Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн дэлгэрэнгүй тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь өмнөх дугаарт

 

УИХ-ын дарга З.Энхболд:

-Уянга гишүүн тодруулъя.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Энэ баялгийг шударга хүртээхээс өмнө нэг компанид дангаар нь хүртээх гээд байгаа энэ сонирхол чинь надад сонин байна. Үүнийгээ тайлбарлаач гээд байгаа шүү дээ. Ашигт малтмалын тухай хуульд яг энэ маргаантай асуудлыг уг  нь хэлэлцээд, шийдэгдэх гээд явж байхад зориуд үүнийг оруулж ирж байгаа юм. Батхүү даргын хэлээд байгаа тэр аргачлалаар чинь энэ танилцуулган дээр 2007 оны  81 дүгээр тогтоолын  2 дугаар хавсралтаар батлагдсан яг энэ зардлыг нөхөн тооцох журмын дагуу тооцохоор  2 679 400 ам доллар болж байна гэсэн байна.  Тэгээд энэ 15 сая төгрөгийн зардал энэ ордыг нээхэд улсаас гаргасан гэдэг баримт хаана байгаа юм бэ. Хаанаас ямар эх сурвалжаас үүнийг аваад яаж тооцов оо. Энэ тооцоонуудаа та надад уг нь бичгээр явуулна гэсэн. Би бичгээр авмаар байна.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Ганхуяг сайд хариулъя.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад 40 гаруй хонож байна. Тэгээд удаад байгаа учраас Цагаан суваргын зэс молибдений ордын төслийн бүтээн байгуулалтын ажил нэлээн ихэвчилсэн байдаг. Тэгээд бид нар улирлын хувьд бүтээн байгуулалт хийх, уул уурхайн олборлох үйлдвэрлэл явуулах хугацаа багатай байдаг. Үүнийг хурдан шийдэж өгөөч ээ гэсэн саналыг тавьсан. Хамгийн гол нь төслийн санхүүжилтийн зээл авах гээд байгаа юм билээ. Тийм учраас хойноос нь үүнийг оруулж ирсэн. Өнөөдрийн хүчинтэй байгаа хуулийн заалт, стратегийн ач холбогдол бүхий ордтой холбоотой 5.4, 5.5.  Өргөн баригдсан хуулийн заалт  5.4, 5.5, энэ дээр зарчмын ялгаа байгаа. Тэгэхдээ энэ тогтоолын төсөлд алинаар нь ч явах боломжтой. Ийм байдлаар өргөн барьсан. Өөрөөр хэлбэл өргөн барьсан хуулийн төсөл нь хурдан гарчих болов уу гэтэл удаж байгаа учраас хойдох асуудал нь ингээд орж ирж байгаа юм гэдгийг нэгдүгээрт тайлбарлах байна. Хоёрт нь, Социализмын үед хийсэн геологи, хайгуулын ажлын зардлыг тооцох аргачлал 97 оны Ашигт малтмалын тухай хууль, 2006 оны хууль гарсны дараа Засгийн газрын тогтоолоор баталсан. Түүнийх нь дагуу  тооцсон. Тэр 800 хэдэн мянган доллар төлсөн гэдэг нь 97 оны хууль, түүний дагуу гарсан Засгийн газрын журмын дагуу тооцсон. Тэр хоёр сая хэдэн зуун мянган доллар гээд байдаг нь 2006 оны хууль гарсны дараа Засгийн газраас баталсан журмын дагуу тооцсон. Ийм л зүйл. Ер нь бол энэ их ойлгомжтой л асуудал. Бид өнөөдрийг хүртэл юуг ялгаж чадахгүй ирсэн бэ гэхээр,  тухайн ордод төр хувь эзэмшинэ гэдэг бол хамтарсан  компани байгуулах ёстой. Компаний өөрийн хөрөнгө, төслийн нийт санхүүжүүлэлт хоёр бүр өөр юмыг холиод биччихсэн. Учраа олохоо байчихсан. Ийм л юм байгаа.  Ер нь дэлхий нийтийн жишгээр бол компаниа байгуулаад дараа нь төслөө хэрэгжүүлээд явдаг. Төслийн нийт санхүүжилтэд  компаний өөрийн хөрөнгийн хэмжээ  10, 20 янз янзын хувьтай байдаг. Өмнөх том төсөл дээр жишээлбэл,  компаний өөрийн хөрөнгийн, нийт хөрөнгө оруулалтын 60-70 хувь хүртэл хийгээд тэгээд зээлж аваад ийм хүнд байдалд орчихсон. Ийм л байдалтай байгаа. Түүнийг ойлгомжтой болгохын тулд  өнөөдрийн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд томьёолчихсон. Тэгээд янз янзын зүйл УИХ-ын гишүүд минь ярьж байгаа. Хэлэлцүүлгийн үед шийдэж өгөх ёстой. Тэр 5.4, 5.5 дахь заалтыг Компаний тухай хуультай хутгаад байх шаардлага байхгүй. Тэртэй тэргүй хамтарсан компани гэдэг ганцхан үг хийхэд л эхлээд өөрийнхөө хөрөнгийг бүрдүүлнэ гэдэг зарчмынхаа дагуу явчих ийм л юм байгаа.

УИХ-ын дарга З.Энхболд: 

-Энхбаяр гишүүн асууя.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Уул уурхайн сайдаас асуулт байгаа юм. Ийм хандлага бий болчихлоо, сүүлийн үед. Зарим уурхайнууд нь стратегийн орд газарт орох гээд хөөцөлдөөд байдаг болчихлоо.  Нэг хэсэг нь стратегийн орд газраас болих гээд байдаг болчихлоо. Тэгээд Уул уурхайн яам маань ийм салаа зүйлүүдийг яагаад оруулж ирээд байна. Яагаад нэгдмэл бодлогоо авч гарч чадахгүй байна вэ. Ойлгохоо болиод эхэллээ.  Сая бид нар Өмнөговийн хэдэн нүүрсний уурхайгаар хоёр өдөр явлаа. Туйлын хүнд байна. Нөгөө бид нарын баахан улс төржөөд авсан Эрдэнэс Тавантолгой улсын 100 хувийн өмчтэй компани чинь 850 тэрбум төгрөгийн өртэй болчихож, хоёр жилийн дотор. Нөгөө Оюу толгой маань юу болж байгаа бол хоёр дахь ажил нь гацчихсан. 34 хувийнхаа өрийг бид нар дийлэхээ больчихсон.  00 хувь эзэмшсэн Тавантолгой нь ийм өртэй. Тэгээд дахиад нэг ийм орд газрыг дахиад л хувь эзэмшинэ гээд зүтгээд байдаг. Тэгээд  350 сая доллар өгөх асуудал яригдаад байдаг. Яагаад та нар анхнаасаа ийм сонин юм оруулж ирээд байна вэ.  Одоо бусад стратегийн орд газрууд хувиа төрд өгье гэвэл яах вэ. Авах мөнгө байгаа юу. Нөгөө бондын  мөнгө бий юу. Бондын  350 саяас өгөх юм гэнэ. Тэгээд энэ  уул уурхай тойрсон, би бол үүнийг их өөр эрх ашиг яваад байна гэж ойлгоод байна. Та ийм юм руу зохион байгуулж хутгалдаад байгааг би юу гэж үзэх вэ.  Дэндүү их тоо, тэгээд тодорхой шугам байхгүй, янз янз. Төсөл төсөлд нь таарсан. Одоо улсад юмаа зарах  ийм сонирхол бий болж эхэлж байна л даа.  Стратегийн орд оруулж байгаад улсаас мөнгө авчихдаг. Нэг бол байгаагаа улсад өгөөд мөнгө олж авдаг.  Ийм  байдал руу яваад байна. Тэгээд цаашдаа ингэх үү. Дахиад асууж байна. Тавантолгой чинь  850 тэрбумын өртэй бодит байдал нь явж байна. Оюу толгой чинь хүндэрчихээд хоёр дахь ажлын хөрөнгө оруулалт нь зогсчихоод байна. Дахиад бид авна гээд, тэгээд өр тавьж авсан бондоос санхүүжүүлнэ гэдэг ийм үзэл санаа яахаараа таны толгойд орж ирээд байна вэ. Орж ирээд байгаа үндэслэлээ яриач. Жишээлбэл, 350 сая доллараар авлаа гэхэд Монгол Улсад юу нь хэрэг болчих гээд байна вэ. Энэ төсөл явахад урагшлах гээд байгаа юм уу. Унах гээд байгаа юм уу.  Хэрвээ төр ийм хувь эзэмших юм бол гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэж ойлгож байна. Хэн та нартай зууралдахыг хүсэх вэ дээ, бодит байдал.  Яагаад хувийн хэвшил рүүгээ дайраад довтлоод байна вэ.  Татварын хувь хэмжээгээр бодлогоор оролцоно уу гэхээс биш, одоо бүр мөнгө гаргадаг, өр тавьж зээл авсан мөнгөнөөс өгнө гэж зүтгэдэг. Тэгээд буруу хандлага шүү дээ. Дэмбэрэл гуай та үүнийг хариулах хэрэгтэй. Ингээд хувийн хэвшлийг дээрэмдээд байж болж байгаа юм уу. Та түүнийг хамгаалдаг төлөөлдөг хүн. Би таны сая ярьснаас ерөөсөө юм ойлгосонгүй. Их л өөр юм яриад байх юм.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Энхбаяр гишүүн хэлэлцэх эсэхийн асуудал тавиад, хэлэлцэх явцад Засгийн газрын оруулж ирсэн саналыг гишүүд шаардлагагүй гэж үзээд тэр төр нь, наад асуудлыг чинь хэлэлцэх эсэх дээр ярьдаг юм. Одоо бол өнгөрчихөөд байна л даа.  Дэмбэрэл гишүүн хариулъя.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Энхбаяр аа, ийм байгаа юм.  Цагаан суваргын орд газарт төр хувь эзэмших шаардлагагүй гээд Байнгын хороон дээр. Тэгэхээр чи надаас асуулаа. Та эрх ашгийг хамгаалдаг хүн яагаад ингэж байгаа юм бэ гэж. Би одоо хариуллаа, их тодорхой.  Тийм учраас ЭЗБХ-ны гишүүний хувьд би бас танд маш тодорхой хариулахад бол төр хувь эзэмших хэрэггүй гэж үзсэн. Үүнийг л оруулж ирж байна.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 217 (7202)