Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэхээр боллоо

0
хуваалцах
65
үзсэн

П.АМГАЛАН

Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг есдүгээр сарын 13-нд тус улсын Гадаад хэргийн сайд Пенни Вонг-той албан ёсны хэлэлцээ хийв. Энэ үеэр талууд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэн, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг улам бэхжүүлэхээр тохиров. Мөн сайд Б.Батцэцэг хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо. Түүнчлэн хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Харин сайд Пенни Вонг “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Австралийн Холбооны Улсад хийж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн хоёр талын харилцаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд гүнзгийрэн хөгжиж буйд баяртай байгааг илэрхийлж, жендерийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг онцоллоо.

Мөн албан ёсны хэлэлцээний үеэр энэ жилээс Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэхээр боллоо.  Түүнчлэн 2023 оноос эхлэн хэрэгжиж буй “Ажиллах болон амрах виз”-ийн тохиролцоо үр дүнтэй хэрэгжиж буйг дурдаад үүнд хамрагдах иргэдийн тоог харилцан нэмэгдүүлэхийн төлөө байна гэв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулав. Энэхүү баримт бичиг нь бүс нутаг, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар харилцан зөвлөлдөх, хоёр улсын дипломат ажилтнуудыг харилцан солилцох, сургалтад хамруулах болон Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн хоёр тал дүгнэв. Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан тус улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Эх сурвалж:www.polit.mn