Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Урлаг” буландаа УДЭТ-ын жүжигчин, гавьяат жүжигчин Ж.Оюундарийг урьсан юм. Түүнтэй сүүлийн үеийн уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.

 

-Гуравдугаар сард их олон жүжиг нээлтээ хийсэн. Үүнийг та Монголын театрын хөгжил гэж харж байна уу?

-Бид саяхан дэлхийн театрын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр алдаа оноогоо ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тухайн үед таны асуусан энэ асуудлын тухай ч ярьсан. Уран бүтээлчийнхээ хувьд өөрийн онцлогтой театрууд “өсөж”, торниж байгаад баяртай байна. Харин эдгээр театрын улбаа, үндэс суурь нь УДЭТ юм шүү. Цаашлаад Монголын театрын хөгжил болоод жүжгүүдийн чанарын тухайд бол цаг хугацаа, үзэгч олон л дүгнэлт өгөх байх. 

-Дэлхийд жижиг театрууд харьцангуй хурдан хөгжиж байна. Та “дүү” театруудын бүтээлийг онцолж үзэв үү?

-Мэдээж театрт тавьж буй бүтээлүүдийг шимтэн үздэг. Аливаа зүйлийг шүүмжлэх их амархан. Харин бүтээнэ гэдэг тун хэцүү. Ялангуяа урлагийн бүтээлийг. Таны хэлснээр гаднын орнуудад жижиг театрууд эрчимтэй хөгжиж байна. Бүр онлайн, зүүм, подволын театр ч гэж бий. Монголчуудын хувьд саяхан л гурван театраас өөр сонголтгүй байлаа. Гэтэл өнөөдөр ямар жүжиг үзэхээ сонгож байна гэдэг өөрөө энэ урлаг хөгжиж буйн хамгийн том илэрхийлэл юм болов уу. 

-Таныг сүүлд театрын тайзан дээр “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээр харсан. Театр удахгүй “Тэнгэрийн хүү” жүжгийг тавина. Энэ бүтээлд танд ямар дүр оноов?

-Театр гэдэг өөрийн бодлоготой. Тиймээс түлхүү үндэсний бүтээлээ тавих, монгол түүх соёлоо сурталчлахыг эрхэмлэдэг. Ер нь үзэгчид эхлээд өөрсдийн түүхээ мэдчихээд гаднын бүтээл рүү шуурах ёстой гэж боддог. Тиймээс ч “Тэнгэрийн хүү” жүжиг үнэ цэнтэй. Тухайн бүтээлд төр улс гэж юу болох, монгол хүн, хүн чанарын тухай өгүүлдэг. Бид монгол хүн гэж зөвхөн цээжээ дэлдэх бус яг л энэ цаг үед  монгол хүн шиг төлөвшиж, монголоороо байхгүй бол хоцрох гээд байна шүү гэсэн эмзэглэл бий. Энэ бүтээлд би Могол хатны дүр дээр ажиллахаар болсон.

-“Тэнгэрийн хүү” жүжгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж байгаа. Могол хатны дүрд өмнө нь ямар уран бүтээлч ажиллаж байсан бэ?

-Өмнө нь Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд эгч ажиллаж байсан. Харин миний хүүд жүжигчин Б.Шинэбаяр ажиллаж байна. Энэ удаа жүжигчдээс гадна найруулгын хувьд шинэчлэгдэж байгаа. Би энэ жүжигт ажиллах хугацаандаа найруулагч Н.Наранбаатараараа их бахархсан. Учрыг нь үзэгчид ирж үзээд ойлгох байх. Их өвөрмөц, содон найруулгатай болсон гэж онцолмоор байна. 

-Н.Сувд гуайн бүтээсэн дүрээс таны ажиллаж буй Могол хатан юугаараа өөр вэ?

-Түүхийг нь уншихад Модуны аав хоёр эхнэртэй байсан гэж гардаг. Эхний эхнэр нь Могол хатан буюу Модуны ээж. Гэхдээ их эрт нас барсан гэдэг юм билээ. Монгол хаадын хувьд хатан сонгох нь их чухал. Н.Сувд эгчийн бүтээсэн Могол хатан бол уужуу ухаан, алсын хараатай, сэтгэлийн хаттай, олон зүйл ярьдаггүй ч нэг хэлбэл, жинтэй үг хэлж чаддаг эмэгтэй гэж дүрслэгдсэн байдаг. Миний дүрийн хувьд ч жанжин шугам нь энэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 65 (7309)