Ц.МЯГМАРБАЯР
Сарлагийн хөөвөр болон Эрчмийн хар ямааны ноолуурыг боловсруулж экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн амжилтад хүрсэн “Жинст Мөрөн” ХХК-ийн захирал Г.Амарболдыг “Зууны мэдээ” сонины “Бизнес хөгжил” буланд урьж ярилцлаа.
-Малын ноос, ноолуур, тэр дундаа сарлагийн хөөврийг үнэ цэнтэй түүхий эд болгох санаа хэрхэн төрсөн бэ. Анх ямар зорилго тавьж эхэлж байсан бэ?
-2003 онд сарлагийн хөөвөр нь ямааны ноолууртай адил үнэ цэнтэй түүхий эд болох боломжтойг шинжлэх ухааны байгууллагууд тогтоосон байдаг. Үүнээс хойш сарлагийн хөөврийг орон даяар цуглуулах ажил эхэлсэн. 2019-2020 оны зуднаар Монгол Улс нийт сарлагийнхаа 50 орчим хувийг алдсан. Үүний дараа бид сарлагийн хөөврийг 17 аймгаас цуглуулах зорилт тавьсан. Цаашдаа энэ нь ноолуурын дараа орох үнэ цэнтэй түүхий эд болж, сарлагийн хөөврөөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд бий болно гэж харсан. Тухайн үед гол асуудал нь хөөврийг хэрхэн цуглуулах вэ гэдэгт төвлөрч байлаа. Сарлагийн хөөврийн үнэ ердөө 100-200 төгрөг байсан үе. Бид судалгаа хийж, ойрын 10 жилд сарлагийн тоо толгойг өсгөх, хөөврийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох зорилго тавьсан. Мөн сарлагийн хөөврөөр дамжуулан дэлхийд үнэлэгдэх бүтээгдэхүүн бий болгож, Монгол Улсын өрсөлдөх чадварт хувь нэмэр оруулахын зэрэгцээ малчдын орлогыг нэмэгдүүлэхийг зорьсон.
-Энэ зорилго тань хэр биелсэн гэж үзэж байна вэ?
-Өнөөдөр тодорхой хэмжээнд зорилгодоо хүрсэн. Ялангуяа сарлагийн хөөврөөр дагнан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компани бий болсон. Гадаадын зах зээлд сарлагийн хөөврийг шинэ төрлийн, үнэ цэнтэй түүхий эд гэдгийг таниулж чадсан. Сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн нь ямааны ноолууран бүтээгдэхүүнээс илүү дулаан, эдэлгээ сайтай зэрэг давуу талтайг судалгаа, боловсруулалт болон хэрэглээний явцад харуулж, хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрүүлж чадсан гэж боддог.
-Сарлагийн хөөврийг эцсийн бүтээгдэхүүн болгох боловсруулалт хэр ахисан бэ?
-Сарлагийн хөөврийн гүн боловсруулалтыг шинжлэх ухааны байгууллага болон кластер үйлдвэрүүдтэй хамтран хөгжүүлсэн. Тухайлбал, “Гоёо” компанид угаалгаж, самнуулж, “Говь”-д ээрүүлэн боловсруулалтын түвшнийг үе шаттай ахиулсан.
Анх бүдүүн номерын утас үйлдвэрлэж байсан бол өнөөдөр Монгол Улсад нарийн номерын 22/2, 24/2 утас үйлдвэрлэх хэмжээнд хүрээд байна. Энэ бол сарлагийн хөөврийг түүхийгээр нь гаргах бус, дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох чиглэлд гарсан томоохон ахиц юм.
-Ер нь шинэ чиглэлд ажиллахад ямар бэрхшээл тулгарсан бэ?
-Шинэ түүхий эд боловсруулж, шинэ бүтээгдэхүүн бий болгоход олон сорилт тулгарсан. Ялангуяа малчдад сарлагийн хөөврийг зөв дараалалтай самнах, түүнийг тогтвортой орлогын эх үүсвэр болгох талаар олон удаагийн сургалт, судалгаа хийх шаардлагатай байсан. Мөн хамтрагч байгууллагуудтайгаа ойлголцож, тогтолцоо бий болгоход цаг хугацаа зарцуулсан. Бид 20 гаруй жил тууштай ажилласны үр дүнд сарлагийн тоо толгой 400 мянга хүрэхгүй байснаас сая орчимд хүрч өссөн. Хөөврийн үнэ ч нэмэгдэж, өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр нэг килограмм нь 44 мянган төгрөг болсон байна. Ингэснээр сарлагийн хөөвөр тогтвортой үнэ цэнтэй түүхий эд болж чадлаа. “Жинст Мөрөн” компани 2014 оноос Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Арбулаг сумын малчидтай хамтран ажиллаж, хөөвөр самнах аргачлал, бэлчээрийн зөв менежмент, малын чанар, ашиг шимийг бүрэн ашиглах талаар сургалт явуулж эхэлсэн. Үр дүн нь ч гарсан. 2014 онд Алаг-Эрдэнэ сумын “Сарлагийн баяр”-аар 68 кг хөөвөр цуглуулж байсан бол өнөөдөр 15 орчим тонн болж өссөн. Тухайн үед тус сум есөн мянга орчим сарлагтай байсан бол одоо 38 мянгад хүрчээ.Мөн бид түүхий эдийн гарал үүслийг эцсийн бүтээгдэхүүн хүртэл мөрдөх тогтолцоог бий болгоход анхаарч ирсэн. Монголын бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран “Ногоон алт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн энэ ажил нь малчны хотноос хэрэглэгч хүртэлх бүтээгдэхүүний гарал үүслийг QR кодоор мөрдөх боломжийг бүрдүүлсэн.Ингэснээр сарлагийн хөөврийг зөвхөн түүхий эд бус, гарал үүсэл нь тодорхой, эко, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх суурь тавигдсан.
-Гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ хэдийнээс гаргаж эхэлсэн бэ?
- 2020 онд олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож, Монголын онцлог, цаашдын хөгжлийн чиглэлээ танилцуулсан. Тухайн үед улс орнууд өөр өөрийн онцлог, хөгжлийн чиглэлээ харуулж байлаа. АНУ сансрын технологи, Хятад дижитал бизнес, Энэтхэг инженерийн шийдэл, БНСУ химийн бүтээгдэхүүнээрээ өрсөлдөхөө танилцуулж байсан. Харин бид Монгол Улс байгальд түшиглэсэн, органик түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тэр дундаа зөвхөн Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицож амьдардаг хөх сарлагийн хөөврийг онцолсон. Энэ түүхий эдээр дулаан, биед эвтэйхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх зорилго тавьсан.Энэ зорилгыг “Хөх сарлаг” хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сарлагийн тоо толгойг өсгөх боломж бүрдсэн. Өнөөдөр энэ чиглэлээр 7-8 үйлдвэр ажиллаж, монголчууд сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшсэн. Мөн гадаадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд хүрч байна. Сарлагийн хөөврийн дулаан хадгалах чанар, эдэлгээний давуу талыг харуулсан судалгаа бий. Гэхдээ энэ түүхий эдийн шинж чанартай холбоотой судлагдаагүй зүйл ч олон байна. Тухайлбал, меланин зэрэг бодисын агууламж, бэлчээрийн менежмент хөөврийн чанарт хэрхэн нөлөөлдөг зэрэг асуудлыг цаашид нарийвчлан судлах шаардлагатай.
-Түүхий эдийн гарал үүсэл, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Газар зүйн онцлогтой түүхий эдийг тухайн орон нутагт нь боловсруулах үйлдвэр, байгууллагууд хөгжүүлэх нь зөв шийдвэр байсан. Малчид, хоршоодтойгоо ойр ажиллах тусам шийдвэр хурдан гарч, түүхий эдийн чанар, бэлтгэлд шууд анхаарах боломжтой. Мөн залуу малчид, орон нутгийн боловсон хүчнийг бэлтгэхэд ач холбогдолтой. Нөгөө талаас хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг Хөвсгөлийн хөх сарлагийн хөөврөөр, эсвэл Эрчмийн хар ямааны ноолуураар хийсэн гэдгийг баталгаатай мэддэг байх нь чухал. Энэ нь бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна аялал жуулчлалтай холбох боломжтой.
Тухайлбал, жуулчдын очдог гол цэгүүдэд орон нутгийн бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулснаар тухайн нутгаас ямар бүтээгдэхүүн авч болохыг хэрэглэгчдэд шууд хүргэнэ. Ингэснээр малчнаас эцсийн хэрэглэгч хүртэлх зай богиносож, орон нутгийн үйлдвэрлэгчдийн экспортын чадавхыг нэмэгдүүлэх боломжтой.
-Танайх мөн Хөвсгөлийн алдартай эрчмийн хар ямааны ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг шүү дээ?
-Тийм ээ. Манай компани Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ноос, ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж, үйлдвэрлэлийн нэр төрлөө өргөжүүлэн, эрчмийн хар ямааны ноолуурыг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өдгөө бид50 гаруй нэр төрлийн, 2000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон гадаадын хэрэглэгчдэд хүргэж байна. Эрчмийн хар ямааны ноолуурын түүхий эдийн чанар, бэлтгэн нийлүүлэлтийг сайжруулах зорилгоор Европын Холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн хүрээнд 2025 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Галт, Жаргалант сумын малчдад сургалт зохион байгуулсан. Сургалтаар ноолуурыг стандартын дагуу ангилан ялгах, чанарыг алдагдуулахгүйгээр бэлтгэн нийлүүлэх арга технологийн талаар практик мэдлэг олгосон. Үүний үр дүнд малчид ноолуураа чанарын шаардлагад нийцүүлэн бэлтгэн нийлүүлэх боломжтой болсон. Энэ онд бид Хөвсгөл аймгийн малчдаас эрчмийн хар ямааны ноолуурыг нэг килограммыг нь 210–214 мянган төгрөгөөр худалдан авсан.
Бид бүтээгдэхүүнээ Хөвсгөлийн эрчмийн хар ямааны сонгомол түүхий эдэд тулгуурлан, орчин үеийн сүлжмэлийн технологи болон нарийн гар ажиллагааг хослуулан үйлдвэрлэж байна. Цамц, кардиган, хантааз, ороолт, малгай зэрэг бүтээгдэхүүнийг өдөр тутмын болон ажил хэрэгч хэв маягт нийцүүлэн урладаг. Манай компанийн зорилго зөвхөн тансаг харагдах бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бус, байгалийн түүхий эдийн чанар, биед эвтэйхэн, тав тухтай байдлыг хэрэглэгчдэд мэдрүүлэхэд чиглэдэг. Одоогоор бүтээгдэхүүнээ Европ болон Хойд Америкийн зах зээлд экспортлон нийлүүлж байна. Цаашид нутгийн онцлогтой түүхий эдийн боловсруулалтыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 183 (7925)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn