Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Урлаг” булангийн ээлжит зочноор “Тоонот” пикчерсийн үүсгэн байгуулагч, жүжигчин Б.Батбаатарыг урилаа.

 

-Та хүүхдийг багаас нь хөгжүүлэх урлагийн сургалтын төв ажиллуулж байгаа юм билээ. Сургалтын хөтөлбөрөө танилцуулахгүй юу?

-Би театр урлаг, санхүү эдийн засгийн сургуульд багшаар 18 жил ажилласан. Энэ хугацаанд зарим оюутнууд уран зураг мэддэггүй, сонгодог бүтээл уншдаггүй нь ажиглагдсан. Харин урлагийн боловсролыг бага байхаас нь заах үр дүнтэй, ач холбогдолтой. Учир нь хүүхэд өөрийн дуртай зүйлээ олбол ирээдүйд нь тустай. Тиймээс “Тоонот” сургалтын төвөө байгуулсан.  Сургалтандаа 8-14 насны хүүхдэд урлагийн боловсрол олгох хөтөлбөр боловсруулсан. Жүжигчний анхан шатны  мэдлэг олгох драмын дугуйлан нээж хичээллүүлж байна. Гэхдээ сургалтыг дан драмын дугуйлан гэж ойлгож болохгүй. Урлагийн цогц сургалт олгохыг зорьж байна. Хөтөлбөрт уран зураг, уран зохиол, дуулах ур зүй, театрын урлаг, кино, бүжиглэх ур чадвар, хэл яриа засал, тууль домог, хөгжмийн боловсрол, амьдрах стратеги гэсэн сургалт багтсан.  Эдгээр нь тухайн хүүхдийн хөгжилд эерэг нөлөөтэй. Судлаад үзэхэд эдгээр сургалтыг гадны улсад хүүхдэд багаас нь эзэмшүүлсэн байдаг юм билээ.

-Хүүхэд зөв зүйлд цагаа зарцуулах нь хөгжилд нь эерэг нөлөөтэй байх, тийм үү? 

-Хүүхэд өсгөхөд олон асуудал тулгардаг. Үүний нэг нь хүүхдүүд утас, цахим орчин их хэрэглэж байгаа явдал. Энэ нь цаашлаад донтолт болдог. Энэ үед эцэг эхчүүд утсыг нь хураахад оройтсон байх нь бий. Учир нь хүүхэд буруу хэвшилд дадсантай шууд холбоотой. Хүүхдүүд ном уншихгүй, уран зураг үздэггүй, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь олон зүйлтэй мөн л холбоотой. Буруу хэвшил суусан хүүхдийг засах амаргүй. Тиймээс хүүхдийг багаас нь урлагийн боловсролтой  болгох нь эерэг нөлөө үзүүлнэ. Тухайлбал, өөрийгөө таньж мэднэ, хэл яриа нь зүгширнэ. Тухайн хүүхэд ирээдүйд урлагийн мэргэжил эзэмшихгүй байсан ч урлагийн боловсрол хэрэгтэй. Өнөөгийн нийгэмд дипломоос илүү хувь хүний хандлага, чадамж, харилцааг хардаг болсон. Тиймээс урлагийн боловсролоор дамжуулан багаар ажиллах чадвар, хэл яриа засах, хөдөлгөөний эвсэл зэрэг чухал ач холбогдолтой дадлыг эзэмшинэ. Мэдрэмж олгоно. Мөн мэндлэх хүндлэхээс эхлээд зөв харьцдаг иргэн болж төлөвшинө.

-Аливааг сурахад хүүхдийн хичээл зүтгэлээс гадна багш чухал нөлөөтэй. Тиймээс сургалтын төвийг зорьж ирсэн хүүхдүүдэд ямар багш хичээл заах вэ?

-Манай сургалтад туршлагатай, мэргэжлийн 10 багш ажиллана. Хамгийн сайн багш мэргэжилтэн сонгож  ажиллуулж байгаа. Багшийн эрдэм шавьд гэдэг. Тиймээс багш сайн байж хүүхдийн суурь зөв тавигдана. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сайн багшид шавь оруулах хэрэгтэй. Манайд гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг театр болон кино урлагийн мэдлэг олгоно. Харин хэл яриа заслын сургалтыг СУИС-ийн тайзны ярианы багш Ж.Болор-Эрдэнэ орно. Дуулах ур зүйг УДЭТ-ын жүжигчин, А-Capella  хамтлагийн дуучин Д.Мөнх-Од заана. Бүжгийн хичээлийг Шинэ үе продакшны жүжигчин, загвар өмсөгч Х.Азбуян хариуцаж ажиллана. Дараагийн багш нь хөгжмийн зохиолч, Алтан ураг хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат. Харин уран зохиолыг Утга зохиолын хүрээлэнгийн зохиолч Ж.Сэнгэдорж заахаар болсон.  Стратеги судлаач Д.Цэцэнбилэг хувь хүний хөгжлийн хичээл заах юм. Мөн тууль домог зүйн сэтгэлгээг төрийн туульч Э.Баатаржав  орно. Эдгээр хичээлийн дараа уран зургийн галерей үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Монголын сонгодог уран зураг үзсэний дараа урчуудын эвлэлийн гишүүн, зураач С.Зэсээ ирж уран зургийн хичээл заана. Сургалтаараа урлагийн анхан шатны ойлголтыг зааснаар дундаас нь хүүхэд дуртай зүйлээ олж авах юм. Үүнийгээ цааш нь хөгжүүлээд явах бүрэн боломжтой. Харин сургалт анхан, дунд, ахисан түвшнээр хичээллэнэ. Сургалтад хамрагдсан хүүхдүүдээсээ шалгаруулаад кино уран бүтээлд оролцуулна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7156)