Р.Оюун

Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /КАРЕК/CAREC/-ийг ахалж байна. Тус хөтөлбөрийн түүхт 25 жилийн ойн хүрээнд сайд нарын бага хурал, хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, бизнес форум, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум гэсэн өндөр түвшний цуврал арга хэмжээг Азийн хөгжлийн банктай хамтран энэ сарын 28-наас аравдугаар сарын 2-ныг хүртэл Улаанбаатар хотод зохион байгуулж байна. КАРЕК хөтөлбөр нь 2001 оноос хойш бүс нутгийн тээврийн коридор, эрчим хүчний аюулгүй байдал, худалдааг хөнгөвчлөх, хил дамнасан холболтыг хөгжүүлэхэд төвлөрч иржээ. 25 жилийн ойн сайд нарын бага хурал нь өмнөх ажлыг дүгнэхийн зэрэгцээ CAREC 2030 стратегийн хэрэгжилт болон 2030 оноос хойшх бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ алсын харааг тодорхойлох ач холбогдолтой аж. 

Монгол Улсын хувьд КАРЕК-ийн 25 жилийн ойн сайд нарын бага хурлыг ахлан зохион байгуулж байгаа нь тээвэр логистик, худалдаа, эрчим хүч, аялал жуулчлал, чухал ашигт малтмал, дижитал шилжилт, санхүүгийн зах зээлийн үндэсний тэргүүлэх чиглэлийг КАРЕК-ийн дараагийн үеийн бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулах боломж бүрдүүлж байна. Мөн Монгол Улсын газар зүйн байршлыг Зүүн Ази-Төв Ази-Европыг холбох худалдаа, тээвэр логистик, эрчим хүч, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын холболтын боломж болгон ашиглахад КАРЕК-ийн коридор, төсөл, санхүүжилтийн механизмуудыг илүү үр дүнтэй ашиглах асуудал чухал байр суурь эзлэх юм. 

Монгол Улс КАРЕК-ийн хөтөлбөрт 2003 онд нэгдсэнээс хойш бүс нутгийн тээврийн холболт, авто зам, хил, боомт, худалдаа, логистикийн дэд бүтцийн том төслийг хэрэгжүүлжээ. 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад КАРЕК-тай холбоотой 19 төсөлд ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж үүнээс 13 тээврийн төсөлд нэг тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулсан бөгөөд 11-ийг нь Азийн хөгжлийн банк санхүүжүүлсэн байна. Монгол Улс 2026 онд КАРЕК-ийн дэвшилтэт дамжин өнгөрөх систем ба мэдээлэл солилцооны нэгдсэн систем /CATS/ICE/ туршилтад нэгдэх санамж бичигт гарын үсэг зурсан нь гааль, транзит тээврийн мэдээлэл солилцоог цахимжуулах, хил дамнасан худалдааг хөнгөвчлөх чухал алхам болж байна.   

Эх сурвалж www.zms.mn