Монголын улс төр агуулгын хувьд яг л өмнөх жилийнх шигээ байдалтай он давж байна. Өмнөх 2024 оны арваннэгдүгээр сараас улс төр хуйсганаж, Засгийн газрын зүг салхилаад эхэлсэн байв. Засгийн газар Шанхайд Хятадын Засгийн газартай Гашуунсухайтын төмөр замын хилийн холболтыг эцэслэн тохирч байх зуурт 2025 оны төсвийг задлах процесс эхэлсэн. Энэ нь шууд утгаараа Засгийн газрыг огцруулах үйл ажиллагаа биш ч 2025 оны 5-6 дугаар сард өрнөсөн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахын эхлэл нь байв. Ерөнхийлөгч төсөвт хориг тавьж, УИХ түүнийг хүлээж авч “засаад” баталсан.

Учир нь тухайн үед нэг талаас “...2025 оны төсөв хэт тэлсэн, үнэхээр үрэлгэн, алдагдал ихтэй байна” гэдэг иргэд эдийн засагчдын шүүмжтэй нийцэж байсан. Харин нөгөө талаас, Шанхайн тохироогоор Гашуунсухайтын хилийн холболтыг хоёр улсын Засгийн газар аль нэг хувийн хэвшлийн оролцоогүйгээр хийх нь тодорхой болсон. Ингэснээр олон жилийн туршид Тавантолгой ордод нүд унагаж ирсэн компанийг хөдөлгөөнд оруулсан гэдэг. Үнэхээр ч “...Төсөв болохгүй байна” гэж гарч ирсэн хэдэн гишүүний манлайд нь тухайн компанид өндөр албан тушаал хашиж ирсэн Д.Энхтүвшин байсан нь хардлагыг лавшруулсан. Ийм байдалтай 2024-2025 он солигдох үед “…Шинэ оны эхний сарын 11-22-ны хооронд Засгийн газрыг огцруулах зорилго бүхий Сүхбаатарын талбайд болно” гэсэн зарыг Эрх чөлөөний эвсэл намаас тараасан. Уг тайван жагсаал 2025 оны нэгдүгээр сарын 10 гаруй хоног үргэлжлээд тарсан. Тэгэхдээ Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлсэн. Мөн сарын дараа дахин жагсах зар тарсан. Түүнийх нь өмнө, 2025 оны хоёрдугаар сарын 7-нд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэвлэлийнхэнд мэдээлэл хийж “…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж байна. Энэ дараах үндэслэлтэй. Хүний эрх, эрх чөлөө алдагдсан. Өвлийн морин уралдааныг хориглосон Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн. Амь насаа алдсан иргэдийн нэр төрийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг бусдын нэр төрд халдсан зэргээр хязгаарлах байдал даамжирсан. Шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж шүүхэд итгэх олон нийтэд итгэх итгэлийг удаа дараа алдагдуулсан. Эдийн засгийн бодлого алдагдаж, чөлөөт зах зээлийг боомилж байна. Хэт үрэлгэн төсөв нь үнийн өсөлтийг гааруулж, ядуурлыг бууруулах боломжгүй болголоо. Татварын бодлого оновчгүй, татвар төлдөггүй хэсэг хождог тогтолцоо бий болсон. Тиймээс ардчилсан тогтолцоог хамгаалж, нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэн яаралтай огцруулах үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн юм.

Гэвч энэ нь цаашид биежиж яваагүй юм. Тэгсгээд чимээгүй болсон. 2025 оны хоёрдугаар сарын 11-ний жагсаал ч болоогүй өнгөрсөн.

Харин Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны хоёрдугаар сарын 17-нд стратегийн ач холбоглол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөьшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах захирамжийг гаргасан. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарын бүрэлдэхүүнд нь багтсан. Угтаа, энэ нь Тавантолгойн бүлэг ордыг бүтэн болгох буюу Ухаахудагийн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д нэгтгэн бүртгэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийг авах улс төрийн даалгаврыг үүгээр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд өгсөн юм.

Үүнтэй зэрэгцээд “…Ухаахудаг нэртэй улс доторх улс байж”, “…Нэр нөлөө бүхий улстөрчид Ухаахудагийн толгой компанийн барьсан Туулын эрэг дээрх тансаг зэрэглэлийн хотхонуудад амьдардаг. Тэднийг “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-ийнхөн гэдэг. Тэдний уулзалтыг “…Ухаахудагийн СӨХ хуралдлаа” хэмээдэг. Гэхдээ тэд тэрхүү байр, орон сууцаа “…Худалдаж авдаггүй, түрээсэлдэг” гэдэг. Одоогийн 126 гишүүнтэй УИХ-ын 30-аад нь тэр “түрээсийн байр”-нд орчихсон. Харин Ухаахудагийн хувьчлал сөхөгдөж, буруудаад ирснээс хойш тэд нүүгээд эхэлжээ. Тэднээс гадна нөлөөлөгч буюу инфлүүзэр гэгддэг хүмүүс олноороо амьдардаг байснаа ойрноос нүүцгээж байна” гэж ярьж, бичигдээд эхэлсэн. Мөн, “…Ухаахудагийг эзэмшдэг гол компанийн харуул хамгаалалтын албаныхан хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж байсныг хууль хяналтын гүйцэтгэх албаныхан илрүүлжээ. Тодорхой тооны автомашин болоод ресторан, зоогийн газруудад гүйцэтгэх ажиллагаа явуулдаг тоног төхөөрөмж байршуулсан байжээ. Ер нь бол, үүнийг “Ухаахудаг”-ийн хууль бус “Тагнуулын газар” гэж болохоор аж” гэсэн мэдээлэл цацагдаж байв.

Улмаар, Засгийн газар 2025 гуравдугаар сарын 6-ны хуралдаанаасаа “…УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр Ухаахудагийг үлдээжээ. Үүнийг хуульд нийцүүлэх хэрэгтэй байна” гэсэн агуулга бүхий тогтоолыг гаргасан. Засгийн газрын Хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаахудагийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа учир УИХ-ын тогтоол гаргаж, уг тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэж тогтоолын төсөл боловсруулсан” гэсэн юм. Энэ мэдээллийн дараа цахим сүлжээгээр О.Алтангэрэлийн хариуцсан салбарууд руу “буудаад” унасан. Бас, зарим нэр бүхий улстөрч Засгийн газар, ХЗДХ-ийн сайдын эсрэг үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн. Удалгүй Засгийн газар “…Ухаахудагийг “Энержи ресурс” компанид УИХ, Засгийн газрын шийд-вэргүй, өөрөөр хэлбэл, Засгийн газ¬рын тэмдэглэлээр өгсөн нь хууль бус” гэж үзсэнээ нотолгоо болгож Ухаахудагийн бүх “түүх”-ээр хоёр боть эмхэтгэл гаргасан. Түүнийгээ УИХ-ын тогтоолын төсөлтэй хамт өргөн барьсан. Ингээд, Ухаахудагийн хэрхэх нь УИХ-ын мэдэх асуудал болсон юм. Харин УИХ уг тогтоолын төсөл, холбогдрох баримт материалуудыг хүлээж аваад Ажлын хэсэг томилсон. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 8-нд Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын дөрөв дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах захирамж гаргасан. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилсон. Гишүүдэд нь УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Р.Батболд, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, С.Зулпхар, Б.Жаргалан, М.Нарантуяа-Нара, Д.Пүрэвдаваа нарын 10 гишүүн багт¬сан. Өөрөөр хэлбэл, эдгээр 11 ги-шүүн “…Ухаахудагаас олуулаа хувь хүртэх үү”, эсвэл “…Ухаахудагийг одоо эзэмшиж байгаа этгээдүүдийн хувьд үлдээх үү” гэдгийг шийдэхээр болсон. Тухайн үед тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүүн П.Мөнхтулга “…Бид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, мэдээлэл судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна. Үүний үндсэнд санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийд-вэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулна. 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоол бий. Энэ тогтоолоор зарим ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай заасан. Дөрөв дэх заалт дээр Оюу толгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, төр хэрхэн оролцох талаарх асуудлыг судалж УИХ-д санал дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ заалтын хэрэгжилт бүрэн хангагдаагүй учраас уг дөрөв дэх заалт дээр манай ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. 11 гишүүн орсон. Бид нэгдсэн байр суурь гаргана. Нөхцөл байдал, баримт бичигтэй бүрэн танилцсаны дараа хэвлэлд байр сууриа илэрхийлнэ” гэж байсан юм. Гэсэн ч, одоогоор тус ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжид заасан ямар үйл ажиллагаа явуулсан талаарх ямар нэг тодорхой мэдээлэл алга л байна.

Харин Ухаахудагийн эздийг Гашуусухайтын хилийн холболтоос хасаж, Ухаахудагийг Үндэсний баялгийн санд авахаар УИХ-д тогтоолын төсөл хүргүүлсэн Засгийн газар, түүний Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үйл ажиллагаа 2025 оны тавдугаар сарын дундуур гэнэт эхэлсэн.

2025 оны тавдугаар сарын 14-нд Гашуунсухайтын хилийн холболтын нээлт тус боомт дээр болж, Засгийн газрын гишүүд бараг тэр чигтээ тэнд очоод байв. Яг тэр нээлт болж, тууз хайчилдаг өдөр нь Улаанбаатарт, Сүхбаатарын талбайд “…Огцрох амархан” жагсаал эхэлсэн. Уг жагсаалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээг эсэргүүцсэн залуус голдуу оролцсон. Жагсагчид Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар УИХ-ын 32 гишүүний гарын үсгийг авах санаачилга гаргасан. Үүнд УИХ-ын гишүүдээс хамгийн түрүүнд Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Ж.Золжаргал, С.Цэнгүүн нар нэгдсэн.

Түүнчлэн, Г.Доржтүвдэн хэмээх иргэн “…Ерөнхий сайдыг огцруулах шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй” хэмээн үзэж УИХ-ын сайтад цахим өргөдөл үүсгэсэн. Түүний санаачилсан өргөдөлд 150 мянга орчим хүн гарын үсэг зурсан.

Ер нь л, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохоос өөр сонголтгүй болтол шахаанд оруулсан. Тэрээр 2025 оны тавдугаар сарын 21-нд МАН-ын Бага хурлыг хуралдуулж “…Хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй бол огцорно” гэж албан бусаар намынхандаа хэлсэн гэдэг. Юутай ч Бага хурлын гишүүд нь “…АН-ын Засгийн газраас гаргая” гэж шийдсэн. Үүнээс долоо хоногийн дараа, 2025 оны тавдугаар сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай тогтоолын төслийг 100 хувь дэмжиж, УИХ-д өргөн барихаар болсон. Уг тогтоолын төслийг УИХ-ын 2025 оны зургадугаар сарын 2-3-ны чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Чуулганд оролцсон гишүүдийн олонх нь “…Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх”-ийг дэмжээгүй тул Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газар огцорсон. Тэр чуулган дээр Л.Оюун-Эрдэнэ “…Сайд нар Засгийн газрынхаа эсрэг ажилласан. Улмаар, бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгдэн олон нийтийн асуудал үүсгэсэн. Надад Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. Ийм улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсан. Энэ удаагийн нөхцөл байдал “Энержи ресурс” компанитай холбоотойгоор боссон нь үнэн” гэсэн юм.

Ингээд дараагийн Ерөнхий сайдыг яаралтай тодруулах үүрэг МАН-ынханд ирсэн. МАН-ын Удирдах зөвлөл 2025 оны зургадугаар сарын 9-нд хуралдаж, 100 хувийн саналаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжсэн. Дараа нь хуралдсан МАН-ын бага хурал дээр заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшиж, хоёулаа өрсөлдсөн ч Бага хурлын гишүүдийн олонх нь “…Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилъё” гэсэн шийдвэр гарсан. Түүнийг УИХ-ын 2025 оны зургадугаар сарын 13-ны чуулганаас Ерөнхий сайдаар томилсон юм. Үүнээс тав хоногийн дараа тэрээр 19 яам, 20 сайдтай танхимын сайд нараа танилцуулж томилсон. Г.Занданшатарын Засгийн газарт МАН-аас 16, ХҮН намаас хоёр, ИЗНН-аас нэг сайд томилогдсон юм.

МАН дахиад “…Намын дарга хэн болох вэ” гэдгийг шийдэхээр болсон. МАН-ын Бага хурал 2025 оны есдүгээр сарын 28-нд товлогдож, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “…Намын даргад өрсөлдөнө” гэж мэдэгдсэн. Харин Бага хурал болохоос хэдхэн хоногийн өмнө, 2025 огны есдүгээр сарын 10-нд АТГ-ын мөрдөгчид МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын ажлын өрөөнд нэгжлэг хийж, түүнийг баривчилсан. Энэ нь тэдний үл ойлголцол нь ил зөрчил болсныг харуулсан. Ингээд Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр 2025 оны есдүгээр сарын 28-ны МАН-ын Бага хурлаар намын даргад өрсөлдсөн. Тэндээс Д.Амарбаясгалан сонгогдсон. Гэхдээ “…Тэр хүчингүй, Их хурлаараа намын даргаа сонгохоор болсон” гэж генсек Я.Содбаатар нь мэдэгдсэн. Ингээд улс төрийн үл ойлголцол үүссэн.  Ил, далд их ч юм болсон. Үндсэндээ, МАН-ын даргын суудлаас эхтэй үл ойлголцол нь намаржин, өвөлжин Монголын шүдний өвчин болсон доо. Улс төр ингэж бужигнаснаар төрийн ажил гацаж, эдийн засаг өнөөгийн хэцүү рүү орох зам “засагдсан” гэхэд болно. тодруулбал, МАН-ынхны үл ойлголцол нь даамжирч, сүүлдээ 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд болох МАН-ын Их хурлаар намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёроос өөр хүнийг нэр дэвшүүлж сонгохоор болсон. Учир нь, Д.Амарбаясгалан “…МАН-д хагарал байна. Энэ хагарал Г.Занданшатар, Б.Батцэцэг, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын хов зөөж амь зогоодог хүмүүсийн ажил юм. Энэ хагарлыг би дарахын тулд би нэр дэвшинэ” гээд Г.Занданшатар “…Бор тээгийн ордыг ашиглах болсон чинь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан яаран сандран МАН-ын даргад нэр дэвших болсон. Өмнө нь дэвшихгүй гэж байсан. Би Д.Амарбаясгалан даргыг хамтарч нүүрсний хулгайтай тэмцэх байх гэж итгэж байсан. Хамгийн харамсалтай нь нүүрсний хулгайтай Д.Амарбаясгалан дарга нэр холбогдсон байна. Тийм учраас шударга ёс тогтоохын тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдэгдэж байна” гээд суучихсан.

МАН-ын Их хурал 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд болж УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд Н.Учралыг намын даргаараа сонгосон. Гэхдээ түүнийг Ерөнхий сайд биш УИХ-ын дарга болгосон.

Ингээд МАН-ынхны асуудал түр намдсан.

Залгаад Оюу толгойн “сэдэв” гарч ирсэн. Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шуурхайлж, ширээний ард суух тохиролцоонд хүрсэн тухай ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт аравдугаар сарын дундуур мэдээлсэн. Түүнээс хэд хоногийн дараа Б.Жавхлан, Г.Дамдинням нарын сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээнд суусан.  Засгийн газраас аравдугаар сарын 31-нд “…Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хоёр дахь өдрийн хэлэлцээр амжилттай боллоо. Яриа хэлэлцээрийн үр дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурав. Эхний удаагийн хэлэлцээр түр завсарлаж, манай талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, ирэх арваннэгдүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо” хэмээн мэдээлсэн.

Мөн УИХ-ын 2025 оны долдугаар сарын 2-ны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооноос нотлох баримт шинжлэх судлах нээлттэй сонсголыг 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-нд хийхээр зарласан. Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-нд Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон санхүүжилтийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар сонсгол хийсэн. Сонсголд 300 хүнийг гэрчээр дуудсанаас 70 орчим хувь нь оролцсон.

Тус сонсголыг Түр хорооны гишүүд “…Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр, хугацаатай үүрэг даалгавар өгөх шаардлагатай”, “…Оюу толгойн бүлэг ордын ашиглалттай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомж, УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Түр хорооны санал, дүгнэлтэд нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүнг 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-д танилцуулж шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгах”, “…Энэ хугацаанд тогтоолоор өгсөн үүргийн хэрэгжилтийн явцыг улирал тутам УИХ-ын ЭЗБХ-нд нээлттэй танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллах шаардлагатай”, “…Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын лицензтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг даалгах”, “…“Эрдэнэс Монгол” ХХК, “Айвенхоу Оюу Толгой /БиВиАй/ Лтд”, “Оюу Толгой Нидерланд Би.Ви”, “Оюу толгой” ХХК-ийн хооронд 2011 оны зургадугаар сарын 8-нд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулахыг даалгах”, “…Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахыг үүрэг болгох нь зүйтэй”, “…Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг таван жил тутамд харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, “Оюу толгой” ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнахыг Засгийн газарт үүрэг болгон, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ЭЗБХ-нд даалгах” зэрэг санал дүгнэлтийг гаргажээ.

Оюу толгой төслийн талаар иргэд, олон нийт “…Монгол Улс, монголчууд Оюу толгой төслөөс хэзээ ашиг хүртэх нь тодорхойгүй юм байна”, “…Оюу толгой төсөлд эзэмших хувийнхаа хэмжээгээр хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, тэр нь Монгол Улсад өр болоод байгаа нь үнэн байна”, “…Ерөөс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ нь маш их алдаатай болжээ” гэдэг ойлголтыг бүрэн дүүрэн авсан. Харин сонсголд дуудагдаж оролцсон улстөрчдийн дийлэнх нь “…Сонсгол нэрээр улс төрийн намнаа хийж байна” гэж үзсэн. Тиймээс, сонсгол дээр олонх нь айсан, болгоомжилсон, өөрийгөө хамгаалахыг оролдсо үйлдэл үзүүлж байв. Тэр байтугай тус сонсгол дээр рейтингээ өсгөх улс төрийн тоглолт хийсэн улстөрч ч байлаа.

Ер нь бол, манайх шиг баялгийн тэгш бус хуваарилалттай улсын улс төр байгалийн баялаг хоёр салшгүй холбоотой. Улс төр нь байгалийн баялгийг дагаж урсдаг. Байгалийн баялаг хэнд байна, тэр хүнд улс төрийн эрх мэдэл байдаг. Үүнийг 2025 оны Ухаахудагаар эхлээд Бортээгээр үргэлжилж Оюу толгойгоор дууссан улс төрийн үйл явдлуудаас тодорхой харж болохоор байна. Шинэ он гарахын өмнөх энэ өдрүүдэд ч “…Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулъя” гэдэг санаачилга АН-ын дарга О.Цогтгэрэлээс гараад явж байна. Эх сурвалжуудын мэдээллээр, О.Цогтгэрэлийн бланк дээрх огцруулах санал нь бодитоор хэрэгжихээсээ илүүтэй эрх баригчидтай уулзаж ярилцах “урилга” төдий зүйл байхыг ч үгүйсгэхгүй юм байна. Угаасаа, энэ огцруулах санал нь эхнийх биш юм. Бас сүүлийнх ч биш байх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 245 (7743)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn