Баатарын НЯМСҮРЭН

Эх орон, гэр бүлээсээ хол байж өөр улсад аж төрөх нь ихийг сурах жим, амьдралд өгөөжөө үлдээх туршлага болох нь бий. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Миний Монгол” буландаа Японд ажиллаж буй Г.Энхбаярыг урилаа. Түүнтэй Япон болон Монголын хөгжлийн талаар ярилцсанаа хүргэе.

 

-Таны  Япон улсыг зорьсон  түүх сонирхол татаж байна. Энэ улсад амьдрах мөрөөдөл байсан уу?

-Би Японы Хиёго аймгийн Кобэ хотод гурав дахь жилдээ амьдарч байна. Хүүхэд насанд минь олон сайхан дурсамж бий. Үүний нэг нь  телевизээр сүмо үзэх. Тухайн үед Япон улс сонирхлыг минь их татдаг байлаа. Байгалийн үзэмж, орчин нь нэг л дотно мэдрэмж өгнө. Тиймээс очиж үзэхийг нууцхан мөрөөддөг байсан болохоор энэ улсыг зорьсон түүхтэй.

-Японд ямар мэргэжлээр ажиллаж байна. Мэдээж хөдөлмөрийн орчин нөхцөл нь манай улсаас өөр байх?

-Хөдөлмөр хүнийг бүтээдэг. Хүн хийж буй ажлаасаа ур чадвараас гадна өөрт хэрэгтэй эерэг хандлагыг олж авна. Энэ нь цаашдын амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Би Японд одоогоор дадлагажигч ажилтнаар өдрийн найман цагаар хөдөлмөрлөдөг. Мөн долоо хоногт хоёр  удаа амардаг.  Яг л Монголтой ижилхэн. Харин  ажлын ачаалал ихтэй ч  амьдрах орчин нь тухтай.

-Анх очиход юу нь таалагдаж сэтгэлийг тань татсан бол. Мэдээж эх оронтойгоо харьцуулж бодсон байх?

-Хамгийн түрүүнд цаг агаар, нийгэм, амьдрахад таатай орчин нөхцөл нь таалагдсан. Хөгжил сайтай орон ямар байдгийг ойлгож мэдэрсэн цаг хугацаа өнгөрч байна.  Хөдөө нь хүртэл дэд бүтэц, зам тээвэр, дэлгүүрүүд нь дээд түвшинд хөгжсөн. Мөн үйлчилгээнүүд нь автомат шийдэлтэй. Өөр улсаас ирсэн болохоор дасан зохицох шаардлага тулгарсан. Цаг агаар нь Монголоос эрс ялгаатай.  Зуны улиралд бүгчим халуун байх нь бий. Бороотой үед  чийглэг, амьсгалах аргагүй бүгчим санагдсан. Эхэндээ халуун орчинд дасах амаргүй юм билээ. Сүүлдээ дассан. Зунаас бусад улирал нь таатай уур амьсгалтай.

-Улс бүрийн харилцаа, соёл, нийгэм нь харилцан адилгүй. Хүмүүсийн хандлага нь ямар вэ?

-Японы соёл нь манайхаас их өөр. Тухайлбал, өглөө хүнс цуглуулахаар супермаркет ороход ихэвчлэн өвөө эмээ нар явж байдаг. Ер нь адал явдал багатай. Монголыг бодвол их нам гүм тайван орон. Хүмүүс нь эрхэлж буй ажлаа тултал нь хийнэ. Ямар ч алдаа гаргахгүйгээр нягталж хариуцлагатай байдаг. Магадгүй энэ нь хариуцлагыг багаасаа ухамсарлаж ойлгосон байдаг болохоор тэр биз. Энд олон төрлийн баяр болно. Тэдгээрт их ач холбогдол өгч баярладаг онцлогтой

 -Зоригтой алхам хүнээс тэвчээр шаарддаг. Бэрхшээл тулгарах үед хэрхэн давж гарав?

-Эхний жилд дасан зохицох  амаргүй байлаа. Хамгийн түрүүнд хэлний бэрхшээл тулгарсан. Мөн урьд нь хэзээ ч хийж байгаагүй ажил, танихгүй хүмүүсийн дунд ганцаараа байх нь таатай бус. Ажлаа тараад гэртээ ирэхэд хэн ч байхгүй. Энэ үед аав ээж, охин гэр бүлээ санаж гуниглах үе цөөнгүй гарсан. Ганцаараа амьдарч эхлэхээр хэсэгтээ хүнд юм билээ.  Энд ирээд хоёр жил болсны дараа  орчиндоо дасахад аав минь бурхан болсон гэх гунигт  мэдээг сонсоод уулзаж чадаагүй хором бүртээ харамсаж, шаналж буцаад явъя гэсэн бодол төрж байлаа. Гэхдээ  ирсэн  зорилгодоо уягдаж, сайхан амьдрах хүсэлдээ хүлэгдээд хичээсэн минь энэ. Тиймээс сайхан ирээдүйг бүтээхээр ирсэн учраас шүд зуун, нулимсаа арчаад тэвчсэн дээ. Хүний газар ганцаараа байхад хамгийн хэцүү үе нь энэ  байлаа. Үүнээсээ сургамж авч, илүү хичээж япон хэлний дээд түвшний шалгалтаа өгч тэнцсэн нь  аавыгаа өнгөрөхөд очиж чадаагүй гэмээ цайруулах шиг санагдаж билээ. Бусад зорилгоо ч биелүүлж, амьдралыг харах өнцөг минь өөрчлөгдсөн. Мөн цаг барьж сурсан шүү.

-Гурван жилийн хугацаанд ихийг сурсан нь лавтай. Эх орондоо ирээд  хамгийн түрүүнд юу түгээхийг бодож байна? 

-Хөгжилд хүрэх зам  том зүйлээс эхэлдэггүй. Энгийн бүхнээс том бүтээн байгуулалт, хөгжлийн эхлэл тавигддаг. Хүн бүр урдах ажлаа алдаа гаргахгүй, чанартай хийхэд  болно. Японы иргэд “Ажлаа сайн хийснээр  улс минь илүү хөгжинө” гэж ярих нь энгийн мөртлөө үнэн санагдсан. Би Монголдоо очоод японд амьдарч ажиллаж үзэхийг хүссэн хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгч, Япон хэлний хичээл заах бодол бий. Японы соёл, хөгжлийг бага ч гэсэн хүмүүст хүргэж, мэдүүлэхийг хүсч байна. Наран улсыг зорьсон хүмүүс соёлоос нь суралцаж, хэрэгжүүлэх санаа ихийг олж авна. Мөн хариуцлагатай байхыг ойлгож, зөв дадалд суралцана  гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)