П.АМГАЛАНБАЯР, ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг томоохон үйл ажиллагааны нэг бол оны шилдэг багш, оюутнуудыг шалгаруулах арга хэмжээ юм. Их, дээд сургуулийн оюутан залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, амжилт бүтээлийг алдаршуулах, зөв хандлага, итгэл үнэмшлээр  түүчээлсэн эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй залуучуудыг дэмжих  зорилгоор зохион байгуулдаг “Алма-Матер 2023”  оны шилдэг оюутан шалгаруулах ёслол, Монгол Улсын боловсролын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа багш, удирдагчдыг алдаршуулан шагнах “Алтангадас” арга хэмжээ өнөөдөр амжилттай болж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн “Алтангадас” шилдэг  багшаар Монгол Улсын зөвлөх багш,  “Шинэ Монгол” сургуулийн  нийгмийн ухааны багш А.Сандаг-Очир, “Глобал удирдагч” их сургуулийн захирал  Г.Солонго, “Ховд” их сургуулийн аман зохиол, утга зохиол, угсаатан судлалын багш, доктор, дэд профессор Г.Нямдаваа нар тодорлоо. Харин “Алма-Матер 2023” оны шилдэг оюутнаар МУБИС-ийн докторын ангийн оюутан Б.Уудам, МУБИС-ийн Бага ангийн багшийн IV курсийн оюутан А.Отгончулуун, “Хангай” дээд сургуулийн аялал жуулчлал, хөтөлбөрийн II ангийн оюутан М.Мөнххүлэг, ДХИС-ийн Эрх зүйн  III курсийн оюутан Х.Нямцэцэг, СЭЗИС-ийн IV курсийн оюутан Т.Номинчулуун, СУИС-ийн ардын дуу дуулаачийн IV курсийн оюутан Б.Давхарбаяр нар тодорлоо.

Уг арга хэмжээний талаар Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Санжмятав “Энэ арга хэмжээг 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Монгол Улсын ирээдүйг бүтээх олон залуусын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, нийгэмд суртчилан таниулахад арга хэмжээний гол зорилго оршдог. Тиймээс  энэ шагналыг гардаж байгаа залуучууд маань ирээдүйд илүү ихийг бүтээж, эх орныхоо хөгжилд илүү их хувь нэмрийг оруулсан, бусдыгаа манлайлсан залуучууд болж төлөвшинө гэдэгт итгэлтэй байна. Мөн “Алтангадас” үндэсний шилдэг багш шалгаруулах үйл ажиллагааг тав дахь жилдээ зохион байгуулж байна” гэлээ.

“Шинэ Монгол” сургуулийн нийгмийн ухааны багш А.Сандаг-Очир “Залуучуудынхаа зохион байгуулж буй үйл ажиллагаанд ахмад багшийн хувьд оролцож шагнал хүртсэндээ баяртай байна. Би боловсролын байгууллагад тасралтгүй 36 жил ажиллаж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-аас ажлын гараагаа эхэлсэн. Үүний дараа Эрдэнэт хотод ажиллаж,  сүүлийн 10-аад жил Улаанбаатар хотод ажиллаж байна. Багш, оюутнууддаа ирэх хичээлийн жилдээ амжилт  бүтээлээр дүүрэн байхыг хүсье” гэлээ. А.Сандаг-Очир багшийн олон зуун шавь нь  Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Энэ жил “Алтангадас” шагнал хүртсэн шилдэг удирдагчдын нэг нь залуу үеийн төлөөлөл “Глобал удирдагч” их сургуулийн захирал  Г.Солонго байв. Тэрбээр “Тав дахь жилдээ сургуулийнхаа  захирлаар ажиллаж байна. Манай сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүний нэг  нь дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж судлаач багш бэлтгэх үйл ажилллагааг өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулж байна. Энэ төсөлд 3800 гаруй багш хамрагдсан. Мөн хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд өнгөрсөн жилээс эхлээд 330 төслийг хэрэгжүүлсэн. Уг ажлын хүрээнд 10-аад аймаг, 70 суманд ажиллаж буй залуучуудаа дэмжиж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг манай сургуулиас хийсэн. Манай сургууль 4000 гаруй оюутан, 200 гаруй багш, ажилчинтай. Зургаан салбар сургуультай. Өнгөрсөн хугацаанд 5000 гаруй оюутан гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцсан” гэж байлаа.

Харин “Алма-Матер 2023” оны шилдэг оюутнаар шалгарсан ДХИС-ийн Эрх зүйн  III курсийн оюутан Х.Нямцэцэг “Энэ том шагнал хүртэж байгаад баяртай байна.   Өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байна. Хийхийг зорьж байгаа зүйлээ чадах хүртлээ туршаад хийгээд үзээрэй гэж найзууд, дүү нарт хэлмээр байна. Тууштай байх тусам амжилтад хүрэх алхам бага багаар тавигдаад явдаг юм шүү” гэсэн юм.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон эрдэм шинжилгээний илтгэлд амжилттай  оролцсон амжилтаараа энэ шагналын эзэн боллоо.

Энэ жилийн шилдэг оюутнуудын нэг нь МУБИС-ийн докторын ангийн оюутан Б.Уудам байв. Тэрбээр 2007-2011 онд Өвөрмонголын үндэстний их сургуулийн  “Дуу хөгжмийн дээд сургууль”-д бакалаврын зэрэг хамгаалсан. 2011 оноос өнөөдрийг хүртэл Тунляо хотын монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгт багшилж байна. Цэцэрлэгт багшаар ажиллах амар биш. Хөтөлбөрийн дагуу ажиллахаас гадна мэргэжлийнхээ хүрээнд урлаг, спортоор илүү ажиллахыг зорьдог гэж байсан юм. Б.Уудам 2023 онд Монголын судлаачдад зориулан “Диссертаци бичих арга зүй” номоо хэвлүүлэн гаргасан амжилтаараа энэ шагналыг хүртсэн байна.

Эх сурвалж www.zms.mn