Д.ЖАРГАЛАН

 

Төв аймгийн Зүүний хүчний холбооны дарга Д.Хүрэлбаатартай ярилцлаа.

 

-Сайн байна уу. Ерөнхий аудиторын албан тушаалаа өгсөнөөс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулсан талаар яриагаа эхлэе.

-Сайн. Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн хугацаанд Монголын зүүний хүчний холбооны салбар болох Төв аймгийн зүүний хүчний холбооны даргын үүрэгт ажлыг  гүйцэтгэж байна. МУ Үндсэн хуульдаа “хүмүүнлэг, иргэний ардчилсан” нийгмийг цогцлооно гэж тунхагласан байдаг шүү дээ. Зүүний үзэл баримтлал нь хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлдэг, нийгмийн тэгш эрхийг хангахын төлөө байдаг. Хүний итгэлийг зүтгэлээр хариулах ёстой гэсэн миний нэг баримталдаг зарчим бий л дээ. Надад өгсөн итгэлийг алдахгүйн тулд хичээн ажиллаж байна даа.

- Төв аймгийн зүүний хүчний холбооны үйл ажиллагааны талаар товчхон  танилцуулаач.

-Манай Төв аймгийн ЗХХ нь төрийн бус байгууллагын статустай. Өнөөдрийн байдлаар 15 мянга гаруй гишүүд, дэмжигчидтэй болсон байна. Өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдсэн багш, эмч эмнэлгийн ажилчдын, оюутан, залуусын, бизнесийн, ахмадын гэсэн 6 клуб ажиллаж байна. Бид аймгийн төр захиргааны болон төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдэд улс төрийн боловсрол олгох,  тухайн хүний эзэмшсэн мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор мэргэжил, арга зүйн сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг. Мөн аймгийнхаа залуучуудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх ,эвлэлдэн нэгдэх боломжоор хангахыг урьтал болгон ажиллаж байна. Эрүүл, боловсролтой иргэн Монгол улсын хамгийн том баялаг. Тийм учраас бид хүнээ хөгжүүлэх ёстой. Зүүний үзэл баримтлал чинь хүн төвтэй бодлогыг баримталдаг.

- Таныг Архангай аймгийн угшилтай хүн гэдэг. Төв аймагтай яагаад холбогдчихов? Хүмүүс таныг Төв аймгийн Хүрэлбаатар гэлцдэг юм билээ?

-Би ЗХУ-д Уралын Политехникийн дээд сургуулийг барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж ирээд шууд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт томилогдож ажилласан. Миний ээж Төв аймгийн Бүрэн сумын уугуул хүн. Ингээд  ажил, амьдралын гараа минь Төв аймгаас эхэлж байсан.

Ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн шилжилтийн үед олон нам шинээр байгуулагдаж байх үед залуучууд өөрсдийн үзэл бодлоор сонголтоо хийж намд элсэж байх үед би МАН-ыг сонгож гишүүнээр элссэн. Монголын ардчилсан залуучуудын холбоог үүсгэн байгуулалцаад, Төв аймгийнхаа залуучуудын холбооны даргаар сонгогдон ажиллаж байсан түүхтэй. Тэрнээс хойш л ер нь Төв аймагтай холбогдсон холбоо минь улам бэхжиж, салшгүй болсон гэхэд болно.

- УИХ-ын ээлжит сонгууль хагас жил хүрэхгүй хугацааны дараа болно. Энэ удаагийн сонгуулийн үр дүн Монгол улсын ирээдүйд маш чухал гэж харж байгаа. Ард түмэн нам харж сонголтоо хийх ёстой юм уу? Хүнээ харах ёстой юм уу? Та юу гэж бодож байна вэ?

-Ирэх жилийн сонгуульд ямар нам, хэн гэдэг нэр дэвшигч яаж ялах нь чухал биш. Хамгийн гол нь Монгол улс, монголын ард түмэн ялах ёстой. Ингэхийн тулд  иргэн бүр тодорхой хэмжээнд улс төрийн идэвхитэй, боловсролтой байх хэрэгтэй. Манай улс шиг парламентийн тогтолцоотой улсад заавал төлөөллийн зарчим байх нь зөв. Гэтэл өнөөдөр яг үзэл бодлоороо нэгдсэн улстөрийн нам, бүлэглэл алга. Нам дотроо фракцалж, ашиг сонирхлын зөрчилтэй, нөгөө талын эсвэл жирийн шударга гишүүдийг намнадаг, шахдаг  болчихсон байгаа нь нүднээ ил харагдаж байна. Ер нь бол төрийн тогтолцоог бүрдүүлж байгаа хууль эрхзүйн актуудын алдаанаас болоод ийм болчихоод байгаа юм л даа.   Ард иргэд аль ч намд итгэхээ байсан, УИХ-ын гишүүдийг 76 хулгайч гэж хардаг болчихсон. Ийм байхад гишүүдийн тоог 126 болгож нэмлээ гээд  иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, хараат бусаар ажиллаж чадна гэдэгт эргэлзэж байгаа. Төрийн болон хяналтын тогтолцоог сууриар нь шинэчилж, шат шатанд нь бэхжүүлж байж л энэ завхарлаас гарч чадна.Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт хэрэгжих боломжтой болох юм. Одоо томсгосон тойргоор сонгууль болох болчихлоо шүү дээ. Улс төрийн хүчнүүд болон УИХ-ын гишүүд өөрсдөө төсөв хуваахдаа өөрсдийн тойрогтоо илүү хуваарилдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл болж байна. Өмнө нь сумаараа хоорондоо өрсөлддөг байсан бол, одоо аймаг нутгаараа тэмцэлдэж, өрсөлдөх аюул эрсдэл байна. Яг энэ хувилбар манайд таарах эсэхийг бодох л асуудал. Өнөөдөр УИХ-ын гишүүдийг хянадаг газар байна уу? Хянадаг, шалгадаг, хариуцлага хүлээлгэдэг болох ёстой. Тэгж байж зөв голидролдоо орно. Манай улс урт хугацаанд хэрэгжих шинэчлэлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай.

- Ер нь намчирхаж улстөржсөн байдал том хэмжээний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд саад болдог. Үүнийг шийдвэрлэх арга замыг та харж байна уу?

-Тийм ээ. Би санал нийлж байна. Өнөөдөр намууд  ард түмэнд таалагдаж санал авахын тулд бүгдээрээ социал үзлээр мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг болчихсон, ялгарах зүйлгүй. Сонгуулийн хуулийг төрийн эрх барьж байгаа нам нь өөртөө тааруулж хийгээд байж болохгүй. Томоор харвал Монгол улсын тогтолцоо гажаад л байгаа байхгүй юу. Ард түмэнгүй улс орон гэж байх уу? Байхгүй. Би түрүүн хэлсэн, үзэл бодол үнэт зүйлээрээ нэгдэж байж л бодлого ярина. Тэрнээс ашиг сонирхлоор нийлсэн улсууд яаж бодлого боловсруулж, хэрэгжүүлэх юм бэ? Бас нэг чухал зүйл байна. Төрийн болон орон нутгийн эрхийг барьж байгаа сонгуульт байгууллагуудыг мерит зарчимд оруулах нэн шаардлагатай. УИХ болон орон нутгийн бүх шатны, сонгуульд болон нийтийн албан ажиллаж буй албан хаагчдыг мерит зарчмаар дэвшүүлж ажиллуулах хэрэгтэй гэсэн бодолтой явдаг. Тэнд ажиллаж буй албан хаагчид мерит зарчмаар ажилласнаар төрийн зөв тогтолцоог зөв хүмүүс нь зохистой ажиллуулж, удирдаж чадна. Хүн байхгүй бол төр байхгүйг л сайн ойлгох хэрэгтэй байна шүү дээ.

-Та өөрөө МАН-ын гишүүн. Ирэх сонгуульд МАН ялалт байгууллаа гэхэд бид одоо байгаа хэцүү байдлаас гарч чадах уу? Өөрчлөгдөх болов уу?

-Ер нь хэцүү. МАН-ын дүрэм уг нь их сайн гарсан, гэхдээ дүрэм зохистой хэрэгжихгүй байгаа. МАН дотооддоо ямар ч ардчилалгүй болсон, удирдах зөвлөлд байгаа 30 орчим хүн л ашиг сонирхолдоо нийцүүлээд шийдвэр гаргаж байгаа. Ганц МАН гэлтгүй, бусад намууд ч ижил. АН-ын хувьд анархи болчихсон, дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байна. МАН, АН гэсэн намууд хоёр туйлруу туйлширсан байна. Төрийн эрх барьж байгаа гүйцэтгэх засаглал, шүүх засаглал, хууль тогтоох засаглал гэсэн 3 байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгох ёстой. Ард түмний хяналтыг дээрх 3 байгууллага дээр тавьдаг болох ёстой. Ингэж байж энэ гажуудлыг засч  чадна.

- Аудитын байгууллагыг удирдаж байх хугацаандаа хэд, хэдэн том асуудлууд дээр хяналт шалгалт хийж байсныг санаж байна. Сая Хөгжлийн банк, нүүрсний асуудлууд дээр хянан шалгалт хийгдлээ. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор санагдаж байна?

-Би Ерөнхий аудитораар ажиллаж байхдаа Төрийн аудитын байгууллагын бодлогын баримт бичгийг боловсруулж УИХ руу өргөн бариад, Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, хараат бус байдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн байгууллага болгохоор зорьж ажиллаж байсан. Аудитын байгууллага ард түмний өмнөөс хяналт тавиад мэдээллэдэг байх ёстой. Өнөөдөр сонсох ажиллагаа явж байна, гэхдээ хариуцлага тооцож чадахгүй л байна шүү дээ. Хяналтын шалгалтын тухай хуулиараа УИХ-д функц нь байж байгаа. Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олдоггүй гэдэг. Өнөөдөр УИХ-ыг хянадаг газар байнауу? Байхгүй. Тийм байгууллага байх ёстой. Шалгаж алдаа, оноог нь гаргаж байж хариуцлага тооцох ёстой. Үндсэн хуульд УИХ-ыг бүх нийтийн санал асуулгаар тараах заалт бий. Гэхдээ хэн тэр санал асуулгыг зохион байгуулах юм бэ? Тодорхой заасан зүйл байхгүй, тоглоом шиг л юм байгаад байна. Үндсэн хуульд заасан “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” гэж тодорхой заачихсан мөртлөө ард түмэн энэ эрхээ яаж эдлэх юм бэ?

- Тэгэхээр Үндсэн хууль хэрэгжихгүй байна гэсэн үг биздээ?

-Төрийн тогтолцоо алдаатай байгаа болохоор Үндсэн хуульд заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэсэн заалт хэрэгжихгүй байна. Мөн хуулийн 6.1-д заасан Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд байна гэсэн заалт хий хоосон цаасан дээрх бичиг болсон байна. Төр хяналтгүй тэр тусмаа УИХ, УИХ-ын  гишүүд нь хяналтгүй, хэмжээгүй эрх мэдэлтэй, хариуцлага хүлээдэггүй, намууд нь сонгуулийн мөчлөгөөр хөтөлбөр гаргаж өрсөлддөг байдалтай байна. Мөрийн хөтөлбөр нь биелээгүй ч дараа нь дахиж худлаа амалдаг, эсвэл сонгуулийн тухай хуулийг өөрсөддөө тааруулан өөрчилж сонгууль зохион байгуулдаг нь нууц биш болжээ. Энэ байдал Монгол улсын хөгжилд маш их саад болж байгаа юм. Саяхан болж өнгөрсөн нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банк, боловсролын зээлийн сантай холбоотой асуудлууд мөсөн уулын зөвхөн орой нь юм шүү дээ. Тогтолцоог өөрчлөхгүй бол Монголчууд бид эх орноо алдах аюул нүүрлээд байна.

- Таны хамаарал бүхий хүн ЖДҮ-ээс зээл авсан гээд албан тушаалаас тань чөлөөлж байсан. Энэ асуудлаар шалгуулна гэж мэдэгдэж байсныг санаж байна. Шалгалтын дүн гарсан уу?

Тус зээлийг авахад нөлөөлөөгүй, тухайн компанийг хууль зөрчөөгүй болохыг холбогдох байгууллага нь тогтоосон. Миний гэр бүлийн хүн оёдлын салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа эрхлээд явж байгаа. Тухайн үед эхнэрийн компани хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ЖДҮ-ийн тухай хууль, холбогдох  журмын дагуу хөөцөлдөөд ЖДҮ-ийн сангаас зээл авч байсан. Миний нэрийг холбоод асуудал үүсгэсэн. Тэр үед би өөрийн хүсэлтээр МУЕА-ын халдашгүй бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах хүсэлтийг УИХ-д гаргасан. Холбогдох газрууд нь шалгаад гэм буруу алга, таныг эргээд томилох, чөлөөлөх асуудал УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэсэн хариу өгсөн. Хуулийн байгууллага, АТГ-аас тухайн компанийг ч , намайг ч яллагдагчаар татаагүй. Ингээд УИХ луу эргээд ажилдаа оръё гэхэд шийдэхгүй байж байгаад дараагийн хүнийг томилсон. Тэр томилгоо бол хууль бус томилгоо болсон. Би энэ асуудлаар шүүхэд гомдол гаргаад 3 жилийн хугацаа өнгөрсөн байна, гэхдээ шийдэгдсэн зүйл алга. Яг энэ асуудал хуульчдад, судлаачдад маш сонирхолтой кэйс болж үлдэж байгаа.

-Та ирэх сонгуулиар нэр дэвших үү?

-Өнөөдрийг хүртэл би ажиллаж амьдрахдаа төрийн, бизнесийн болон төрийн бус болон хөдөө орон нутгийн, төрийн төв байгууллагуудад бүгдэд нь ажилласан байна. Улстөрийн бүх шатны ажлуудыг хариуцаж хийж байсан туршлагатай. Би албан тушаал, эрх мэдлийн төлөө яваагүй, явах ч үгүй. Ирээдүй хойч үедээ шударга бус нийгмийг үлдээмээргүй байна. Тусгаар тогтносон Монгол улсыг нь үр хойчдоо бүрэн бүтэн хүлээлгэж өгмөөр байна. Эрх мэдэлд дулдуйдаж, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргадаг, эх орноо зарж идэж буй хүмүүсийг дуугүй хараад сууна гэдэг өөрөө гэмт буруу. Тийм учраас би үүнийг засахын тулд ажиллана. Би өөрчлөхийн тулд, энэ гажуудлыг засахын тулд боломж байвалд УИХ-д нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа. Үндсэн хуулийг өөрчилж байж энэ тогтолцооны гажуудал засагдана. Үндсэн хууль баталсан ард түмний эрхийг УИХ авчихсан, тэнд байгаа хүмүүс илүү эрх эдлээд байна. Засгийн эрх ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуульд тодорхой заасан байгаа шүү дээ. Өнөөдөр нийгмийн сэтгэлзүй маш эмзэг хэцүү байна. Хэдхэн хүн баяжаад, төрийг барьчихаад явж байна. Ард түмэнгүйгээр төр гэж зүйл байхгүй. Улс орон байхгүй бол Монголчууд хэчнээн мөнгөтэй байгаад сайхан амьдарч чадах уу?

-Аудитын байгууллага улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрт аудит хийж дүгнэлт гаргадаг. Мөрийн хөтөлбөрөөс юуг голчлон харж, яаж сонголтоо хийх ёстой юм бэ?

-Хуульд зааснаар аудитын байгууллага нь тухайн мөрийн хөтөлбөр МУ-ын хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй нийцэж байгаа эсэх, хоёрдугаарт дэвшүүлсэн зүйл нь санхүү эдийн засгийн хувьд биелэх боломжтой эсэх мөн бусад хууль тогтоомжуудтай нийцэж байна уу гэсэн 3 зүйлээр аудит хийж дүгнэлт гаргадаг. Нэг жишээ хэлье, ерөнхийлөгчийн ээлжит нэг сонгуулийн үеэр “Дайснаа даръя” гэсэн уриатай мөрийн хөтөлбөр орж ирж байсан. Ийм зүйл байж болохгүй гээд буцааж байсан. Мөрийн хөтөлбөрт аудит хийх нь маш чухал ач холбогдолтой. Тухайн үед би мөрийн хөтөлбөрийн биелэлтээ жил, жилээр тайлан гаргаад ирүүл гээд бүх намууд руу явуулж байсан. Ингэж хэрэгжсэн байна гээд баталгаажуулаад ард түмэнд танилцуулна гээд би шахаж байсан юм. Гэхдээ нэг ч нам ирүүлээгүй, тэгж байтал би ажлаа өгчихсөн.

-Монгол улс хөгжих, ард иргэд сайхан амьдралтай болох боломж ер нь байна уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж  Монгол улсын төрийн тогтолцоог өөрчилж, монголын ард иргэд эх орныхоо, баялгийнхаа эзэн нь болж чадсан тэр цагт Монгол улс хөгжиж, ард иргэд сайхан аз жаргалтай бие болон сэтгэлийн амар амгалан амьдралтай болно. Бид монгол хүн болон баялгаа гадагшаа маш их алдаж байна. Хөдөлмөрийн насны маш олон залуучууд гадаад оронд ажиллах хүч болчихсон явж байна.  Хөгжилтэй орнууд цагаачлалыг дэмжээд манайх шиг хөгжил буурай орнуудаас ажиллах хүчээ авчихаж байна. Манайд ямар ч хамгаалалт, дархлаа гэж алга. Хамаг залуучуудаа гадагш нь гаргачихаад улс орон минь эзэнгүй болж байгаад маш их сэтгэл эмзэглэж явдаг. Би үүний эсрэг, түмэн олон минь эх орондоо бие болон сэтгэлийн амар амгаланг эдэлж, аз жаргалтай амьдрах боломжийг бий болгохын төлөө л ажиллана. Сайн сайхан нийгмийн цогцлоож, ирээдүй хойч үедээ үлдээх нь л миний зорилго болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 256 (7241)