Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа “Шинэ үе” продакшны жүжигчин, загвар өмсөгч Х.Азбуянг урилаа.
-“Шинэ үе” продакшнд хоёр жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн. Анхны тайзнаасаа ихийг сурсан байх даа?
-Би 2021 оноос “Шинэ үе” продакшнд ажиллаж эхэлсэн. Анх шинэ үзүүлбэрүүдээс гадна өмнө нь өөр хүн ажилласан дүрийг сэргээж тоглодог байлаа. Миний анхны дүр гэвэл “Аймшгийн хүрэн” гэсэн номер байсан. Энэ бүтээлд Бооёо ах, Туул эгч хоёрын охин болж тоглож билээ. Тухайн үед их загнуулсан ч ихийг сурч мэдсэн учир энэ дүрээ илүү хайрладаг.
-Тайзны уран бүтээлч үзэгчдийн сэтгэл хөдлөлийг ойроос мэдэрдэг байх. Энэ үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Миний ажилласан дүрийг хүмүүс санаж, дурсаж, сэтгэгдлээ хэлэх сайхан. Мөн ажилласан дүрээр минь хүлээж авах нь бий. Жүжигчин хүн үргэлж өөрөөсөө өөр хүнийг тоглодог. Тиймээс хүмүүс үзээд урмын үг хэлэхэд нь өөрийгөө сайн ажиллаж дээ гэж урамшуулдаг. Тайзны бүтээлд ажиллахад үзэгчид надтай хамт инээж, амьсгал авч байгааг минь хүртэл мэдэрдэг. Энэ агшин л мэргэжлээрээ бахархах шалтгаан болдог юм. Би найруулагч Л.Таванбаяр ахын “Эгч дүүс” гээд хоёр хүний жүжгийн дүүгийнх нь дүрд ажиллаж байсан. Харин миний эгчийн дүрд Б.Одгэрэл эгч ажилласан. Тухайн үед энэ жүжгийг кофе шопд толилуулж байсан юм. Миний дүр эхэндээ хоржин, сүүлдээ хамгийн буруутай хохирогч нь болдог. Тухайн уран бүтээлд тоглож байхдаа үзэгчдийн нүдрүү хартал бүгд миний дүрд дургүй байгаа нь ажиглагдсан. Үүнийг хараад би мэргэжлээрээ хамгийн ихээр бахархмаар мэдрэмж төрж байлаа.
-Уран бүтээл бүхнээс үзэгчид багагүй зүйлийг дүгнэж, ойлгодог шиг санагддаг?
-Ямарваа бүтээл өөрийн хэлэх гэсэн санаатай мэндэлдэг. Өнөөдөр урлагийг өөр өөрийн аргаар түгээдэг олон салбар бий. Гэхдээ хамтын хөдөлмөр байхгүй бол үнэ цэнгүй. Зохиолч нэг санаа тусгана, түүгээр нь найруулагч үзэгчдэд, нийгэмд эерэг нөлөөллийг түгээхийг зорьж байдаг. Харин жүжигчин тэр санааг илэрхийлж гаргах нь чухал. Тиймээс тухайн бүтээлийг үзсэн хүн бидний номеруудаас өөрийгөө олж хараасай. Мөн тэрхүү бүтээлээс ингэж болохгүй юм байна ч юмуу, сэдэл авч ухаараасай гэж хүсдэг.
-Тайзны уран бүтээлд жүжигчин алдах эрхгүй. Үүгээрээ л дэлгэцийн бүтээлээс ялгаатай байх даа?
-Тайз болон дэлгэцийн бүтээл хоёулаа сайхан. Дэлгэцийн уран бүтээлд ажиллахад тухайн жүжигчин алдаа гаргавал дахин зураг авалтаар засах боломжтой. Харин нэгэнт л дүрээ ойлголгүй, ур чадвараа харуулж чадахгүй бол тэр чигээрээ дэлгэцэнд мөнхөрч үлдэнэ. Энэ нь нэг талаараа эрсдэлтэй. Мөн дэлгэцийн уран бүтээлд ажиллахад тухайн дүрээсээ хамаараад хүмүүсийн зүрх сэтгэлд өөр, өөрөөр дурсагдаж үлдэх нь бий. Харин тайзны уран бүтээл үзэгчтэйгээ хамт байдаг. Өөрийнх ур чадвар, жүжиглэлт ямар байгааг үзэгчид газар дээр нь дүгнээд хэлээд өгчихдөг. Энэ нь нэг талаараа эрсдэлтэй, нэг ч текст алдаж болохгүй хариуцлагатай ажил. Залуу уран бүтээлч миний хувьд мэргэжлийн ур чадвараа сайн эзэмшсэн чадвартай байж л тайзны уран бүтээлд ажиллана гэдгийг ойлгоод, суралцаад явж байна.
-Таны жүжигчин мэргэжлийг сонгосон түүх сонирхол татаж байна?
-Би 2015 онд Их засаг их сургуулийн Театр урлагийн их сургуулийг тайз дэлгэцийн жүжигчин мэргэжлээр дүүргэсэн. Мэргэжлээ сонгоод суралцаж байх хугацаандаа мэргэжилдээ илүү дурлаж байлаа. Анх зорилгоо тодорхойлоогүй байсан. Би өдөр бүр нэгэн хэвийн зүйл хийх дургүй. Энэ нь сонирхолгүй санагддаг. Нэг зүйлээсээ хурдан уйддаг. Ер нь шинийг сурч, туршиж өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг хүн. Тиймээс л жүжигчин мэргэжил сонгосон доо. Хэрэв би жүжигчин болоогүй байсан бол сэтгүүлч, хөтлөгч болох байсан байх. Мөн хүүхдүүдтэй ажиллах их дуртай. Учир нь хүүхдүүдээс аз жаргал, гэгээлэг байдлыг мэдэрдэг. Тиймээс багш болох байсан ч байж магадгүй.
-Мэргэжил бүхэн сайхан. Та уран бүтээлээсээ гадна багш мэргэжлээр ажилладаг байх аа?
-“Залуу хатагтай ноёд”-ын сургуульд багшилдаг. Би 2007 онд өөрөө суралцаж байсан юм. Харин 2017 оноос тайзны алхааны багшаар орж одоог хүртэл цагийн багшаар ажилладаг. Эргээд бодоход би өөрийн хүсэж байсан мэргэжлээрээ ажиллаж байгаа юм билээ. Би өсвөр насандаа бүрэг даруухан охин байсан. Сургалтад явснаар би загварын алхаандаа дурласан. Энэ нь хобби болоод сүүлдээ ажил минь болсон түүхтэй. Намайг анх загварт дурлаж байхад тухайн үеийн охид загвар өмсөгч болохыг мөрөөддөг байлаа. Олон уралдаан тэмцээн, загварын шоу болно. Мөн загварын агентлаг ч нэлээдгүй байсан. Эдгээрт оролцсоноор өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Загварын тайзнаас би ихийг сурсан. Жишээлбэл, нийгмийн харилцаанд орж хүмүүстэй хэрхэн ойлголцохыг сурлаа. Мөн эмэгтэй хүний үүднээс хувцас, гадаад үзэмждээ ч анхаарч эхэлсэн. Моделиор ажиллаж байхдаа цаг баримталж сурсан. Энэ бүхнийг сургуулиасаа сурсны дараа багшаар ажиллах боломж олдсонд талархаж явдаг. Учир нь одоогийн өсвөр насныхан миний туулсан замаар л явдаг юм билээ. Тухайлбал, үг дуу цөөн, өөртөө итгэлгүй, өөрийгөө бусдад илэрхийлж чаддаггүй. Мөн өөртөө итгэлгүйгээс олон боломжоос хоцордог. Тиймдээ ч өөрийн өсвөр насны дүрийг олон хүүхдээс хардаг. Хүүхдийг задалж ихийг сургаж, хөгжүүлэхийг хичээдэг. Шавь нар маань ихэвчлэн эхэндээ “Би чадахгүй, өсгийт өмсдөггүй” гэж хэлдэг. Мөн хүүхдүүддээ өөрийн туулсан замынхаа тухай сургамжаасаа хуваалцана. Эмэгтэй хүн доошоо битгий хараарай гэж их захина. Гэтэл хүүхдүүд миний хажууд доошоо харахгүй ч гараад л хэвшил нь давтагдана. Тиймээс дадал суулгахын тулд урам зориг өгөх хэрэгтэй. Чи байгаагаараа л гоё, өөрийгөө хүлээн зөвшөөр гэж хэлнэ. Өөрийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрсөн хүн цаанаасаа аз жаргалтай байдаг. Учир нь өөрийгөө хүлээн зөвшөөрч байж бусдад хүндлэгдэнэ шүү дээ.
-Урлаг хүнээс их тэвчээр шаарддаг шиг санагддаг. Бас өндөр шалгууртай байдаг шүү дээ?
-Мэдээж золиос их, бага хэмжээгээр гарна. Жишээлбэл, уран бүтээлд ажиллаж байхдаа үсний өнгөө өөрчлөх болвол заавал найруулагчаасаа зөвшөөрөл авна. Тиймээс мэргэжил маань их хариуцлагатай шүү. Мөн гэр бүлтэй болсон эмэгтэй жүжигчид мэргэжлээрээ ажиллахад хүндрэлтэй. Учир нь хэд дахин ачаалалтай байх нь бий. Үр хүүхдээ өсгөж, нөхрөө халамжлах гэрийн ажлаа амжуулах нь их тэвчээр шаардана. Тиймээс жүжигчин хүн хувийн зохион байгуулалт сайтай байхаас гадна өөрийгөө хайрлаж, эрүүл байх нь ёстой.
-Хүнд гадаад үзэмжээс илүү дотоод сэтгэл чухал. Сэтгэлийн гоо сайхнаа бид хэрхэн арчлах ёстой вэ?
-Хүмүүс ихэвчлэн биеэ сайхан авч явах гэдгийг гаднаасаа сайхан харагдах л гэж ойлгодог. Зарим хүмүүс гоё харагдахыг чухалчилдаг. Гэвч гаднаас нь хараад гоо үзэсгэлэнд нь татагдсан ч харилцаад үзэхэд буруу бодолтой, сэтгэл муутай байвал нөхөрлөхөд хэцүү. Тиймээс зөв хүн байж, биеэ сайхан авч явах хэрэгтэй. Мөн бусдад төвөг болохгүй, харах өнцөг эерэг байх хэрэгтэй. Ялангуяа залуу хүн өөрийн сонирхол, мөрөөдөлтэй байх нь зөв. Хүн заавал үнэтэй хувцас өмсөх албагүй. Хуучин ч гэсэн цэвэрхэн хувцастай байвал болно доо.
-Урлагийнхнаас хүмүүс суралцах нь бий. Та бусдад ямар байдлаараа үлгэрлэхийг хичээдэг бол?
-Би хүмүүст бүрэн танигдаагүй, хичээж л явна. Ихэвчлэн өсвөр насныхан болон түүнээс доош үеийхэн намайг мэддэг. Тиймээс бүх талаараа зөв байхыг хичээж байна. Зарим үед цахим хуудастаа хөгжилтэй байх үүднээс бичлэг оруулдаг. Энэ үед зарим нь шүүмжилнэ. Зүгээр л аливааг хөнгөхөн хүлээж авч, сайн талаас нь харвал стрессдэх зүйл байхгүй шүү дээ. Би сонгуулийн ажил хийж үзээгүй, ямар нэг бүтээгдэхүүний маркетинг хийж байгаагүй, зүгээр л зөв явахыг эрхэмлэдэг нэгэн.
-Шинэ, залуу жүжигчдийнхээ сул болон давуу талыг хэрхэн харж байна?
-Би салбарынхаа дунд үед нь явна. Ах эгч, дүү нар байна. Шинэ жүжигчдийн давуу тал нь нээлттэй, үзэл бодлоо илэрхийлж, хамгаалж чаддаг болжээ. Мөн аливааг сэтгэхдээ их хурдан байгаа нь бахархууштай. Харин сул тал нь тэсвэргүй, бусдаас үг сонсохдоо муу юм шиг санагддаг.
-Хүнд зорилго их чухал. Эргээд бодоход мөрөөдлийнхөө хэдэн хувьд хүрсэн байна вэ?
-Би мөрөөдлийнхөө 40 хувьд хүрсэн. Анх жүжигчин мэргэжлийг сонгоод сурч боловсорсон. Харин одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Эдгээрийг эхлэхээсээ өмнө би мөрөөддөг байсан. Харин одоо үлдсэн хувийн зорилго гэвэл олонд танигдаж, эх орныхоо нэрийн олон улсад таниулсан, дэлхийн жүжигчин болохыг хичээж байна. Туйлын хүсэл минь л энэ. Хүн том сэтгэж байж түүндээ хүрнэ. Тиймээс мөрөөдөлдөө үнэнч байх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 184 (7169)