Рагчаа Оюун

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Техникийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Орос, Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хэтийн төлөв” олон улсын форумыг зохион байгууллаа. Монгол, Орос хоёр орны сэтгүүл зүй, медиа урлаг судлалын онол, практикийн орчин үеийн асуудлууд, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, судлаачдын сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнтэй танилцаж, цаашдын сургалт, судалгааны чиглэлийг тодорхойлох, харилцан санал солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой форумд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Беларусь гэсэн есөн улсын сэтгүүл зүй, хэл шинжлэлийн салбарын 35 эрдэмтэн оролцжээ. Монгол Улсаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, СУИС, Радио, телевиз, медиа урлагийн сургуулиас 15 судлаач, багш оролцож, сэтгүүл зүйн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, сэтгүүл зүйн шинэ чиг хандлага, сэтгүүлчдийн ур чадвар, телевизийн хэл найруулга, медиа орчны хэл ярианы соёл, сэтгүүл зүйн сургалт, сэтгүүл зүй дэх хиймэл оюун ухааны хэрэглээний талаар олон сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Мөн энэ үеэр Эрхүү хотын Техникийн судалгааны хүрээлэн, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн ангийн оюутнуудад “Оюутан залуусын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглээ, харилцан хамаарал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, “XXI зууны телевиз, радио” сэдвийн хүрээнд мастер класс хичээл зохион байгуулсан нь сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулийн хувьд сургалт, судалгааны өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Эх сурвалж zms.mn