Ц.МЯГМАРБАЯР
“Намрын ногоон өдрүүд–Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 21–27-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. 21 аймгийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, ЖДҮ эрхлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчээс нь шууд борлуулж байгаа бөгөөд энэ жил импортын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдаалахгүйгээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарчээ.Гэвч үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүнээ борлуулах, сав баглаа боодлын зардал, хэрэглэгчдийн хувьд үнийн өсөлт, худалдан авах чадвар гол асуудал хэвээр байна.
Говь-Алтай аймгийн ЖДҮ эрхлэгч Д.Өлзий-Орших: Худалдан авах чадвар эрс муудсан

-Манайх 20 орчим жил жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байна. Сав баглаа боодлоо гадаадад хийлгэдэг учраас бүтээгдэхүүний өртөг өндөр гардаг. Тиймээс дотооддоо сав баглаа боодлын үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай. Иргэдийн худалдан авах чадвар өмнөх жилээс эрс муудсан. Гэсэн ч байнгын хэрэглэгчид маань бүтээгдэхүүнээ авч байна.
Завхан аймгийн улаан саримс тариалагч, бизнес эрхлэгч Л.Мөнхтөр: Арван жилийн өмнөх үнээ нэмээгүй

-Улаан саримсыг 10 гаруй жил тариалж байна. Анх үзэсгэлэнд оролцож эхлэхэд надаас өөр улаан саримс тариалдаг хүн байгаагүй. Харин өнөөдөр 10 орчим хүн тариалж байгаа нь жижиг, дунд бизнес хөгжиж буйн илрэл. Анх сармисаа 50 мянган төгрөгөөр борлуулдаг байсан, одоо ч үнээ нэмээгүй. Харин сав баглаа боодлоо сайжруулсан.
Увс аймгийн тариаланч Т.Бямбажав: Сав баглаа боодлын үйлдвэр, тоног төхөөрөмж хэрэгтэй

-Энэ үзэсгэлэнд 15 дахь жилдээ оролцож байна. Иргэдийн жижиг бизнес эрхлэх, тэр дундаа эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхол нэмэгдсэн. Гэхдээ хадгалалт, сав баглаа боодол, стандартын шаардлага үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй байна. Төрөөс сав баглаа боодлын үйлдвэр байгуулж, жижиг үйлдвэрлэгчдэд тоног төхөөрөмж, хөнгөлөлттэй зээл олгоход анхаарах хэрэгтэй. Жижиг тоног төхөөрөмжтэй бол гар ажиллагаа ихээхэн хөнгөвчлөгдөнө.
“Саян Уран мандал” ХХК-ийн захирал Б.Баасандулам: Ажлын байр хумигдахад хувиараа бизнес эрхлэх нь нэмэгддэг

-Энэ жилийн худалдан авах чадвар өмнөх жилүүдээс муу байна. Гэхдээ манай арвайн гурилыг байнгын хэрэглэгчид зорьж ирж авдаг. Энэ жилээс модны давирхайн шүүсийг зах зээлд нийлүүлж эхэлсэн. Нэг бүтээгдэхүүнд дагнан, багаас эхэлж бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс олон болсон. Ажлын байр хумигдах үед хувиараа бизнес эрхлэх хандлага нэмэгддэг. Тиймээс төрөөс энэ салбарыг илүү дэмжих шаардлагатай.
Улсын аварга ногоочин М.Гантөмөр: Нийлүүлэлт, хадгалалтын менежмент муугаас хүнсний ногооны үнэ өсдөг

-Энэ жил ургац арвин байна. Манай ногоо долоодугаар сарын 25-наас хойш болц нь гүйцсэн. Гэхдээ шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор хураалтын үеийн ажиллах хүчний зардал нэмэгдэж, бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байна. Манайх голчлон даршлагч томоохон компаниудад ногоо нийлүүлдэг. Харин жижиглэн худалдаанд нутгийнхаа иргэдэд аль болох хямд, бөөний үнээр хүргэхийг зорьдог. Хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, техникээ шинэчилсэн. Ерөнхийдөө ургалт сайн байгаа. Харин хамгийн чухал нь ургацыг эцсийн хэрэглэгчдэд хүргэх, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах хэрэгтэй. Нийлүүлэлтийн менежмент муу байгаагаас хүнсний ногооны өртөг нэмэгддэг. Өнгөрсөн жил төмс, хүнсний ногооны ургац муу байсан бол энэ жил ургалт сайн ч нийт хураан авах хэмжээ буурах төлөвтэй байна.
ЖДҮ, ногоочдын гол асуудал нь зөвхөн үйлдвэрлэлийн санхүүжилт бус, борлуулалт, хадгалалт байна
Төмс, хүнсний ногоо тариалагчдын хувьд хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, борлуулалт, хадгалалт хамгийн чухал асуудал хэвээр байна. Энэ онд Засгийн газраас салбарт 40 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, мөн хүлэмж, усалгаа, техник тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалтын зээл олгохоор болжээ. Харин тариаланчдын хувьд ургацаа үйлдвэрлэх санхүүжилтээс гадна ургацаа хадгалах зоорь, агуулах болон зах зээлд хүргэх нийлүүлэлтийн тогтолцоо дутагдалтай байгаа нь хүнсний ногооны үнийг өсгөх нэг хүчин зүйл болж байна. Ингэснээр ургац сайн ч хүнсний ногоо буурах төлөвтэй, борлуулалт ба хадгалалт гол сорилт хэвээр байна.
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Өсөн-Эрдэнэ: Нийт ургац сайн ч хүнсний ногоо буурах төлөвтэй

У-лсын хэмжээнд энэ онд 580.4 мянган га-д тариалалт хийж, урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авах төлөвтэй байна. Улаанбуудай, төмсний ургац өмнөх оноос өсөх боловч хүнсний ногооны ургац буурах төлөвтэй. Ургац хураалтад их, дээд сургуулийн оюутан, цэрэг, хууль сахиулах байгууллагын нийт 26 мянган хүн оролцож байна. Мөн ургацын үеийн шатахууны хангамжийг тогтворжуулах зорилгоор дизель түлшний нөөц бүрдүүлж, тариаланчдад нийлүүлж эхэлжээ. Мөндөрт 3.1 мянган га талбай өртөж, ургац алдсан байна.
Сэлэнгийн тариаланчдын төлөөлөл Ц.Нэмэхбаяр: Энэ жил ургац өмнөх оноос ахиу байна
-Энэ жил өмнөх оноос илүү ургац хураах төлөвтэй. Төрийн бодлогын дэмжлэг, ялангуяа хөнгөлөлттэй зээл үйлдвэрлэлд бодит түлхэц болсон. Сэлэнгийн тариаланчид нийт 42 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Энд ирсэн Төв аймгийн тариаланчид ярихдаа цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан энэ жилийн ургац хураалт өмнөх жилүүдээс 7–15 хоногоор хойшилсон. Тариалалтын үеийн хур тунадас, нойтон цас нөлөөлсөн бол зарим талбай мөндөрт өртсөн байна. Гэхдээ техник, хүн хүчийг нэмэгдүүлснээр ургацаа богино хугацаанд хураах боломжтой.
ЖДҮХС: Зээлийг салбарын хэрэгцээнд чиглүүлж байна
ЖДҮХС энэ онд орон нутагтай хамтран газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, төмс, хүнсний ногоо, хүлэмж, зоорь, агуулахын чиглэлд хөнгөлөлттэй зээл олгож байна. Тухайлбал, Хэнтийд 5.0 тэрбум, Дундговьд 2.5 тэрбум, Ховдод 1.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсөлд хуваарилжээ. Шинэ ургац зах зээлд нийлүүлэгдэж эхлэхэд төмс, хүнсний ногооны үнэ буурах хандлагатай. Гэвч шатахуун, тээвэр, ажиллах хүч, хадгалалт, зуучлалын зардал эцсийн үнэд нөлөөлсөөр байна. Тиймээс 2026 он ургацын хувьд бүхэлдээ муу жил биш ч ургацыг хугацаанд нь хураах, хадгалах, борлуулах тогтолцоо хамгийн том сорилт хэвээр байна. Тариаланчдад үйлдвэрлэлийн зээлээс гадна зоорь, агуулах, борлуулалтын тогтвортой суваг шаардлагатай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7922)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn