Насантуяагийн ЖАРГАЛМАА

ЮНЕСКО-оос философийн мэдлэгийг түгээн дэргэрүүлэхийг уриалж жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагийг “Дэлхийн философийн өдөр” хэмээн тэмдэглэхээр тогтоосон. Үүний дагуу ШУА-ийн Философийн хүрээлэн тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр иржээ. Энэ жил ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын дэмжлэгээр “Философи ба уран зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль, СУИС, МУИС, Зүүн хүрээ Дашчойлин хийд зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүллээ.

Урлаг гэдэг асар өргөн хүрээний ойлголтыг хамардаг. Дүрслэх урлаг, Гар урлал, дуу хөгжим, жүжиг гэх мэт олон төрлүүдийг дотроо багтааж үздэг. Өнөөдөр аж үйлдвэрлэлийн IV хувьсал явагдаж хүн төрөлхтөн дижитал эрин зуунд амьдарч байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр илтгэгчид өнөө үеийн урлагийн чиг хандлага түүний философи юу вэ гэдэг асуултанд олон талын байр сууриас хандсан илтгэлүүдийг хэлэлцлээ. Урлаг бол цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдсөөр ирсэн хамгийн өргөн хүрээг хамардаг хүн бүрт ижил тэнцүү хүрдэг зүйл. Тэртээ 2000 жилийн өмнөөс юмс үзэгдлийг дуурайхаас эхэлсэн энэ соёл өнөөгийн түвшинд хүн, улс үндэстнийг тодорхойлох хэмжигдэхүүнд хүрсэн. Урлагийн философи нь гоо зүйн ойлголтыг тайлбарлахад оршдог. Энэ нь урлаг ямар байдлаар дүрслэгдэж буй хэлбэрээр нь бус илэрхийлэх гэсэн агуулгаар нь тодорхойлогдох тухай юм. Үүний нэг жишээ бол урлагийн сюрреалист урсгал. Дээрх  урсгалын уран бүтээлчид өмнөх үеийн юмсыг байгаагаар нь дуурайх бодит байдлын тусгалыг гаргахаас илүүтэй өөрийн дотоод мөн чанар илэрхийлэмжийг гаргаж уран бүтээлдээ шингээж өгдөг. Энэ урсгал нь дэлхийн I дайны дараагаар өргөн дэлгэрч энэ чиглэлийн уран бүтээлчид илүүтэй дэлгэрч байсан бол яг өнөөдөр дэлхийд болон Монголын уран бүтээлчид ч мөн сюрреалист урсгалаар уран бүтээлээ туурвих болсон. Он цаг улиран одсон ч хөгжлийнхөө явцад дахин шинэчлэгдэн эргэн ирдэг. Дэлхийн I дайны дараа нийгэм, хүн төрөлхтөн сэтгэлзүйн хүнд хэцүү цаг үеийг туулсан. Харин өнөөдөр цар тахлын дараагаар бид нийтээрээ сэтгэлзүйн ээдрээтэй цаг хугацааг туулж байна. Тийм ч учраас дотоод сэтгэлийн эргэцүүлэмж нь сюрреалист урсгалаар илрэн гарч байна.

 

Дижитал эрин үеийн онцлог байдал

Дээр дурьдсанчлан урлагийн төрөл, хэлбэр жанрын хувьд ямар байгаагаас үл хамаараад урлаг нь хүнд гоо зүйн мэдрэмжийг төрүүлдэг байх хэрэгтэй. Цахим технологи өндөр хөгжилд хүрсэн өнөөгийн цаг үед урлагийн үнэ цэн, философи хэрхэн хадгалагдаж буй талаар Доктор, профессор Ш.Ариунаагаас тодрууллаа. Тэрбээр “Техник технологийн хөгжил өнөөдөр бидний амьдралыг шинэ түвшинд хүргэж зарим талаараа олон зүйлсийг хөнгөвчилж өгсөн. Тухайн эрин үеийн онцлог асуудал нийгмийн бүхий л салбарт ижил тэнцүү хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид дижитал эриний дүрслэх урлагийн талаар ярилцаж байх үед дижитал эрхзүйн орчин, эдийн засаг зэрэг нийгмийн салбарууд ижил тэнцүү анхаарал хандуулж байдаг. Урлагийг урлаг болгож буй зүйл бол уран бүтээлч хүн. Технологи хэдий хүчтэй чадалтай байгаа ч уран бүтээлчийн илэрхийлэх гоо зүй, арга аргачлалыг төдийлөн тусгаж чадахгүй. Урлаг бол мэдээж гоо зүйн ойлголт, уран зургаас хүний авах тэр сэрэл мэдрэмж, хүнээс хүнд л дамжигддаг. Энэ илэрхийллийг л хамгийн чухал мөн чанар нь үзэж байгаа юм. Тиймээс энэ л мөн чанараа хадгалж байна уу, үгүй юу гэдгийг эхлээд таньж эргэцүүлэх ёстой болж байна” гэв.

 

Урлагаар илэрхийлэгдэх бие хүний сэтгэлзүй

 

Хурлын  хоёрдугаар хэсэгт ШУ-ны хүрээлэнгийн доктор М.Анара “Дүрслэх урлаг ба Психоанализ” гэх сэдвээр илтгэлээ хэлэлцүүлсэн юм. “Психоанализ бол олон шинжлэх ухаантай холбогддог өргөн хүрээг хамарсан сэтгэл судлалын онол. Австрийн эрдэмтэн Зигмунд Фройд анх энэ онолын үндсийг тавьснаар өнөөг хүрсэн. Психоанализид бие хүний сэтгэл зүйг голчлон үздэг. Бие хүний сэтгэлзүй урлагаар хэрхэн илэрхийлэгддэг болон урлагийн философитой хэрхэн холбогдож байгааг тайлбарласан. Урлагийн сюрреалист урсгалаар юмсыг зөвхөн байгаагаар нь илэрхийлэх бус дотоод үзэлээр буюу өөрийн мэдрэмжээрээ илэрхийлэх боломжтой гэдгийг харуулсан. Харин энэ урсгал нь үндсэндээ психоанализын онолоос үүдэлтэй байгаа юм. Бие хүн өөрийнхөөрөө өөрийн дотоод илэрхийлэмжээрээ урлагийн төрлүүдэд бүтээлээ туурвиж байгаа нь энэ юм. Одоогоор сюрреалист урсгал гол төлөв дүрслэх урлагт зонхилж байгаа” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)