Б.ОНОН

Пантийн Ганхуяг гэ­хээр “Аан, Дорноговийн Засаг дарга уу” гэх хүн олон таарах вий. Учир нь 2008-2012 оны хоорон дахь МАН-ын засаглалын үед аймагтаа ардчиллын дал­бааг мандуулж байсан цөөхөн даргын нэг бол П.Ганхуяг. Мөн Сайн­шан­дын аж үйлдвэрийн паркийн шавыг МАН-ынхантай хамтарч тавин, нэлээд ажлыг нь урагш­луулж чадсан тэрээр өнгөрсөн жилүүдэд энэ сэдвээр хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр багагүй дуугарч “олны танил” бол­сон хэрэг.

П.Ганхуяг 2012 оны Орон нутгийн сонгуульд аймгийнхаа АН-ыг удир­даж ороод бас л ялалт бай­гуулав. Мэдээж тэр ялал­тынхаа дараа дахиад айм­гийн Засаг даргад нэр дэв­шиж, Ерөнхий сайд ч “чилээлгүйгээр” батлам­жил­сан байдаг.

Түүний ажлын арга ихээхэн сонирхолтой. МАН-тай хамтраад ажил­лаж байсныг нь харвал “хүний үгээр, номхондуу амьтан” ч юм шиг. Нутаг­таа  сэдэж эхлүүлээд, бас зүтгээд хэрэгжүүлж байгаа ажлуудыг нь ажвал зори­мог, шийдэлтэй Засаг дарга байж харагддаг.

Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын шийдвэр бүхий “Сайншандын аж үйлдвэрийн парк”-ийн төслийн хүрээнд төмөр зам тавих ажлын бэлтгэлийг орон нутгийнхаа хүчээр аль хэдийнэ хангачихсан. Мөн хүн амын төвлөрлийг угтан хүнс, ус гээд олон асуудлыг өнгөрсөн дөрвөн жилд амжуулж чаджээ.

Үүнээс гадна иргэдээ хямд орон сууцаар хангах гэхдээ нутгийнхаа бизнес­мэнүүдийг “гомдоон” байж төслөө хэрэгжүүлж дуусгасан байдаг. Үр дүнд нь шат шатны шүүх П.Ган­­хуяг даргыг буруут­гасан. Одоо юу болж байгаа юм, бүү мэд.

 Гэвч энэ нь түүний дипломат албанд олон жил зүтгэсэн “түс тас” школ­той нь холбоотой болж таарсан.

Дорноговь аймагтаа АН-ыг жинхэнэ хавтгай, хоёр дахиа ингэж ялуулсан нь П.Ганхуягийн улстөр­чийн хийгээд төрийн хар хүний чансааг илтгэсэн хэрэг хэмээн учир мэдэх улс ярих. Үнэн ч биз.

Тэрээр Дорноговийн унаган хүүхэд аж.  1959 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн. 1975 онд Хөвсгөл сумын найман жилийн дунд сур­гууль, 1977 онд аймгийн 10 жилийн дунд сургууль гээд хүүхэд насаа Хөвсгөл су­маас Сайншандын хоо­ронд л өнгөрөөжээ. Дараа нь1980 онд МУИС-ийн математикийн анги төгсөн, улмаар 1981 онд Япон улсын Токио хотын Гадаад хэлний Япон хэл, 1985 онд Япон улсын Шиншю Их сургуулийн нэхмэлийн инженер ме­ханикийн ангийг дүүргэж өнөөгийн улстөрчийн, төрийн хүний мөн чанараа олж авсан байдаг.  Сүүлд буюу 1996 онд АНУ-ын Колородагийн Их сур­гууль, Эдийн засаг болон англи хэлний сургалт, 1998 онд Шинэ Зеланд улсын Виктори Их сур­гуулийн Англи хэл дип­ломатын сургалт, 2000-2002 онд Япон улсын Аоя­ма Гакү-Ин Их сургууль, Улс тө­рийн шинжлэх ухааны магистрын зэрэг хам­гаалсан ажээ.

Харин ажилласан байдлыг нь харвал 1985-1990 онд Ноос ноолуурын “Говь” үйлдвэрт инженер механик, ахлах мэргэ­жил­тэн, гадаад харилцаа­ны хэлтсийн дарга, 1990-1994 онд Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд Ху­далдаа эдийн засгийн ат­таше, 1994-1996 онд ХҮЯ-ны Олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны га­зарт Японы асуудал ха­риуцсан ахлах мэр­гэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-ны ЭЗ-ийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 1998-2002 онд Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд Худалдаа эдийн засгийн зөвлөх, 2002-2004 онд СЭЗЯ-ны  Эдийн засгийн хамтын ажиллагаа бод­лого зохицуулалтын газ­рын Орлогч захирал, 2005-2008 онд “Ньюком” ХХК-нийн Ерөнхий мене­жерээр ажиллаж байгаад 2008 оны сонгуулийн да­раагаас Дорноговь айм­гийн Засаг даргаар ажиллаж эхэлжээ.

П.Ганхуяг зүгээр л гэнэт гараад ирсэн улс төр сонирхогч биш аж. Японд Худалдааны атташегаар сууж байхдаа Монголдоо хөрөнгө оруулалт татах гэж тэндхийн байгуул­лагуудын босгыг элээж, үүдийг сахиж, ёстой л арван гурван мэхээ хэрэг­лэдэг байсан гэдэг. Ингэж байж эх орон руугаа элдэв хандив тусламж, хөрөнгө оруулалтыг татдаг байсан хэрэг л дээ. Гуйна, тайл­барлана, өрөвдүүлнэ... ер нь л элдэв аяг гаргаж байж ажлаа амжуулдаг байснаа тэр нэгэнтээ өгүүлсэн нь бий. Тухайн үед Мон­го­лын эдийн засаг бараг л мөлхөж байсан агаад хөрөнгө оруулалт, тусламж гэдэг амь тариа шиг хэрэгтэй зүйл байжээ.

Харин одоо бол байдал өөр өө. Гэсэн ч тэрээр Японтойгоо харилцаатай хэвээрээ л байгаа аж. Тодруулбал, Японы Шизүока мужтай аймгаа түншлүүлж, эдийн зас­гийн хамтын ажиллагаа­тай болсны зэрэгцээ аймгийнхаа хүүхдүүдийг япон боловсролд сургах талаар нэлээд ажил хийсэн. Улаанбаатарын сурагчдад ч олдоод байдаггүй боломж энэ аймгийн хүүхдүүдэд бий. Хүүхдүүд хэдэн арваараа баг болон ээлжээр Японд “ажилладаг” туршлагатай. Яваад ирсэн хүүхдүүд бу­саддаа үлгэрлэхээс гадна өөрөө сурах, амьдрахдаа “хувьсгал” хийдгийг багш нар нь анзаарснаа хэлдэг. Бага юм шиг атлаа айм­гийнхаа ирээдүйд оруулж буй маш том хөрөнгө оруу­лалт хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэсэн нь бий. Ерөөс П.Ганхуяг өнөөд­рийг бус маргаашийг харж ажилладаг дарга аж. Одоогоос жил гаруйн өмнө дөө, сурвалжлагч миний бие аймагт нь томилолтоор ажиллахдаа түүнээс асууж байсан юм. Таныг ажил авснаас хойш энэ айм­гийн иргэдийн амьдрал хэр зэрэг сайжрав аа гэхэд “Аймгийн Засаг дарга иргэддээ таалагдах гээд баахан сургуулийн дээвэр, хана будаж, байшин­гуудыг гоё цонхтой болгох зэргээр өнгөний юм хийж болно л доо. Гэхдээ энэ бол Дорноговийн ирээдүй биш. Сайншандын аж үйлдвэрийн парк гэж том бүтээн байгуулалт байна. Хамрын хийд, Хан Баянзүрх уулаа түшиглэх аялал жуулчлалын арвин хөрөнгө оруулалт байна. Бас Дорноговийг мал­жуу­лах, фермийн аж ахуйг хөгжүүлэх зэрэг хөгжлийн гол ажлууд бий. Үүнийг л урагшлуулах гэж ажиллаж байна. Магадгүй, 2012 онд надад муу дүн тавиад явуулж болох юм. Гэхдээ хэдхэн жилийн дараа П.Ган­хуяг гэдэг дарга чу­хам юуны төлөө зорьж ажиллаж байж вэ гэдгийг нутгийн­хан маань ойлгох болно. Түүнээс биш сур­валжлагч гараад асуухад ажиллахгүй байна гэж шүүмжилж байгаа иргэн­дээ би гомдохгүй” гэж хариулж байсан юм. Гэсэн ч түүнд муу дүн тавиад явуулчихсангүй. Дахиад сонгов.

Одоо П.Ганхуягийн өмнө маш том ажил бий. Сайншандын аж үйлдвэ­рийн паркийн ажил хүс­сэн, хүсээгүй энэ хүнтэй холбогдож, энэ хүний га­раар бүтээн байгуулалт нь өрнөнө. Дорноговийнхон ч үүнийг нь ойлгодог болж. Тиймээс л П.Ганхуягийн багийг “улираасан” хэрэг. Нэг үгээр хэлбэл, тэрээр удахгүй их бүтээн бай­гуулалт цогцлох шинэ Дор­ноговийн хуучин дарга болжээ.