Т.Чулуун-Эрдэнэ 
Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач 

 

Өнөөдөр дэлхий дахинд аж үйлдвэрийн IV хувьсгалын үр дүнд суурилсан дижитал үйл явц эрчимтэй явагдаж байна. Шинжлэх ухаан технологийн инновац нь дижитал эдийн засгийн хөгжлийг улам хурдасгаж, дижитал шинэ бүтээгдэхүүнүүд олноор бий болж, дижитал эдийн засгийн хөгжлийн хурд дэлхийн эдийн засгийн хурдаас хол түрүүлэн, нийгмийн салбар бүрд гүн нэвтэрч, дэлхийн эдийн засгийн ерөнхий төлөв байдалд ихээхэн нөлөөлөх болов. Дижитал эдийн засгийн хөгжил нь даяаршлыг улам хурдасгаж, энэ салбарт олон улсын хамтын ажиллагаа ч улам нягтарч байна. 


2015 онд Хятад улс “Дижитал торгоны зам”-ыг дэвшүүлж, “Бүс ба зам” санаачилгын ирэх арван жилийн хөгжлийн гол тулгуур гэж тодорхойлоод буй. Ялангуяа Хятад, Америкийн худалдаа, технологийн дайн ширүүсч байгаа энэ цаг үед дижитал хөгжил нь тус улсын ирэх жилүүдэд ихээхэн анхаарч, урагш ахиулах стратегийн салбар болоод байна. 
“Дижитал торгоны зам” санаачилгын хүрээнд өмнөд хөрш улс зам дагуух, оролцогч улс орнуудтай дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, нано технологи, квант тооцоолол зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, их өгөгдөл, үүлэн тооцоолол, ухаалаг хотын бүтээн байгуулалтад ихэд анхаарах болсон.

 

Зураг 1 Хятадын дижитал эдийн засгийн хөгжил болон ДНБ-ий хөгжлийн өсөлтийн байдал


2023 оны Хятадын Үндэсний интернет сүлжээний мэдээллийн Төвөөс гаргасан “Дижитал Хятад Улсын хөгжлийн тайлан (2022)”-д 2022 оны байдлаар тус улсын дижитал эдийн засгийн цар хүрээ 50,2 их наяд юаньд хүрч, дэлхийд хоёрт жагсав. Мөн дижитал эдийн засгийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 41.5 хувьд хүрсэн гэж мэдээлэв. 2016 оноос 2022 он хүртэл цахим мэдээллийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны  орлого 10 их наяд юаниас 15,4 их наяд юань хүртэл өсч, программ хангамжаас олсон орлого 4,9 их наяд юаниас 10,8 их наяд юань, аж үйлдвэрийн интернетийн үндсэн үйлдвэрлэлийн хэмжээ 1,2  их наяд юаньд хүрсэн байна. Түүнчлэн бараа бүтээгдэхүүний цахим борлуулалтын хэмжээ нийт хэрэглээний бүтээгдэхүүний борлуулалтын 27.2 хувийг эзэлжээ. Дээрх тоо баримтууд БНХАУ дижитал бүтээн байгуулалтыг асар хурдацтайгаар явуулж буйг илтгэн харуулж байна.
“Бүс ба зам” санаачилгад Хятадын төрийн өмчит компаниуд илүү давуу талтай оролцдог. Үүнээс ялгаатай нэг зүйл бол “Дижитал торгоны зам”-ын гол тоглогч, оролцогч нь Хуавэй, Тенсент, Алибаба, ЗТИ зэрэг хувийн технологийн компаниуд байдгаараа онцлогтой гэж болно. Эдгээр компаниудыг гадагшаа үйл ажиллагаагаа тэлэхэд нь төрөөс бодлогоор дэмждэг. 

 

Зураг 2 Хятадын дижитал салбарыг тэргүүлэгч компаниуд

Эх сурвалж: https://www.eurasiagroup.net/files/upload/Digital-Silk-Road-Expanding-China-Digital-Footprint.pdf

 


Дижитал хөгжил шинжлэх ухаан технологи, инновац дээр тулгуурладаг. Тэгвэл Хятад улс “14 дэх таван жилийн төлөвлөгөө”-ндөө 2025 он хүртэлх улсын хөгжлийн бодлогод шинжлэх ухаан инноваци тэргүүлэх үүрэгтэй байхыг заасан. Тус төлөвлөгөөнд “Үндэсний стратегийн шинжтэй эрэлт хэрэгцээнд тулгуурласан инновацын тогтолцоог бий болгох, үндэсний лабораторийг түүчээ болгосон шинжлэх ухаан технологийн хүчин чадлыг бүрдүүлнэ. Үүнд квантын мэдээлэл, фотон болон микро-нано электрон, хиймэл оюун ухаан, био анагаах ухаан, орчин цагийн эрчим хүчний систем зэрэг инновацын томоохон салбаруудад төвлөрч, үндэсний хэд хэдэн лабораториудыг байгуулж, бүтцийн хувьд тохиромжтой, өндөр бүтээмжтэй ажиллах лабораторийн тогтолцоог байгуулна” гэсэн зорилтуудыг багтаажээ. 
Дээрх зорилтуудыг биелүүлэхийн тулд Хятадууд өндөр технологийн салбарын судалгаа хөгжүүлэлтэд зориулах зардал, хөрөнгө оруулалтыг жил ирэх бүр нэмэгдүүлж байна (Зураг 1-ээс харна уу). 

 

Зураг 3 Хятадын судалгаа хөгжүүлэлтэд зориулсан зардал, хөрөнгө оруулалтын байдал (2017-2022 он)

Тайлбар: Ногоон=Судалгаа хөгжүүлэлтийн зардал (100 сая юань)  Улаан=Судалгаа хөгжүүлэлтийн зардлын хөрөнгө оруулалтын байдал

Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо, 2023 он

 


Хятад улсын дижитал хөгжил нь тус улсын өндөр чанартай эдийн засгийн хөгжил, тэр дундаа эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, эрчим хүчний тогтвортой хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг. Холбогдох судалгаанд дижитал эдийн засгийн индекс 1%-иар өсөхөд ногоон эрчим хүчнийх нь хөгжил дунджаар 0.191%-иар өсдөг болохыг баталжээ [1]. 
“Дижитал торгоны зам” нь дижитал дэд бүтэц,  ухаалаг хот,  хил дамнасан цахим худалдаа гэсэн гурван үндсэн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Нэгдүгээрт. Дижитал дэд бүтэц. Үүнд 4G/5G утасгүй холбоо, өргөн зурвасын, далай доорх кабель, үүлэн тооцоолол, тандалтын систем, хиймэл дагуулын систем зэрэг орно.  Өмнөд хөрш эдгээр чиглэлээр дэлхийн улс орнуудыг тэргүүлж байна. Жишээ нь Хятадын Hikvision болон Dahua гэсэн хамгийн том хоёр компани дэлхийн хяналтын камерын 60 гаруй хувийг нийлүүлдэг [2]. Тус компаниуд Хятадад нүүр царайгаар таних дэвшилтэт технологийг ашиглаж, өргөн цар хүрээтэй тандалтын системийг боловсруулан, хэрэгжүүлэх олон төслийн ажил гүйцэтгэжээ.
Шилэн кабелиар “Бүс ба зам”-ын орнуудыг интернет сүлжээнд холбох төсөл нь “Дижитал торгоны зам”-ын чухал ажлуудын нэг.  2019 оны байдлаар Хятад дэлхийн усан доорхи кабелийн 11.4%-ийн эзэмшигч эсвэл нийлүүлэгч байв. Энэ хувь хэмжээ 2025-2030 оны хооронд 20% хүртэл өсөх төлөвтэй байна [3].

 

Зураг 4 Дэлхийн усан доорх кабелийн системийн огтолцлолын зураг

Эх сурвалж: https://www.wbur.org/onpoint/2023/05/22/undersea-cables-china-espionage-fiber-optic-ocean


Интернэтийн жинхэнэ эргэлтийн систем нь усны гүндээ оршдог. Эдүгээ далайн ёроолд суурилуулсан ойролцоогоор 900,000 миль урт (1, 440,000 км орчим) шилэн кабелиар дэлхийн мэдээлэл, санхүүгийн гүйлгээ, цэрэг, дипломат урсгалыг дамжуулж байна. Энэ салбарын тэргүүлэгч улс бол АНУ. Харин одоо Хятад нь Европ-Ойрхи Дорнод-Ази (EMA) гэх нэршилтэй далайн гүний шилэн кабелийн интернетийн сүлжээ байгуулахаар төлөвлөж, 500 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.  Энэхүү кабель нь Хонконгийг Хятадын Хайнань арлын мужтай холбож, улмаар Пакистан, Саудын Араб, Египет, Франц зэрэг олон улсыг хамрах аж. Уг төслийг Хятадын төрийн өмчит харилцаа холбооны компаниуд, тухайлбал Чайна Мобайл, Чайна Телеком, Чайна Юником зэрэг  компаниуд хэрэгжүүлж, 2025 он гэхэд ашиглалтад оруулна [4].


Хоёрдугаарт. Ухаалаг хот – Харилцаа холбооны сүлжээ, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол, цахим худалдаа, гар утасны төлбөрийн систем болон бусад дэвшилтэт дижитал технологийн салбарыг багтаасан "ухаалаг хот" байгуулах төсөл.  Технологи, дата мэдээллээр дамжуулан иргэдийн амьдралыг сайжруулах, аюулгүй, цэвэр, ногоон, үр ашигтай, тогтвортой хөгжлийг хангах зорилготой. Уг төсөл нь зам дагуух, санаачилгад оролцогч орнуудад хамтран ажиллах бас нэгэн орон зай нь болоод байна. Хятадууд эхлээд дотооддоо, дараа нь гадагшаа ухаалаг хотын төслийг хэрэгжүүлэв. Шанхай, Бээжин зэрэг хотууд нь ухаалаг хотын жишээ болно. Харин Куала Лампур хотыг ухаалаг систем, ухаалаг технологи, мэдээлэл харилцаа холбооны технологи бүхий дэд бүтэцтэй болгосон нь Хятадын компаниудын хувьд анхны туршлага болсон байна [5]. Бас нэг жишээ бол Мьянмарын Шинэ Янгон хот (New Yangon City)-ыг 88 хавтгай дөрвөлжин километр талбайд байгуулах төсөл. Дэлхийн жишигт нийцсэн, өндөр чанартай дэд бүтэцтэй, ил тод хүргэлтийн тогтолцоотой, ухаалаг засаглалтай, “Бүтээмжтэй хот, Амьдрах боломжтой хот” болгох төлөвлөгөөтэй. Шинэ Янгон хотыг Мьянмарын хүн ам шигүү суурьших Янгон хотын өргөтгөл болгож, 2050 он гэхэд тус шинэ хотод 1,2 сая хүн амыг сууришуулж, 900 мянган хүнийг ажлын байраар хангах ажээ [6].


Гуравдугаарт. Хил дамнасан цахим худалдаа. Ковид цар тахал дэлхий нийтэд тархсан нь улс орнуудыг цахимаар харилцаж, цахимаар ажиллаж, суралцах шинэ эрин үеийн харилцааны хэв маягт эргэлт буцалтгүй оруулсан билээ. Өнөөдөр Хятад улс таван тивийн 20 гаруй оронтой цахим худалдааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр талын цахим худалдааны хамтын ажиллагааны механизмыг байгуулаад байна. Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын 6 бүс байгуулж, багц бодлогуудаар дэмжиж,  хил дамнасан цахим худалдааны жижиглэн худалдааны импортын жагсаалт гаргажээ.  2022 оны эхний улиралд Хятадын хил дамнасан цахим худалдааны экспорт өнгөрсөн оны мөн үеэсээ 92.7%-иар өсчээ [7].


Хятад улсын хувьд “Дижитал торгоны зам”-ыг дэмжих үйлдвэрлэлийн бааз суурь улам бэхжиж, зах зээл нь ч тэлэв. Санаачилгын хүрээнд хамтран ажиллах улс орнуудын тоо өссөөр байна. Хятадын Кибер орон зайн удирдах Газраас гаргасан тайланд дэлхийн 17 улс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Сүүлийн хоёр жилд Хятадын 201 компани 1334 хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлсний 57 хувь нь “Дижитал торгоны зам”-тай холбоотой байв [8]. 


“Дижитал торгоны зам” нь  “Хятадад үйлдвэрлэв 2025”, “Хятадын стандарт 2035” зэрэг үндэснийх нь томоохон зорилтуудын нэгэн адил тус улсыг дэлхийд технологийн хүчирхэг гүрэн болгох, технологийн хувьд бусад улсаас хараат байдлыг бууруулж, бие даах чадвараа нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Үүнээс гадна олон улсад дижитал дэд бүтэц, дараагийн үеийн технологийн бие даасан кибер дүрэм журам, стандарт тогтоох боломж гэж хардаг. Мөн “Дижитал торгоны зам”-ын хүрээнд Хятадын технологийн дотоодын тэргүүлэгч компаниудыг дэлхийд гаргаж, глобал компани болоход нь туслах зорилготой. “Бүс ба зам”-аар дамжуулан компаниуд нь зам дагуух, оролцогч улс орнуудын зах зээлд илүү хурдан нэвтрэх боломжтой болов. Харин бусад оролцогчдын хувьд Хятадын дижитал дэд бүтцэд түшиглэх байдал улам нэмэгдэх төлөвтэй байна.


Ер нь зам дагуух улс орнуудын дижиталжих үйл явц удаашралтай байгаа нь Хятадын энэ салбарт орох орон зайг улам тэлэх юм.
Монгол Улсын хувьд манай Засгийн Газраас харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг албан ёсоор байгуулсан билээ. Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа – 2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлээд буй. 


Дижитал салбарт Монгол Улс Японы Жайка,  ДХБ, НҮБ-тай хамтран ажиллаж байгаа мэдээлэл байна. Жишээ нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал нь хөгжиж буй орнуудын Засгийн газар болон гол оролцогч талуудтай хамтран “Бүгдэд зориулсан цахим худалдаа” (eTrade for all) санаачилгын нэг хэсэг болгон Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ (eT Readies) хийж дижитал эдийн засгийн чадавхийг нь сайжруулах зорилготой ажилладаг.  Тэгвэл 2023 онд  Монгол улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийжээ. Харин Монгол Улсын Засгийн газар цахим арилжааны хөгжлийг дэмжих сонирхолтой байгаа боловч эдийн засгийг цахимжуулах үйл явцын тодорхой хэсэг болох “цахим арилжаа”-ны талаар ойлголт багатай, цахим арилжааг хөгжүүлэх стратегийн болон институцийн чиглэл, зохицуулалтгүй байна[9] гэсэн дүгнэлт гарчээ. Цахим худалдаа буюу цахим арилжаа нь дижитал эдийн засгийн амин чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг. Өөрөөр хэлбэл дижитал шилжилт хийх үндэс юм. Тэгвэл манай улс цахим худалдааны үндсэн ойлголт бүрэн суугаагүй, стратегийн чиглэл тодорхойгүй байна гэдэг бол туйлын харамсалтай зүйл юм. 


Тэгвэл Хятад улс өнөөдөр дэлхийн хамгийн том цахим худалдааны зах зээл болсон. Дэлхийн нийт цахим худалдааны гүйлгээний бараг 50 хувийг дангаар эзэлдэг [10]. 

 

Зураг 5 Хятад улсын цахим худалдааны жижиглэнгийн борлуулат (2019-2024 оны байдлаар, ам доллар)


Зураг 5-д харуулснаар 2020 онд Хятадын онлайн жижиглэн худалдааны гүйлгээ 710 сая худалдан авагчийг давж, нийт гүйлгээ 2.29 их наяд ам долларт хүрсэн бол энэ онд 3.56 их наяд ам долларт хүрэх төлөвтэй байна. 
Бид дижитал эдийн засгаар дэлхийг тэргүүлж буй улстай хаяа дэрлэн оршиж байна. Тиймээс бидэнд Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, туршлагыг судалж, дүн шинжилгээ хийх замаар тэднээс суралцах, зарим туршлагаас авч, нутагшуулан хөгжүүлэх боломж их байна гэж харж байна.  Цаашид дэлхийн улс орнуудтай, тэр дундаа өмнөд хөрштэйгээ хамтарч ажиллах дижитал эдийн засгийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг цаг алдалгүй боловсруулах нь зүйтэй. 

Ашигласан эх сурвалж:
[1] Three Opportunities and Three Risks of the Belt and Road Initiative, https://blogs.worldbank.org/trade/three-opportunities-and-three-risks-belt-and-road-initiative, 2018-05-04
[2] A Tiny Blog Took on Big Surveillance in China—and Won, https://www.wired.com/story/surveillance-china-security-camera-giant-ipvm/, 2023-04-04
[3] Huawei-Backed Cable Linking China, Europe, Africa Lands in Kenya, https://www.bloomberg.com, 2022-03-29
[4] Exclusive: China plans $500 million subsea internet cable to rival US-backed project, https://www.reuters.com/world/china/china-plans-500-mln-subsea-internet-cable-rival-us-backed-project-2023-04-06
[5] 12MP MTR: Five smart cities by 2025, https://themalaysianreserve.com/2023/09/11/12mp-mtr-five-smart-cities-by-2025/, 2023-09-11
[6] The Belt and Road Initiative (BRI): Moving Forward towards the Smart Cities Development, https://uclg-aspac.org/brlc, 2022-09-18
[7] China Ecommerce Exports Up 92.7% As BRI Countries Develop Mutual Digital Trade Engagement, https://www.silkroadbriefing.com, 2022-09-18
[8] China’s post-pandemic Digital Silk Road, February 2021, https://www.eurasian-research.org/publication/chinas-post-pandemic-digital-silk-road
[9] Mongolia: New Project Helps the Government Go Digital and Grow the Economy, https://www.worldbank.org/en/news/press-release/2022/06/06/mongolia-new-project-helps-the-government-go-digital-and-grow-the-economy, 2022-06-06
[10]Three Opportunities and Three Risks of the Belt and Road Initiative, https://blogs.worldbank.org/trade/three-opportunities-and-three-risks-belt-and-road-initiative, 2018-05-04

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 51 (7295)