П.АМГАЛАНБАЯР

 “Зууны мэдээ” сонин  салбар салбарын  тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Lеаderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ.  Энэ удаа МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн ССАЗТ-ийн  багш, доктор Б.Энхмааг урьж, ярилцлаа.

 

ЭХИЙН ХЭВЛИЙД УРАГ БҮРЭЛДСЭН ЦАГААС ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЁСТОЙ

-Юуны түрүүнд хүүхэд хэлд орохгүй удаад байгаа,  хүсээд  байгаад зүйлээ хэлж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ гэдгийг сэтгэцфизиологийн үүднээс тайлбарлая. Эхийн хэвлийд ураг бий болсон цагаас эхлээд хүүхдийн хөгжил явагдаж эхэлдэг. Тухайлбал,  хүүхэд  эхийн хэвлийд бүрэлдээд дөрвөн сартайгаасаа бүхнийг мэдэрч, сонсож эхэлдэг гэсэн үг.  Харин долоон сартай ургийн  сонорын мэдрэхүйн эрхтэн тогтолцоо хөгжиж эхэлдэг бөгөөд хүрээлэн буй орчинд хэн юу яриад, ямар дуу чимээ гараад байна гэдгийг ойлгож, мэдэрдэг. Түүнээс хойш сонорын эрхтний хөгжил  улам сайжирдаг гэсэн үг.  Гэтэл бид энэ  онцлог хөгжлийг мэддэггүй. Хоёрдугаарт, хүүхэд төрсний дараа буюу ой зургаан сар, зарим нь хоёр настайгаасаа  үг  хэлж, ярьж эхэлдэг.  Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ дөнгөж  хэлд орж эхэлж байгаа учраас сайн ойлгохгүй хэмээн тэдэнтэй харилцан ярилцдаггүй, хажууд нь янз бүрийн зүйл ярьсаар л байдаг. Хүүхэд  эхийн хэвлийд долоон сартайгаасаа  л хэн юу яриад байгааг ойлгосон, таньсан байдаг нь судалгаагаар нотлогдсон асуудал. Тиймээс эхийн хэвлийд ураг бүрэлдэж  бий болсон  цагаас хүүхдийн хөгжлийг дэмжих ёстой. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байнга харилцан ярилцаж, бүх талын хөгжлийг дэмждэг байх хэрэгтэй. Сэтгэл судлаачид хүний хөгжлийг оюун ухаан, танин мэдэхүйн, бие махбодийн болон нийгэмшихүйн гэсэн гурван үзүүлэлтээр тодорхойлон тайлбарладаг.  Хүүхдэдээ хоолыг нь өгчихсөн юм чинь гээд орхиод  яваад байдаг.  Гэтэл  хоёр нас хүртэлх хугацаанд эцэг эхийн хайр халамж хүүхдэд маш чухал.  Хүүхдийг чимээгүй, томоотой байлгах эцэг эхчүүдийн үндсэн хэрэгсэл нь утас, зурагт болсон. Сэрүүн, хамт байгаа үедээ аль болох харилцан ярилцах хэрэгтэй. Мөн олон хэл дээрх дуу,  мэдээллийг сонсгож ялгахад  дасгахаас гадна харилцан ярилцаж түүний болон өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг бий болгосноор өөрийн гэсэн үзэл бодол төлөвшихөд нь чухал нөлөөтэй. Эдгээрийг анзааралгүй явснаар хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг. Үүнээс шалтгаалан цэцэрлэгт ороод  хүсээд байгаа зүйлээ илэрхийлж чадахгүй, ганцаардсан, өөрийгөө тойглосон хүүхдүүд бий болж байна. 
Хүүхэдтэйгээ ярилцахгүй, мэдээлэл солилцохгүй,  үг хэлэхгүй, ойлгохгүй байгаа юм чинь гэдгээр хараад хүүхдийг дуугүй болгох арга зурагт, утас үзүүлэх болчихоод байгаа.  Хүүхэд маань утас хэрэглэж чадаж байна, хурдан сурч байна гэдэг. 
Гэтэл үнэндээ өдөр бүр хүүхэд нь  гэр бүлийнхээ гишүүдийн юу хийж байгааг  харж, ойлгож байгаа учраас  дадал болж байна гэсэн үг. Мөн  эцэг эхчүүд хүүхдээ зурагт  буюу хүүхдийн контент гардаг суваг үзүүлээд орхичихдог. Гэтэл тухайн контент нь  харилцан яриа байдаггүй.  Үүн дээр нэг жишээ хэлье. Хүүхэд нь таван настай ч ярьж чадахгүй байгаа талаар нэг гэр бүл эмч, сэтгэл судлаачид хандсан.  Гэтэл аав ээж  нь дүүг нь төрүүлээд  таван настай хүүхдэдээ анхаарал хандуулахаа байсан.  Хүүхдэдээ  зурагт л үзүүлдэг болсон. Тэр нь  ямар ч харилцан яриа байхгүй  хүүхдийн контент гардаг суваг. Тэгээд тухайн хүүхдийг хөдөө явуулаад үе тэнгийнхэнтэй нь хамт байлгаад үзэхийг эмч  нар, сэтгэл судлаачид зөвлөсөн. Одоо үеийнхээ хүүхдүүдийн ачаар хэл сурч байгаа. Тиймээс хүүхдийн  оюун ухаан, хэл ярианы хөгжлийг эцэг эхчүүд өөрсдөө дэмждэг  гэдгийг  ойлгох хэрэгтэй.
Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт  зурагт үзэх, ном уншиж агуулгыг  нь ярилцах боломжийг бий болгох хэрэгтэй.  Хүүхэд ганцаараа зурагт  үзэх нь хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг. 

 

 

Блиц
Боловсрол:
2003 онд  ОХУ-ын Сурган хүмүүжүүлэх  ухааны Улсын Их сургуулийг сэтгэл судлаач, багш мэргэжлээр төгссөн.
2018 онд  ОХУ-ын Сурган хүмүүжүүлэх  ухааны Улсын Их сургуульд доктор хамгаалсан.
Ажилласан байдал:
Сэтгэц наркологийн төвд сэтгэл судлаач,  эрдэм шинжилгээний ажилтан.
МУБИС-ийн  Боловсрол судлалын  сургуулийн сэтгэл судлал арга зүйн тэнхимийн   багшаар ажиллаж байна.
“Космплексные исследования детства” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн.

 

ХҮҮХЭДТЭЙ АЛЬ БОЛОХ ХАРААНЫ ТҮВШИНД СУУЖ ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ

-Судлаачдын үзэж буйгаар  төрсний дараах  дөрвөн сар хүртэлх хугацаанд  хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүйн хөгжлийн суурь тавигддаг. Харин  хүүхдийн юмыг таньж мэдэх, үгээр илэрхийлэхийн  эхлэл  үе нь ой зургаан сар хүртэлх хугацаа. Тиймээс энэ суурийг маш сайн тавьж  өгөх ёстой. Бие  бялдар,  танин  мэдэхүй, нийгэмшихүйн хөгжил гээд олон талаас нь хүүхдээ ажигладаг, ярилцдаг,  дэмждэг байх ёстой. Материаллаг байдлыг нь хангаж байна, болсон гээд хүүхэдтэйгээ харилцан ярилцдаггүй сул тал байна.  Тухайлбал, хүүхдийн биед  чөлөөтэй, хөдөлгөөн хийхэд тохиромжтой хувцсыг сонгож өгч чаддаггүй.  Хүүхэд хорвоотой танилцан, хүрээлэн буй юмс үзэгдлийг мэдэж эхэлж байгаа учраас бүх зүйлийг барьж тэмтэрч, хазаж үздэг. Ингэхдээ унана, хувцсаа  халтартуулна. Гэтэл  аав, ээжүүд хувцас муухай болгочихлоо гэдэг. Ийнхүү эцэг эхчүүдийн шийтгэл, зэмлэл, хориг тавих үйл эхэлдэг. Гэтэл хүүхэд юмыг барьж,  хазаж үзэж байж хатуу, зөөлөн зүйл байна уу гэдгийг өөрийнхөөрөө ойлгодог, төсөөлдөг болно.  Үүнийгээ хэл яриагаараа илэрхийлж эхлэхдээ, тухайн үгээ буруу дууддаг. Энэ үед аав ээж, эмээ өвөө нь яг том хүнтэй ярилцаж байгаа юм шиг  ярилцах хэрэгтэй. Бидний гаргадаг алдаа бол хүүхдээ ойлгохгүй юм чинь гээд  өмнөөс нь хэлээ хазаж яриад хэл ярианы хөгжилд саад  учруулдаг. 
Мөн хүүхдийн таних үйлийнх нь онцлогтой холбоотой худлаа ярих үе бий.  Яагаад гэвэл  аав ээж дэмжихгүй байгаа учраас өөрийнхөө төсөөлснөөр, ойлгосноор аливааг тайлбарлаад эхэлдэг. Монголчууд энэ үеийн худлаа ярьдаг нас нь хэмээгээд тоолгүй өнгөрөөх талтай. Сэтгэл судлаачид хөгжлийн энэ үеийг хүүхдийн төсөөлөн бодох чадварын хөгжилтэй холбоотой тайлбарладаг тухайн хүний ертөнцийг үзэх үзлийн үндэс тавигдаж байна гэсэн үг.  Энэ үед л хүүхэд худлаа ярьж эхэлдэг. Тиймээс  хүүхдээ худлаа яриад байна  гэж хориглох биш бид хөгжлийн онцлогийг мэдэрч, анхаардаг  байх хэрэгтэй. Бага насны хүүхэд халуун юм татаж асгачих гээд, хутга иртэй байдгийг мэдэхгүй ирийг дээш харуулсан байдалтайгаар юм хэрчих гэж оролдох гээд л маш олон алдаатай үйлдлийг нь харчихаад дийлэнх эцэг эхчүүд болохгүй хэмээн загнаж зандардаг. Энэ нь хүүхдийн хийхийг хүссэн үйлийг хориглож байна гэсэн үг.  Угтаа бол хүүхдийн ертөнцийг таних хүсэл, хүүхдийн “Би” гэж нэг хүн байна  ш дээ гэдгээ илэрхийлж буй нийгэмшихүйн хөгжлийн илрэл учраас эцэг эхчүүд үүнийг ажиглаж аль болох алдаатай бурууг засан тайлбарлах, зөвөөр хийхэд дагуулан сургах хэрэгтэй. 
Үүний дараа  хүүхдүүд  ертөнцийг таньж мэдэх яагаад  гэдэг асуултын  эзэд болдог. Энэ үед эцэг эхчүүд яагаад гэж асуух бүрд нь төвөгшөөхгүй хариулт өгөх хэрэгтэй.   Хүүхдийн эцэг эхчүүдтэй ярилцах  хэрэгцээ нь хамгийн ихдээ таван минутад л өрнөдөг.    Таныг ажлаас орж ирэхэд өнөөдөр цэцэрлэг дээр юу болсон, найзуудтайгаа юу хийснээ ярихыг  л тэд хүсдэг. Хэлд ороогүй  хүүхэд ч аав ээжийгээ өөртэйгөө ярилцаасай хэмээн хүсдэг. Хүүхэдтэй аль болох тэдний харааны түвшинд сууж ярилцах нь чухал бөгөөд тэд  аав ээжийнхээ амны хайрцгийг уншаад ойлгодог. 
Хүүхэд ээжийнхээ үйлдэл бүрийг дуурайдаг. Тиймээс ингэхгүй бол, тэгэхгүй бол  хайрлахаа болино шүү гэж ерөөсөө хэлж болохгүй. Буруу, зөв  зүйл хийсэн ч би чамайг хайрлана. Хамгийн гол үнэнээ хэлэх ёстой гэдгийг хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй. Тухайлбал, аяга хагалчихлаа, утас унагачихлаа гэж бодоход чи өөрийгөө гэмтээгээгүй байгаа чинь сайн байна, надад чи энэ утас энэ аяганаас илүү үнэтэй гэдгийг мэдрүүлж, том хүн шиг ярилцах хэрэгтэй. Хүүхдэд аав нь үйлдлийг хийх, зорилгодоо тэмүүлэх сэдлийг төрүүлэхэд нөлөөлнө. Тиймээс эцэг эхчүүд хоорондоо харилцан ярилцаж,  үүргээ ялгаж салгах ёстой. 
Мөн хүүхдээ бусадтай харьцуулж ярьдаг асуудал  бий. Ялангуяа өсвөр насны хүүхдийг нэгэнтэй нь харьцуулж болохгүй. Тэд бие махбодод гарч буй өөрчлөлтөөсөө шалтгаалан өөрийгөө ойлгох гэж ядаж яваа хүүхдүүд, мөн хүмүүс юу гэж бодож байгаа бол гэж бодохоос гадна  насанд хүрсэн мэдрэмж төрж томчуудын хийж байгаа үйлдлийг дуурайдаг. Мөн тулгамдсан ойлгомжгүй байгаа  асуудлаа насанд хүрэгчдээс илүүтэй яг өөртэйгээ адилхан туршлагагүй үе тэнгийнхэнтэйгээ зөвлөлдөж,   алдаа гаргах магадлал бий. Догь харагдах гэж бие биенээ дуурайдаг. Зарим нь анхаарлын төвд байх гэж үзэж байгаа киноны дүрээр аашилдаг. Жишээлбэл,  арван настай нэг хүүхэд хулгай хийгээд эхэлсэн байгаа юм. Айлын ганц, дутагдах  зүйл байхгүй хүүхэд.  Аав, ээж нь сонсоод   их гайхаж, хүүхэдтэйгээ ярилцсан. Сэтгэл судлаачтай ажиллаж эхэлсэн. Тэгэхэд хүүхэд нь  далайн дээрэмчний тухай үзүүлдэг киноны баатар шиг харагдах гээд, мөн өөрийн гэсэн хүрээлэлтэй болох, анхаарлын төвд байхын тулд эрэлхэг гавьяа байгуулж бусдын юмыг олж өгөгчийн дүрд тоглосон байгаа юм л даа. Энэ нь өсвөр насныхны сэтгэл зүйн хөгжилтэй холбоотой. Миний хүүхэд жоохон байна,  би хүүхдийнхээ насан дээр ингэдэг л байсан гэдгээр бодоод өнгөрөх биш эгзэгтэй үеийн тааруулж байгаад ярилцах хэрэгтэй. Эцэг эх, асран хамгаалагчаас өөр хүүхдэд хэн ч тусалж чадахгүй шүү дээ. Утсаа маажихаа боль, түүнийгээ тэгэхээ боль  гэх мэтчилэн хориг тавьсан бол оронд нь юу хийлгэх гээд байгаа чинь тодорхой байх ёстой. Гэтэл эцэг эхчүүд ихэвчлэн тийм зүйлээ өөрөө ч бодоогүй, түүнийг тийм зүйл хийлгэхгүй байх нь л чухал байснаас алдааг гаргаж хүүхдийн өмнө ойлгомжгүй байдлыг бий болгодог гэсэн үг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ойлгомжтой хэлээр ярилцдаг, юу хийлгэхийг хүсээд байгаа чинь тодорхой байх хэрэгтэй.

 

ХҮҮХДИЙГ ТАВАН НАС ХҮРТЭЛ НЬ ТУХАЙН ХЭЛ ДЭЭРХ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ СОНСГОХ ХЭРЭГТЭЙ 

-Хүүхдэд тохирсон шүлэг, зүйр үг цээжлүүлээд зургийг тайлбарлан яриулах, цээжээр юмсын ширхгийг тоолуулах энгийн үйлдлийг хийлгэх нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг тэтгэхээс гадна хэл ярианы хөгжилд эерэгээр нөлөөтэй.  Багаасаа цээжлээд, өөрийнхөөрөө тайлбарлаад ярьж сурах нь цаашдын хөгжилд нь чухал нөлөөтэй. Яг яаж суралцах дадал төлөвшинө гэсэн үг. Мөн эх хэлний суурь сайн тавигдсан тохиолдолд  дараагийн гадаад хэлний бүтцийг сайн ойлгож, амархан сурах магадлалтай гэсэн  судалгааны үр дүнгүүд байдаг.
Судалгаанаас харахад, тав хүртэлх насанд гадаад хэл сурвал  унаган хэлээр  нь ярьж чаддаг болох боломжтой. Гэтэл манайхан  хүүхдийг  монгол, англи, орос ч  хэлгүй болгоод хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг ойлгомжгүй байдалд оруулчихдаг. Жишээлбэл, хүүхэд нь гурван ой хүрчихээд хэлд ороогүй гэр бүл байсан. Тухайн гэр бүлтэй ярилцахад аав ээж, хоёр нь англи,  өөр нэг азийн хэлээр ярьдаг.  Ингэхээр хүүхэд аль хэлээр ярих вэ гэсэн эргэлзээ үүснэ гэсэн үг.   Өөр нэг жишээ аваад үзье.  Японд амьдарч байгаа монгол гэр бүл байлаа гэхэд аав нь англиар, ээж нь монголоор, багш, найзууд  нь  япон хэлээр ярьдаг байлаа. Ийм тохиолдолд хүүхдэд хэлэхүйн эрхтэнд хамгийн их үүрэг гүйцэтгэж байгаа, амны хайрцгийг  уншдаг болгохын тулд аавтайгаа англиар, ээжтэйгээ монголоор, найзууд, багшийг хараад японоор ярих нь хамгийн зөв арга. Түүнээс биш  хүүхдийн тархи  танин мэдэх  үйлээ эрэмбэлэн үйлдлийн зохицуулалт хийж,   байшингаар бол  тоосгоо өрж эхэлж байхад нь олон талаас янз бүрийн мэдээлэл өгөхөөр хүүхдийн  тархи сааталд орж,   хөгжил нь удааширдаг гэсэн үг.  Хүүхдэд тухайн хэлийг сургахын тулд хольж ярихгүйгээр  дагнасан нэг хэлээрээ ярих ёстой. Хоёрдугаарт,  хүүхдийг таван нас хүртэл нь тухайн хэл дээрх мэдээ, мэдээллийг  яриулахаас илүүтэй  сонсгох хэрэгтэй. Хүүхэд тухайн хэл дээрх мэдээллийг  удаан хугацаанд сонсож байгаа учраас  тодорхой хэмжээнд тухайн үгийг илэрхийлж ярьж эхэлнэ.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 42 (7286)