Бишкект 17 улсын төрийн тэргүүн цуглав

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын 25 жилийн ойн дээд хэмжээний уулзалт наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд Киргизийн нийслэл Бишкек хотноо боллоо.  Уулзалтад нийт 17 улсын төрийн тэргүүн оролцож байгаа бөгөөд ШХАБ-ын түүхэнд анх удаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш бүс нутгийн гол байгууллагуудын удирдагчдын оролцсоноороо онцлог юм. Одоогийн байдлаар тус байгууллагын гишүүн орнууд дэлхийн хүн амын бараг тал хувийг эзэлж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгээс илүү хувийг эзэлдэг.

ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал, ШХАБ+ улс орнуудын удирдагчдын уулзалт гэсэн хоёр формат бүхий арга хэмжээнээс гадна улс орнуудын удирдагчдын хийж байгаа олон уулзалт яриа хэлэлцээ нь Бишкекийг дипломат уулзалтуудын талбар болгосон. Энэ талаар “Хэдэн өдрийн турш Бишкек хот Евразийн дипломат харилцааны гол төвүүдийн нэг боллоо. Киргизэд болсон дээд хэмжээний уулзалт нь олон улсын анхаарлын төвд В.Путин, Ши Жиньпин, Нарендра Моди нарын уулзалт, хэлэлцээнээс гадна өөрийн гэсэн соёл, дипломат төслүүдийг дэлхийд санал болгож, 100 гаруй орны төлөөлөгчдийг нэг дор цуглуулж буй улс орны дүр төрхийг харууллаа” гэж Киргизийн хэвлэлд бичсэн байна.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтой уулзав

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байгаа ба наймдугаар сарын 31-нд Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтой уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүссэн. Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.

Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэснийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүнүүд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн "ШХАБ+" уулзалтад оролцож байгаа юм.

 

Бишкекийн тунхаглалыг баталж 28 баримт бичигт гарын үсэг зурав

 

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн Бишкек хотноо болсон хуралдааныг Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров даргалсан.  Дээд хэмжээний уулзалтын  үр дүнд нийт 28 баримт бичигт гарын үсэг зурж, баталжээ.

Дээд хэмжээний уулзалтын гол баримт бичиг нь ШХАБ байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Бишкек тунхаглал юм. Мөн тус байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж хэвлэлүүд мэдээллээ.

Баримт бичгүүдийн нэг хэсэг нь аюулгүй байдлын хамтын ажиллагаанд чиглэж байна. Тодруулбал, аюулгүй байдлын сорилт, заналхийлэлтэй тэмцэх ШХАБ-ын Бүх нийтийн төв, мөн ШХАБ-ын Мансууруулах бодистой тэмцэх төв байгуулахтай холбоотой журмыг баталсан байна. Түүнчлэн мансууруулах бодисын хамаарал болон нийлэг мансууруулах бодисын тархалттай тэмцэх 2030 он хүртэлх хөтөлбөрүүдийг баталжээ.

ШХАБ-ын гишүүн орнууд дижитал технологи, хиймэл оюун ухаан болон мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцсон байна. Энэ хүрээнд 2026–2028 онд олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны төлөвлөгөө, мөн бүс нутгийн дата төв болон тооцоолох хүчин чадлын төвүүд байгуулах үзэл баримтлалыг баталжээ. Экологийн чиглэлээр биологийн олон янз байдлыг хамгаалах, мөн ШХАБ-ын хүрээнд “ногоон технологийн коридор” хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан байна.

Тээврийн салбарт байгууллагын гишүүн орнуудын боомт, логистикийн төвүүдийг 2026–2030 онд хөгжүүлэх төлөвлөгөөг баталжээ. Үүнээс гадна гэмт хэрэгтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан байна.

 

В.Путин ШХАБ-ын гишүүд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй хамтран ажиллах нь чухал гэв

 

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Ажиглагч орнууд болох Афганистан, Монгол Улс болон яриа хэлэлцээний түнш ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн орон ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй нэгдсэн" гэж хэлсэн байна.

"ШХАБ өнөөдөр үнэндээ зөвхөн бидний нийтлэг Евразийн тивд төдийгүй дэлхий даяарх хамгийн том бүс нутгийн холбоо юм" гэж В.Путин хэлснийг оросын хэвлэлүүд иш татжээ.

ШХАБ-ын гишүүд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй хамтран ажиллах нь чухал бөгөөд энэ нь улс орон бүрийн хөгжилд хувь нэмэр оруулдаг. В.Путин энэ нь Евразийн тивд "энх тайван, тогтвортой байдал, итгэлцэл, хамтын ажиллагааны уур амьсгал" бүрдэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Ши Жиньпин хөгжлийг тэргүүлэх зорилт болгон, хамтын хөгжил цэцэглэлтийн ирээдүйг бүтээхийг уриалав

 

БНХАУ-ын дарга дээд хэмжээний уулзалтад мягмар гарагт үг хэлэхдээ ШХАБ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, бүх нийтэд аюулгүй байдлыг хангах таатай орчин бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. Мөн тус байгууллага ард иргэдийн эрх ашиг, сайн сайхныг нэн тэргүүнд тавьж, үеэс үед үргэлжлэх найрсаг харилцааны бат бөх суурийг бүрдүүлэх ёстой гэж хэлсэн байна. Түүнчлэн ШХАБ улс орнуудын хоорондын яриа хэлэлцээ, зөвшилцлийг тууштай баримталж, шударга, эмх цэгцтэй засаглалыг сайжруулах шаардлагатайг Хятадын төрийн тэргүүн онцолсон байна.

 

ШХАБ-ыг даргалах эрх Пакистанд шилжив

 

Киргиз улсын ШХАБ-ыг даргалах хугацаагаа дуусгаж байгаа юм. Дараагийн даргалах ажлыг Пакистан хариуцах бөгөөд Исламабад тус байгууллагын ажлыг зохицуулж, Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн дараагийн хуралдааныг бэлтгэх юм. Түүнчлэн Пакистаны Лахор хотыг 2026-2027 оны ШХАБ-ын аялал жуулчлал, соёлын нийслэлээр зарласан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 164 (7906)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn