УИХ-ын гишүүн С.Замира Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Казахстан улсад хийсэн айлчлалаар шийдсэн асуудалд Баян-Өлгий аймгийн ард түмний өмнөөс талархал илэрхийлсэн байна.

Уг талархалд “Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх танд Баян-Өлгий аймгийн ард түмний өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Баян-Өлгий аймгийн иргэдийн олон жил хүсэж, хүлээж байсан Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээхээр тохиролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт миний зүгээс хүргүүлсэн “Астана-Улаанбаатар, Баян-Өлгий-Өскемен” чиглэлд олон улсын нислэг үйлдэхтэй холбоотой албан тоотын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 онд Ховд аймгийн “Ховд”, Өмнөговь аймгийн “Гурвансайхан”, Хөвсгөл аймгийн “Мөрөн”, Баян-Өлгий аймгийн “Өлгий” 4 аймгийн нисэх буудлыг олон улсын шууд нислэг хүлээн авах боломжтой болгохоор зорьж, дотоодын агаарын тээвэрлэгчдэд бэлтгэл ажлаа хангах, нислэгийн чиглэл, давтамжийн саналаа боловсруулан ирүүлэхийг чиглэл болгосон билээ. Ийнхүү Баян-Өлгий аймгийн онгоцны буудал ОУ-ын стандарттай болвол бидний олон жил гацсан “Астана-Улаанбаатар, Баян-Өлгий-Өскемен” чиглэлийн олон улсын нислэг нааштай шийдэгдэх боломж бүрдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт “Астана-Улаанбаатар, Баян-Өлгий-Өскемен” чиглэлд олон улсын нислэг үйлдэхтэй холбоотойгоор хүргүүлсэн албан хүсэлтийн дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт 2026 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд бидний хүсэлтийг уламжилсан албан тоотыг хүргүүлсэн.

2025 оны арванхоёрдугаар сарын 23-нд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт “Астана-Улаанбаатар, Баян-Өлгий-Өскемен” чиглэлд олон улсын нислэг үйлдэхтэй холбоотойгоор манай талаас нислэгийн зөвшөөрөл олгох тухай салбарын хууль тогтоомж, түүнд нийцүүлж баталсан дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус чиглэлд олон улсын нислэгийг нэн даруй эхлүүлэхтэй холбоотой зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар онцгой анхааран, шийдвэрлэж өгөхийг хүсэн албан хүсэлт хүргүүлсэн.

Казахстаны талаас хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүрээнд агаарын хүн тээврийн харилцааг эрчимжүүлэх зорилгоор “Улаанбаатар-Астана, Баян-Өлгий-Өскемен” чиглэлд Бүгд Найрамдах Казахстан Улсын дотоодын авиа компаниуд шууд нислэг үйлдэх, тээвэр, логистикийн шинэ маршрутыг шат дараатайгаар бий болгох, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хоёр орны ард түмний хэлхээ холбоог бататган бэхжүүлэх энэхүү асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхөө илэрхийлсэн.

Түүнчлэн, энэхүү тулгамдсан асуудлыг Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Байтак” жасылдар намаас санаачлан зохион байгуулсан “Усны аюулгүй байдлыг хангая” олон улсын чуулганд намын дарга А.Амиртаевийн урилгаар оролцох үеэр тус улсын Сенат буюу Парламентын дээд танхимын Эдийн засгийн бодлого, шинэтгэлийн хөгжил болон хөдөлмөр эрхлэлт хариуцсан хорооны дарга Алдашев Сүйіндік Тасемен, мөн Мажилис буюу Парламентын доод танхимын Нийгэм, соёлын хөгжил хариуцсан хорооны Нарийн бичгийн дарга Тау Нұргүл болон бусад албан тушаалтнуудтай уулзах үеэр Монгол болон Казахстан хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүрээнд агаарын хүн тээврийн харилцааг эрчимжүүлэх зорилгоор “Улаанбаатар-Астана, Баян-Өлгий-Алматы” чиглэлд Бүгд Найрамдах Казахстан Улсын дотоодын авиа компаниуд шууд нислэг үйлдэх, тээвэр, логистикийн шинэ маршрутыг шат дараатайгаар бий болгох, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хоёр орны ард түмний хэлхээ холбоог бататган бэхжүүлэх тал онцгойлон анхаарч ажиллахыг хүссэн.

2025 оны зургадугаар дугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Астана - Улаанбаатар - Баян-Өлгий чиглэлээр олон улсын нислэгийг хэзээнээс хийж эхлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайдаас тодруулж, иргэдийн зорчих эрх, тээврийн хүртээмжид тулгамдаж буй бодит асуудлыг хөндсөн” гэсэн байна.

Эх сурвалж: zms.mn