Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Тэртээд харагдах уулсын оргил дээр сэмжин үүлс тааваараа наадаж, нэг харахад элдэв төрхөнд хувирч, зугаацан наадах юм. Уулс нь үүлсээрээ өхөөрдөн тоглох шиг. Сэвэлзэх салхины зөөлөн сэвшээнд дэлхийн хаана ч байхгүй амар амгалан үнэртэх нь миний Монголын үзэсгэлэн юм аа. Чихэнд чимэгтэй танил дуугаа сонсоод, тэр л үзэсгэлэн дундуур сэтгэл тэнэгэр, элдэв бодолгүй давхиж явахаас өөр жаргал үгүй мэт. Хаашаа л харна, тааваараа бэлчих үхэр сүрэг. Хааяа нэг толгойгоо сэжлэн, идшээ эрэх нь содон. Хажууханд нь номин ногоон талд цацаад орхисон сувд мэт танан цагаан хонин сүрэг налайх. Зам тэгнэж хэвтчихээд машины чимээнээс огт цочсон шинжгүй, дуртай дургүйхэн хэвтрээ орхих нь инээдтэй ч юм шиг. Хаа нэг уурга барьсан адуучин залуус хуйлран давхих адууныхаа араас шогшино. Монгол дээлээ сугалдаргалаад, дурдан бүсээр ороож, шлепэн малгайг донжтойхон тавьсан нь зохьсон гэж ванлий. Монгол эр хүний төгс шинж тэнд байна уу гэлтэй. Харин голын эрэг дагуу тоодон дээл өмсөж, шилбүүр барьсан хүүхдүүд хонь хурганыхаа араас гүйлдэхийг хараад малчин монгол удам тасрах болоогүй шүү гэж өөртөө хэлсээр цаашлав. Тэшиг сумын төвөөс холдох тусам харц булаах Булган нутгийн үзэсгэлэн нүд баясгам юм. Бороо аажуухан шиврэхэд тэртээд дүнхийх уулсын оройд манан татаж, байгалийн сайхныг улам тодотгосоор байлаа. Булган аймгийн Тэшиг сум аймгийн төвөөсөө 200 гаруй км-ийн цаана орших, захын сумдын нэг ажээ. Иргэдийнх нь 20 гаруй хувийг буриадууд эзэлдэг юм байна. Тус сум таван багтай. Их хөлийн газар Улаанбаатар хотоос тус сумын Эрэн багт аж төрөх, мянгат малчин, сумын заан Д.Оюунбаярынх хэмээх хөдөлмөрч айлыг зорьж яваа минь энэ билээ. Зорьсон айл дөхөх тусам сэтгэл гэгэлзэнэ. Тэднийх Тэшигийн Эх хэмээх газар намаржиж байв.

 

Айл бүр сүүгээ машиндаж масло цохидог

Малчдын өглөөний ажил ургах нартай уралдан эхэлдэг ажээ. Нар мандах үед биднийг очиход Д.Оюунбаяр гуайн гэргий О.Эрдэнэчимэг хэдийнэ үнээгээ саагаад, үхрээ  бэлчээчихсэн цагаан идээгээ боловсруулах их ажил нь эхэлчихсэн, сүүгээ машиндаж байна гэсээр биднийг угтсан юм. Харин гэрийн эзэн хадландаа гарсан тул эзгүй байв. Намрын үеэр эрчүүд нь хадландаа гарч, эмэгтэйчүүд нь ар гэрийн ажлаа дааж үлддэг түгээмэл дүр зураг эднийд ч адилхан байна. Малчдын хувьд намрын хамгийн том ажил нь хадлан хураалт билээ. Ирэх өвлийг өнтэй давж, хэдэн малаа онд мэнд оруулах нь хэр хэмжээний хадлан хурааснаас их шалтгаална. Харин энэ жилийн хувьд бороо ус элбэгтэй байсан тул өвсний гарц сайтай байгаа тухай хашир малчид онцолж байсан юм. О.Эрдэнэчимэгийн хувьд Тэшиг сумын уугуул ажээ. Хань Д.Оюунбаяртайгаа 1979 онд ханилан сууж, зургаан хүүхдийн ижий аав болж өдгөө ч төрөлх сумандаа аж төрж байна. Бид О.Эрдэнчимэгийг “Амьдралын тойрог” буландаа урьж, буянт малын үр шимээр бүтсэн малчин заяа, эгэл амьдралынх нь тухай ярилцсан юм. О.Эрдэнчимэгийн энэ өдрийн өглөө ургах улаан нартай уралдан эхэлсэн гэнэ. Тэрбээр өглөө эртлэн босож, галаа түлж, цайгаа чанаад, тэнгэр хангайдаа өргөчихөөд үнээндээ гарсан аж. Харин биднийг очиход сүүгээ машиндаж, сүү цөцгийг нь ялган авч байв. Хашаандаа саравчин дор сүүний машинаа суурилуулжээ. Ийнхүү гаргаж авсан цөцгийгөөрөө өөрсдөө масло цохиж, хүнсэндээ хэрэглэдэг ажээ. Тэшиг сумын малчид хүнсний бүтээгдэхүүнээ ихэвчлэн өөрсдийн аргаар боловсруулна. Айл бүрт сүүний машинаас гадна талхны хэв байх нь содон. Эмэгтэйчүүд нь их ажлын хажуугаараа өөрсдийн уламжлалт технологиор талхаа барина. Өнөөх талх, масло хоёрынх нь амт ч төгс зохицсон мэт санагдаж байв. Ямар ч элдэв амтлагч, исгэгчгүй эко бүтээгдэхүүн гэдэг хүний эрүүл мэндэд хамгийн тустай гэж О.Эрдэнэчимэг эгч хуучилж байсан юм.

Тэшигийн малчин эмэгтэйчүүдийн хувьд сүүгээ зарах бус боловсруулж, ааруул, бяслаг, аарц, тараг, нэрмэл гээд цагаан идээг түлхүү гаргаж авдаг юм байна. Ааруулын хувьд их нимгэн зүснэ. Энэ нь хатсан хойно нь идэхэд түүртэхээргүй амархан хугарч, аманд ороод хурдан хайлдаг онцлогтой ажээ. О.Эрдэнэчимэг ч жижигхэн модон байшинг тохижуулж, түүндээ өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг аж. Хаалгаар нь ороход л айраг цагааны үнэр үнэртэж, хатаахаар тавьсан ааруул, гал дээр хөөрөх сүү тэргүүтэн жинхэнэ монгол ахуй энд байна гэсэн бодлыг төрүүлж байсан юм.

 

Сүүгээ зарахгүй, боловсруулдаг

Гэрийн эзэн Д.Оюунбаяр нутаг усандаа алдартай, хөдөлмөрч хүн байдаг ажээ. Түүгээр ч зогсохгүй сумын заан. Ан гөрөөнд ч гарамгай нэгэн гэж нутгийнх нь түмэн ам сайтай байна. Эднийх таван хүү, нэг охинтой. Дөрвөн хүү нь аавынхаа адил бөх барилдаж, аймаг, сумандаа үзүүр түрүү булаалдаж явсан хүчтэнгүүд байх ажээ. Д.Оюунбаярынх одоогоос дөрвөн жилийн өмнө мянгат малчны болзол хангасан тухай гэргий О.Эрдэнэчимэг нь онцолж байсан юм. Тэрбээр “Бидний амьдралд малын буян ихээ. Идэр залуугаасаа мал малллаж, үр шимийг нь хүртэж явна. Анх биднийг гэр бүл болж байхад эцэг эх маань хоёр, хоёр үнээ тасалж өгөөд л тусад нь гаргаж байлаа. Түүнийгээ өөрсдийн хөдөлмөрөөр өсгөн үржүүлж, өнөөдрийг хүрсэн. Манай Тэшиг сум ч мал маллах, өсөж үржихэд ээлтэй сайхан нутаг. Өдгөө хүүхдүүд минь аавынхаа малчин ухааныг өвлөж, амьдрал ахуйгаа залгуулж явна. Залуу байхад их олон үнээ саадаг ч ер түүртдэггүй байлаа. Харин нас явах тусам жаахан ядардаг юм байна. Ойрноос бага хүү минь өрх тусгаарлаж, манайхтай хамт намаржиж байна. Хүүдээ малнаасаа тасалж өгсөн учир өвгөн бид хоёрын ажлын ачаалал бага ч болов хөнгөрөөд байгаа нь энэ” гэв. Хоттой ойролцоо суурин газрын малчид сүүгээ худалдаж, өрхийн орлогоо олдог бол Тэшигийн малчдад зарах боломж хомс байдаг гэнэ. Тиймээс ихэнхдээ цагаан идээ хийнэ. О.Эрдэнэчимэгийн хувьд олон хүүхэдтэй, зуны цагт айлчин их ирдэг тул борлуулж чаддаггүй ажээ. Эднийх анх олон үхэр саадаг байхдаа өдөрт 100 гаруй литр сүү авдаг байжээ. Харин намрын цагт үнээний сүү татардаг учир өдөрт 30 гаруй литр сүү авч, боловсруулж байгаа гэнэ.

 

Нэг гэрийн таван бөх гэдэг ховорхон хувь заяа

 

Тэшиг сумын малчид хадлан авдаг өөр өөрийн газартай. Д.Оюунбаярынх энэ жил өвөлжөө, хаваржааныхаа дэргэдээс өвсөө авч байгаа гэнэ. Энэ жил бага хүү нь хадлан авах ажлаа хариуцаж байгаа. Хамт хадаж байсан гурван хүүхэд нь сургууль орох цаг нь болж, төв орсон учир Д.Оюунбаяр гуай ийнхүү хүүдээ туслахаар өөрөө явжээ. Өвөл хаяанд ирж буй энэ цагт ахиу хадлан авах нь чухал. Ялангуяа, Тэшиг суманд цас их унадаг учир өвлийн цагт малаа бэлчээхээс илүү тэжээдэг онцлогтой юм байна. Тэшиг сумын Эрэн багийн нутагт аж төрөх буриадуудын дунд нэг өдрийг өнгөрүүлэхэд их л ажилтай, хөдөлмөрч хүмүүс юм даа гэсэн бодол төрж байсан юм. Тэд малаа маллахаас гадна айл бүр өрхийн аж ахуй эрхэлж, эрвийх дэрвийхээрээ ажиллана. О.Эрдэнэчимэг эгчийн хувьд үр хүүхдээ ажилтай зөв хүн болгож өсгөхөөс гадна гэргий хүн эр нөхрөө хүндэлж, дээдэлж явахад амьдрал аяндаа өнгө  ордог гэж онцолж байсан юм. Энэ тухайгаа “Айлын гэргий хүн нөхрөө хүндэлдэг сэтгэлтэй байх учиртай. Тэр хүний хийморь лундаа, ноён нуруу, ухааны хүчээр л амьдрал өнгө ордог юм шүү дээ. Өглөө бүр цайныхаа дээжийг ханьдаа барьж, малгай бүсийг нь дээш нь тавьдаг байгаарай” хэмээн захиж байсан юм. Түүний хань Д.Оюунбаяр сумын заан. Хөвгүүд нь ч барилддаг тухай дээр дурдсан. Наадам дөхөхөөр аав нь хөвгүүдээ дагуулаад бэлтгэлд гарна. Сумын наадамдаа аав хүү тавуулаа очиж барилддаг учир тэднийг жаахан хоцорсон ч наадамчид баяраа эхлүүлэхгүй хүлээгээд сууж байна. Зарим үед аав хөвгүүд хоорондоо таарна. Энэ үед ээжийнх нь сэтгэл их гэгэлзэнэ. Аав нь ч хөвгүүддээ тахимаа өгч, нэг даваа нэмэхэд нь баярлаж суудаг байсан тухайгаа дурссан юм.

О.Эрдэнэчимэг энэ он жилүүдэд арын албаа дааж, мөн ч олон дээлийн зах мушгисан ажээ. Зах зээл эхлээгүй байх үед наадам дөнгөж өнгөрөөгөөд л хань нь нэгдлийн хадлан базаах ажилд гарна. Намрын дэлгэр цагт гэрээсээ гарсан нөхөр нь арваннэгдүгээр сарын эхээр бууж ирдэг байжээ. Энэ үед зургаан жаахан хүүхэдтэй бүсгүй хүн ч гэлээ нэг ч өдөр сааль алдалгүйгээр гэрийн ажлаа амжуулж, ханийгаа хүлээж суудаг залуу насны гэгээн он жилүүдээ бидэнд дурсамж болгон ярьж байлаа. Түүний хань Д.Оюунбаяр их дуу цөөтэй, даруухан хүн ажээ. Харин хөвчийн тайгад очихоороо гарамгай анчин гэж байв. Энэ тухай гэргийн О.Эрдэнэчимэг нь “Манайх чинь их олон хүүхэдтэй. Амьдрал л юм чинь энэ хэдийгээ өсгөхийн тулд хань минь хангайгаас хишиг аваад ирнэ. Ихэвчлэн зэрлэг гахай, гөрөөс унагана. Гэхдээ хэзээ ч хангайн хишгийг ганц гэрээрээ хүртэхгүй. Хамт зусаж буй айл бүрт хувь тараадаг байлаа” хэмээн дурссан юм.

 

Дөрвөн хүүгийн дараа хүсэж, мөрөөдсөн охин үрээ өлгийджээ

 

О.Эрдэнэчимэг бусад малчин эмэгтэйн адилаар өдрийн ихэнх цагийг саалиа авч, цагаан идээгээ боловсруулсаар өнгөрүүлнэ. Эх хүний хувьд туйлын хүсэл нь хүүхдүүд нь зөв хүн байж, эрүүл энх амьдраасай гэсэн сэтгэл. Хэдийгээр хүүхдүүд нь том болж, өрх тусгаарласан ч гэлээ эх хүний үрээ гэх сэтгэл хэзээ ч дуусаж, дундардаггүй ажээ. Үр хүүхдүүдээс нь ургаж цэцэглэсэн ач зээ нартаа хошуу дэвсэнэ. О.Эрдэнэчимэг “Анх хүүхдүүд бага байхад манайх 25 кг-ийн ууттай гурил авахад долоо хонохгүй дуусдаг байлаа. Долоо хоног бүр л боорцог талхаа өөрсдөө хийнэ шүү дээ. Таван эрэгтэй бүгд хоолны хул аягатай. Тогоо дүүрэн мах чанаад тавихад орой нь дуусчихна. Одоо он цагийн эрхээр хүүхдүүд томроод тусдаа гарчихлаа. Гэхдээ зуны цагт ач зээ гээд 15 гаруй хүүхэд ирнэ. Өвгөн бид хоёр одоо тэднийхээ инээдэнд л жаргаж, хөөрч сууна. Манайх хөвгүүд олонтой. Ач нарын маань тав нь л охин” гэв. Д.Оюунбаяр зааных нэг охинтой. Дөрвөн хүү төрсний дараа хүсэж хүлээсэн охин үрээ өлгийдөж байжээ. Энэ тухайгаа О.Эрдэнэчимэг “Би чинь дарааллаад дөрвөн хүү төрүүлсэн. Хөл хүнд болохоороо л охин байгаасай гэж нууцхан хүснэ. Ингээд бага ахыгаа найман настай байхад буюу 1990 онд охин минь мэндэлсэн. Олон жил төрөөгүй байж байгаад амаржсан учир эмч ирээд охин төрсөн гэхэд эхэндээ үнэмшээгүй. Эмнэлгийн гадаа нөхөр хүлээж байсан юм. Гэтэл сувилагч гараад охинтой болсон гээд хэлчихсэн байхад нь өөр нэг эмч таараад хүүтэй болсон гээд андуураад хэлчихсэн юм билээ. Тухайн үед их эргэлзсэн гэсэн. Дөнгөж орж ирээд л охиныхоо өлгийг задалж үзээд санаа нь амарсан гэсэн. Манай хадам аав хүүд их хайртай. Нөхөр надад шөл дөхүүлж өгчихөөд харьж явах замдаа аавтайгаа тааралдаад охинтой болсон гэж хэлэхэд үл тоосон гэдэг. Харин бага хүүг минь төрөхөд их л баярласан юмдаг. Тухайн үед хүүхдээ төрүүлээд долоо хоноод эмнэлгээс гардаг байлаа. Том хүүгээ төрүүлэхэд хадам аав ирээд хүүг минь өвөртөлж аваад, би морьтой араас нь дагасаар гэртээ харьж байлаа” гэв. Одоогоор хоёр бага хүү нь аав ээжийнхээ дэргэд мал маллах ухаанаас нь суралцаж байгаа бол хүргэнийх нь Улаанбаатарт, гурван хүүгийнх нь Орхон аймагт аж төрж байна. 

 

“Би жаргаж амьдарсан эмэгтэй”

 

Булган аймаг байгалийн сайхнаараа алдартай нутаг. Ялангуяа, Тэшиг сум хүрээлэгдсэн их уулсын дунд байрлалтай ажээ. Хун, ангираас эхлээд усны шувуудын өлгий гэлтэй. О.Эрдэнэчимэгийн хувьд төрөлх нутгийнхаа үзэсгэлэнт байгалийг биширч, сүсэглэн залбирсаар явна. Тэрбээр “Манай нутагт үхэр, адуу өсгөж үржүүлэхэд их тохиромжтой. Харин хонь ямаа өсгөхөд бэлчээрийн хувьд жаахан багаддаг тал бий. Анх биднийг айл болоход эцэг эх, ах эгчийнхээ тасалж өгсөн малыг өнөөдрийн тоонд авчирах гэж өвгөн бид хоёр энэ насаа зориулжээ. Гэхдээ малчин монгол заяандаа үргэлж баярлаж, үр шимийг нь хүртэж явдаг юм шүү” гэсэн билээ. Үнэхээр тал дүүрэн бэлчих хонин сүрэг, тааваараа идээшлэн хэвтэх үхэр тэргүүтнийг нь харахад ямар сайхан хөдөлмөрч  хүмүүс вэ гэсэн бахархах сэтгэл төрж байсан юм.О.Эрдэнэчимэг цааш нь “Аз жаргалтай амьдрал гэдэг чинь сэтгэл амар байхыг л хэлдэг юм шүү. Өнөөдөр би  жаргаж амьдарсан эмэгтэй. Учир нь миний хань архи дарс, тамхи хэрэглэдэггүй, их амар хүн бий. Хэрэв ууж идээд алга болчихдог байсан бол энэ амьдрал босохгүй байсан болов уу. Хөвгүүддээ үлгэр дууриал болсон ханиараа энэ амьдралаа чимж явна. Манай хүн чинь насаараа надтай хамт үнээгээ сааж, цугтаа цагаан идээгээ боловсруулж ирсэн. Хэзээ ч энэ чиний хийх ажил гээд хойш сууж байсангүй. Ууттай ааруулаа хоёр талаас нь дэмнэж өргөсөөр 40 гаруй жил болох нь дээ” гэв. Үнэхээр Тэшигийн талд налайх хонин сүргийн эзэд П.Оюунбаяр, О.Эрдэнэчимэг нар буянт малаа улам арвижуулж, түүнийхээ үр шимээр амьдралаа залгуулж, нутгийн залуустаа мал маллах ухаанаасаа харамгүй зааж, сургасаар 44 жил ханилж байгаа хоёр юм. Цаашдаа ч малчин монгол удам нь тасрахгүй үеийн үед үргэлжлэх биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 185 (7170)