Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус дэд хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч дурдаад, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ес зүйн дэд хорооны даргаар сонгох тухай УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг  танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн 1989 онд ОХУ-ын Иркутск УБДС-д Сурган сэтгэл судлалын багш мэргэжлээр суралцаж, 1997 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, магистр, 2003 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Төрийн удирдлагын магистр, 2013 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1989-1995 онд Хотын боловсролын газар мэргэжилтэн, арга зүйч, 1997-2007 онд Удирдлагын академид ахлах багш, 2007-2008 онд Удирдлагын академийн Зөвөлгөө өгөх төвийн эрхлэгч, 2013 оноос Удирдлагын академид дэд профессороор ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Түүний парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг туршлагыг нь харгалзан Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохоор санал гаргасан байна. Байнгын хорооны гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолыг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Эх сурвалж: zms.mn