Б.Нямсүрэн
Тэртээ 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайн эцэс болж, хүн төрөлхтөн энх тайвныг тунхаглаж, хамтын нийгэмлэгийн байгууллагыг байгуулсан нь өдгөө 193 орныг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том олон улсын байгууллага болох НҮБ юм. НҮБ-ын түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Манай улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын 101 дэх гишүүн орон болон элссэн бол, аравдугаар сарын 31-ний өдөр НҮБ-ын төв байрны гадаа Монгол Улсын төрийн далбаа мандаж байжээ.
Түүнээс хойш 65 жилийн хугацаанд НҮБ болон Монгол Улс хоорондын харилцаа улам батжин бэхжиж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлсээр ирснийг ойрын өдрүүдэд онцлон тэмдэглэж байна.
Өдгөө манай улсад НҮБ-ын системийн 24 байгууллага үйл ажиллагаа явуулж, хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэн дэмжсээр иржээ.
80 жилийн ойд зориулан НҮБ-ын салбар нэгж байгууллагууд манай улсад хэрхэн ажиллаж байгаа болон зарим онцлох ажлын үр дүнг хүргэж байна.
НҮБ Хөгжлийн хөтөлбөр

Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэх түүхэн амжилтыг дэмжихэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эмэгтэй парламентын гишүүдийн тоо 1992 онд гурав байсан бол 2024 онд 32 болж өссөн нь бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн дунджаас улам ойртсон үзүүлэлт юм.
НҮБ-ын Хүн амын сан

НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын Засгийн газартай хамтарч Жендэрт суурилсан хүчирхийллийн даван туулагчдад аюулгүй байдлын хамгаалалт, эрх зүй, эрүүл мэнд, сэтгэлзүйн зэрэг долоон төрлийн үйлчилгээ үзүүлэх нийт 17 Нэг цэгийн үйчилгээний төвийг үндэсний хэмжээнд байгуулсан нь өдгөө 39 болж,тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Мөн эх, нярайн зайн оношилгоог Монголд анхлан нэвтрүүлсэн нь эхийн эндэгдлийг бууруулахад бодитой нөлөө үзүүлж, Монгол Улс Тогтвортой хөгжлийн 3.1-р зорилтыг хангасан дэлхийн есөн орны нэг болов.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр

Монгол орны унаган байгаль, биологийн олон янз байдлыг хамгаалахад 1970-аад оноос эхлэн ажиллаж буй НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран Монгол Улсын "Үндэсний дасан зохицох төлөвлөгөө"-г боловсруулж, Үндэсний уур амьсгалын хороогоор 2024 оны гуравдугаар сард батлуулаад байна. Энэ хүрээнд үндэсний хяналт, үнэлгээний тогтолцоог бий болгож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллаганы хэрэгжилт, ахиц дэвшлийг үндэсний болон олон улсын түвшинд тогтмол, ил тод байдлаар хянах, тайлагнах боломж бүрджээ.
НҮБ-ын Нийгэмлэг
Монгол Улс 2021 онд Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль баталснаар хүний эрхийг хамгаалагчдын хууль зүйн хамгаалалтыг баталгаажуулсан Ази тивийн анхны улс болсон. Энэхүү хууль нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө, байгаль орчин ба шударга ёс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, орон сууцны хүртээмж, ЛГБТИК хүмүүсийн эрх зэрэг олон асуудлаар үзэл бодлоо илэрхийлж буй хүмүүсийг хуулиар хамгаалж, тэднийг чадавхижуулах боломж олгодог. Энэхүү хууль нь ХЭҮК, Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм болон ХЭДКГ-ын олон жилийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд бүс нутгийн хувьд сайн жишиг болж байна. Монгол Улс хүний эрхийг хамгаалах үйлсэд манлайлал үзүүлж байна.
НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага

НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага, ХХААХҮЯ-тай хамтран Экспортын хөгжлийн төслийн хүрээнд 2023 онд Персийн булангийн орны итгэмжлэлийн зөвлөлийн Халал бүтээгдэхүүн баталгаажуулалтын итгэмжлэлийг анх удаа нэвтрүүлсэн байдаг. Ингэснээр мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд болон ресторан, хоол үйлчилгээний салбарт “Халал” стандарт нэвтрүүлж, дотоодын болон экспортын зах зээлийг өргөжүүлсэн. Монгол ногоо төслийн хүрээнд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, баталгаажуулалтын эрх зүйн орчин сайжирч, “Mongol Organic” шошгыг ашиглах боломж нээгдэж, олон улсын итгэмжлэлтэй баталгаажуулалтын байгууллагатай болж 18000 гаруй тариаланчийн бүртгэл plant.mofa.gov.mn системд бүртгэгдсэн байна.
Монгол Улсын санаачилсан НҮБ-ын тогтоол, санаачилгууд

Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн улс төрийн түвшний шийдвэр гаргалтын оролцоо, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр амжилттай хөгжиж байна.
Монгол Улс НҮБ-д элссэнээс хойшхи 65 жилийн хугацаанд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, зэвсэглэлийг хорогдуулах, хүний эрхийг дэмжих, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр нийтдээ 90 гаруй тогтоолын төслийг санаачлан батлуулсан.
• Монгол Улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай”, “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай”, “Ардчиллын боловсролын тухай” гэсэн таван тогтоолуудыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хоёр жил тутамд хэлэлцэн батладаг.
• 2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах санаачилга дэвшүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан.
• Өнгөрсөн жил болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” (World Horse Day) тогтоолыг батласан нь манай улсын олон талт дипломат ажиллагааны томоохон амжилтуудын нэг юм.
• Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг юм. 2002 онд анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу илгээснээс хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 20 мянга гаруй цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Өмнөд Судан, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Бүгд Найрамдах Судан Улсын Абей муж, Йемен, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг халуун цэгт энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.
Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулна
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн 17 дугаар бага хурлыг ирэх оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Энэхүү олон улсын чуулга уулзалтад 190 гаруй орны төлөөлөгчид оролцож, цөлжилт, газрын доройтол, ган зудын нөлөөллийг бууруулах шийдлүүдийг хэлэлцэнэ.
Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон байдаг тул уг хурлыг зохион байгуулах нь манай улсын хувьд тогтвортой газар ашиглалт, уур амьсгалын тэсвэржилтийн талаар дэлхийн хэлэлцүүлгийг манлайлах чухал боломж гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар болон UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар хамтран хурлыг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд хурлын үндсэн сэдэв нь “Газрын доройтлыг тэг түвшинд хүргэх (LDN)”, бэлчээрийн тогтвортой менежмент, хуурай бүсийн дасан зохицлын стратеги зэрэгт төвлөрнө.
Уг чуулган нь цөлжилт, газрын доройтлын эсрэг дэлхийн хамтын хүчин чармайлтыг идэвхжүүлэх Монгол Улсын манлайллыг харуулах томоохон үйл явдал болох юм.
НҮБ ба сорилт бэрхшээл
• НҮБ-аас дэлхий нийтээр Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан байдаг. Одоогоор дэлхий дахинаа Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт харьцангуй бага буюу 17 хувьтай байгаа нь хамгийн гол тулгамдсан асуудал болоод байгаа. Харин манай улсын хувьд
• ТХЗ-ын хэрэгжилт 66.7 хувьтай байгаа нь дэлхий дахины дундаж үзүүлэлтээс дөрөв дахин өндөр байна.
• Дэлхий нийтээр зөрчил мөргөлдөөн хямралт байдал үргэлжилсэн хэвээр байгаа нь НҮБ-ын хамгийн гол бэрхшээлүүдийн нэг юм.
• Донор орнуудын дэмжлэг багассанаар НҮБ-ын төсөв 30 хүртэл хувиар буурсан нь эдийн засгийн хувьд ихээхэн асуудал үүсгэж болзошгүй байна.
• Өнгөрсөн есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганы үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш "Дэлхий дахинд үүсээд буй зөрчил хямрал болон донор орнуудын санхүүжилтэд хойрго хандаж буй нөхцөл байдлууд НҮБ-ын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний сорилт болж байна. Үүнийг бид хамтдаа даван туулах ёстой. НҮБ-аас өөр илүү дээр сонголт гэж байхгүй" хэмээн онцлон тэмдэглэсэн билээ.