ASEZ WAО-н 100 гаруй гишүүн болон тэдний ойр дотнынхон өчигдөр (2023.07.23) гадаа усархаг аадар бороо орж байсныг үл харгалзан залуу хүний эрч хүч, халуун сэтгэлээр эх байгалиа хайрлан хамгаалахад бодитоор оролцон, Туул голын эрэг орчмыг цэвэрлэлээ. 1 цаг 30 минут орчим үргэлжилсэн тус үйл ажиллагаагаар нэг удаагийн хуванцар аяганаас эхлээд цаасан аяга, лааз, шилэн сав, гялгар уут, барилгын хөөсөнцөр, автомашины дугуй гэх мэт ахуйн болоод барилга, техникийн хог хаягдал бүхий нэг тонн хог хаягдал түүж цуглуулжээ.
Хотын төвд цэвэрлэх байгууламж дутагдалтай байгаа нь усны бохирдлыг эрчимжүүлж, иргэдийг ундны усны хомсдолд хүргэх эрсдэлтэй байгаа өнөө үед Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэгийн (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) ажилчин залуу сайн дурынхны ASEZ WАО баг Туул гол орчимд "Blue Ocean” буюу “Цэнхэр далай” цэвэрлэгээний хөдөлгөөнийг өрнүүлсэн нь цаг үеэ олсон талархууштай ажил болсон байна.
ASEZ WАО-н гишүүн хэлэхдээ, “Эх байгалиа хамгаалж, хүн төрөлхтнийг эрүүл саруул амьдрахад нийгмийн бүхий л давхарга, залуучуудын оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд байгаль орчныг хамгаалах үйлсийг өдөр тутмын амьдралдаа бага багаар хэрэгжүүлж дадвал сайн үр дүнд хүрнэ гэж найдаж байна” гэв.
“Манай улс бол уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд өртөж байгаа 10 улсын нэг болчхоод байгаа. Энэ утгаараа хүрээлэн буй орчноо хамгаалах, орчны бохирдол, байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал болсон ийм цаг үе гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байгаа. Өнөөдрийн энэ арга хэмжээг ASEZ WAO-н ажилчин залуус нэгдээд Туул голыг цэвэрлэх ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж байгааг Байгаль орчин аялал жуулчлалын яамныхаа удирдлага хамт олныхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Ер нь манай Монголын төрийн болон төрийн бус байгууллагын залуучууд манлайлан, хүрээлэн буй орчноо хамгаалах, бохирдуулж байгаа тогтсон энэ буруу хандлагыг өөрчлөх хүрээнд тодорхой ахиц дэвшил, өөрчлөлт авчрах цаг нь болчихсон байна. Уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад хэрхэн нөлөөлж байгааг хүн бүрийн амьдралдаа илт мэдэрч байгаа учраас хүрээлэн буй орчноо хамгаалах энэ ариун үйлсэд залуучуудтайгаа нэгдээд энэ мэт байгаль орчныг цэвэрлэх үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг нийт иргэддээ уриалж байна” хэмээн тус үйл ажиллагаанд оролцсон Байгаль орчин аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалт, төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх ярилаа.
Гартаа барьсан нэг шуудайгаа хог хаягдлаар дүүргээд явж байсан, Солонгос улсаас ирээд уг арга хэмжээнд оролцож буй тус байгууллагын гишүүн Жан Хе Жи, "Бурханы сүмийн ASEZ WAO сайн дурын байгууллага нь Mother forest мод тарих, No more GPGP гэх зэрэг сайн дурын ажлуудыг зохион байгуулдаг. Дэлхийгээ гэсэн сэтгэлээр олон орны залуус сэтгэлээ нэгтгэн хамтдаа энэхүү сайн дурын ажилд оролцож байгаад баяртай байна" хэмээн ярьсан юм.
“Бид нэг гэр бүл болж, А-аас Z хүртэл дэлхийг аваръя“ (Save the Earth from A to Z, We Are One Family)” гэсэн утга бүхий ASEZ WAO нь дэлхий даяар “Blue Ocean” (далай, гол мөрөн цэвэрлэх), “No More GPGP” (хуванцар хог хаягдлыг бууруулах), ”Green earth” (гудамж, талбай цэвэрлэх), “Mother’s Forest” (Дэлхий даяар мод тарих) Green Workplace (ажлын байран дахь байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа) зэрэг сайн дурын үйлсийг санаачлан хэрэгжүүлэгч байгууллага юм.
ASEZ WAO нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Чулуун-Овоо, Сансарын ойр орчим, Хан-Уул дүүргийн Богд уул, Баянгол дүүргийн 3, 4-р хороолол, Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр худалдааны төв зэрэг олон газруудад тав тухтай орчин бүрдүүлэхийн төлөө сайн дурын хөдөлгөөн өрнүүлж байсан байна. Зөвхөн байгаль орчин цэвэрлэхээс гадна цас арилгах, мөстсөн зам цэвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг ч зохион байгуулжээ. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлэгт амьсгалын замын өвчтэй хүүхдүүдийг эмчлэх эмнэлгийн тоног төхөөрөмж болон эм, эмийн бүтээгдэхүүнээр ханган туслах ажлыг ч хийгээд амжсан байна. Өвлийн улиралд утаанаас болж агаарын бохирдол ихсэж, амьсгалын замын өвчнөөр өвчлөх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байсан тул тухайн үеийн энэхүү арга хэмжээ нь цагаа олсон ажил болжээ.
ASEZ WAO-н сайн дурын ажил дэлхийн улс орнуудад өрнөсөөр байдаг аж. Саяхан Перугийн Байгаль орчны яамтай хамтран ажилласан бөгөөд Перу ба Солонгост байгаль орчны концерт, форум уулзалтуудыг зохион байгуулж, иргэдийн байгаль орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Нэмж дурдахад боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийг дэмжих, онцгой байдлын үед тусламж үзүүлэх, соёлын солилцооны арга хэмжээ зохион байгуулах зэрэг янз бүрийн салбарт тасралтгүйгээр үй олон үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Тэднийг олон улс орны засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанаас шагнаж урамшуулсан бөгөөд томоохон шагналуудыг дурдвал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (хамгийн дээд шагнал), Перу улсын Хунин мужийн захирагчийн шагнал, Филиппиний Лейте мужийн Амбан захирагчийн талархал, Энэтхэгийн Ахмаднагар хотын даргын өргөмжлөл, АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн шагналууд багтаж байгаа юм. Түүнчлэн байгаль орчны олон улсын шагнал болох “Ногоон дэлхийн шагнал”, “Ногоон алим” шагналыг хүртэж, “Ногоон дэлхийн элч”-ээр томилогдсон байна.
ASEZ WAO-н харьяалагддаг Бурханы сүм нь Монгол орны өнцөг булан бүрд төрөл бүрийн сайн дурын үйл ажиллагааг мөн тасралтгүй өрнүүлсээр байгаа юм байна. Байгаль орчин цэвэрлэхээс гадна Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Эрдэнэт хотод 1020 ширхэг суулгац тарьж, нүүрсхүчлийн хийг бууруулах, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулжээ. Ахмадын баярыг тохиолдуулан ахмад настнуудыг урьж өдөрлөг зохион байгуулж, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах үүднээс оёдлын машин хандивлаж, хорооны цагдаагийн хэсгийг хамгаалалтын хэрэгслээр ханган ажиллаж байжээ.