“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ
Италийн Сэргэн мандалтын үеийг Европын урлагийн түүхэнд харанхуй шөнийн дараа мандсан нартай зүйрлэж болох мэт. Хүн, гоо сайхан, байгалийг шинээр харж эхэлсэн энэ цаг үед Леонардо да Винчи, Микеланжело, Рафаэл Санти зэрэг суутнууд төрөн гарч, урлагийн шинэ хэлийг бүтээжээ.
Тэгвэл “Чингис хаан” үндэсний музей Италийн Ром хотын “Боргезе” галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг өчигдөр олон нийтэд зориулан дэлгэлээ. Олон зууны турш урлаг судлаачид, урлаг сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн Италийн Сэргэн мандалтын үеийн нэрт зураач Рафаэл Сантигийн хөрөг зураг болон Барокко урлагийн алдарт төлөөлөгч Жан Лоренцо Бернинигийн “Нептун” хүрэл баримлыг монголчуудын хүртээл болгож буй нь энэ юм.
Рафаэл Сантигийн хөрөг зураг нь хүний дотоод мөн чанар, сэтгэл хөдлөл, хүч чадлыг зөвхөн харцаар хэрхэн илэрхийлж болдгийг уран чадварлаг харуулсан гайхамшигт бүтээл юм. Харин Жан Лоренцо Бернинигийн “Нептун” хүрэл баримал нь эртний Ромын домогт гардаг тэнгисийн бурхан Нептуны дүрийг илэрхийлдэг бөгөөд энэхүү бүтээлд Нептуны хүчирхэг бие бялдар, эрч хүчтэй хөдөлгөөн, догшин ширүүн төрхийг хүрлээр маш нарийн, уран сайхны өндөр түвшинд дүрслэн харуулсан хэмээн урлаг судлаачид үнэлдэг ажээ.
“Рафаэлийн бүтээлийг Ази тивд анх удаа дэлгэж буйгаараа түүхэн ач холбогдолтой”
Энэхүү үзэсгэлэнгийн онцлогийн талаар “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун “Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгчдийн хосгүй бүтээлийг Монгол Улсад анх удаа авчирч байна. Цаашлаад сэргэн мандалтын үеийн суут зураач Рафаэлийн бүтээл Ази тивд анх удаа дэлгэж буйгаараа түүхэн ач холбогдолтой. Эдгээр хосгүй үнэт бүтээлийг эх орондоо авчрахын тулд бид нэг жил орчим бэлтгэл ажил хангаж, олон талын нарийн зохицуулалт хийлээ. Ингэхдээ бүтээлийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, үзэсгэлэнгийн орчин нөхцөл зэрэг олон улсын музейн стандарт, шаардлагыг бүрэн хангахыг зорьсон” гэдгийг онцлов.
Түүнчлэн “Бид өнгөрсөн жил Занабазарын шилдэг бүтээлийг Боргезе галерейд дэлгэн үзүүлсэн. Энэ нь тухайн үед өрнө дахинд сонгодог уран баримлын урлаг хэрхэн хөгжиж байсныг дорно дахинд Өндөр гэгээн Занабазарын урлагийн бүтээл хэрхэн туурвиж байсантай харьцуулан харах боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёр өөр соёл иргэншилд урлагийн суут бүтээлүүд нэгэн цаг үед хэрхэн хөгжиж байсныг харуулснаараа чухал ач холбогдолтой байсан” гэдгийг тодотгов.
Италийн Ром хот дахь Боргезе галерей нь Италийн заавал үзэх ёстой музейн гуравдугаарт ордог байна. Энэхүү музейн барилга нь анх 1605-1621 оны хооронд Кардинал Боргезе Шипионе гэх хүний хувийн зориулалтаар баригдсан уран барилга юм. Уг музейд дэлхийд алдартай Бернини, Канова, Рафаэл болон Тициан зэрэг уран бүтээлчдийн бүтээлээс гадна Сэргэн мандалтын үеэс Барокко, Неоклассизмын үеийн бүтээлүүд байдаг. Барокко урлагийн үеийн уран баримлын нэрт төлөөлөгч Жиан Лоренцо Бернини нь Ромын V пап лам Паулын дүү болох Кардинал Шипионе Боргезегийн ивээл дор том хэмжээтэй уран баримлын бүтээлүүдээ анх урлан бүтээж эхэлж байсан түүхтэй ба эдгээр бүтээлүүд нь одоог хүртэл Боргезе галерейд хадгалагдан үлджээ.
Энэ удаагийн үзэсгэлэн нь зөвхөн хоёр уран бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулж буй үйл явдал биш юм. Харин Торгоны замын түүхэн уламжлалыг үргэлжлүүлж, улс орнуудын соёлын харилцааг өргөжүүлэх, Итали, Монголын ард түмнийг урлаг, соёлоор холбох, Өрнө, Дорнын соёл иргэншлийг харьцуулсан судалгааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.
Түүнчлэн “Чингис хаан” үндэсний музей нь “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” тусгай үзэсгэлэнгээ тун удахгүй Германд нээх гэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 185 (7927)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn