Д.МЯГМАР

Гандан орчмын нүүгэлтсэн утаа, тэр дундаа баруун дөрвөн замын утааны хортой бодисууд зөвшөөрөгдөх хэмжээг хэд дахин давсан гэсэн мэдээллийг нийслэлийнхэн сонссоор дасал болжээ. Тун удахгүй Баянгол дүүргийн гэр хорооллын айлууд шинэ зуух тавьж, шахмал болон хагас коксжсон түлш хэрэглэх юм. Энэ талаар дүүргийн Засаг дарга Д.Оросоотой ярилцлаа.

-Танай дүүрэг өнгөрсөн жилийнхээс илүү их утаатай болсон гэж иргэд шүүмжлэх нь ихэсчээ. Айлууд түүхий нүүрс түлс­нээс утаа нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн жил Бай­галь орчин, ногоон хөгж­лийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хам­тарсан тушаал гарч Улаан­баатар хотын гэр хорооллыг бүсчилж ху­ваасан юм билээ. Нэг­дүгээр бүсэд манай дүү­рэг багтдаг. Тэнд түүхий нүүрс түлэхийг хязгаар­ладаг. Хагас коксжсон, боловсруулсан түлш хэ­рэглэнэ гэж зааж өгсөн. Хоёр болон гуравдугаар бүсэд бүрэн шаталттай зуух хэрэглэх, дулааны бусад эх үүсвэрээр хангах шатлал тогтоосон. Манай дүүрэг боловс­руулсан түлшний хэрэглэхэд хяналт тавьж байна. Ний­лүүлэх ёстой түлш­ний хэмжээ 34 мянган тн байдаг.

-Түлшийг нийлүүлэгчид бүрэн хийж чадахгүй байгаа юм биш үү?

-Бодит байдал үнэ­хээр л тийм байна. Одоогоор 34 мянгаас 2.9 мянган тн түлш нийлүүлжээ. Би ажлаа аваад сар гаруй хугацаа өнгөрчээ. Манай дүүрэгт хамгийн тул­гамд­сан асуу­дал түлш болсон. Ний­лүүлэгч байгууллага түл­шээр хангаж чадахгүй­гээс болоод иргэд түүхий нүүрс түллээ гэж тор­гуу­лаад байгаа нь зүйлд нийцэхгүй. Цэвэр агаа­рын сангаас нүүрсгүй тусгай бүс нутагт хяналт тавьдаг гэсэн.

-Нөөцөлсөн гурван мян­ган тн түлшээ айлуудад нийлүүлсэн юм уу?

-Үгүй. Агуулахад нь байна. Тэнд байгаа шалт­гаан нь түлшийг Баянгол дүүргийн нутаг руу зөөх унааны асуудлаа ший­дээгүй гэдэг. Түлш тээ­вэрлэгч компанийг шал­гаруулах тендрийг арван­хоёрдугаар сард зарлажээ. Гүйцэтгэгчээс болоод энэ ажил зогссон. 

-Таны бодлоор энэ асуудлыг яаж шийдэж, зохицуулахболомж байгаа вэ?

-Бид Агаарын бохирд­лыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын алба, Цэвэр агаарын сан, Нийслэлийн Засаг дарга гэх мэтээр холбогдох хүмүүст хүсэлт тавьсан. Түлш нийлүүлэх боломж­гүй байгаа учраас манай хороодыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бү­сэд хамруулна уу. Боловс­руулсан түлш, утаагүй зуухаа зэрэг хэрэглэе. Хосолсон бүсийг шинээр гаргаж өгөөч гэж хүслээ.

-Танай хорооны иргэд түүхий нүүрс албан ёсоор түлэх эрхтэй болж байна гэж ойлгох уу?

-Цэвэр агаарын сан, Үн­дэс­ний хорооноос  туслая гэсэн. Манай 23 хорооны ес нь гэр хороололтой. Тэнд нийтдээ 12 мянган айл байгаа. Тэдэнд сайжруулсан зуух нийлүүлэхээр шийдээд байна. Дулааны бүрэн шаталттай зуух нийлүүлэх албан ёсны өдөрлөгийг маргааш 11.00 цагт хороо­лолд байрлах “Сайхан төв”-ийн өмнөх талбайд зохион байгуулна. Иргэд тэнд ирж зуух, түлшний талаар мэдээлэл аваарай. Цэвэр агаар сангийнхан ч танилцуулгаа хийнэ.

-Ерөнхий сайд хямд үнэтэй, том шуудайтай нүүрсийг иргэдэд ний­лүүлэх ажлыг сэдэж байсан. Танай дүүргийн иргэд тэр нүүрснээс авч болох юм уу?

-Албан ёсны захирам­жаар уг нь хориотой зүйл нүүрс. Зуухыг манай хо­роодод худалдаж эхэлбэл нүүрс түлж болох байх. Одоогооро манай хороодод хямдхан түүхий нүүрс албан ёсоор худалдаж байгаа цэг байхгүй.

-Энэ жил эрс хүйтэн өвөл болж байна. Цаасан дээр гарсан тушаал иргэ­дийн амьдралтай төдийлөн сайн нийцэхгүй байгаа юм биш үү?

-Тэр үнэн. Агаарын чанарын алба хэзээ хойно, хүйтэн тачигнаж байх үед манай дүүрэгт түлш ний­лүүлэгчийн тендер зар­ласан. Энэ тэдний ажил биш байх. Агаарын чанар хэр байгааг үзээд яах вэ гэж асуудал ярих ёстой байх. Тиймээс түлш хэрхэн тээвэрлэх ажлыг дүүрэг хариуцвал арай эзэнгүйдэхгүй юм.

-Түлшний тухай иргэд өөрсдөө ямар санал, гомдол хэлдэг юм бол?

-Тэд үртсэн түлшинд дуртай. Ийм түлш түрүүлж ирвэл хагас коксжсон болон харандаан түлшээ хийж галаа асаадаг байдаг юм байна. Энэ хоёрыг хослуулж өгөх ёстой. Үрт­сэн түлшний нийлүүлэлт зогссон. Дээр нь хагас коксжсон нүүрс бай­даггүй. Тиймээс түүхий нүүрсийг иргэд түлж тор­гуулаад байх нь зохимжгүй. Нэгэнт журам зөрчөөд түүхий нүүрс түлж байгаа учраас зуух хэрэг­лэдэг бүсэд хамрагдах гэ­сэн юм. Энэ бол иргэдийн шаардлага, хүсэлт. Амьд­ралд хэрэгжихгүй ийм шийдвэрийг эргэн харж дор нь засаад, зохи­цуу­лаад явахгүй бол дунд нь иргэд хохирох тал байна.

-Зуухыг ямар үнээр айлуудад худалдах вэ?

-Гурван төрлийн зуух байна. Төслөөс үнийн дүнгийн 70 орчим хувийг даана. Үндсэн үнэ нь дунд­жаар 600 мянган төгрөг юм. Нэг өрх 40-70 мянган төгрөг төлөөд утаагүй, түлшний хэмнэлттэй ор­чин үеийн зуухтай болно.

-Айлуудын хэрэглэж байсан зуухыг хураагаад байдаг юм билээ. Хүмүүс гал голомт, эцэг эхээс үлдсэн эд гэдэг утгаараа үүнд дургүйцдэг тал бий?

-Шинэ зуух авч байгаа айлууд хуучнаа хураал­гаж, төслийнхөнд өгөх ёстой. Нөгөө талаасаа тэр утаатай зуухыг дахин ямар ч айл хэрэглэхгүй болгож хурааж авч байгаа юм. Зуухыг буцааж авахгүй бол агаа­рын бохирдол буурахгүй шүү.

-Тэтгэвэр, хүүхдийн халамжийн мөнгөөр аж төрдөг айл гэр хороололд олон бий. Ийм айлууд яаж зуухтай болох вэ?

-Тогтоосон журмыг л бид мөрдөнө. Амьдрал үнэ­­хээр хүнд болсон айлын судалгаа манай хороон дээр байгаа  тул зохих журмын дагуу зохицуулах байх.