Б.ЖАВХЛАН

 

Эдийн засагч Б.Даваадалайтай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

-Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.6 хувьд хүрч Монголбанкны зорилтот түвшин рүү нэлээд ойртсон. Та энэхүү бууралтын шалтгааныг хэрхэн харж байна. Цаашдын инфляцын төлөвийн талаар ямар хүлээлттэй байна вэ?

-Намар улирлын чанартай инфляц бага зэрэг буурдаг. Нөгөө талдаа мөнгөний бодлогын төлөвийг хатуу хэвээр үргэлжлүүлж байгаа нь үр дүнтэй байна гэж бодож байна.  Гэхдээ богино хугацааны бууралт байж болзошгүй. Гадаад нөхцөл байдал, төсвийн бодлоготой холбоотойгоор инфляцын дарамт эргээд нэмэгдэх эрсдэл байгааг тооцох хэрэгтэй. Ялангуяа гадаад талдаа газрын тосны үнийн өөрчлөлт, дотооддоо мах, гурил зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээс шалтгаалан инфляц өсөх эрсдэлтэй. Тиймээс хавар махны нөөцийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Үгүй бол инфляц эргээд хоёр оронтой тоонд хүрэхийг үгүйсгэхгүй. Мөн төсвийн хөрөнгө оруулалт, зарцуулалтыг мөнгөний бодлоготой зөв уялдуулах тал дээр анхаарахгүй бол макро эдийн засгийн бодлогын үнийн өсөлтөд дарамт учруулах эрсдэлтэй. Урьдчилсан байдлаар инфляц энэ онд нэг оронтой тоонд орох байх гэж харж байна. Ирэх оны хавар улирлын шинж чанартайгаар эргээд өсөх магадлалтай. Гадаад нөхцөл байдал эмзэг хэвээр байгаа энэ үед Монголбанк ихээхэн анхааралтай байж, инфляцыг зорилтот түвшнээс доогуур оруулахад анхаарах хэрэгтэй.

-Төвбанк инфляцын бууруулах түүнийгээ барих тал дээр анхаарах хэрэгтэй гэж байна. Энэ нь Төв банк цаашид мөнгөний бодлогын хатуу төлөвөө үргэлжлүүлэх ёстой гэсэн үг үү?

-Эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулан харвал бодлогын хүүг хэт чангаруулах шаардлагагүй. Гэхдээ маш хүлээцтэй, болгоомжтой хандах нь зөв байх. Нөгөө талдаа сүүлийн саруудад валютын орлого нэмэгдэж төгрөгийн ханш тогтворжиж байна. Энэ нь бага зэрэг сулруулах орон зай үүсгэж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гадаад болон дотоод орчинд хаврын улиралд хүнсний бүтээгдэхүүний үнэтэй холбоотой эрсдэл байгаа эсэхийг сайтар судлах ёстой.

-Хүнсний бүтээгдэхүүн, мах, гурил зэрэг цөөн хэдхэн бараа бүтээгдэхүүн инфляцад хүчтэй нөлөөлдөг хэвээр байна. Төв банкны зүгээс энэ чиглэлд Засгийн газарт тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар зөвлөмж өгдөг. Тэгвэл хамтын ажиллагаа хэрхэн явагдах ёстой вэ?

-Хөдөө аж ахуйн салбарт зөвхөн Засгийн газар бус Монголбанк, санхүүгийн салбар онцгой анхаарах ёстой. Тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих, салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулах хүрээнд хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлүүдийн үр дүнг сайжруулах хэрэгтэй. Цаашид мал аж ахуйн салбар, махны үнэ болон малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулах тал дээр Төв банк санаачилгатай ажиллах нь зүйтэй. Тиймээс тодорхой бодлогын өөрчлөлтүүд хийх нь зөв. Тухайлбал, заавал байлгах нөөц эсвэл бусад банкны шалгуур үзүүлэлтүүд дээр өөрчлөлт оруулах замаар хөдөө аж ахуйн салбарыг нэг шат ахиулахад Засгийн газартайгаа хамтран ажиллах боломжтой. Ингэснээр “Хүнсний хувьсгал” хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж, улмаар инфляцыг тогтворжуулахад ч үр дүнгээ өгөх болов уу. Энэ чиглэлд Монголбанк өөрийн боломжит бүх арга хэмжээг авах хэрэгтэй.

-Ирэх оны мөнгөний бодлогын хувьд хэд хэдэн онцлог зорилтууд дэвшүүлж байгаагийн нэг нь инфляцыг 6+-2 нэгж хувийн интервалд барих бодлогын зорилт руугаа эргээд шилжиж байна. Эдийн засагчид болон улстөрчдийн зүгээс ирэх онд инфляцыг бага түвшинд барихад ихээхэн сорилттой байх болно гэдгийг хэлж байгаа. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 

-Хамгийн гол нь ирэх он бол сонгуулийн жил. Энэ утгаараа төсвийн гаралтай зардлуудаар эдийн засагт мөнгө нийлүүлэгдэх эрсдэлтэй. Тиймээс энэ чиглэлд анхаарч тухай бүрд нь бодлогын тохируулгаа хийж явах нь зөв байх. Тодруулбал, инфляцын 6+-2 нэгж хувийн зорилтоо тогтмол бариад явах нь зөв. Олон нийтийн хүлээлтийг зөв удирдахын тулд тавьсан зорилтоо тогтвортой байлгаж, хадгалах хэрэгтэй. Инфляцыг энэ түвшинд хүргэж бууруулах нь боломжгүй зүйл ч биш. Нөгөө талаас байгаль орчны санхүүжилт, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр тодорхой зорилтууд мөнгөний бодлого дээр орсон байсан. Үүнийг их сайшааж байгаа. Цаашид хөрөнгө оруулалт, гадаад валютыг нэмэгдүүлэх, байгаль орчны санхүүжилтийг нэмэгдүүлэхэд Монголбанк идэвхтэй ажиллах ёстой гэж бодож байна.

-Энэ долоо хоногт Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, шийдвэрээ гаргах гэж байна. Таны хувьд бодлогын хүүгийн талаар ямар хүлээлттэй байна вэ?

-Дээр хэлсэнчлэн бодлогын хүү дээр бага зэрэг орон зай үүсэж байна. Валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтвортой байна. Мөн гадаад орчны эрсдэл, хүнсний бүтээгдэхүүний асуудалд онцгой анхаарч чадсан тохиолдолд бодлогын хүүг бага зэрэг сулруулах орон зайг үүсгэх боломжтой. Зөвхөн хүүг бууруулах бус хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр өөр бодлогын арга хэмжээ авах ч боломж байгаа болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 247 (7232)