Д.БОЛОРМАА

МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч, академич С.Нарангэрэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргахаар болжээ. Энэ тухай ярилцсанаа хүргэе.
-Сүүлийн үед таныг чимээгүй болчихлоо гээд зарим хүн гайхаад байх шиг байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын гэх хэрэг юу болж байгаа бол. Өмгөөлөгчийн хувьд таны байр суурийг сонирхмоор байна?
-Авлигатай тэмцэх газар Н.Энхбаяр нарыг зохиомол таван хэрэгт холбогдуулсныг уншигчид сайн мэдэж байгаа. Эдгээр таван хэргийн гурав буюу 60 хувь нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан. Н.Энхбаяр дарга өмгөөлөгч надад “Та гурван хэрэг дээр бүр онцолж анхаараарай. “TV9”, БНСУ-аас МИАТ-ын нисэх онгоцоор хувийнхаа номыг зөөвөрлөсөн гэх, “Эрдэнэт” үйлдвэрийн ган бөмбөлөгтэй холбогдуулсан гурван хэрэгт онцгой анхаарал тавиарай. Бусад хэрэгт өөр өмгөөлөгчид ажиллаж байгаа” гэсэн. Одоо энэ гурван хэрэг хэрэгсэхгүй болсон. Ний нуугүй хэлэхэд, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс”-тай холбогдуулсан хилс хэргийн материалыг харьцангуй өнгөц судалсан. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргахын тулд дахин энэ хоёр хэргийг дахин нарийвчлан судалж, цаг хөдөлмөр нэлээд зарцууллаа. Энэ гомдлыг маш хариуцлагатай, үндэслэгээ сайтай, хэн ч маргахын аргагүй бичих ёстой.
-Яагаад?
-Одоо Н.Энхбаяр нарын хувьд үндэсний шүүхийн журмаар давж заалдах цорын ганц боломж үлдсэн. Энэ нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж улмаар, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх явдал юм.
-Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг хүлээж аваад шууд нийт шүүгчдийн хуралдааныг зарлах уу?
-Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг Ерөнхий шүүгч дангаараа шийдвэрлэнэ.
-Тэгвэл хэлэлцэх магадлал багатай юм биш үү?
-Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч аливаа хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэх, шүүхээс нэгэнт гаргасан алдааг засч залруулах мэргэжлийн өндөр хариуцлагыг шүүх эрх мэдлийн төдийгүй ард түмний өмнө хүлээсэн байдаг. Тэр тусмаа Монголын шүүхийн практикт нэн ач холбогдолтой, жишиг болохуйц тийм хэрэгт бүр онцгой анхаарал хандуулах ёстой. Ер нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч бол шударга үнэний шүүхийн дээд зиндааны санваартан юм шүү дээ.
-Та сая Монголын шүүхийн практикт нэн ач холбогдолтой, жишиг болохуйц хэрэг гэлээ. Н.Энхбаяр даргын хэрэгт ийм ямар асуудал байгаа вэ?
-Юуны өмнө Н.Энхбаяр даргыг Эрүүгийн хуульд заасны дагуу биш харин Улсын дээд шүүхийн буруу тайлбараар шийтгэсэн. Тийм учраас Улсын дээд шүүхийн нийт шүүгчид энэ тайлбарынхаа учрыг заавал олох ёстой. Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан “эд хөрөнгө итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэсэн нэр томъёог шүүхийн практикт хэрхэн зөв хэрэглэх вэ гэдэгт Улсын дээд шүүхийн нийт шүүгчид анхаарлаа хандуулах шаардлагатай. Гэм буруугүй олон хүнийг энэ хэрэгт хоморголон шийтгэсэн. Цаашдаа ийм хэлмэгдлийг давтсаар байх уу гэдэгт Улсын дээд шүүх ард түмэндээ нэхэл хатуутай хариу өгөх ёстой.
-Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч манай анхан ба давж заалдах түүнчлэн хяналтын шатны шүүх энэ хэргийг авч хэлэлцсэн. Одоо хэлэлцэх шаардлагагүй гэвэл яах вэ?
-Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өмгөөлөгчийн бичсэн гомдлын үндсэн агуулга нь 2012 оны 12 сарын 7-ны өдрийн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны 775 дугаар тогтоолын үндэслэл хууль зөрчсөн гэдгийг нарийвчлан нотлоход чиглэгдсэн. Энэ тогтоолын үндэслэгээ зөв эсэхэд үнэлэлт дүгнэлтийг зөвхөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас өгнө. Өөр хэн ч өгөхгүй. Тэр ч атугай, дээд шүүхийн Ерөнхий шүүгч ч гэсэн өгөхгүй.
-Ер нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар шүүхээс гаргасан алдаа хэр зэрэг засагддаг юм бол?
-Би сүүлийн жилүүдэд энэ талаар яаж байгааг хэлж чадахгүй. Миний бие 1988-1990 онд Улсын ерөнхий прокурорын газрын Шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байхдаа олон хилс хэрэгт Улсын ерөнхий прокурорын эсэргүүцэл бичиж Улсын дээд шүүхийн бүгд хурлаар хэлэлцүүлэн цагаатгуулж байсан. Улсын дээд шүүхийн шүүгч нэг бүр Монгол Улсын дээд хэмжээний бие даасан шүүгч гэдэгт би итгэж явдаг. –
-Н.Энхбаяр даргын эрүүл мэндийн байдал ямар байгаа бол. Та сүүлд хэдийд уулзсан бэ?
-Энэ сарын 9-нд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид бичсэн гомдлынхоо төслийг өгөхдөө уулзсан. Тэгэхэд Зайсан дахь хорих ангид байсан. Энэ сарын 15-нд төслөө авахаар очиход хуучин Ганц худагт хорьчихсон байна лээ. Өнөөдөр /өчигдөр/ гомдлынхоо нэг хувийг өгөхөөр очиход тэндээ байна. Өрөө нь маш хүйтэн, бие засах газар нь тухгүй их л хэцүү нөхцөл байдалд байна лээ.
-Эмнэлэгт шилжүүлэх юм болов уу?
-Мэргэжлийн эмч нарын хяналтад заавал байлгаж нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэх талаар комиссын дүгнэлт гарсан юм билээ. Тэгэхдээ хүнд ба онц хүнд гэмт хэрэгт хорих ял эдэлж байгаа хүнийг ердийн эмнэлэгт эмчлүүлэхийг хориглосон журам байдаг гээд эмнэлэгт шилжүүлээгүй.
-Ингэж болдог л юм байх даа?
-Болохгүй. Нэг талаар 1955 онд НҮБ-аас баталсан хоригдлын наад захын жишиг стандартад эмнэлгийн мэргэжлийн нарийн үйлчилгээ шаардлагатай нөхцөлд ердийн эмнэлэгт эмчлүүлэх эрхтэй гээд заачихсан байдаг. Нөгөө талаар Н.Энхбаяр дарга хилс, зохиомол хэрэгт ял эдэлж байгаа гэдгийг бодолцох ёстой.
-Тэгвэл тэр журмыг яах ёстой юм бэ?
-Дөнгөж саяхан Эрүүл мэндийн болон Хууль зүйн сайдууд журмын тэр заалтыг хүчингүй болгочихсон гэж дуулсан шүү.
Mонгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг танаа
-Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Н.Энхбаяр нарын хэргийг хэлэлцүүлэх тухай-
Академич С.Нарангэрэлийн гаргасан гомдлыг бүрэн эхээр хүргэж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн (УДШ) хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоол нь хууль зөрчсөн бөгөөд түүнчлэн Н.Энхбаяр нарыг хүнд гэмт хэрэгт хилсээр холбогдуулан мөрдөн шалгасан, шүүн тасласан, давж заалдах ба хяналтын шатаар хянан шийдвэрлэсэн үйл явц нь зөвхөн холбогдогч нарт төдийгүй Монгол Улсад шүүн таслах ажиллагааг хуульд заасны дагуу шударга, үнэн бодитой явуулах, шүүгчдийн хараат бус байдлыг хангаж, тэдний ёс зүйг чанд сахиулах, Эрүүгийн хууль (ЭХ), Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийг (ЭБШХ) зөв хэрэглэх, цаашид монголын шүүхийн практикт жишиг тогтоохуйц байдлыг үүсгэсэн учраас ЭБШХ-ийн 347 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр Танд өмгөөлөгчийн гомдол гаргаж байна.
Н.Энхбаярын үйлдэлд ЭХ-ийн 150, 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдүүн байхгүй байхад УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны (ХШЭХШХ) 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолоор Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашиглаж, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар (НӨҮГ) - “Өргөө” зочид буудал ба “Улаанбаатар таймс” сонины үйлдвэрийг Н.Болормаа, Ц.Батбаяр, Т.Билэгт, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар нартай бүлэглэн завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн зохиомол хилс хэрэгт ял шийтгэж, хуулийг ноцтой завхруулсан байна.
НЭГ. “ӨРГӨӨ” ЗОЧИД БУУДАЛТАЙ ХОЛБОГДУУЛСАН ХИЛС ХЭРГИЙН ТУХАЙД
УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд “Ялтан Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Н.Болормаа, Нийслэлийн өмч хувьчлалын газрын орлогч дарга Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг хууль бусаар татан буулгаж, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр нийслэлийн өмчийн 25 хувь, “Хар дун” ХХК-ийн 75 хувь оролцоотой “Дун Өргөө” ХХК байгуулах нэрийдлээр “Өргөө” НӨҮГ-ын 453.750.000 төгрөгийн эд хөрөнгийг, өөрийн хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн, улмаар уг компанийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ий охин болгон завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан...” гэсэн нь үндэслэлгүй, хууль бус болохыг дараахь байдлаар нэгбүрчлэн авч үзэхэд нотлогдож байна. Үүнд:
1. УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд “Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Н.Болормаа, Нийслэлийн өмч хувьчлалын газрын орлогч дарга Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг хууль бусаар татан буулгаж...” гэсэн худал, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
1.1 Н.Энхбаярын зүгээс Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудлыг татан буулгуулах ямар нэгэн үйлдэл хийсэн тухай нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд ашиглалтад орсноосоо хойш 60 гаруй жил болж, хуучирч муудсан барилга бүхий “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудал нь эдийн засгийн хувьд үр ашиггүй, ихээхэн хэмжээний алдагдалтай байсан учраас нийслэлийн удирдлага энэ байдлаас гаргахын тулд Нийслэлийн өмчийн харилцааны газраас (НӨХГ) ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу “Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль”, “Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн дагуу 2007 онд НИТХТ-ийн 188-р тогтоол, үүний дагуу НЗДарга 555 тоот захирамж гаргаж, ашиггүй ажиллаж байсан “Өргөө” зочид буудлын үйл ажиллагааг сайжруулахын тулд хувийн хэвшил-”Хар дун” компанийн хөрөнгийг татан оруулах замаар өөрчлөн байгуулж, “Дун өргөө” хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэж, ингэхдээ нийслэлийн өмчийн 468 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын 25 хувьд тооцож, харин “Хар дун” компаниар 75 хувь буюу 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулсан байна. Хуулийн дагуу явагдсан, харин ч нийслэлд ашигтай энэ үйл ажиллагаанд Н.Энхбаярын зүгээс хутгалдсан хөндлөнгийн оролцоо огт алга байна.
1.2 Хувийн хөрөнгө оруулалтыг татаж, “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах зорилгоор гаргасан НИТХТ-ийн 2007 оны 188-р тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008.03.18-ны өдрийн 71 дүгээр шийдвэр, УДШ-ийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2008.06.30-ны өдрийн 86 тоот тогтоолоор баталгаажсан байна. /хавтаст хэрэг, 45-р хавт. хууд. 139-143, 146-157. Гэтэл УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх нь УДШ-ийнхээ захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2008.06.30-ны өдрийн 86 тоот тогтоолын эсрэг шийдвэр гаргажээ.
1.3 Хувийн хөрөнгө оруулалтын үр дүнд ашигтай ажиллаж эхэлмэгц гагцхүү урьд нь “Өргөө” зочид буудлын захирал байсан Ж.Энхжаргалаар гомдол гаргуулан Н.Энхбаярыг мөрдөн шалгасан нь түүнийг гэм буруугүй болохыг харуулж байна.
1.4 Н.Болормаа, Ц.Батбаяр нарын хэрэг гэгчийг тусгаарласан нь Н.Энхбаяр гэм буруугүй болохыг нотлон харуулж байна.
2. “Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хууль”-д төсөл заавал сонгон шалгаруулна гэсэн заалт байхгүй учраас УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолоор Н.Энхбаяр нарыг “Өргөө” НӨҮГ-ыг төсөл сонгон шалгаруулалтгүйгээр авсан хэмээн буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.
3. Н.Энхбаяр нар нь УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд бичсэн шиг нийслэлд онц их хэмжээний хохирол учруулж завшаагүй. Үүнд:
3.1 Хавтаст хэрэгт цугларуулсан нотлох баримт дотор нийслэлийн өмч хөрөнгөд ямар нэгэн бодит хохирол учруулсан тухай баримт байхгүй.
3.2 “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлаас нэг ширхэг ч хадаас алга болоогүй, эдгээр үл хөдлөх хөрөнгө зарагдаж, үрэгдэж үгүй болоогүй, харин ч өмнөхөөсөө илүү сайжирсан шинжтэй болсон.
3.3 Нийслэлийн Засаг даргын тамгын газар (Нийслэлийн өмчийн харилцааны газар), “Хар дун” ХХК-ийн хамтарсан “Дун-өргөө” ХХК-ийн 2007.11.07-ны өдрийн гэрээ, дүрмийн 1 дүгээр зүйлд тус хамтарсан компанийг “Амралт, аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх зорилгоор зочид буудал, зоогийн газар бүхий амралт, аялал жуулчлалын төв байгуулан ажиллуулах” зорилгоор байгуулсныг тодорхойлжээ. Мөн гэрээ, дүрэмд “компани алдагдалтай ажиллаж байгаагийн улмаас цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон” бол төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийг татан буулгахаар заасан байна. /хавтаст хэрэг, 6-р хавт. хууд.27-36/. Эдгээрээс үзэхэд зөвхөн хамтарсан компани байгуулсан нь тодорхой болж байна.
3.4 НИТХТ 2007 оны 188-р тогтоол, НЗДарга 555 тоот захирамж гаргаснаар хувийн их хэмжээний хөрөнгө оруулалтыг татсаны үр дүнд “Өргөө” хэмээх өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан байгуулагдаж, ашигтай үйл ажиллагаа явуулж, ногдол ашгаа нийслэлд өгсөн байна.
3.5 Зөвхөн “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлын хөрөнгийн үнэлгээг “онц их хэмжээний хохирол” гэж шүүх үзсэн нь туйлын бүдүүлэг алдаа завхрал болжээ.
3.6 “завших” гэсэн нэр томъёог эрүүгийн эрх зүйн хувьд хэрхэн ойлгодгийг Хоёр. 6.2-т бичсэн болно.
4. УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Н.Энхбаяр нь хүү Э.Батшугарынхаа нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд “Өргөө” зочид буудлыг шилжүүлэх үйлдэл хийсэн гэж зориуд худал бичжээ. Энэ нь дараахь байдлаар нотлогдоно:
4.1 “Хар дун” компанийг үүсгэн байгуулагч, өмчлөгч, эзэмшигч нь Н.Энхбаярын хүү Э.Батшугар биш харин Б.Хуяг юм. Энэ нь “Хар дун” ХХК-ийг үүсгэн байгуулсан баримт бичиг, гэрчилгээ, компаний дүрэм зэргээр нотлогддог /хавтаст хэрэг., хавт. 9, хууд.167-173.
Харин Э.Батшугар мөрдөн байцаалтад “... Би АНУ-д сурч байхдаа Монголд Ремиф гэж компанийг 1 гишүүнтэйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулсан, дүрмийн сангаа санахгүй байна. Би энэ компани байгуулах саналаа тухайн үед аавын туслахаар ажиллаж байсан Тулгаа гэж хүнд хэлсэн юм, тэр хүн миний нэрээр энэ компанийг байгуулсан. Би 2007 онд “Хар дун” ХХК байгуулах шийдвэр гаргасан. “Хар дун” ХХК-ийг байгуулахад би Монголд байгаагүй. Үүсгэн байгуулах бичиг баримтыг Тулга бүрдүүлсэн. ... Өргөө зочид буудлын хувьчлалын талаар мэдэхгүй...” /хавтаст хэрэг, 45-р хавт, хууд. 181-182 / гэх мэдүүлэг өгсөн бөгөөд эл мэдүүлэгт “Би 2007 онд “Хар дун” ХХК байгуулах шийдвэр гаргасан. “Хар дун” ХХК-ийг байгуулахад би Монголд байгаагүй.” гэж андуурч хэлснийг нь далимдуулсан байдаг. Зөвхөн энэ мэдүүлэгт тулгуурлан “Хар дун” ХХК-ийг Э.Батшугарын компани хэмээн үзжээ. Гэтэл энэ нь дараахь байдлаар үгүйсгэгддэг:
4.1.1 “Хар дун” компани байгуулагдах үед буюу 2007 онд Э.Батшугар нь Монголд байгаагүй харин гадаадад сурч байжээ. Энэ нь хавтаст хэрэгт буй түүний гадаад паспортад тавигдсан хилээр нэвтэрсэн тэмдгээр нотлогддог.
4.1.2 “Ремиф” компани нь Э.Батшугарын байгуулсан компани юм. Энэ компани 2006.11.15-ны өдөр 1 сая төгрөгийн дүрмийн сантайгаар 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагджээ.
4.1.3 “Ремиф” компани нь “Хар дун” компанитай холбоогүй болох нь Улсын бүртгэлийн болон Улсын татварын газарт байгаа баримтаар батлагддаг /хавтаст хэрэг., хавт. 18, хууд.43-51, 90-108/.
4.1.4 “Хар дун” компанитай холбогдох бичиг баримтад байгаа гарын үсэг нь Э.Батшугарынх биш гэж гарсан криминалистикийн шинжилгээний дүгнэлт хавтаст хэрэгт байгаа.
5. УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Н.Энхбаяр нь “Өргөө” зочид буудлыг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ий охин болгон завшсан гэсэн худал дүгнэлт хийжээ. Энэ нь дараахь байдлаар нотлогдоно:
5.1“Хар дун” ХХК нь Э.Батшугарын компани биш харин Б.Хуягийн компани.
5.2 “Эскон” компанийг Н.Энхбаяр 2009 онд Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа хуулийн дагуу өөрийн туслахаар ажиллаж байсан Б.Тулгатай хамтран 2009.07.08-ны өдөр үүсгэн байгуулсан /хавтаст хэрэг., хавт. 39 хууд.44/. Б.Тулга нь АНУ-д суралцахаар явсан тул Н.Энхбаяр түүнтэй тохиролцсны дагуу Б.Тулгын гадаад сургалтын зардлыг төлөхөд нь тусалж, “Эскон” компанийг 100 хувь өөрийн нэр дээр шилжүүлэн авчээ. /хавтаст хэрэг., хавт. 9, хууд.ЗЗ/ “Эскон” компанийн шугамаар томоохон төслүүд хэрэгжүүлэхээр бодож, гэр бүлийн гишүүдтэйгээ зөвлөлдөж, тэдний компаниудыг “Эскон” компанитай нийлүүлэн төвлөрүүлж, их хэмжээний зээл авахаар төлөвлөжээ. Гэр бүлийн гишүүд нь саналыг нь дэмжиж, өөрсдийн компаниудыг “Эскон” компанид үнэ төлбөргүй төвлөрүүлсэн байна. Энэхүү ажлыг Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь хуулийн зөвлөх нь байсан Ш.Раднаасэд голлон хариуцаж гүйцэтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тодорхой байна.

Н.Энхбаярын хүү Э.Батшугар, дүү Н.Энхтуяа нар нь удаан хугацаагаар гадаадад ажиллаж, сурч, амьдарч байсан тул өөрсдийн мэдлийн “Ремиф” компани, “Медиа холдинг” компанийг хариуцан ажиллуулах итгэлтэй хүн хайж, Н.Энхбаярын туслах Б.Тулгад хандахад Б.Тулга өөрийн ах Б.Хуягийг санал болгосон. Б.Хуяг нь олон жил хувийн хэвшилд ажиллаж, зохих туршлага хуримтлуулсан хүн тул Б.Хуягаар Э.Батшугар “Ремиф” компанийг, Н.Энхтуяа “Медиа холдинг” компанийг тус тус хариуцан үйл ажиллагааг нь зохицуулан ажиллуулахаар тохиржээ. Энэ дагуу Б.Хуяг “Ремиф” компани, “Медиа холдинг” компанийг тус тус хариуцан ажиллуулахын зэрэгцээ мөн өөрийн компанийг ажиллуулах, шинээр компани байгуулах зэрэг ажлыг давхар хийж байжээ. Тухайлбал өөрөө “Хар дун” компани байгуулж, “Өргөө” зочид буудлыг өөрчлөн шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр хөөцөлдөж, УБ хоттой тохирсон гэрээний дагуу 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулах зэргээр ажиллаж байсан байна.
5.3 Н.Энхбаяр бизнесийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийхөө дагуу хуульд нийцүүлэн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт (АМХЭГ) лицензийн өргөдөл өгсөн. Гэтэл АМХЭГ-ын дарга Батхуяг хуулийн дагуу түүний хүсэлтэд хариу өгөөгүй аж. Тийнхүү хууль зөрчиж байгаагаа өөрөө хүлээн зөвшөөрч, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр Н.Энхбаярт лиценз өгөх, бизнес хийхэд нь дэмжлэг үзүүлэхийг хориглосон гэж Н.Энхбаяртай уулзахдаа өөрөө тайлбарласан байдаг. Н.Энхбаяр шүүхэд хандаж, шүүх гомдлыг нь хүлээн аваад Н.Энхбаярт хуульд нийцүүлэн гаргасан хүсэлтийнх нь дагуу лиценз олгохыг АМХЭГ-т даалгасан байдаг. Гэвч АМХЭГ дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу шүүхийн шийдвэрийг эс биелүүлж, Н.Энхбаярын хүсэлтэд хариу өгсөнгүй.
Бизнес хийх боломж олгохгүй болсон, улс төрийн зорилгоор хавчиж байгааг ухаарсан Н.Энхбаяр бизнес хийж, томоохон төсөл хэрэгжүүлэх санаанаасаа татгалзаж, гэр бүлийн гишүүдтэйгээ зөвлөсний дагуу 2010.02.27-ны өдөр өөрийн эзэмшлийн бүх хувьцаагаа Н.Энхтуяад шилжүүлж /хавтаст хэрэг., хавт.9, хууд.18, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ. Эдгээрт гэмт хэргийн шинжтэй ямар ч үйлдэл байхгүй.
5.4 “Эскон” компани руу “Медиа холдинг”, “Ремиф” компанийг шилжүүлснээр нийслэлийн өмч хөрөнгийг давхар шилжүүлсэн гэх бодит нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. “Медиа холдинг” нь Н.Энхтуяагийн компани, “Ремиф” нь Э.Батшугарын компани. Эдгээр компани ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, тэдгээрийн нэр дээр нийслэлийн өмч хөрөнгө бүртгэгдээгүй, тийм шийдвэр гараагүй.
ХОЁР. “УБ ТАЙМС” СОНИНЫ ХУВЬЧЛАЛТАЙ ХОЛБОГДУУЛСАН ХИЛС ХЭРГИЙН ТУХАЙД
УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмч хувьчлалын комиссийн даргаар ажиллаж байсан Т.Билэгт, иргэн Д.Чулуунбаатар нартай бүлэглэн УБ таймс менежментийн багийг Нийслэлийн өмчийн газартай 2004 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээнд”-нд заасан бизнес төлөвлөгөө бүрэн хэрэгжээгүй, аудит хийгдээгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байхад 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссийн 75 дугаар тогтоол гаргуулж, 2.125.000.000 төгрөгийн үнэ бүхий “Улаанбаатар таймс” сонин Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” ХХК, Д.Чулуунбаатар нарын нэрээр хууль бусаар хувьчлан авч улмаар уг компанийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ий охин компани болгон шилжүүлэн, завшиж “онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн нь үндэслэлгүй болохыг дараахь байдлаар нэгбүрчлэн авч үзэхэд нотлогдож байна. Үүнд:
1 УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, НЗД, Нийслэлийн өмч хувьчлалын комиссийн (НӨХК) даргаар ажиллаж байсан Т.Билэгттэй бүлэглэн 2008.09.08-ны өдөр НӨХК-ийн 75 дугаар тогтоол гаргуулсан гэж бичсэн нь үндэслэлгүй болох нь дараахь байдлаар нотлогдож байна:
1.1 НЗД, НӨХК-ийн дарга Т.Билэгт нь дараахь бодит нөхцөл байдлыг харгалзан хуулийн дагуу 2008.09.08-ны өдрийн НӨХК-ийн 75 дугаар тогтоолыг гаргажээ: 1) “УБ таймс” сониныг нийслэлийн харъяалалд буцаан авах нь төр, засгийн байгууллага хэвлэл, мэдээллийн байгууллагатай байхыг хориглочихсон хуультай нөхцөл байдал; 2) “УБ таймс” сонины бүх өр төлбөрийг нийслэл өөрөө хариуцаж шийдвэрлэх мөнгө хөрөнгө төсөвт нь тусгагдаагүй; 3) “УБ таймс” сонины нураасан байшин барилгыг сэргээн засварлах асуудлыг нийслэл хариуцахад хүрвэл хэн нураасан, хэдэн төгрөгөөр засварын гэх ажил хийгдсэн, мөн хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулвал байшин барилгыг сэргээх засварын ажил үр дүнтэй болох эсэхийг тооцох асуудал өөрийн эрхгүй тавигдаж, ийм хэмжээний хөрөнгө нийслэлийн төсөвт суугаагүй; 4) Нийслэлд “УБ таймс” сонины урсгал болон цалин, байрны түрээс гэх зэрэг өдөр тутмын зардлыг нь хариуцах эдийн засгийн чадавхи байсангүй; 5) байшин барилгыг нь нурааж, газрыг нь дуудлага худалдаанд оруулахад хүрвэл хэвлэл, мэдээллийн байгууллага хувьчлах үндсэн зарчимтай зөрчилдөх байжээ. Өмнө дурдсанаас үзэхэд “УБ таймс” сониныг нийслэл өөрийн мэдэлд эгүүлэн авах бус харин хувьчилсан нь хамгийн зөв шийдвэр байжээ. Энэ учраас эхлээд менежментийн багт нь санал тавих, хэрэв менежментийн баг саналыг хүлээж авахгүй бол өөр этгээдэд санал тавихаас өөр аргагүйд хүрч, НӨХК-ийн 75 дугаар тогтоолыг дагаж мөрдөж буй хууль тогтоомжид нийцүүлэн гаргажээ. Түүндээ Л.Сэргэлэн, Ж.Саруулбуян нарын хариуцлагагүй үйл ажиллагаа, “УБ таймс” сонинтой холбогдсон мөнгө хөрөнгийн хүнд хэцүү бүх асуудлыг сонинд, тодруулвал менежментийн багт хариуцуулах шийдвэр гаргажээ.
Өмнө дурдсанаас дүгнэлт хийхэд НЗД ба НӨХК-ийн дарга Т.Билэгтийн гаргасан НӨХК-ийн 75 дугаар тогтоолд гэмт хэргийн шинжтэй үйлдэл алга байна.
1.2 Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Н.Энхбаяр “УБ таймс” сонин НӨҮГ-ын хувьчлалтай холбоотой асуудлаар НӨХК-ийн дарга Т.Билэгтэд хууль бусаар нөлөөлсөн тухай нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Энэ нь УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, НЗД, НӨХК-ийн даргаар ажиллаж байсан Т.Билэгттэй бүлэглэн НӨХК-ийн 75 дугаар тогтоол гаргуулсан гэж бичсэн нь худал болох нь хэн ч маргахын аргагүй нотлогдож байна.
1.3 Н.Билэгтийн хэрэг гэгчийг тусгаарласан нь түүнийг гэм буруугүй болохыг давхар нотлон харуулж байна.
2.УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Д.Чулуунбаатартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь дараахь байдлаар нотлогдохгүй байна:
2.1 Хавтаст хэрэгт цугларуулсан нотлох баримтын дотор Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Д.Чулуунбаатарт “УБ таймс” сонины үйл ажиллагааны талаар ямар нэгэн чиглэл, зааварчилга өгсөн гэж нотолж буй баримт огт байхгүй байна. Хэрэв Д.Чулуунбаатар нь Н.Энхбаяртай бүлэглэсэн бол наад зах нь “УБ таймс” сонины өр төлбөрийг менежментийн багт хариуцуулахгүйгээр эсрэгээр түүнээс чөлөөлүүлэх эсхүл өмч хувьчлалын төлбөрийг багасгуулах шийдвэр гаргуулах байсан. Ийм асуудал болоогүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдсан.
2.2 Н.Энхбаярын зүгээс Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “УБ таймс” сонины менежментийн багт Д.Чулуунбаатарыг зориуд оруулаагүй, менежментийн багийн ахлагч болгуулаагүй болох нь гэрч Н.Ариунтуяагийн “Саруулбуян бол тухайн үед сонины эрхлэгчийн ажлаа өгчихсөн багийн ахпагч байсан. Чулуунбаатар надтай уулзаад сониныг сонирхож ажил байдал явцын талаар асууж байсан, Мөн ерөнхий эрхлэгчээр ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж байсан, би ч ерөнхий эрхлэгчийн ажлаа өгөх хүсэлтэй байгаагаа хэлж байсан, ингээд би Саруулбуян даргатай яриад энэ хурлыг зарлаж хуралдуулаад энэ хуралд Чулуунбаатарыг би урьж оролцуулсан юмаа. Намайг ерөнхий эрхлэгчийн ажлыг Чулуунбаатарт өгөхөд Саруулбуян дарга би энэ сонинд ажиллахгүй байгаа юм чинь багийн ахлагчийн ажлаа өгмөөр байна гээд ажлаа өгсөн юмаа. Чулуунбаатарыг ерөнхий эрхлэгчээр ажиллуулья гэсэн саналыг би гаргасан, багийн гишүүн, ахлагчаар ажиллуулах саналыг Саруулбуян дарга гаргасан болно” /хавтаст хэрэг, 45-р хав., хууд.43-50/ гэсэн мэдүүлгээр батлагдаж байна.
2.3 “УБ таймс” сонины хэвийн үйл ажиллагаа бүрэн алдагдсан үед тус сониныхон сониныхоо дугаарыг тасалдуулахгүй гаргах бүхий л аргыг эрэн хайж, менежментийн багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, удирдлагыг нь солих талаар зарим арга хэмжээ авч, менежментийн багийн гишүүд сэтгүүлч, зохиолч Д.Чулуунбаатарыг сониныхоо эрхлэгчээр томилон ажиллуулах санаачилга гаргаж, энэ тухай хоёр талаасаа ярьж тохирч, хурлаа хийж, шийдвэр гаргажээ. Ийнхүү сэтгүүлч Д.Чулуунбаатар “УБ таймс” сонины ерөнхий эрхлэгчээр томилогдож, менежментийн багт гишүүнээр орж, менежментийн багийн ахлагч болжээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Ж.Саруулбуян (хавтаст хэрэг, 46-р хав., хууд.191-220), Н.Ариунтуяа (хавтаст хэрэг, 45-р хав., хууд.43-50), Ш.Ундармаа (хавтаст хэрэг, 45-р хав., хууд.35-42) нарын мэдүүлгээр нотлогддог. Хүнд хэцүү байдалд орсон “УБ таймс” сонины менежментийн багийнханд хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан, дадлага туршлагатай хүнийг багтаа оруулж, багаа толгойлуулж, хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээс өөр арга зам байсангүй. Сэтгүүлч Д.Чулуунбаатар нь “УБ таймс” сонины хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд идэвхтэй ажиллажээ:
2.3.1 Сэтгүүлч Д.Чулуунбаатар эхлээд нийслэлийн удирдлагад сонины хүнд хэцүү байдлыг танилцуулж, сонины хувьчлалын асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхийг хүсчээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нийслэлийн удирдлага Т.Билэгт (хавтас хэрэг, хавт.45, хууд. 91-93), Г.Маналжав (хавтаст хэрэг, хавт.45, хууд. 75-77) нарын мэдүүлгээр нотлогддог.
2.3.2 Д.Чулуунбаатар “УБ таймс” сонин хувьчлагдсны дараа хувьчлалын төлбөр төлөх, өмнө нь хуримтлагдсан их хэмжээний өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө оруулалт хийх санхүүгийн эх үүсвэрийг эрж хайх ажилд зүтгэл гаргажээ.
Олон компани, хүмүүст цөхрөлтгүй ханджээ. Ахмад сэтгүүлч Бямбажалаар дамжуулан Б.Хуягтай уулзжээ. Б.Хуяг энэ үед “Медиа холдинг” компанийг хариуцаж байсан. Б.Тулга яагаад энэ компанийг хариуцах болсныг өмнө дурдсан Нэг.5.2-д бичсэн болно. Захирал Н.Энхтуяа өөрөө “Медиа холдинг” компаниас ногдол ашиг авдаггүй, дотоод ажилд нь оролцдоггүй, харин Б.Хуяг, Ц.Энхбат нарт хуулийн дагуу ажиллаж, компанийн үйл ажиллагааг идэвхтэй явуулах талаар хэлж захидаг байжээ. Б.Хуяг хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг “Медиа холдинг” компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд хэвлэл, мэдээллийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж бололцоог эрэлхийлэх болсон.
Д.Чулуунбаатартай танилцахад “УБ таймс” сонины хувьчлалын тухай ярьж, зээл олгохыг хүссэн байна. Ингээд Д.Чулуунбаатар, Б.Хуяг нар хоорондоо ярилцсаны дагуу Д.Чулуунбаатар “Медиа холдинг” компаниас 370 орчим сая төгрөгийн зээл авч, “УБ таймс” сонины хувьчлалын төлбөрийг төлсөн байна. “Медиа холдинг” компаниас Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг нийтдээ 900 орчим сая төгрөгийн зээл авч, хөрөнгө оруулалт хийлгэж, үр дүнд нь гэрээний дагуу “УБ таймс” сонины 49 хувийн хувьцаа эзэмшихээр тохиролцсон байна. Д.Чулуунбаатар нь энэ тухайгаа “УБ таймс” сонины менежментийн багийн хуралд танилцуулж байжээ. Энэ нь санхүүгийн хувьд хүнд хэцүү байдалд орсон Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт нийслэлээс 370 орчим сая төгрөгөөр хувьчилж авсан объектынхоо 49 хувийг 900 орчим сая төгрөгөөр л эзэмшүүлэхээр өгнө гэдэг аль ч талаас нь аваад үзвэл тэдэнд ашигтай гэрээ хэлцэл болжээ. Ингээд хууль, журмын дагуу хийгдсэн хувьчлал, дараа нь менежментийн багийн хийж хэрэгжүүлсэн гэрээ хэлцлийн үр дүнд “УБ таймс” сонин нь өр төлбөрөөсөө салж, сонины үйл ажиллагаа хэвийн болж эхэлсэн байна.
3.УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Н.Энхбаяр нарыг Улаанбаатар таймс менежментийн багийг Нийслэлийн өмчийн газартай 2004 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-нд заасан бизнес төлөвлөгөө бүрэн хэрэгжээгүй, аудит хийгдээгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна:
3.1 “УБ таймс” сонин менежментийн баг НӨХГ-тай 2004.05.07-ны өдөр байгуулсан “Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээ” нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө байгуулагджээ. Ийнхүү энэ гэрээний хэрэгжилттэй Н.Энхбаярыг “Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглан” гэж холбосон нь ямар ч учир утгагүй болжээ.
3.2. НӨХГ-тай 2004.05.07-ны өдөр байгуулсан “Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-нд заасан бизнес төлөвлөгөө бүрэн хэрэгжээгүй нь Д.Чулуунбаатартай бус харин менежментийн багийн өмнөх ахлагч Ж.Саруулбуян, хөрөнгө оруулна гэсэн нэрийдэлтэй Л.Сэргэлэн нарын хариуцлагагүй, дур зоргын үйл ажиллагаатай шууд холбоотой байжээ. Тэдний буруугаас бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй, алдагдалтай ажилласан, хөрөнгө оруулах нэрийдлээр байшин барилга нурааснаас хойш сонины орлогын эх үүсвэр хаагдаж, сонин өр төлбөртэй болсон байна.
3.3 “Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-нд заасан бизнес төлөвлөгөө хэрэгжүүлээгүй, аудит хийлгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг үйлдэл нь ЭХ-д гэмт хэрэг хэмээн заагдаагүй.
4. УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд “УБ таймс” сонин – НӨҮГ нь 2.125.000.000 төгрөгийн үнэтэй гэсэн нь үндэслэлгүй байна:
4.1 Гэмт хэргийн хохирол ба хөрөнгийн үнэлгээ хоёрын ялгаа заагийг авч үзэлгүй зориуд адилтган үзэж, зөвхөн Н.Энхбаярыг л гэмт хэрэгтэн болгохоор мөрдөн байцаалт болон анхан ба давж заалдах ба хяналтын шатны шүүх улайрсан. Бодит хохирол бус харин хөрөнгийн үнэлгээний дүнг хохиролд тооцсон нь ЭХ-ийн утга агуулгыг илт гуйвуулан гэмт хэрэг биш үйлдэлд Н.Энхбаяр нарыг хэлмэгдүүлсэн.
4.2 Авлигатай Тэмцэх газар (АТГ)-ын хөлслөн авсан Хөрөнгийн Үнэлгээний Төв (ХҮТ) компани нь үнэлгээ хийж, шинжилгээ гаргах хууль ёсны эрхгүй байжээ. 2010 онд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль үйлчилж, түүнд нийцүүлэн Сангийн сайдын 2010.05.13-ны өдрийн 112 дугаар тушаалаар гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл олгох журам”-ын дагуу Хөрөнгийн үнэлгээний бүх компаний өмнөх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шинэ хуульд заасан болзол, шалгуурын дагуу шинээр тусгай зөвшөөрөл олгосон байна. Гэтэл ХҮТ компани нь шинжилгээ хийх үед 2007 онд Сангийн сайдын тушаалаар олгосон хүчингүй гэрчилгээтэй байжээ. Гэтэл ЭБШХ-ийн 79.4-т “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байна.
4.2 “Өргөө” зочид буудал, “УБ таймс” НӨҮГ-ын үнийг “Ю Би Пропертис” компани урьд нь үндэслэлтэй тогтоосныг ХҮТ компани зориуд зохиомлоор хэт өсгөн нэмэгдүүлэхдээ барилгын доорхи газрыг эзэмших эрхийг зүй бусаар үнэлсэн нь буруу, нэг талыг барьсан болох нь дараахь байдлаар батлагддаг:
4.2.1 “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг 2003 онд “Ю-Би пропертиес” ХХК 369.723.300 төгрөгөөр үнэлсэн аж. АТГ-ын МШХ-ийн мөрдөн байцаагчийн 2011.12.13-ний өдрийн “шинжилгээ тогтоолгох тухай” тогтоолоор ХҮТ ХХК 2.125.000.000 /нэг тэрбум нэг зуун хорин таван сая/ төгрөг буюу өмнөхөөс 5 гаруй дахинаар өсгөн үнэлсэн. Гэтэл “Ю Би Пропертис” компани үнэлгээ хийх үед “Дүнжингарав” буудал, “УБ таймс” сонины барилгын доорхи газрыг эзэмших зөвшөөрлийг БОЯ, нийслэл олгоогүй байсан.
4.2.2 Дээрээ барилгатай, барилгыг нь нураах төлөвлөгөөгүй газрыг дуудлага худалдаанд оруулдаггүй учир тухайн газрын газар эзэмших эрхийн үнэлгээ хийдэггүй. Тухайн үед нийслэлийн удирдлага “Өргөө” зочид буудал, “УБ таймс” сонины үйлдвэрийн барилгыг нураах төлөвлөгөөгүй байсан бөгөөд харин ч барилгыг нь засч сайжруулах, нэмж хөрөнгө оруулах бодлого баримталж байсан учир барилгын доорх газрыг нь үнэлүүлээгүй байна.
4.2.3 2004.05.07-нд байгуулсан “Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-нд газартай холбогдсон асуудлаар маш тодорхой нарийвчилсан хязгаарлалт хийж, тухайлбал, тус гэрээний 9.2.1-т “худалдан авагч нь гэрээний хүчинтэй хугацаанд байгууллагыг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй.” /хавтаст хэрэг, хавт 2, хууд.158/, гэж заажээ. Үүнийг бас 2008.09.12-ны өдөр Д.Чулуунбаатартай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр баталгаажуулж, түүний 2.1-т “УБ таймс” НӨҮГ-ыг хүлээн авснаар уг сонины газрын үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүй үргэлжлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.” /хавтаст хэрэг, хавт 4, хууд.73/ гэж заажээ. Мөн гэрээний худалдан авагчийн эрх, үүргийн 3.7-т “УБ таймс” сонин НӨҮГ-ыг авснаар 2.1-д заасан чиг үүргийг биелүүлж, тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх үндсэн үүргийг хүлээнэ.” /хавтаст хэрэг, хавт 4, хууд.74/ хэмээн тодорхой заажээ. Түүнчлэн “УБ таймс” сонин НӨҮГ-ын өмчлөгчийн гэрчилгээнд “УБ таймс” үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх нөхцөлтэй” /хавтаст хэрэг, хавт 4, хууд.84/ гэж шууд заажээ. “УБ таймс” сонин НӨҮГ байрлаж буй газрыг өмчлөх ба эзэмших эрхийг Д.Чулуунбаатарт шилжүүлээгүй болохыг Нийслэлийн газрын албаны дэд дарга Ц.Төрхүүгээс УМБГ-т 2011.04.12-нд явуулсан хариу албан тоот нотолдог бөгөөд түүнд “Улаанбаатар таймс /РД:2696398/ ХКК-ны нэр 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн Газрын албаны мэдээллийн санд нийслэлийн барилгажсан хэсэгт газар өмчилсөн болон эзэмшсэн талаарх мэдээлэл байхгүй байна.” /хавтаст хэрэг, хавт 5, хууд.20/ гэсэн байна.
4.2.4 “УБ телевиз”, “Тэнгис” кинотеатр, “Хүүхдийн парк” зэрэг байгууллагуудад явагдсан бусад төслүүдтэй харьцуулан үнэлгээгээ илүү бодитой хийх боломжтой байсан боловч түүнийг ХҮТ зориуд орхигдуулсан. Бүр эсрэгээр ХҮТ компани нь газрын үнэлгээг хийхдээ газар эзэмших эрхийг хууль бусаар, өндөр үнээр дамлан худалдаалж байсан жишгийг баримталсан байдаг /Үз. хавтаст хэрэг, хав. 4, хууд.139-140/
5. УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Н.Энхбаяр нь “УБ таймс” сонин - НӨҮГ-ыг төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” ХХК-ийн нэрээр хууль бусаар хувьчлан авсан гэсэн нь худал болох нь дараахь байдлаар нотлогдоно:
5.1 НӨХК-ийн 75 дугаар тогтоолд “УБ таймс” сониныг Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт гэрээний дагуу 370 сая төгрөгөөр хувьчлахаар санал тавьсугай, мөн өр төлбөрийг менежментийн багт хариуцуулах талаар гэрээ байгуулсугай, мөн менежментийн багт Д.Чулуунбаатар орохыг зөвшөөрч, багийн ахлагчаар томилсугай гэж заажээ. НӨХК-ийн энэхүү тогтоолд тус сониныг Н.Энхтуяад, эсхүл “Медиа холдинг” компанид хувьчилсугай гэсэн нэг ч үг үсэг, өгүүлбэр байхгүй.
5.2 “Медиа холдинг” компани нь “УБ таймс” сонины хувьчлалтай холбоотой болохыг тогтоосон нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй.
6. УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Н.Энхбаяр нь “УБ таймс” сонин - НӨҮГ-ыг өөрийн “Эскон” ХХК-ий охин компани болгон шилжүүлэн завшсан гэсэн худал дүгнэлт хийсэн байна:
6.1 “УБ таймс” сонин Н.Энхбаярын төрсөн Н.Энхтуяа буюу “Медиа холдинг” компанид хувьчлагдаагүй болохыг өмнө тэмдэглэсэн. Н.Энхтуяад хувьчлагдаагүй “УБ таймс” сониныг Н.Энхбаяр өөртөө шилжүүлэн авах эрх зүйн ямар ч үндэс байхгүй.
6.2 УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Н.Энхбаяр нь “УБ таймс” сонин - НӨҮГ-ыг өөрийн “Эскон” ХХК-ий охин компани болгон шилжүүлэн завшсан гэж үзсэн бөгөөд “завших” хэмээх нэр томъёог 1942 оноос эхэлж өдийг хүртэл манай улсын ЭХ-д хэрэглэж ирсэн ба шүүхийн практикт “албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцаж байгаа этгээд энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөнөөс хууль бусаар, үнэ төлбөргүй, өөрийн мэдэлд шилжүүлж ашиглахыг хэлнэ.” /Монгол улсын дээд шүүхийн тогтоолын эмхтгэл.., Улаанбаатар., 2004, 362 дахь тал/ үзэж ирсэн.
6.2 “Эскон” компанийг Н.Энхбаяр яах гэж байгуулсан, дараа нь хэрхсэн тухай асуудлыг өмнө нэн тодорхой бичсэн.
ГУРАВ. ӨМНӨ ДУРДСАН ХОЁР ХЭРЭГТ ХОЛБОГДОХ ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙД
1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Болормаа, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт, Ц.Батбаяр нарыг ЭХ-ийн тусгай ангийн 150.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол гараагүй байхад “эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд” гэж үзэж, гэмт хэргийн гүйцэтгэгч болгон хувиргасан нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.”, ЭБШХ-ийн 13.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.” гэж заасныг маш ноцтой зөрчжээ. Өмнө дурдсан нэр бүхий иргэдийн гэм буруу нь шүүхээр нотлогдож тогтоогдоогүй байхад урьдчилан зохиомлоор бүлэг болгон, гүйцэтгэгч байхгүй байхад Н.Энхбаярыг өмчийн гэмт хэрэг буюу ЭХ-ийн 150.3-т заасан “гэмт хэргийн зохион байгуулагч” хэмээн үзэж түүнд ял ногдуулсан нь ЭХ-ийн ерөнхий ангийн 34.1 (гэмт хэрэгт хамтран оролцох), 35.1 (гэмт хэрэгт хамтран оролцогч)-д заасан утга санааг зориуд гуйвуулан, дараахь байдлаар хууль бус болсон байна:
1.1 Н.Энхбаярт ял ногдуулсан хэрэгт гүйцэтгэгч байхгүй. Гүйцэтгэгч байсан нөхцөлд зохион байгуулагч байх бөгөөд тэр нь гүйцэтгэгчийн гэмт хэргийг удирдан чиглүүлсэн, хуваарилсан байдаг. УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолоор гүйцэтгэгч зохиомлоор “төрүүлэх”-ийн тулд “Энэ тохиолдолд албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, эрх бүхий нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан дээр дурдсан албан тушаалтнуудыг чиглүүлж удирдаж...” (хууд. 57) гэсэн утга учиргүй өгүүлбэр бичсэн боловч чухам ямар үйлдлээр хэрхэн яаж чиглүүлж удирдсан тухай нотлох баримт хавтаст хэрэгт цугларуулсан баримтууд дотор огт байхгүй ба Н.Энхбаяр нь ерөнхийлөгчийн албан тушаалаар сүр далайлган хууль бус захирамж, чиглэлийг нийслэлийн удирдлагад өгсөн эсхүл “Өргөө” зочид буудал, “УБ таймс” сонин – НӨҮГ-ын анхны үнэлгээ, өр төлбөрийг багасгуулах, бууруулах ямар нэгэн оролдлого хийсэн явдал огт тогтоогдоогүй.
1.2 Гүйцэтгэгч байхгүй нөхцөлд хамжигч ч байхгүй. Гэтэл УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолоор хамжигч зохиомлоор “төрүүлэх”-ийн тулд “Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар нарыг хамжигч гэж үзнэ.” (хууд. 57) гэсэн боловч хавтаст хэрэгт цугларуулсан нотлох баримт дотор тэд ЭХ-ийн 35.6-д заасан хамжигчийн “Зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг арилгахаар урьдчилан амалсан” зэрэг гэмт үйлдлийн аль нэгийг үйлдсэн нотлох баримт нэг ч байхгүй. Харин сэтгүүлч, зохиолч Д.Чулуунбаатарын хувьд нийслэлээр овоглосон сайн сонин, түүний үйлдвэрийг буй болгочих юмсан, Д.Дуламсүрэнгийн хувьд нийслэлийн өмч хөрөнгийн үнэ цэнийг улам нэмэгдүүлэхсэн, эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэхсэн гэсэн чин сэтгэл, хүчин чармайлт л байсан ажээ.
2.УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Болормаа, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт, Ц.Батбаяр нарыг “эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд” гэж үзнэ (хууд. 57) гэсэн байна. Шүүх гэм буруутайд тооцоогүй эдгээр иргэдийг ийнхүү гэмт хэрэгтэн гэж урьдчилан зарласан нь ЭБШХ-ийн 13.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.” гэж заасныг ХШЭХШүүх ноцтой зөрчснийг нотолно.
3.Манай улсын эрүүгийн хууль тогтоомжид эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээдийн талаар тухайлбал 1961 оны ЭХ-ийн 111 дүгээр зүйлд “Иргэдийн хадгалуулах буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн үнэт эд хөрөнгийг ашиглаж үрэгдүүлбэл” гэж зааж байжээ. 1986 оны шинэчлэн найруулсан ЭХ- 126 дугаар зүйлд “улс, хоршоолол, олон нийтийн эд хөрөнгийг эрхлэн хариуцсан этгээд уг эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн, эсхүл албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулж шунахай зорилгоор улс, хоршоолол, олон нийтийн хөрөнгийг авсан бол” хэмээн зааж байсан. Мөн зүйлд 1990.12.28-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Бусдын эд хөрөнгийг эрхлэн хариуцсан этгээд уг эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн, эсхүл албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулж шунахай зорилгоор улс, хоршоолол, олон нийтийн хөрөнгийг авсан бол” гэж найруулж байжээ. 2002 оны ЭХ-ийн 150 дугаар зүйлд “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэн, эсхүл албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж бусдын эд хөрөнгийг авсан бол” гэж заажээ. Эдгээрээс үзэхэд удаа дараагийн ЭХ-д “эд хөрөнгийг эрхлэн хариуцсан этгээд” ба “албан тушаалтан” хэмээн зааглан ялгаж байжээ. “Итгэмжлэгдэн хариуцсан” гэсэн томъёолол нь итгэмжлэл гэсэн хууль зүйн нэр томъёоноос үүдэлтэй. Итгэмжлэл бол нэг этгээд нь өөрийн нэрийн өмнөөс хууль зүйн үр дагавар бүхий тодорхой үйлдэл хийлгэхийн тулд нөгөө этгээдэд бүрэн эрх олгосноо бичгээр тодорхойлсон байх явдал юм. Шүүхийн практикт “уул эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд энэ байдлаа ашиглан...” (Монгол улсын дээд шүүхийн тогтоолын эмхтгэл.., Улаанбаатар., 2004, 362 дахь талыг үз.) гэж ойлгож иржээ. ЭХ-ийн “эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд” гэсэн нэр томъёог цаашид хэрхэн ойлгож хэрэглэх талаар УДШ-ээс зөв тайлбар гаргахад Н.Энхбаяр нарын хэргийг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх явдал их ач холбогдолтой гэж үзэж байна.
4.УИХ 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар “эсхүл албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж бусдын эд хөрөнгийг авсан бол” гэсэн гэмт хэргийг ЭХ-иас хасаж, гэмт хэрэг биш болгосон байна. Энэ учраас УДШ-ийн ХШЭХШХ-ы 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Болормаа, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт, Ц.Батбаяр нарыг “эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд” гэж үзнэ (хууд. 57) гэсэн нь ЭХ-ийн 3.2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно.” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Өмнө дурдсанаас үзэхэд ЭХ-ийн 150 дугаар зүйлийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээтэй олон асуудал үүсэж байгаа нь нэгэнт тодорхой тул ЭБШХ-ийн 13.2-д Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг заавал дагаж мөрдөх учиртай.
5.УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Н.Энхбаярыг “Монгол улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж” гэж үзсэн бөгөөд тэгэхдээ “Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр нь өөрийн хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан...” (хууд. 57) гэсэн ЭХ-д заагаагүй үндэслэлээр гэм буруутайд тооцож, ял ногдуулсныг улайран хамгаалжээ. Энэ нь ЭХ-ийн 2.2-д “Эрүүгийн хууль тогтоомж нь энэ хуулиас бүрдэнэ.”, 3.1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно.”, 10.1-д заасан “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.” гэсэн хэм хэмжээг ноцтой зөрчсөн байна.
Анхан шатны шүүх Монгол улсын дээд шүүхээс 2009.06.24-ний өдөр ЭХ-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “албан тушаалын байдал” гэсэн нэр томъёог “албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ” гэж буруу тайлбарласныг иш үндэс болгон Н.Энхбаярыг шийтгэсэн нь дэндүү хууль бус болсон нь дараахь байдлаар нотлогдоно. Үүнд:
5.1 1942 оны ЭХ-ийн 123 дугаар зүйлд “Албан тушаалтнаас гагцхүү өөрийн албан тушаалын байдлыг ашиглан далимдуулж хууль бус явдлыг үйлдсэний улмаас ...” гэж зааж байжээ. 1961 оны ЭХ-ийн 136 дугаар зүйлд “Албан тушаалтан өөрийн албан тушаалын байдлыг ... “ гэж заасан. 1986 оны шинэчлэн найруулсан ЭХ-ийн 192 дугаар зүйлд “Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, өөрөөр хэлбэл албан тушаалтан шунахай буюу хувийн бусад сонирхлын үүднээс өөрийн албан тушаалын байдлыг ...” гэсэн байна. Одоо дагаж мөрдөж буй 2002 оны ЭХ-ийн 263 дугаар зүйлд “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан...” гэж заажээ.
Өмнө дурдсан Монгол улсын удаа дараагийн ЭХ-д албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн гол агуулга нь “албан тушаалын байдал” гэж үзэж, бүр “өөрийн албан тушаалын байдал” хэмээн тодотгож байжээ. Харин 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиас эхлэн “эрх мэдэл” гэсэн нэр томъёог хууль тогтоогчид нэмж оруулсан байна. Тэгэхдээ буюу гэсэн холбох үг хэрэглэсэн бөгөөд түүнийг орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүйд “үгийг үгтэй нь, нэг гишүүнийг нөгөө гишүүнтэй нь хоорондоос нь холбох үндсэн үүрэгтэй, зэрэгцүүлэх холбооны системд хэрэглэгддэг, үйл үгийн хэлбэрээс үүсэлтэй үүсмэл холбох үг юм.” (Б.Пүрэв-Очир Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй.., Улаанбаатар., 2001, 44 дэх тал) гэж үздэг. Тодруулж хэлбэл, “буюу”-гаар ижил утгатай хоёр гишүүнийг холбодог ажээ (Мөн тэнд). Албан тушаалтны “эрх мэдэл” нь хуулиар тогтоогдсон байна. Харин “албан тушаалын байдал” нь тухайн тодорхой этгээдэд тусгайлан олгосон эрх, эсхүл түр гүйцэтгэж буй чиг үүргээс үүссэн байж болно. Тухайлбал их дээд сургуулийн багш мэргэжлийн чиг үүрэг гүйцэтгэдэг боловч хэрэв элсэлт, төгсөлтийн даргаар томилогдон ажиллабал энэ хугацаанд албан тушаалын байдал буй болно. Хууль тогтоогч “эсхүл” гэсэн холбох үг хэрэглээгүй байгаад онцгой анхаарал хандуулах ёстой. Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүйд эсхүл хэмээх холбох үгийг “Монгол хэлний “эсвэл”, ... “эсхүл” гэдэг холбох үг нь зэрэгцсэн гишүүд, зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, зэрэгцсэн цогцолборын хэсгийг дундаас нь эсвэл гаднаас нь холбон, болзон сонгож, хоёр юм, үйл, хэрэг явдлын аль нэгийг гэх утга гаргадаг, нэг талаар гадаад, нөгөө талаар дотоод холбоосын шинжтэй.” (Б.Пүрэв-Очир Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй.., Улаанбаатар., 2001, 48 дэх тал) гэж үздэг.
5.2 Манай улсын ЭХ-д “албан тушаалын байдал” хэмээсэн нэр томъёог агуулсан нэлээд хэд хэдэн зүйл байгааг дурдвал, 55.1.4 (ял хөнгөрүүлэх нөхцөл байдал) 56.1.6 (ял хүндрүүлэх нөхцөл байдал), 95.1 (бусдыг амиа хорлоход хүргэх), 101.2 (хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах), 137.2 (иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчих), 139.2 (сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх), 175.2 (эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх), 182.3 (зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох), 188.3 (галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хуулт бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх), 194.2.2 (мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар авах), 226.2 (компьтерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх), 245.2 (хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах) зэрэг юм. Эрүүгийн хуульд заасан эдгээр гэмт хэргийг Улсын дээд шүүхийн өмнө дурдсан тайлбарын дагуу албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ гэж ойлгоно гэж үзвэл юу болох вэ? Ганцхан жишээ дурдахад Эрүүгийн хуулийн 95.1-д “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан бюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол..” гэж заасан байна. Хэрэв УДШ-ийн өмнө дурдсан тайлбараар ойлговол тухайн албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөө гэдгээр бусдыг амиа хорлоход хүргэсэн гэм буруутай гэж үзэж, ял шийтгэх болж байна шүү дээ?
Н.Энхбаяр нарын хэргийг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх нь УДШ ЭХ-ийн 263 дугаар зүйлд заасан “албан тушаалын байдал” гэсэн нэр томъёог зөв тайлбарласан эсэхийг дахин сайн нягтлахад чухал ач холбогдолтой хэмээн өмгөөлөгч үзэж байна.
6. “УБ таймс” сонины хувьчлалтай холбогдсон асуудлыг “гэмт хэрэг” болгон хувиргаж, Н.Энхбаяр нарыг хэлмэгдүүлэхэд Л.Сэргэлэнг ашигласан болох нь дараахь байдлаар батлагддаг. Л.Сэргэлэн гэгч 2004 онд Ж.Саруулбуянг менежментийн багийн ахлагч байхад хөрөнгө оруулна гэсэн нэрийн дор холбогдох зөвшөөрөлгүйгээр, сонины үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж болохгүй хэмээсэн гэрээний заалтыг санаатай зөрчиж, “УБ таймс” сонины барилгыг зочид буудал болгоно хэмээн өргөтгөн засаж байгаа нэрээр нураажээ. Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын зураг төсөлгүй, зарцуулах хөрөнгийн тооцоо, төсөвгүй, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажил хийж эхэлснийг зогсоож, барилгын зургаа гаргуулж батлуулах, УБ хотоос зөвшөөрөл авах зэрэг шаардлага тавьсан. /хавтаст хэрэг., хавт.З, хууд.42-58/ Энэ үед “УБ таймс” сониныг байрнаас нь нүүлгэж, өөр байранд түрээсээр оруулж, хэвлэх үйлдвэрийг нь буулгаж, хэсэгчлэн нүүлгэж, сонины зарим тоног төхөөрөмж, ялангуяа хэвлэх үйлдвэрийн нэг хэсэг нь алга болжээ. Энэ үеэс “УБ таймс” сонины орлогын эх үүсвэр алга болж, сониноо хэвлэх үйлдвэртээ хэвлэдэг байснаа больж, өөр газар төлбөртэй хэвлэдэг болж, цалин тогтмол олгогдохоо больж, түрээсийн байрны төлбөрөө төлж чадахаа байж, НДШ-ийн өр, татварын өр зэрэг өр үүсэн нэмэгджээ. Энэ нь гэрч Н.Ариунтуяа мэдүүлгээр нотлогддог. /хавтаст хэрэг, хавт 45, хууд.43-50/ Удалгүй Л.Сэргэлэн барилгын засвар ч хийлгүй, сонины үйл ажиллагааг ч дэмжилгүй алга болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагддаг.
Д.Чулуунбаатар гарцаагүй төлөх ёстой гэж тогтоогдсон өр төлбөрийг төлж барагдуулсан байтал зөвхөн Л.Сэргэлэнд мөнгийг нь буцаан өгөөгүй гэдгээр шалтаглан хувьчлалыг хууль бусаар цуцалсан нь Л.Сэргэлэнтэй хуйвалдаж, түүгээр Н.Энхбаярын эсрэг гүжирдлэг бичүүлж, тэгснийх нь шанд нийслэлийн төсөвт тусаагүй байсан 500 сая төгрөгийг түүнд олгуулжээ. НЗД “УБ таймс” сонины хувьчлалыг цуцлах шийдвэрийг 2011 оны 5 сард гаргасан бөгөөд үүнээс нэг сарын дараа НИТХТ-ийн хурлын шийдвэрийг гаргуулж байжээ.
7. Улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичээгүй байхад УДШ-ийн ХШЭХШХ-д Н.Энхбаяр нарын анхан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, хуулийг бүдүүлгээр ноцтой завхруулсан Ё.Сагсай, О.Мөнхбаатар нарыг байлцуулж, “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх, өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” (Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2012.12.07-ны өдрийн 775 дугаар тогтоолын 54-55 дахь талыг үзнэ үү.). гэж хэлүүлсэн нь ЭБШХ-ийн 349.1-д заасан хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох эрхтэй гэж заасныг зөрчиж, яллагчийг оролцуулж, дахин ялуулжээ.
8.Өмгөөлөгч миний бие хяналтын шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр гаргасан байхад ЭБШХ-ийн 349.1-д заавал оролцоно гэснийг ноцтой гажуудуулж, Н.Энхбаярын өмгөөлүүлэх эрхийг бүдүүлгээр зөрчсөн.
Өмнө дурдсныг нэгтгэн дүгнэж, Н.Энхбаяр нарын үйлдэлд ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах асуудлыг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсье.
Та Монгол улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хувьд тус улсад шүүх ба шүүгчдийг шударга, хараат бус байлгах, доод шатны шүүхээс нэгэнт гаргасан алдааг засаж залруулах, ялангуяа Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжлэхийг таслан зогсоох ариун үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, түүхийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлана гэдэгт гүнээ итгэж байгаагаа энэ ялдамд илэрхийлье.
ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН:
Өмгөөлөгч С.НАРАНГЭРЭЛ /Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн академич/