Д.ОЮУНЧИМЭГ
БОАЖЯ-ны санаачлагаар “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулган зохион байгуулагдсан юм. Энэ үеэр НҮБ-ын Уур амьсгалын төслүүдийн үндэсний зохицуулагч Д.Саруултай ярилцлаа.
-Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн анхаарлын төвд байна. Манай улсын хувьд энэ чиглэлд түлхүү анхаарч байгаа. Таны байр суурь?
-Риогийн дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс НҮБ-ын хөгжлийн байгууллагын уур амьсгалын суурь конвенцид нэгдсэн учраас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үүрэг, амлалт авч эхэлсэн. Мөн 2015 онд Парисын хэлэлцээр батлагдан манай улс нэгдэн орж үүрэг хүлээсэн. Ингэхдээ хүлэмжийн хийн ялгарлыг 2010 оныхтой харьцуулан 2030 он гэхэд 22,7 хувь бууруулах амлалт авсан. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байгаа гол шалтгаан нь хүлэмжийн хийн ялгарал гэдгийг шинжлэх ухаанаар баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын өсөлт, аж үйлдвэржилтийн хөгжлөөс үүдэн хүлэмжийн хийн ялгарал өсч байгаа. Энэ нь дэлхийн дулааралд нөлөөлж байгаа бөгөөд өргөн хүрээндээ уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан болж байгаа юм.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийг бууруулах амлалт нь бусад улс орнуудтай харьцуулахад харьцангүй бага үзүүлэлт. Мэдээж үүнд учир шалтгаан бий. Үсрэнгүй хөгжилтэй, аж үйлдвэржилт хөгжсөн орнуудтай харьцуулахад Монгол Улс хүлэмжийн хийг бага ялгаруулдаг гэж болно. Гэсэн хэдий ч олон улсын хичээл зүтгэлээс хойш суулгүйгээр үүрэг амлалт авсан.
-Дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангүй бага мэт боловч хүн амын нягтаршил, сууршлийн бүсээс хамаарч яалт ч үгүй л уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шаардлага тулгарч байна л даа?
-Хүлэмжийн хийг ялгаруулдаг эх сурвалж бий. Тухайлбал, эрчим хүчний салбарт нүүрсний цахилгаан станц хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл. Дэлхийн чиг хандлага эрчим хүчний нүүрсний хэрэглээг бууруулахад чиглэж байна. Тиймээс энэ салбарт сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахад анхаарал хандуулах шаардлагатай. Нөгөөтэйгүүр барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарал багатай технологи ашиглах. Тээврийн салбарт нийтийн тээврийг түлхүү хөгжүүлэх. Цахилгаан машины экспорт, импортыг хөгжүүлэх гэх мэтчилэн салбар бүрт уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөхгүй байх бүхий л боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Түүнчлэн хог хаягдлын салбарт хогоо дахин боловсруулах боломж бий. Дунд сургуулийн хүүхэд загварын чиг хандлагыг урт хугацааны давтамжтайгаар гаргадаг байх тухай ярьж байна. Учир нь хувцас хүлэмжийн хий ялгаруулалтад нэлээд нөлөө үзүүлдэг гэдгийг тэр хүүхэд тайлбарлаж байна шүү дээ. Тиймээс олон тооны хувцас хэрэглэхээс илүүтэй чанартай, цөөн тооны хувцастай байхыг уриалж байгаа харагдсан. Энэ мэт зарчмыг өдөр тутмын амьдралтайгаа уях хэрэгтэйг хүүхэд, залуус сануулж байна шүү дээ.
Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх төслийн баримт бичиг боловсруулахтай зэрэгцэн хүүхэд залуусын оролцоог хангахад анхаарч ажиллах шаардлагатай. Гадны улс орнуудын туршлагаас харахад тэдний дуу хоолойг нийгэмд хүчтэй байлгах механизм ашигладаг юм билээ.
-Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн ямар төсөл хэрэгжүүлж байна вэ?
-Манайх хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжиж байна. Үүгээр барилга, тээврийн салбараас ялгарч байгаа хүлэмжийн хийг тооцдог арга зүйг нэвтрүүлэхийн тулд үндэсний мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлж байна. Мөн газар ашиглалт, бэлчээрийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицоход дэмжлэг үзүүлдэг.
Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлж байгаа. Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт нь нийтлэг зүйлтэй. Тиймээс агаарын бохирдлыг бууруулснаар халдварт өвчнийг бууруулах боломж бий. Төслийн хүрээнд агаарын бохирдлоос үүдэн өвчилсөн хүнд хэдий хэмжээний зардал гаргаж байна вэ. Энэ нь улсын эдийн засагт ямар дарамт үзүүлж байгаа вэ гэдэг эдийн засгийн тооцооллыг ч мөн хийж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 168 (7153)