Б.НЯМСҮРЭН
Монголын Сэтгүүл зүй судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит Профессор цол олгох ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 80 гаруй жилийн түүхтэй МУИС хэмээх ууган их сургуулийн Эмерит профессор цолыг гарын арван хуруунд багтах цөөхөн эрдэмтэн багш нар хүртсэн байдгийн нэг нь М.Зулькафиль багш болж байна. “Профессор М.Зулькафилийн Монголын сэтгүүл зүй судлалд оруулсан 45 жилийн хөдөлмөр, хувь нэмрийг үнэлж энэхүү хүндтэй цолыг олгож байгаадаа баяртай байна” хэмээн тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, ректор Б.Очирхуяг онцлон тэмдэглэж, “Эмерит профессор”-ын өмсгөл, батламжийг гардуулав.
Энэхүү ёслолд түүнтэй олон жил мөр зэрэгцэн нэгэн салбарт зүтгэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, Л.Норовсүрэн, Ү.Хүрэлбаатар нарын гавьяатуудаас гадна МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Болд-Эрдэнэ, Сэтгүүл зүй Олон нийтийн харилцааны тэнхимийн хамт олон, үе үеийн төгсөгчид, шавь нарынх нь төлөөлөл цуглажээ.

Профессор М.Зулькафилийн хувьд 1981 оноос МУИС-д багшилснаар ажлын гараагаа эхэлснээс хойш 45 жилийн хугацаанд тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессороор ажиллаж, мянга мянган шавь нарыг төрүүлэн гаргажээ. Тухайлбал, 1994 онд дэд профессор болж, МУИС 2004 оноос Профессор цол олгож эхлэхэд анхдагчдын нэг болон энэхүү хүндэт цолыг хамгаалж байсан түүхтэй. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд сэтгүүл зүйн салбараас төрөн гарсан гурван шинжлэх ухааны докторын болсон юм. Эрдмийн ажлуудаас нь товч дурдахад, нэг сэдэвт бүтээл 16, сурах бичиг, гарын авлага 36, сэтгүүл зүйн судалгааны бүтээл 20 боть, гадаад дотоодын сэтгүүлүүдэд 200 гаруй ЭШ-ний өгүүлэл хэвлүүлж, орчуулгын есөн бүтээл гаргажээ. Мөн түүний эрдэм шинжилгээний бүтээлүүдийг АНУ, ОХУ, БНХАУ, Итали, Франц, Япон, БНСУ зэрэг олон оронд хэвлэсэн байдаг.
Эмерит Профессор хэмээх босго өндөртэй энэхүү цолны хамгийн гол шалгуур нь 20-иос дээш жил профессороор ажилласан байх бөгөөд салбартаа үнэлэгдсэн эрдмийн бүтээл гаргасан эрдэмтдэд олгодог байна. Тэгвэл М.Зулькафиль багш Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгчээр 23 жил ажиллахдаа тэнхимийн материаллаг баазыг бэхжүүлж, сургалт судалгааны томоохон төв болгон хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Мөн Сэтгүүл зүйн онолын үндэс, ёс зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онол практик зэрэг чухал сэдвүүдээр олон бүтээл хэвлүүлсэн нь салбарын гол гарын авлага болон ашиглагдсаар байна. Түүнчлэн 2004 онд сэтгүүлч мэргэжлийн стандартыг боловсруулах ажлын хэсгийг ахалж, батлуулсан нь өдгөө энэхүү сэтгүүлч бэлтгэдэг их дээд сургуулиудад ч мөрдсөөр байгаа чухал стандарт болсон гээд түүний салбартаа оруулсан эрдмийн ажлын үр нөлөө, аж холбогдлыг дурдаад дуусашгүй их юм. Тэрээр өөрийн эрдмийн ажлын зэрэгцээ олон мянган шавь нараа эрдэм шинжилгээний ажилд хөтөлж залгамж халаагаа бэлтгэсэн байдаг. Тухайлбал, 65 магистрын бүтээл, 14 докторын ажлыг удирдаж хамгаалуулжээ. Өдгөө Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 4000 гаруй сэтгүүлчдийн 2000 орчим нь түүний лекцийг сонсч, хичээл заалгаж байсан шавь нар нь гэдгээр бахархаж байгаагаа ч баярынхаа сэтгэгдлийг хуваалцах үеэр онцолж байлаа. Тэрээр “45 жил ажилласан МУИС-ийнхаа Эмирит Профессор цолыг хүртэж байгаа минь нэр төрийн хэрэг юм. Энэ бол зөвхөн надад биш манай тэнхимийн, хамтран ажиллагсад, хамт олон болон үе үеийн шавь нарыг минь хамт шагнасан үйл явдал болж байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 201 (7698)