуулж хэлэх санаа олон бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 87 (7331)