Баатарын НЯМСҮРЭН

Урлаг хүний сэтгэлийг ариусгадаг шидтэй. Хөг аялгуу нь хүнд тайвшрал аз жаргалыг мэдрүүлдэг. “Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа дуурийн дуучин Х.Мөнхтүвшинг урилаа.

 

-Та саяхан “Учиртай гурван толгой” дууриар сонсогч олонтойгоо уулзлаа. Монгол дуурийн анхны дүрээрээ тайзнаа гарах мэдрэмж  ямар байв?

-Шинэ сарын эхний өдөр СУИС-ийн “Оюутан” театрт Монголын анхны түүхэн дуурь болох “Учиртай гурван толгой” үзэгчдэд хүрсэн. Миний хувьд  монгол дуурийн анхны дүрээ бүтээхдээ Юндэнд дуулсандаа баярлаж байна. Мэргэжлийн ур чадвараа харуулах юмсан гэсэн хүслээр энэ дүрд ажилласандаа баяртай байна. Би баритон хоолойтой. Харин хамтарч дуулсан Соёлын тэргүүний ажилтан Ч.Алтантүлхүүр, Э.Чулуунчимэг эгч сопрона  хоолойтой уран бүтээлчид. Бидний хоолой сайхан хоршиж нийлсэн. Их олон хүний хөдөлмөрөөр түүхэн дуурь үзэгчдэд хүрсэн нь энэ.

-Өнгөрсөн сард дуучин Э.Чулуунчимэгтэй хамтарч “Санахгүй байж чадахгүй нь чамайгаа” дууг дуулсан. Цаашид нийтийн дуугаар уран бүтээл туурвих бодол бий юу?

-“Санахгүй байж чадахгүй нь чамайгаа” бол хуучны дуу. Энэ бүтээлийг сэргээж дууллаа. Хүмүүс  их сайхан хүлээж авсанд баяртай байгаа. Хүмүүс залуу нас, хайр сэтгэлээ бодож сонссон болов уу. Тус уран бүтээлийн аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав, шүлгийг Я.Бадамсүрэн бичсэн. Энэхүү дууг миний багш Б.Баттөр, Э.Оюумаа эгчтэй хамтарч дуулснаар хүмүүс андахгүй. Багш минь жилийн өмнө энэхүү уран бүтээлийг сэргээж дуулах санал тавьсан. Ингээд Э.Чулуунчимэг эгчтэй хамтарч дуулж олонд хүргэсэн. Цаашид нийтийн дуугаар дагнаж уран бүтээл гаргах бодолгүй. Гэхдээ үнэхээр таалагдсан дуу байвал дуулна. “Санахгүй байж чадахгүй нь чамайгаа” дуу цацагдсаны дараа 2-3 дууны санал ирсэн.

-Ихэнх дуучин багаасаа дуулж эхэлсэн гэдэг. Та ч бас багын  урлагт дуртай хүүхэд байв уу?

-Би Төв аймгийн Лүн суманд төрж, өссөн. Айлын гурав дахь хүүхэд.  Гуравдугаар ангиасаа дуулж эхэлсэн. Багаасаа л дуунд дуртай,  рок поп дуу их сонсоно. Тиймээс урлагийн замналыг сонгоход гэр бүл минь бүх талаар дэмжиж тусалсан. Гэхдээ сургуулиа төгсөөд ШУТИС-д нэг жил суралцсан. Гэвч хүний хүсэл сонирхол гэдэг өөр юм билээ. Ингээд 2013 онд СУИС-ийн Эстрадын дуучны ангид гавьяат жүжигчин Ч.Насантогтох багшийн удирдлага дор суралцаж эхэлсэн. Харин гуравдугаар дамжаанд байхдаа дуурийн дуулаачийн анги руу шилжиж байлаа.

-Эстрадын дууны ангиас дуурь руу орох шалтгаан юу байв?

-Багш нар зөвлөсөн учраас дуурийн анги руу орсон. Миний хоолой дуурьд илүү тохиромжтой гэдэг. Дуурийн ангид ороод хоёр жилийн хугацаанд С.Баттөр багшийн удирдлага дор суралцаж, мэргэжлийн дуурийн дуучин болсон. Харин 2019-2022 оны хооронд Солонгосын Үндэсний урлагийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж суралцсанаар ур чадвараа улам сайжруулсан. Солонгосын алдарт сопрона Ким Ён Ми багшаараа ихийг заалгасан. Багагүй хугацаанд эх орон, гэр бүлээсээ хол байж суралцахад анхаарлаа.

-Залуу уран бүтээлчийн хувьд тасралтгүй суралцахыг эрмэлздэг үү. Эсвэл сонгодог урлагийн ур чадварыг олон жил суралцаж эзэмших ёстой юу?

-Хүн бүрд заяасан авьяас харилцан адилгүй. Мөн аливааг хурдан, удаан сурдаг хүмүүс байдаг. Би Монголдоо хоёр жилийн хугацаанд дууриар суралцлаа. Тиймээс ур чадвараа илүү сайжруулахыг хичээсэн. Мэргэжилдээ сайжрахын тулд суралцах нь хамгийн оновчтой сонголт. Хүн сурч дуусдаггүй, үргэлж хөгжиж байж ур чадвар сууна.

-Сонгодог урлагаар монгол дуучид олон улсын тэмцээнд оролцоод амжилтын богц дүүрэн ирдэг. Та мэргэжлийн дуулаачдын уралдаанд өөрийгөө сорьж байв уу?

-Мэргэжлээрээ тэмцээн уралдаанд оролцож, хөгжиж дэвшихийг чухалчилдаг. Тиймээс олонд хүргэсэн уран бүтээл цөөн. ОХУ-ын Чайковскийн нэрэмжит XVII дугаар уралдаанд оролцож байлаа. Оросын алдарт бүтээлүүдийг голчилж дуулсан. Мөн өнгөрсөн онд Буриад улсын Ардын жүжигчин Л.Л.Линховоины  XIV дүгээр уралдаанд дэд байр эзэлсэн. Удахгүй олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөөд бэлдэж байна.

-Хүмүүс урлагийнхнаас суралцаж, үлгэр дуурайлал авах нь бий. Тиймээс уран бүтээлч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Урлаг нийгэмд зөв зүйлийг түгээдэг. Тиймээс хүний оюун санаанд гэрэл түгээх ёстой. Хүн бүрийн сонирхдог урлаг харилцан адилгүй. Хамгийн нандин мэдрэмжийг урлагаас авах боломжтой. Би урлагаар дамжуулж хүмүүсийн зүрх сэтгэлд сайхан мэдрэмж өгөхийг хичээдэг. Уран бүтээлч бүр харилцан адилгүй зан төлөвшилтэй. Гэхдээ хүн чанартай, уран бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг байх нь чухал.

-Урлагийг сонгож суралцсан хүн бүр уран бүтээлч болдоггүй. Хэр золиос шаарддаг юм бол?

-Мэдээж тодорхой хэмжээний золиос шаардана. Гэхдээ өөрөө дурлаж сонгосон мэргэжил учраас бэрхшээл гарсан ч даваад гардаг. Мэргэжлийн уран бүтээлч болоход их хөдөлмөр шаардана. Өөрөө хичээл зүтгэлтэй бол нэг хувийн авьяасаа хөдөлмөрөөрөө тордоод явахад сайн дуучин болно. Спортоор хичээллэсэн тамирчин бүр амжилт гаргадаггүй, хэн илүү хичээсэн нь амжилт үзүүлнэ. Урлаг ч ялгаагүй. Ялангуяа, сонгодог урлаг өндөр шалгууртай. Тухайн уран бүтээлчээс байнгын бэлтгэл шаардана. Мөн хариуцлагатай байж, шинийг санаачилж хөдөлмөрлөх хэрэгтэй юм шиг санагддаг. Мэргэжлээрээ өсөн дэвшиж, суралцах боломж нь эрч хүч нэмдэг. Үүнээс гадна тоглолтод дуулахад үзэгчдийн алга ташилт юутай ч зүйрлэмгүй урам болдог. Аливаа уралдаан ихийг сурах жим болдог. Нэг ах маань надад  “Дуурийн дуучин нэг цаг дуулахад 3-4 цаг гүний уурхайд ажиллах хэмжээний энерги зарцуулдаг” гэж хэлж байсан. Мөн нэг бүтээлийг дуулахдаа хөгжмийн зохиолч бичсэн нот, хөгжмөөрөө юуг илэрхийлэх гээд байгааг ойлгож, мэдэрч сурах нь чухал. Тухайн бүтээлийн илэрхийлж буй  санааг театрт цугласан үзэгчдэд дамжуулах нь дуурийн дуучны үүрэг шүү дээ.

-Манай улсад сонгодог урлагийн хөгжил ямар шатанд явж байна вэ?

-Үүнийг тодорхойлохын тулд сонгодог урлаг олон зуун жилийн турш хөгжсөн улстай харьцуулах шаардлагатай байх. Гадны улсад сонгодог урлагийн дуучдыг багаас нь бэлтгэдэг. Манай УДБЭТ гадаадын олон сайхан бүтээлийг үзэгчдэд хүргэж байгаа нь бахархалтай. Мөн дэлхий дахинд авьяас хөдөлмөрөөрөө гайхагдаж яваа уран бүтээлчид бий. Манай урлагийн сургуулийг чадвартай уран бүтээлчид төгсөж байгаа ч мэргэжлийн байгууллагад харьяалагдаж ажиллах нь дутагдалтай санагддаг.

-Сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлж яваа өмнөх үеийн уран бүтээлчдээс хэр  үлгэр дуурайлал авч байна?

-Монголын дуурийн дуучид олон улсад амжилттай ажиллаж байна. Мэргэжлээрээ ийм амжилт үзүүлж болдог гэдгийг харуулж байна шүү дээ.  Мэдээж уран бүтээлч ах, эгч нараасаа үлгэр дуурайлал авна. Хүн бүхэнд боломж  бий.  Энэ цаг үед зөвхөн Монголдоо туурвихаас илүү гадагшаа гарч дуулбал илүү өгөөжтэй харагдаж байна.

-Сонгодог урлагийн хөгжилд үзэгч бэлтгэх их чухал. Ирээдүйн үзэгчдийг хэрхэн бэлтгэх ёстой вэ?

-Хүн өдөр тутамдаа өөрт тулгарч байгаа асуудлаа шийдвэрлэхийг бодно. Амар тайван, асуудал бэрхшээл багатай амьдрахад урлаг чухал үүрэгтэй. Манай УДБЭТ бол хэдийнэ үзэгчдээ бэлтгээд, олоод авсан байх. Миний бодлоор аливаа бүтээлд дүр сонгохдоо дүрийн шалгаруулалтаа театраасаа уран бүтээлч авахаасаа илүү нээлттэй сонгон шалгаруулалт явуулаасай гэж хардаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 67 (7311)