Ө.ХҮҮ
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та Монгол Улсын хоёр дахь том хот Дарханыг дөрвөн жил удирдахаар ажлаа аваад удаагүй байна. Үйлдвэрийн хотыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө юунаас эхэлье гэж бодож байна?
-Дархан бол үйлдвэрийн хот. Анх суурийг нь тавихдаа ч энэ онцлогийг харгалзсан байдаг юм. Тиймээс үйлдвэржилтийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх, Засгаас гарч байгаа тогтоол, шийдвэрийн дагуу бүтээж буй томоохон үйлдвэрүүдийг цаг хугацаанд нь ашиглаж эхлэхэд орон нутгийн зүгээс дэмжих, ажилчдыг нь хүн ам зүй, нийгмийн бодлогынх нь дагуу эртнээс бэлдэхийг гол шугмаа болгон ажиллаж эхэлсэн. Үйлдвэрийн хотод ч ажлын байр дутагдалтай байна. Хөдөлмөрийн насны хүмүүсээ ажилтай байлгахын тулд одооноос Дарханд баригдах үйлдвэрүүдэд зайлшгүй хэрэгцээтэй мэргэжилтэн бэлдэхийг анхаарах ёстой юм байна. Нийгмийнхээ бодлогыг үүнд чиглүүлэх хэрэгтэй болж.
Дарханд ажилгүй суугаа иргэдийн судалгаа сар бүр гарч байгаа. Тэдний олонхи нь хөдөлмөрийн чадвартай, ид хийж бүтээх насны залуус байна. Мөн эмэгтэйчүүд ажилгүй суух нь эрчүүдээсээ илүү байгаа нь анзаарагдсан. Тэгэхээр ажлын байрыг олноор бий болгохоос ажлаа эхлэх хэрэгтэй гэж ойлгогдож байгаа юм.
-Үйлдвэрүүдийг барьж эхлэхийн өмнө тэнд ажиллах боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй гэдэг нь чухал байж мэдэх юм?
-Боловсролын салбарт хийх юм их байна. Цэцэрлэг хүрэлцээгүйгээс болж ид ажил хийж байх ёстой эхчүүд, аавууд ч гэртээ хүүхдээ хараад өнжиж байна. Өрх гэрээс ажил хийж байх ёстой хоёр хүний нэг нь хүүхдүүдээ хараад гэртээ суучихаар өрхийн орлого, амжиргааны төвшин буурч ядуурал ихсэж, амьдралынх нь чанар муудаж байгаа ажээ. Тиймээс иргэдийнхээ боловсролын асуудалд илүү анхаарах нь энэ дөрвөн жилийн томоохон зорилт байх болов уу. Боловсролтой байвал ажлын бүтээмж нэмэгдэх нь байна шүү дээ. Ажлын байр, ажиллах хүчний чадамжийг бүрэн ашиглаж, үүний дагуу үйлдвэрлэл нэмэгдэж,нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөх, үр дүнд нь амьдралын чанар цогцоороо дээшлэх юм байна.
-Цэцэрлэгийнхээ тоог хэдээр нэмэх гэж байна?
-Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр гурван цэцэрлэг нэмж барина. Цэцэрлэгийн барилгыг зориулалтын бусаар ашиглаж байгаа хоёр ч газрын үйл ажиллагааг өөрчилж буцаан хүүхдийн цэцэрлэг болгоно. Тэгэхээр энэ онд нийт таван цэцэрлэг шинээр ашиглалтанд орно. 180 хүүхдийн цэцэрлэгийг Нутгийн хөгжлийн сангаас 200 сая төгрөг гарган засварлана. 15, 17-р багт нийт 350 хүүхдийн цэцэрлэг барина.
-Дарханы иргэд нэг зүйлд сэтгэл хангалуун байгаагаа ярьж байсан. Олон жилийн турш хуучирсан орон сууцнуудын доорх инженерийн шугам сүлжээг төсвийн хөрөнгөөр иж бүрнээр нь шинэчлэхээр болсон юм байна. Энэ нүсэр ажлыг барьж авах өөр Засаг дарга байгаагүй гэж таныг магтаж байна лээ?
-Дархан бол 1961 онд байгуулагдсан 52 дахь жилтэйгээ золгож буй хот. Энэ үзүүлэлтээрээ залуу хот боловч газар доорх инженерийн байгууламж, орон сууцны хонгилын инженерийн шугамд нь нэг ч удаа гар хүрээгүй байдаг юм. Тиймээс холбогдох яам, Засгийн газар үндэслэлтэй тооцоо судалгаа гаргаж, дарааллыг нь зөв тогтоож хөрөнгийг гаргах хэрэгтэй. Ингэж чадвал ирэх дөрвөн жилдээ багтаад орон сууцнуудын шугам, сүлжээг иж бүрнээр нь шинэчилж чадах юм. Бүгдийг чаддагүй юм гэхэд хэсэгчлэн шийдэж болно. Хамгийн гол нь Дархан өөрөө ямар ч аюулгүй хот болох ёстой. Энэ өвлийн эхний хүйтрэлтээр гэхэд орон сууцнуудын шугам, сүлжээтэй холбоотой асуудал олон гарсан. Манай орон сууцнуудыг нийт 28 СӨХ харьяалж байдаг. Хонгил болгон нь доороо ус алдчихсан, хүн орж ажиллах нөхцлөөр хангагдаагүй, дотор нь ажиллаж байгаа хүн нэг эвгүй хөдлөж турбанд нь хүрэхэд л цоорохоор ундааны лааз шиг болчихсон байх жишээтэй. Энэ өвлийг ч хүндхэн давж байна. Төсвийн тухай хуулийн дагуу орон нутаг бие даан төсвөө зарцуулах эрхтэй болсон. Тиймээс иргэдэд төсөв нь нээлттэй болж байна гэсэн үг. Иргэдтэй ярилцаж захирагчийн ажлын алба, онцгой байдал, сумын Засаг дарга нартай хамтран бүх байруудаар шалгалт хийсэн. Аль байрнаас нь эхэлж шинэчлэх тухай дарааллыг нь ч гаргаад бэлдчихсэн. Орон нутгаас энэ ажилд тэрбум төгрөг төсөвлөсөн. Инженерийн шугам сүлжээ, хонгил зэргийг засах хөрөнгө л дөө. Өмнөх Засаг даргын үед таван давхар байрнуудын дээврийг бүрэн шинэчилж чадсан. Гэрэлтүүлгийг ч ерөнхийд нь шийдсэн. Тэгэхээр одоо инженерийн сүлжээгээ шинэчилж, орон сууцны конторуудыг дахин байгуулна. Гэхдээ СӨХ-нд үе шаттай өгөх ёстой юм шиг байна. Өнөөдөр СӨХ-нд шууд өгчихвөл балрах гээд байгаа учраас орон нутгийнхаа хөгжлийн сангаас засвар үйлчилгээг нь цогцоор нь хийж, орон сууц нийтийн аж ахуйн контор гэдэг зүйлийг дахин байгуулж цаашид засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй бол энэ ажлыг олон жил орхижээ.
-Хот доторх нийтийн эзэмшлийн нэгдсэн шугам сүлжээг ч бас шинэчлэх үү?
-Дархан хотын үндсэн инженерийн шугам, хорооллын доторх системүүд хуучирч муудсан байна. Гэхдээ арай хөлдөх дээрээ тулаагүй л дээ. Одоогоор энд тэнд хуучирсан шугам,хоолой өвлийн энэ их хүйтний үеийг даахгүй хагарч, гэмтэх зэрэг жижиг осол гарч байгаа. Тухай бүрт нь Дулааны сүлжээ, Дархан ус суваг, Цахилгаан түгээх сүлжээ, төвийн болон орон нутгийн мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллан засч байна.
-Урсгал ажлуудын хувьд ийм байж. Газарзүйн байршил, дэд бүтэц болон бусад үзүүлэлтээрээ Дархан Улаанбаатарын дараагаар орох хот. Хүн амьдрахад тохилог, тухтай хотын нэг болох хамгийн их боломжтой гэж үзэж байгаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Дархан хотод бүрэн хэрэгжиж дуусах бүтээн байгуулалтын ажлуудаас нэрлээч?
-Засгийн газар энэ жил бүх аймагт 1000 орон сууц барих ажлыг эхлүүлсэн. Үүний дагуу хөрөнгийн баталгаатай томоохон аж ахуйн нэгжүүдэд иргэдэд яг ийм үнээр орон сууц нийлүүлнэ гэсэн гэрээнийх нь дагуу инженерийн шугам сүлжээтэй газрыг дахин төлөвлөөд олгож байна. Эхний жишээ нь Төмөрлөгийн үйлдвэрийнхний барих орон сууцны хороолол. Төмөрлөгийн үйлдвэр 11.64 га газартай, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор, нөгөө талдаа хотынхоо өнгө үзэмжийг тэлсэн ийм хорооллуудыг энэ жилээс барьж эхэлнэ. Газар нь олгогдчихсон, төсөв тооцоо нь бэлэн болсон. Үүнийг дагаж гадна, дотнын хөрөнгө оруулалтай, санхүүгийн эх үүсвэртэй, туршлагатай компаниудад манай Хөгжлийн бодлогын хэлтсийнхний тооцоо судалгаанаас илүү давуулахгүй байх нөхцөлтэйгөөр газар хувиарлаж олгох юм. Ер нь бол дөрвөн жилийн хугацаанд 5000 гаруй орон сууц барина гэж тооцож байна. Дархан хотын 11, 12, 13-р хороолол, шинээр төлөвлөгдсөн 23, 24-р хорооллыг барина. Ерөнхий төлөвлөгөөг нь хийчихсэн. Ийм тооны барилгыг цахилгаанд холбох хүчин чадал бүрэн бий. Бид одоогоор станцаас гарч буй дулааныхаа 43 хувийг л ашиглаж байгаа. Дамжуулах шугам, хоолой л дутагдаж байгаагаас шинэ барилгуудыг дулаанд холбоход ямар ч асуудалгүй гэсэн үг. Хотынхоо захаар хувийн орон сууцны хороололтой болъё гэхээр инженерийн шугам, хоолой очоогүй байгаа юм. Тиймээс төв рүүгээ шахаад, шугам холбоондоо захирагдан бөөгнөрөөд байна. Энэ асуудлаа эртхэн шийдэж, гадагш тэлэхгүй бол яг өнөөгийн Улаанбаатар шиг хэт бөөгнөрсөн, буруу төлөвлөлттэй хот болно. Хуулийн дагуу иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Тэгэхээр хамгийн бололцоотой, инженерийн шугам сүлжээтэй газрыг л авахыг хүснэ. Замыг нь барьчихаад, инженерийн шугамыг нь татчихаад эндээс газраа ав гэх нь төрийн үүрэг шүү дээ, уг нь.
-Дарханд орон сууцны үнэ Улаанбаатарынхтай адил өсөөд байгаа юм билээ?
-Нэлээд өссөн. Хоёр өрөө байр 48 сая болчихоод байна.
-Барилга, хот байгуулалтын яамнаас орон сууцны нэг метр квадратын үнийг нэг сая төгрөгт багтаах боломжтой гэж үзэж байгаа. Танайд яг ийм өртөгтэй орон сууц барьж болох юм байна. Яагаад гэвэл инженерийн шугам сүлжээтэй газар нь бэлэн байгаа учраас?
-Бид ч судалгаа хийгээд боломжтой гэж үзэж байна.
-Дарханд бас аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөж байгаа юу?
-2013-2016 он бүхэлдээ бүтээн байгуулалтын жил болох юм. Төсөл, хөтөлбөрүүд биеллээ олж, хөрсөн дээр бууж, иргэд сайхан хотод амьдрах нөхцлийг хангахийг ажлынхаа том зураг болгон харж сууна. Мөрийн хөтөлбөртөө нухацтай хандаж байна. Аж үйлдвэрлэлтэй холбоотойгоор үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар ИТХ-аас шийдвэр гарчихсан, техник эдийн засгийн үнэлгээг нь хийчихсэн байна. Миний хувьд энэ ажлыг хөрсөн дээр буулгах үүрэгтэй. Дархан-Уул аймаг үйлдвэрлэл технологийнхоо паркийг байгуулахын тулд бүсчилэн хуваасан гурван хэсэг газрыг төлөвлөсөн. Том үйлдвэрүүдийг барих газар нь Мангирт буюу 15 дугаар хороолол. Энд том үйлдвэрүүдээ дагасан жижиг үйлвэрлэгчдийг суурьшуулах зориулалттай 15 га газрыг хот төлөвлөлтөнд оруулан хадгалж ирсэн. Энэ газарт шугам хоолой татаж, ажлын байр бий болгож, тэнд жижиг дунд үйлдвэрлэгчдийн сангаас зээл аваад хөдөлмөр эрхэлсэн иргэд хөл дээрээ тогтох юм. Мөн томоохон бизнесийн төв барих гэж байна. Энэ газрын инженерийн шугам сүлжээнд арван аймгийн дунд 20 тэрбум төгрөг тавьчихсан байгаа. Түүний зургийг энэ хугацаанд бэлэн болголоо. Ингээд үйлдвэрлэл технологийнхоо паркийн инженерийн шугам хоолойны асуудлыг шийдээд үе шаттайгаар барилга байгууламжийг барих, сургууль, цэцэрлэгтэй үйлдвэртэй цогц хорооллыг босгохоор төлөвлөж байна. Энэхүү үйлдвэрлэлийн бүсийн давуу тал нь газрын, орон сууцны, үйлдвэрлэлийн байрны, байрлалын татваргүй, нэмүү өртгийн албан татваргүй байна гэж яриад байгаа.
-Дарханд барихаар болсон нефть боловсруулах үйлдвэр яалт байхгүй олны анхааралд байна. Энэ үйлдвэрийн талаар та ямар мэдээлэлтэй байна?
-Нефть боловсруулах үйлдвэр үнэхээр анхаарал татаж байна. Энэ үйлдвэр 2016 онд ашиглалтанд орно. Үйлдвэрийг барихаар энэ жил улсын төсөвт гурван тэрбумыг хуваарилсан. Засгийн газар баталгаагаа гаргаад өгчихсөн, хэрэгжих бүрэн боломжтой төсөл юм. Японы “Тоёо-инженер”, “Мицубүши” зэрэг томоохон корпорациудтай түлхүүр эргүүлэх нөхцлөөр Засгийн газар хоорондын гэрээ хийсэн. Нийт 600 гаруй ажлын байр бий болох, Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий чухал бүтээн байгуулалт болох юм.
-Үйлдвэрийг яг хаана барих юм?
-Төмөрлөгийн үйлдвэрийн урд, төмөр замтайгаа ойрхон барина.
-Түүхий эдээсээ дэндүү хол байна гэж шүүмжлээд байгаа. Манай түүхий нефтийн гол ордууд зүүн тал руугаа байхад яагаад Дарханд үйлдвэрээ барихаар болов гэж яриад байна?
-Эрчим хүч, авто болон төмөр зам гээд дэд бүтцээ дагуулж барих газраа сонгосон байх.
-Өөрсдөө түүхий нефтиэ Хятад руу гаргачихаад Оросоос авах болж байгаа юм биш үү?
-Бүх зүйлээ тооцоод л энд босгож байгаа юм билээ.
-Өөр ямар томоохон үйлдвэрүүд Дарханд үүдээ нээх гэж байна?
-Төмөрлөгийн үйлдвэрийн хөгжлийн цогц бодлого хэрэгжинэ. Монголчууд төмөрлөгийн үйлдвэртэй болно. Үүний дараа Дархан нэхий өргөжнө. Энэ үйлдвэр орчин үеийн, дотоод технологиудынхаа шинэчлэлийг цагт нь хийсэн гэдгийг онцолъё. Дарханд шинээр баригдах бас нэгэн үйлдвэр бол Шарын голын уурхайг түшиглэсэн нүүрс угаах үйлдвэр. Уурхайн нүүрсний нөөц нэмэгдэж 178 сая тонн болсон. Нүүрсээ угааж экспортод гаргахад бэлдэж байна. Энэ ажил биеллээ олно.
-Дарханы сумдын хүн амын гол амьжиргаа нь тариалан уу?
-Манай аймаг хөдөө аж ахуйн салбарынхаа хувьд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс болж хөгжих Засгийн газрын чиглэл байдаг. Энэ онд 268 мянган толгой мал тоологдсон. Шарын гол бол эрчим хүчний үйлдвэрлэлийн нүүрсний уурхайтай, эрчим хүчний нүүрс нийлүүлдэг. Орхон сум гэхэд л хүнсний ногоо тариалах хамгийн үржил шимтэй хөрстэй, далайн төвшнөөс дээр байрласан. Монгол улсын төмс, хүнсний ногооны 30 гаруй хувийг дангаараа хангадаг сум байна. Тэднийг 100 хувь хүнсний ногоогоороо амьдардаг гэж болно. Харин Хонгор сумынхан газар тариалангийн бүс болж хөгжиж байгаа. Хонгор сумын хамгийн сүүлчийн том бүтээн байгуулалт нь Монгол орны малын удмын санг байгуулсан явдал. Засгийн газраас, яамнаас томоохон төсөл хэрэгжих гэж байна.
-Ойрдоо аймгуудын эрүүл мэндийн салбарынхны хариуцлагатай холбоотой асуудал анхаарлын төвд байна. Дархан хотынхны эрүүл мэндийн үзүүлэлт ямар байна?
Улсын дунджаас доогуур ороогүй байна. Гэхдээ өрхийн эмнэлэгүүд дутагдалтай байгаа Стандартаараа 15 мянган хүн тутамд нэг өрхийн эмч байх ёстой. Алслагдсан дүүргүүдийн ачаалал нэмэгдсэн. Тиймээс боловсон хүчин тогтохгүй байх нь бий. Эмнэлгийн ор, хоногийн тоо зэрэг нь улсын дундажтай таарч байсан. Дархан-уул аймгийн нэг онцлог нь төвийн бүс учраас явуулын хүн ихтэй. Тиймээс яг нутгийн иргэдэд орны дутагдал гардаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэгдсэн эмнэлэгүүдэд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, орны хүрэлцээг нэмж байгаа. Засгийн газар ч анхаарч байна.