Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа. Энэ удаагийн дугаартаа иогоор тасралтгүй долоон жил хичээллэж буй Г.Ганзоригийг онцолж байна.

 

Захирлаас иогчин болсон нь

 

Дэлхий дээр өдгөө 300 сая хүн иогоор хичээллэж байна. Анх зөвхөн эрэгтэйчүүд иогоор хичээллэдэг байсан бол одоо нийт хичээллэгсдийн 72 хувь нь эмэгтэйчүүд болжээ. Санскрит хэлээр нэгдэл гэх утгатай иог нь бясалгалд хөтөлж, эрүүлжүүлэх зорилготой. Тухайлбал, гурван сар иогоор хичээллэхэд стрессийн түвшин 50 хувь буурдаг гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл, өөрийн оршихуйн долоон төвшнөө нэгтгэх буюу бие, амьсгал, сэтгэл, оюун ухаан, ой санамж, эго, сүнсээ нэгтгэх үйл явц нь хүнд олон эерэг үр дүнг авчирч, өөрийгөө бүрэн танихад тусалдаг байна. Сүүлийн жилүүдэд манай улсад иогоор хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Гэвч зөвхөн эмэгтэйчүүд хичээллэдэг гэх хэвшмэл ойлголт нийгэмд бий болоод удаж байна. Тэгвэл манай нийтлэлийн зочин Г.Ганзориг эрчүүд иогоор хичээллэж болдог гэдгийг үлгэрлэж буй нэгэн билээ.

Г.Ганзориг 2016 оноос өнөөдрийг хүртэл иогоор тууштай хичээллэжээ. Тэрбээр "Сургуа монгол" компанид 16 жил ажиллажээ. Ингэхдээ цагийн ажилтнаас үйл ажиллагаа эрхэлсэн захирал болтлоо өсөн дэвжсэн байна. Гэвч суудлын буюу мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөж идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй болж, удаан бодсоны эцэст иогоор хичээллэхээр шийджээ. Энэ тухайгаа “Би дунд сургуулиа төгсөөд японы Фүкүока Китакюшү сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр суралцсан. Дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэж олон улсын харилцаа, дипломатч, япон хэлний орчуулагч мэргэжлийг эзэмшсэн. Оюутан байхдаа Суруга Монгол компанид цагийн ажилтнаар ажилд орж үйл ажиллагаа эрхэлсэн захирал болтлоо ажилласан. Олон цагаар суугаа ажил хийж, хөдөлгөөнгүй байсны улмаас нуруу, толгой өвдөх, хуян хөөрдөг болсон. Тиймээс эмчийн зөвлөгөөний дагуу иогоор хичээллэж эхэлсэн. Өнгөрсөн жилээс уулын спортод өөрийгөө сорих зорилгоор ажлаасаа гарсан. Харин одоо UB hiking уулын авиралтын клубын тэргүүнээр ажиллаж байна” гэсэн юм.

Эрчүүдийн хувьд идэвхтэй хөдөлгөөн хийх зорилгоор фитнес, сагсан бөмбөг, хөлбөмбөгөөр хичээллэх элбэг байдаг. Харин иог, спиннингээр зөвхөн эмэгтэйчүүд хичээллэдэг гэх хэвшмэл ойлголт нийгэмд үүсээд удаж буй. Үүнээс болж эрчүүд иогоор хичээллэдэггүй. Г.Ганзоригийг иогоор хичээллэж буйг сонсоод хүмүүс гайхдаг байжээ. Энэ тухайгаа “Иогоор хичээллэж байгаагаа ажлынхан болон найзууддаа хэлэхэд их гайхдаг байсан. Яагаад иог гэж. Эмэгтэй хүмүүс л хичээллэдэг шүү дээ гэх хүмүүс ч байсан. Гэвч  би иогоор хичээллэснээр олон эерэг өөрчлөлтийг олж авсан. Тодруулбал, өдөржин хөшсөн нуруу, чангарсан хүзүүгээ суллаж, бүх биеэ сунгахад маш сайхан санагддаг. Сэтгэл зүйн хувьд тогтвортой болж уурлаж, бухимдах багассан. Мөн чихрийн шижинтэй бол цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулдаг. Зүрхний шигдээс, харвалтын эрсдэлийг бууруулдаг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Эрчүүд нэг л удаа бусдын үгийг үл тоож иогоор хичээллэх шийдвэр гаргаж чадвал иогт дурлана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

 

Иог уулын спортод дурлуулжээ

Г.Ганзоригийг уулын спортын тамирчин болоход иогоор хичээллэсэн нь нөлөөлжээ. Учир нь иогийн дасгал хад болон мөсний авиралтад авирахад чухал ажээ. Энэ талаараа “Би 2017 оны арванхоёрдугаар сард UB hiking клубт нэгдэж байсан. Энэ клуб уулын спортыг залуучуудад таниулах зорилготой ашгийн бус байгууллага. Клубт нэгдсэнээр мөс болон хадны авиралт, уулын алхалтаар хичээллэхэд тусалдаг. Мөс болон хадны авиралтын үед булчингийн тэсвэр, уян хатан чанар шаарддаг. Харин иогоор хичээллэснээр булчингаа бэлдэж өгдөг. Энэ нь миний давуу тал болдог. Мөн ууланд алхах үедээ иог хийх нь таатай мэдрэмж төрүүлдэг” гэсэн юм.

Тэрбээр өнгөрсөн жил Памирийн нуруунд орших 7000 м-ээс дээш орших хоёр хайрханд авирчээ. Энэ үед авиралтаа баримтжуулсан киногоороо Итали улсад болсон La sportiva олон улсын баримтат киноны наадмын шилдэг бүтээлээр шалгарсан байна. Г.Ганзориг долоо хоногийн гурван өдөр иогоор хичээллэдэг. Үүнийгээ өглөө босоод шүдээ угаадаг шиг дадал болгож чаджээ. Энэ талаар “Би даваа, лхагва, баасан гарагт өглөө 06:30 минутын ангид явдаг. Нэг ч өдөр иогоо тасалж үзээгүй. Цаашид ч насан туршдаа хийнэ. Иог бол хоол хүнс шиг миний амьдралын нэг хэсэг” гэсэн юм. Мөн гэр бүлийнхэн болон найз нар нь түүнийг дагаж иогоор хичээллэх болжээ.

Харин түүний тухай Ариун иогийн багш  Т.Халиун “Г.Ганзориг бол миний анхны шавь нарын нэг. Түүнийг анх хичээллэж байх үед эрэгтэй хүмүүс иогоор огт хичээллэдэггүй байсан. Иогоор хичээллэж буй залууг хараад шоолох хэмжээний хэвшмэл ойлголт нийгэмд үүссэн байсан. Харин Г.Ганзориг үүнийг үл тоож өөрийнхөө төлөө тууштай хичээллэж байна. Анх иогоор хичээллэхээр ирэхдээ булчингийн чангарал ихтэй, хөшүүн биетэй хүн байсан. Харин одоо уян хэрнээ булчинлаг болсон. Мөн иогийн дасгал нь яг фитнесийн дасгал шиг булчинг хөгжүүлдэг” гэсэн юм.

Сонирхуулахад иогоор хичээллэснээр хүний эрүүл мэндэд олон эерэг өөрчлөлт авчирдаг байна. Иог нь дархлааны системийг сайжруулдаг учраас нойргүйдлээс сэргийлж, шөнөдөө бат бөх унтахад тусалдаг.Нурууны өвчтэй хүмүүс иогоор хичээллэвэл өвчингөө анагаана. Мөн иогийн дасгалын байрлалууд нь ихэвчлэн газрын татах хүчний эсрэг байдаг учир хийсний дараа цусны эргэлт сайжирч гүн амарсан мэт мэдрэмж төрүүлдэг байна. Үүний дараа эрч хүч нэмэгдэж, ажлын үр бүтээмжийг сайжруулдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Хамгийн гол нь, иог бол бие сэтгэл оюуны нэгтгэл тул бодол цэгцэрч, ухаан сэргэснээр өөрийгөө таньж ойлгох гүүр болдог ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)