АНУ-ын Лос Анжелес хотын Peacock театрт есдүгээр сарын 27-нд болсон 2026 оны MTV Video Music Awards (VMA)-ийн гол шагналуудын эзэд тодорлоо.

Энэ жилийн наадмын хамгийн олон шагналыг дуучин Мадонна хүртэж, нийт долоон “Moon Person” цомын эзэн болов. Тэрээр “Оны шилдэг уран бүтээлч”, “Шилдэг цомог” зэрэг шагналыг “Confessions II” бүтээлээрээ хүртсэн бол Сабрина Карпентертэй хамтран дуулсан “Bring Your Love” нь “Шилдэг хамтын бүтээл”-ээр шалгарчээ. Мөн “Confessions II – The Film” бүтээлээрээ “Шилдэг бүжгийн бүтээл”, “Шилдэг зураг авалт”, “Шилдэг найруулга” зэрэг шагналыг хүртсэн байна.

Мадонна 23 жилийн дараа VMA-ийн тайзнаа эргэн гарч, наадмын нээлтийг хийсэн юм. Түүний тоглолтод Сабрина Карпентер, Charli XCX болон бусад уран бүтээлч оролцжээ.

 

Тейлор Свифт оны шилдэг клипийн шагнал хүртэв

Тейлор Свифт “The Fate of Ophelia” дуугаараа “Оны шилдэг клип” шагналыг хүртэж, VMA-ийн гол шагналын эзэн болов. Тэрээр уг шагналаа талийгаач кантри хөгжмийн домог Долли Партонд зориулсан байна.

Мөн Свифт VMA-ийн шинээр бий болгосон “Artist Director Honors” хүндэтгэлийн анхны эзнээр тодорчээ. Энэхүү шагнал нь уран бүтээлчийн хөгжмийн клипийн найруулга, дүрслэлийн шийдэлд оруулсан хувь нэмрийг үнэлдэг байна. Свифт “Opalite” дуугаараа “Шилдэг найруулга” шагналыг мөн хүртжээ.

Свифт ёслолын үеэр шинэ “Patient Zero” дууныхаа клипийг анх удаа үзэгчдэд толилуулсан байна.

 

BTS гурван шагналын эзэн болов

Өмнөд Солонгосын BTS хамтлаг “SWIM” дуугаараа “Оны шилдэг дуу”, “Шилдэг K-pop” болон “Шилдэг хамтлаг” гэсэн гурван шагнал хүртжээ. Ингэснээр тус хамтлаг нэр дэвшсэн гурван төрөлдөө бүгдэд нь ялалт байгуулсан хамтлаг болж байна.

BTS-ийн “SWIM” нь тус хамтлагийн тав дахь студийн цомог болох “ARIRANG”-ийн гол дуу юм. Мөн  “Оны шилдэг дуу” төрөлд ялалт байгуулснаар BTS уг шагналыг хүртсэн анхны K-pop хамтлаг болж байгаа юм.

Энэ жилийн “Шилдэг шинэ уран бүтээлч”-ээр Сиенна Спиро, “Шилдэг латин бүтээл”-ээр Bad Bunny-ийн “NUEVAYoL” шалгарсан байна.

2026 оны VMA-г реппер Snoop Dogg хөтөлжээ. Мөн “Video Vanguard” хүндэтгэлийг Nirvana хамтлаг хүртсэн байна.

Эх сурвалж: zms.mn