Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаад Булган аймгийн Тэшиг сумын уугуул  эмийн ургамал түүж, боловсруулж иргэдэд хүргэдэг хөдөлмөрч бүсгүйг онцолж байна. Түүнийг Б.Баасанжав гэдэг.

 

Эмийн ургамал түүхдээ үндсийг нь таслахгүй, нэг дороос олныг авдаггүй

 

Булган аймгийн Тэшиг сум байгалийн сайхан бүрдсэн, их уулсын дунд орших ажээ. Энэ нутагт хүний биед хэрэгцээтэй олон төрлийн эмийн ургамал ургана. Харин Б.Баасанжав  одоогоос  гурван жилийн өмнөөс эмийн ургамал судалж эхэлжээ. Тэрбээр өмнө нь зөвхөн хүмүүс гуйсан тохиолдолд л тус болох сэтгэлээр эмийн ургамал түүж өгдөг байжээ. Энэ үед зөвхөн элбэг ургадаг ургамлуудыг  түлхүү түүдэг байсан гэнэ. Харин нэг найз нь түүнд хамтарч ажиллах санал тавьснаар ийнхүү эмийн ургамал түүж, боловсруулж, зарах  сэдэл төрсөн ажээ. Ингээд найзтайгаа хамт ургамлаа түүж, нутгийн иргэддээ бөөний үнээр худалдаалж буй нь энэ.  Түүний боловсруулсан эмийн ургамал том савалгаатай нь 5000 төгрөг. Б.Баасанжав эмийн ургамлаа бэлтгэхдээ  Тэшиг сумыхаа ойролцоох уулнаас түүдэг ажээ. Учир нь тус сум  хүнийг анагаах  эмийн ургамал элбэг ургадаг баян нутаг гэнэ. Тэнд ховор эмийн ургамал ч бий. Б.Баасанжавын хувьд түүх газраа сонгохдоо ургамал элбэгтэй, цэвэр дагшин, тэр бүр хүний хөл хүрээд байдаггүй  газрыг сонгодог гэж байв. Өөрийнх нь суманд ургадаггүй зарим ургамлыг Хөвсгөл аймгийн нутгаас авч боловсруулдаг гэнэ. Байгалиас нь түүхдээ үндсийг нь таслахгүй, нэг дороос олныг авахгүй байх нь түүний баримталдаг зарчим гэсэн юм.

 

Ургамал бүр өөрийн түүх, хатаах хугацаатай

 

Б.Баасанжав хүний эрүүл мэндэд шаардлагатай бүхий л ургамлыг боловсруулдаг нэгэн. Харин ургамлаасаа хамааран түүх хугацаа нь харилцан адилгүй байдаг гэдгийг тэрбээр ярьж  байлаа. Тухайлбал, цагаан төмс ургамлын шим нь цэцгэндээ зургаан сар л байдаг. Харин есдүгээр сараас шим нь үндэс рүүгээ орж эхлэхэд нь түүж хатаадаг байна. Тиймээс ургамал бүр өөр өөрийн түүх, хатаах хугацаатай. Мөн Багваахай цэцгээр элэг цэвэрлэх шүүс хийдэг. Тус цэцэг нь зургадугаар сард боловсорч гүйцдэг байна. Ургамлаа зун намрын улиралд нөөцлөнө. Тэрбээр өдгөө 14 төрлийн эмийн ургамал хатааж савлаад байгаа юм.  Үүнд газрын хаг, сөд өвс, цээнийн цэцэг, юмдүүжин, балган, нохойн хошуу, тогооны шүүрний шар цэцэг, цагаан уул, таван салаа тэргүүтэй ургамал багтана. Цэвэрлэж хатааж савлаад уухад бэлэн болгоод хэрэглэгчдэд хүргэдэг  ажээ. Зарим ургамлыг жижгээр савлах нь үйлчлүүлэгчдэд хялбар байдаг гэж Б.Баасанжав онцолж байсан юм. Тэрбээр нутгийнхаа нэг брэнд болж буй цээнэ цэцэгтэй нэрмэл архийг худалдаалдаг ажээ. Хүмүүс ч худалдаж авах их дуртай гэнэ. Б.Баасанжав “Анагаах ухаан хөгжихөөс өмнө хүмүүс байгалийн ургамлыг эмчилгээнд хэрхэн хэрэглэхийг төдийлэн мэддэггүй байжээ. Харин энэ цаг үед  тал хээрт ургаж буй ургамал хүний биед ямар тустай, эко бүтээгдэхүүн бэ гэдгийг ойлгодог болжээ. Тиймээс ч элдэв химийн бодистой эм бус  байгалийн эмийн ургамлыг ууж, хэрэглэж байгаа нь сайшаалттай санагддаг.

 

Цагаан уул цэцэг даралт тогтворжуулдаг

 

Ургамал бүр хүний биед өөр үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал, цагаан уул нь даралт тогтворжуулж, тархины цусан хангамжийг сайжруулдаг. Б.Баасанжав “Цагаан уул цэцгийг эхийн ачийг хариулах шидтэй гэх нь бий. Тиймээс түүж ээж аавдаа дэр хийж өгөх нь элбэг. Эмийн ургамлыг уухаас гадна үнэр нь хүний биеийг эмчилдэг. Мөн цээнийн цэцэг нь саажилтад эерэг нөлөө үзүүлж, булчинг тогтворжуулдаг. Харин багваахай цэцэг нь элэг, цөс, өтгөн хаталтад сайн. Мөн жижиглэж хатаасан үндэс хэсгийг нь холестерин гадагшлуулах, судас хатуурах өвчинд хэрэглэнэ. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг таван салаа нь ходоодны шарх, бөөрний эмгэгт уухад их сайн үйлчилгээтэй. Мөн хоолой сэрвэгнүүлсэн ханилганд, амьсгалын замын үрэвсэл дарах үйлчилгээтэй юм шүү. Харин цагаан төмсний улаан цэцэг нь ханиад томууны үед халуун буулгадаг шидтэй. Халиар гэхэд л олон төрлийн витамин, магнизм төмрийг агуулдаг. Тиймээс бактерийг устгаж үрэвсэлийг дарж, цусны эргэлтийг сайжруулж, судасны хатуурал зүрхний шигдээс өвчнөөс хамгаалдаг. Тэгэхээр ургамал бүр өөрийн үйлчилгээтэй” гэв.

 

“Үйлдвэрийн бүтээгдэхүүнд хугацаа уртасгах бодис орсон байх нь элбэг”

 

Б.Баасанжав “Миний хувьд ургамлуудаа хурдан хугацаанд боловсруулах үүднээс хатаах тоног төхөөрөмжийг  судалж байна” хэмээн онцолсон юм. Түүний брэнд бүтээгдэхүүний нэг нь гоньд. Гоньдийг боловсруулж хоолонд хийхэд бэлэн болгож хэрэглэгчдэд хүргэдэг юм байна. Мөн халиар болон гишүүний чанамал савласан нь дэлгүүрийнх нь лангуун дээр өрөөстэй байна. Б.Баасанжав өнгөрсөн жил чацаргана зардаг байсан бол энэ жил боловсруулах аргаар шүүс болгож гаргаж байгаа аж. Тэрбээр үйлдвэрийн савласан ургамал, бүтээгдэхүүн хугацаа уртасгах бодис орсон байдаг тухай сэрэмжлүүлж байсан юм. Харин түүний боловсруулсан  ургамал нь байгалиас нь түүгээд хатааж савалдгаараа онцлог. Энэ нь ямар ч химийн бодис ороогүй гэсэн үг.  Б.Баасанжав хийж буй ажилдаа улам гаршихын тулд ардын анагаах ухаан, эмийн ургамлын тухай ном материалыг уншиж судалдаг гэж байв. Мөн нутгийн ахмадууд, эмийн ургамал ашиглаж тан хийдэг хүмүүсээс зөвөлгөө авч мэдлэгээ тэлдэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)