(Романы хэсгээс)


Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар дахь олон улсын “Номын ертөнц” үзэсгэлэн хийгээд уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр”-т  ОХУ-ын  утга уран зохиолын ертөнцөд өөр өөрийн гэсэн жимийг татаж яваа олон  авьяаслаг  зочид хүрэлцэн ирсэн юм. Тэдгээр эрхэм зочдын нэг нь ОХУ-ын зохиолч, сэтгүүлч Шамиль Идиатуллин. Тухайн үед Улаанбаатар дахь “Русский дом”-оос тараасан хөтөлбөрийг нь үзвэл Шамиль Идиатуллин гэх нэгэн эрхэм “Оросын утга зохиол дахь татар монголчууд” гэсэн сэдвээр лекц уншина гэсэн байв. Товч танилцуулгыг нь авч үзлээ. Уулзаж үг солилцох завшаан ч тохиолдсон. Тэрбээр Казанийн их сургууль төгссөн сэтгүүлч, зохиолч, бүтээл нь унгар, франц, англи, польш хэлэнд орчуулагдсан ажээ. Эдүгээ 14 ном хэвлүүлсэнээс “Город Брежнев”, “Бывшая Ленина” роман нь эрэлт хэрэгцээ ихтэй, утга зохиолынхны хүрээнд шуугиан болоод байгаа гэж интернэтэд мэдээлж байна. “Би татар хүн” гэж өөрийнхөө тухай хэлэх энэ эрхэм 50 гарч яваа, бүтээх туурвих эрч хүчээр оргилуун, ертөнцийн элдэв явдлын тухай бодол эрэгцүүлэлдээ дарагдсан, дотогшоо, чимээгүйхэн алхах хэрнээ гижигдсэн асуулт тавибал нүд нь гялалзах нэгэн ажээ. Тэр үед бид түүнтэй ярилцлага хийж, мөн түүний зохиолыг үзэгчиддээ хүргэхээр бэлтгэсэн. Аравдугаар сарын 24-ний өдрийн дугаартаа “Бүтээл туурвихдаа  сэдвээ хэр сонирхолтой вэ гэдгийг нотлох хэрэгтэй” гэсэн гарчигтай түүний ярилцлагыг нийтэлсэн билээ. Харин энэ удаа  Шамиль Идиатуллины  “Брежнев хот” “романынх нь электрон хувилбараас авсанаа орчуулан уншигч танаа толилуулахаар зүрхлэв.


 

Шамиль Идиатуллин

Явдал 1.

-Хөөе, наймынхан бэлдээд! гэж захирал авгайн дуу ян хийхэд гүйн дөхөж явсан Ефимовна бас давтлаа.

Хөгжим нэг булангаас дуугарч, “Коммунист бригадын марш” бас ч ялгарахаар сонсогдож байлаа. Хөшөөнд шахах маягтай зогсож байсан олон яаралгүй бараг шулуухан гэхээр нэг эгнээ болсоноо доош буулгасан байсан уриа лоозон, төмөр утсан дээр хийсэн цэцгийн баглаархуу зүйл, үлээсэн шаар зэргээ нарны халх шиг өргөн бариад намын хорооны зүг мөлхөх мэт хөдөллөө. Дарга нар олон нийтийг ёс болгон хүлээн авдаг өнөөх бүдүүн бараг индэр дээрээ зогсож байж таарна. Хаа нэгтэйгээс “Бидэнтэй Ле! Нин ямагт хамт! Урагш! аа!” гэж орилно. Уянгалах хөгжмийг жагсаал хөтлөн дэглэгч увайгүй таслан түрэн орж ирээд коммунист хөдөлмөрийн манлайлагч-автомашин бүтээн байгуулагчдыг уриагаа дуудахыг шаардана. Индэрийн өмнүүр КамАЗ-ынхан орж ирлээ гэсэн үг. Ган хайлуулагчид харагдсангүй, түрүүн яваад өнгөрсөн байх. Залгаад үйлдвэрийн нэгж хэсгүүд, угсрах заводын нэртэй самбар харагдав. “Айл бүрд тав тух, дулаан түгээгч эрчим хүчнийхний яруу алдар бадартугай!” гэх хөтлөгчийн цоглог дуун дор Камын УЦС-ийнхан орж ирж харагдав.

Ер нь сайхан, сүрлэг гэмээр харагдана. Битүү бүрхэж байсан үүлийг хэн нэгэн алгаараа шудрав уу гэлтэй нар цухас хийв. Би ч инээмсэглэснээ хэн нэгэнд гэхээсээ илүү өөртөө:

-Манайд цэргийн анги байдаггүй нь хайран гэтэл Шорок сонсоод:

-Яагаад?

-Яахав дээ, Улаан талбай дээрх шиг автомат барьсан дайчид цэргийн машинаар яваад л. Гоё ш дээ гэхэд доош шуухитнан зах руугаа шигдэснээ:

-Дараа нь Садат шиг болоод л уу?

-Ямар Садат?

-Яагаав египетийн тэргүүн. Санахгүй байна уу? Хоёр жилийн өмнө яг жагсаалын үеэр буудуулсан, зурагтаар бүр харуулаад байсан.

“Хэн, буудса-ан?” гэх шахсанаа “Олон улсын мэдээ”-гээр бараг зуун удаа гарч байсныг саналаа. Каирт болсон баярын жагсаалаар байлдааны олон онгоц ардаа, бодоход өнгөтэй, урт утаан зурвас татуулан нисэж; танк, цэргийн хуягт машин индрийн өмнүүр орж ирэхэд олон генерал гараа даллаж байcан санаанд буулаа. Гэнэт нэг машин зогсож, цэргүүд үсрэн буугаад индрийн зүг гранат шидээд автомат тачигнуулж байсан.

Энд УЦС дээр тийм зүйл өрнөж болохыг төсөөлөн бодоод бие аягүйцсэн ч Москвад бол яахав гэж бас бодсон. Улаан талбай, Мавзолей дээр зогсох Улстөрийн товчоо, энд байгаа улсаас зуу дахин их олон түмэн хүн, манай эндэхтэй адил хүйтэн, бүрхэг биш. Дан туг дарцаг биш; машин, олон техникийн их цуваа явдаг. Тэгтэл нэг танк эргэж зогсоод Мавзолей рүү их буугаар шууд буудвал... гэж бодсон.

-Тэр дэвшилтэт үзэлтэй байсан уу? гэж Шорикоос сатаарах гэж асуув.

Садатын тухай би юу ч санахгүй байсан. Хоёр жилийн өмнө зургаад байхдаа би улстөрийн мэдээ хариуцаж байгаагүй, ханын сонинд нэг бяцхан булан хөтөлж байсан болоод тийм байж магадгүй.

-Хэн мэдлээ гэснээ Шорик:-Эхлээд бүгд л дэвшилттэй байснаа биш болоод л явчихдаг. Израильтай нөхөрлөж байсныг нь санаж байна.

-Тэгвэл дэвшилтэт биш байж гэлээ би.

Шорик нүдээ анивчаад нэг юм хэлэх гэхэд нь би урьтан:

-Хөөе цэргийнхэн биш цагдаа нар байвал яахав? Ёслолын жагсаалд тэнд ч, манайд ч оролцож болно доо? Тэд гэнэт ямар нэг юм сэдвэл...

-Өө за, чи больж үз гэж Шорик дуугарсанаа:-Цагдаа нар яаж чадах юм? Зэвсэг гэх юм ч байхгүй. Харин До яамныхан бол ч... гэхэд нь

-Хөөе чи дуу гэснээ би тэсэлгүй:-Манайд До яамныхан байдаг юм уу? Би Москва, Казанид л байдаг байх гэж бодож байсан ш дээ.

-Жагсаад алхаж явдаг гэх гээ юу?

-Үгүй, бали-ан, залгуурт л сууж байдаг гэж яр хийснээ:-“Байна уу, До яам уу? Тусгүй ажиллаж байна шүү, турсаганууд минь” гэж онигоо эхэлтэл Шорик над руу хялалзан ширэвсэн. Уг нь хэн ч сонсохооргүй байсан. Тэр үед над өөр нэгэн бодол төрөн:

-Хөөе нээрээ эд хаа сайгүй байдаг юм гэж үү? Америкчууд Гренадад буучихвал, аан, мөн ч хачин юм болно доо.

-Тэнд буухгүй ээ гэснээ Шорик:-Манайх Гренада биш, тийшээ зүтгэж байх тэнэг үү, наадуул чинь? Нейтроны бөмбөг түсхийлгэхэд л болно.

Тагтаатай том зурагт хуудас руу толгойгоороо дохив.

-Бид ч чадна шүү дээ.

-Харин тийм гэснээ Шорик агдгананаад:-Арай үгүй байлгүй дээ.

Бөмбөг, десант энэ тэргүй болох байлгүй гэж хашгарах шахсандаа зовон биеэ бариад Шорикт цагдаа нарын хуйвалдаан, Андроповын үхлийн талаар ярих эсэхээ бодов. Витальтолич үнэн эсэх нь ойлгомжгүй нэг л сонин яриад байсан болоод тэр. Тодруулж асуухад юу ч хэлэхгүй эрс татгалзаад концерт, шүлэг цээжлэх тухайгаас өөр юу ч ярихгүй гэсэн. Дүүргийн намын хорооны дэргэд бичиг баримт шатааснаас болсон галзуу явдлын тухай Шорикийн ярьж байсан санаанд орж:

-Шорик оо, хөөе.

Лехан энэ үед чангаас чанга орилан:

-Бандь нараа, хар аа дөчин наймынхан!

Бидний өмнө хэдэн хачин лоозон байхыг хараад муухай хашгарцгаав.

Манай өмнө, Камын полийнхонтой залгаад “ЕБС. №74” гэсэн самбар барьсан хэсэг явж байлаа. Ой болон Кам хүрэх замын дунд байрлах далан дөрөвт дөчин найм, дөчин есдүгээр цогцолборынхон багтдаг. Харин бидний харьцаа тун таагүй. Эдний хүүхдүүд эргэж харлаа. Сүүл барин таахалзах хэдэн бандь нар бүр бүтэн эргээд арагш алхангаа хэн нь шүгэлдээд байгааг тогтоох гэж байгаа бололтой тун анхааралтай харж байлаа.

Хэн ч сонсохооргүй байгааг ашиглах гэхдээ яаран Шорикоос:

-Хөөе, над бичиг баримт шатаасан тухай ярьж байснаа санаж байна уу, аан?

-Юун бичиг баримт? гэж Шорик гайхлаа.

-Өө балин гээд цааш ярьж амжсангүй.

Захирал авгайн хахирган дуу тасхийн:

-Хорийнхон бэлдээд! Цоглог! гэлээ.

Тамара Максимовна залуудаа ямар нэг харуулын ангид алба хашсан нь илт байдаг. Бага даа таван жил.

Бид мэдээж сэргээгүй, ердөө л салхи, хөгжимд туугдан үлгэн салган урагшилж байсан. Салхи, хөгжим хоёр гарт баригдмаар хатуу, нэг нь жиндүү, нөгөөх нь чарлаа. Нэгэнд нь нүд анилдаж, нөгөөх нь гэдэс дотрыг минь өндөр давтамжтай, бүдүүн дуутай хэнгэрэг аятай дэлдэж, харин би зурагтаар үе үе үзүүлдэг өнгөлөг цамц, өвөрмөц хантааз, тав халимагтай сүрхий хөгжимчний гарт зулгаалгаж байгаа баян хуур шиг өндөр давтамжаар дагжиж байлаа. Бүх биеэ хурааж, чичирч, чивчирэхдээ хий л “Адгийн салхи” аль эсвэл “ура аа” гэж ч юм уу орилон үнсэн саарал тэнгэр, хүч аван савчих олон улаан туг, индэр дээр зогсох харчууд, авгай нарын зүг тэнэг царайлан, арзайтал инээн гараа савчиж явлаа. Тэгтэл улаан биш, цэнхэр өнгийн шаар хүүхдийн шүлгэнд гардаг шиг хязгааргүй өөд хөөрч харагдана. Өнөөдөр тэнгэрт жаахан ч гэсэн гялтайх хөх зүйл байх ёстой болохоор энэ ердөө ч муу зүйл биш ээ.

 

Явдал 2.

Брежневт театр байдаг гэж би мэддэггүй байсан. Ээжийн ажил руу гэрийн түлхүүр юм уу мөнгө авах гэж гүйх замд харагддаг <Театр-студи “Ника”> гэсэн хаяг өлгөөтэй байдгийг мэднэ. Тэдний тоглолтыг үзээгүй, бидний насны багачууд тэнд юу тоглодог байж болох тухай боддог ч үгүй. Миний насны охид, хөвгүүд биеийн тамир, дуу хөгжим, урлаг уран сайхны секц дугуйлангаар үндсэндээ хуваарилагдсан байдаг. Харин сүүлийн үед элдэв байгууллага, барилгаар хуваарилах болсон. Сонирхолтой болохоор юм дандаа байхгүй. Америк байхгүй, Плутон байхгүй, болсон банан ч байхгүй. Харин идэвхи зүтгэлтэй пионер, комсомол багачууд Дэлхийн хиймэл дагуул хийж нямбай гагнаж, дарвуулт онгоц урлаж, анивалзсан гэрэл чийдэн хэлхэн уран сайханчид болон пичигнүүлж, кинозурагт оролцож, Артек явдаг.

Байдаг юмсанж. КамАЗ-ын зөвхөн нэг СТ (соёлын төв)-д хоёр дахь өдрийн орой бүр маш олон хүн цугладаг байж. Гуравдугаар давхараас гитар пичигнэж, маяг оруулан тойруулж тавьсан олон цангийн дундаас бөмбөр нижигнэж, зэргэлдээх өрөөний цонхоор гагнуурын канифолын үнэр ханхалж, хажуухны нь болов уу танхимаас вальс зааж байгаа бололтой “нэг, хоёр, гурав” сонсогдоно. Өлгүүрийн хажуугийн гэрэл муутай нэг өрөөнд англи бололтой хэлээр халуун маргаан өрнөнө. Жирийн хүүхдүүд.

-Энэ бол ИНК гэж Танька тоомжиргүй хэлсэнээ цааш нь:-Яагаав интенационал нөхөрлөлийн клуб. Саманта Смитэд захиа бичдэг.

-Тийм үү? гээд би зогтуссан.

-Өөр хэнд ч юм. Пелтиер эсвэл Ортегад. Лут аа.

-Хэн гэнэ ээ? хэмээн би ойлголгүй асуутал Танька жаахан зовонгуй:

-Яахав цагаан гартны хүүхдүүд. Хэл ч, хүмүүжил ч шалихгүй, жийнс, магнитофон, аав нь путёвка олоод өгчихнө. Харилцаа тогтоох гэж захиа бичиж байгаа юм. Дараа нь тэмдэг мэмдэг илгээж пянз, бохь гуйцгаадаг...

-Мундаг гэж намайг атаархангуй хэлэхэд Танька:

-Тийм гэж үү? хэмээн гайхангуй асуулаа.

-Хэрэггүй юмаар сайн пянз сольж авахад буруу юу байхав. Каратэгийн өөрөө сурах ч юм уу. Манайд бол олно гэж гонжийн жоо, тэгэхээр ингэж захиа бичээд олж авч болох юм байна.

Танька “хм” гэснээ хувцсаа өмссөн, гарахад бэлэн гэдгээ дохиоллоо. Тэгээд автобусанд орсон хойноо гэнэт:

-Артур, чи юунд... олон юм аа хайрлахгүй өгөх ч юм уу, хайртай вэ? Каратэ гэдэг үнэн юм уу?

Би мөрөө хавчсанаа:

-Юугаа өгөхөөс л болно. Чи сая тэмдэгний тухай ярилаа. Каратэгийн сайн өөрөө сурах бичгээр бол би тэмдэгийн цуглуулгаа шууд л өгнө. Гэрэл болон гар зурагтай байх ёстой. Герман, франц хэлэн дээр бичигдсэн сурах үзсэн. Зураггүй бол юу ч ойлгогдохгүй юм билээ. Нэг ийм юманд, альбом л гэсэн үг, шууд л. Тэмдэг, марк аа өгнө. Лехан дор нь зурна. Яав аа? Нээрээ над гурван хавтас марк байгаа, тэмдэг ч бүтэн альбом байгаа, цэцэрлэгээсээ цуглуулсан юм чинь.

-Пионер баатарчуудын юм уу гэж Таня амандаа гүвтнэхийг сонсоод би:

-Үгүй шүү, над бас номонд дурлагсдын, байгал хамгаалагчдынх байгаа. Маш ховор зүйл шүү.

Танька сая л нэг инээмсэглэлээ. Номонд дурлагсдын нийгэмлэгийн хорин копеекийн татвар төлсөн хүн бүрт зураг, марк наасан гишүүний үнэмлэх олгож байсан. Сурагч бүрээс жил бүр ингэж мөнгө сэгсэрдэг байж.

-Жаахан бодвол юу хэлэхэв? Каратэ, тэгээд л болоо юу? Өөр хөгжим, эсвэл ном, юу байж болохыг мэдэхгүй байна л даа, “вранглер” жийнс ч юм уу.

-“Монтана!” гэж онигоонд гардагийг санан хэлтэл Танька:

-Боль л доо. Артур, би үнэнээсээ асууж байна шүү? Хэлэх дургүй байвал боль л доо боль.

-Үнэн дээ би зүгээр... гэснээ хэсэг бодсоноо:-Үнэндээ би ийм асуултад хариулах гэж хаа хамаагүй зүйл хэлэх ёстой гэж үү?

Би дуугаа хураан цонхон дээрх өөрийн бараан дүрс, Танькагийн хамрын сүүдрийг ширтэж явлаа. Таня над руу юм уу, аль эсвэл арсайн харлах мод, үе үе тодрох даян дэлхийн энх тайван гэсэн уриа лоозонг, алаг цоог гэрэлтэх олон цонх, сунан гудамлах есөн давхар байшин, гэнэт орсойх шүд мэт гарч ирэх хоёр хэсэг арван зургаан давхар, дахиад үргэлжлэх есөн давхар байшингийн чухам алиныг харж байгааг бүү мэд. Цаг арав  болж байгаа болохоор дэлгүүр, цэцэрлэг, сургууль бүгд хаалгаа барьсан, гэрэл гэгээнд хувь нэмэргүй. Ээж, аав хоёр намайг бүжигтэй концерт үзэхээр явсан, оройтохгүй гэж мэдэж байгаа болохоор санаа зовохгүй байх гэж би санаж байлаа. Танькагийнхаас автобусгүй, алхлаа гэхэд л арван таван минут.

Би юунд хайртай вэ гэдэг талаар огт бодож байгаагүй юм байна. Энэ мөч хүртэл би өөрийгөө ямар нэг юманд хайртай гэж үнэхээр бодож байсангүй, ядаж л энэ үгийг хэрэглэхгүй байхыг хичээдэг байсан. Хайртай гэдгийг утгагүй үг, тэнэг авгай нар, эсвэл сургуулийнхан, элдэв дарга нар Эх орны тухай ярих болохоороо хэрэглэдэг үг гэж санаж явлаа. Авгай нар хайр дурлалын тухай ном, кино хайж, нөхрөөсөө “Чи над хайртай юу?” гэж шалгааж, өөрийнхөө хүүхдүүдэд болохоор “Алив үнсье” гэж дуудаж, бусдын хүүхдээс “Чи ээж, аавынхаа хэнд нь илүү хайртайв?” гэж энэ асуултад хэнийг ч гомдоохгүй хариулт байдаг юм шиг шалгаадаг улс. Эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үнсвэл хайртай болдог, нэг метр холдвол тийм биш болдог ч юм шиг. “Би чамд хайртай” гэж хэлж байгаа эр “Би чамд хайргүй” эсвэл юу ч хэлэлгүй дуугүй зогсох эрээс бие бялдрын хувьд ялгаатай байх ёстой юм шиг. Бүсгүй “Би чамд хайртай” гэвэл тушаал шиг, гэрээний эхний заалт шиг сонсогдох. Би чамд хайртай гэснээр хоёр дахь талд... шууд л хариуцлага тулган үүрэг нэхэж эхлэхтэй адил харьцаа үүсэх нь нэгэн бодлын хачирхалтай. Тийм ээ, би чамд хайртай учраас чи над хайртай бай, тийм болохоор над хэрэгтэй юм хий, эсвэл миний өмнө үүрэг хүлээх ёстой гээд л нэхэж эхэлнэ .

Дарга нар энэ үгэнд яагаад дуртай байдаг тухай бодол харван орж ирэв. Та нар Эх орондоо, сургуульдаа, аав ээждээ хайртай бол энийг, тэрийг хийх үүрэгтэй, чөлөөт цагаараа долоо хоногт гурван удаа бүтэн хагас цагаар ядаж  тийм юм, ийм юм хийх ёстой гэж шаардах шалтаг юмсанж. Гэрээний үр дүн. Хийгээгүй бол хайргүй. Хайргүй бол хүн биш.

Хайрын тухай яриа эцсийн дүндээ тулган хүлээлгэх зорилго юмсанж. Тулган хүлээлгэх гэхэд би дургүй.

Танька надад тулган хүлээлгэх гээгүй, арай өөр зүйлийн тухай асуусан, миний л бодол төөрч хадуурч. Ийм бодол эрэгцүүллийн дараа ч над хариулах үг алга байлаа.

Би хэнд хайртай юм бэ? Ээж, аавд уу? Жирийн хүн юм чинь тийм байх ёстой. Бусад хамаатнуудаа яахав? Үнэндээ би ихэнхийг нь мэдэхгүй, мэддэг улсын хувьд байсан байгаагүй ялгаагүй санагддаг. Пензээс ирэх бүрдээ янзтай гоё гоё бэлэгтэй ирдэг Шайхинур ахаас бусад нь л даа. Гэхдээ энэ хүн хамаатан гэхээсээ илүү аавд л саймшраад байх шиг санагддаг, тэгээд ч хоёр жил ирээгүй, тэглээ гээд дутаж сүйд болсон зүйл алга. Саймшрагчдыг би хүндэлнэ, үнэлнэ, гэхдээ энэ хайр биш. Муур, нохойд би бас дуртай биш, нэг үе овчаркатай болох гэж зүтгэж байсан, ээж зөвшөөрөөгүй. Тэр хүсэл минь тэгсгээд үгүй болсоныг бодоход зөв байж, одоо надад гудамжинд хаягдсан ямар ч амьтан, сагсгар хав ч хараад өрөвдөх сэтгэл төрдөггүй. Хаягдаж байгаа энэ эмьтад ч, бусдыг дуурайн хуйларч амьтан тэжээх цаг нь өнгөрөхөөр гаргаж хаяж байгаа эздэд нь ч ялгаагүй дургүй хүрдэг. Элдэв ном, сүрхий хөгжим ч ялгаагүй, байхгүй байхад сүйд болох юм үгүй, харин каратэ, ер нь спорт ямар амтат боов биш, хайрлаад байх юу байна. Боов, ер нь идэх юмыг хайрлана гэж юу байдаг юм. Ер нь хайрлаж дурлах гэдэг бүр илүү тэнэглэл.

Манайхны ихэнх багачууд жийнс, “адидас”, хөгжимтэй болох гэж ухаан тавьж байсан. Харин миний аз гийж хэд хэдэн фирмийн юмтай болсон. Ээж “суперрайфл” жийнс бэлэглэж, аав хоёрдугаар ангиас польш, дараа нь чех “ботас” кроссовка, сүүлд илгэн “адидас” авч ирсэнээр би азтай хүүхэд. Гэхдээ зүтгэж явсан барилгын ажил, шатаж байсан нүүрс, арзайж ёрдойсон хадаас гээд олон саад туулсан польш эдийн дэргэд хэврэг байсан. Аав ээжээс салгаж чадаагүй ганц зүйл бол “мафон”. Гэхдээ одоо ч бүр л ганцаардсан үедээ дурсахаас биш тоохоо байж. Нохойгүй, шинэ “адидасгүй” болж байгаатай адилхан тоохоо байсан.

Эх орон. Эх орондоо бид бүгд хайртай, амь насаа өгөх үү, үгүй юу гэж асуугаад ч хэрэггүй. Бүгд эргэлзэх юмгүй, хэн ч байсан өгнө, асуугаад хэрэггүй гэсэн үг. Эх орон учраас. Тэгэх ёстой. Гэсэн ч яг тогтоод бодвол, үнэхээр амиа золих шаардлагатай нүүр тулбал санаа бодол эргэлдээд эхлэх бололтой.

Ээж, аавынхаа төлөө эргэлзэх юм алга.

Анд нарын төлөө яахав? Би тэдний төлөө амиа золибол яагаад эд амьд үлдэх гэж, надаас илүү гэсэн үг үү? Эсрэгээр миний төлөө үхвэл би хариуд нь яах ёстой юм гээд бодвол бидний үхэлд утга алга, нэг л өөр зүйлийн төлөө амиа зольсон болж байна.

Кремлийн цамхаг, шөнө дунд болж байгаа Петропавловск-Камчатка, Ленин мэндэлсэн байшин, зах хязгааргүй сунах тариан талбай, давхар байшин барих хориотой айл гэрийн гадаах цэцэрлэг-ногооны талбай, миний хуучин болон шинэ сургууль, КамАЗ, КамАЗ-ын соёлын ордон, “КамАЗ-5511” бас 5320, 4310-ын төлөө, жолооны ард суугаа сахалтай олон ах нар, ачааны энэ олон аварга машин угсарч байгаа сахалтай, бядтай ах нар, ажлын хөх хувцас өмссөн сэргэлэн эгч нарын төлөө, тэдний дунд миний хамаатан садан бас Витальтолич ч байгаа, манай энэ сүрлэг том хотыг арван жилийн дотор босгосон олон ах, эгч, залуус, Танька бид хоёрыг одоо аваад явж байгаа энэ жолооч ах, хажууд яваа Танька, ангийнхаа хүүхдүүд, багш бүсгүй, Зиниада Ефимовна, Тамара Максимовна хоёр болон бусад дарга нар түүний дотор өчигдөр биднийг индэр дээрээс дохин мэндэлж байсан хотын удирдлага, за тэгээд Андропов, Черненко, Громыко, улстөрийн товчооноос мултарсан Кириленко болон бусад бусад албаны хүмүүс, Бунханы дэргэд зогсож байгаа хүндэт харуулынхан гээд бүх хүмүүс, бүр намайг зодож, шоронд хаяж, шонд өлгөж, тахир татуу болгоно гэж занаж байсан Хамадишин, Ильин гээд шаарын төлөө амиа өргөнө. Харин би энэ олны төлөө амиа өргөхөд бэлэн гэж үү?

Тушаавал тэгэх болно.

Битгий л тушаагаасай. Цагдаа нарын төлөө үхэхэд ч бусдыг хорооход ч би бэлэн биш байна.

Цагдаа Эх орон гэдэг ойлголтод хамаагүй, харин ч бүр дайсан гэж болох байх. Ийм гэдгийг би биеэрээ амссан хүн. Бас дээр нь Витальтоличийн цагдаа нарын зүгээс зөвлөлтийн эсрэг хийсэн хуйвалдааны тухай яриа, хоосон үг байж болох ч сэрэмжтэй, сайн ажиглаж бай, сэжигтэй зүйл  гарвал Витальтоличид хэлэх ёстой гэсэн үг. Гэхдээ юу ч бололгүй, 11 сарын 7 өнгөрсөн, Андроповын амь насанд  хэн ч халдаагүй, Мавзолей рүү буудаагүй, цагдаа нарын зүгээс элдэв бурангуй үйлдэл хийгдээгүй. Витальтолич худал хэлсэн байж болно, үгүйсгэхгүй. Ямар ч байсан миний амьдралд Эх орныг төлөөлж, хоёр ч удаа амийг минь аварч, сэтгэлийг минь татсан хүн бол Витальтолич яах аргагүй мөн.

Энэ бүхний тухай Танькад би ярьж чадаагүй.

Тэгтэл өөрөө:

-Өө, ирчихлээ. Алив хурдал, зогсохгүй байж мэднэ шүү гэлээ...

 

Орчуулсан Норовын Пүрэвдагва

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 219, 220 (7204, 7205)