Т.САЙХАН

ИЗНН-ын  Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, намын удирдлагаа өөрчиллөө.

Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн зөвлөлийн хурлын эхэнд намын дүрэмд өөрчлөлт оруулснаар намын даргад нэр дэвшигчид хориглох заалт нэмсэн юм. Тус намын дүрмийн тавдугаар бүлгийн намын удирдлагын тогтолцоо хэсэгт “... Авлигын хэрэг нь шүүхээр орж ял шийтгэл авсан нь тогтоогдсон бол тэр хүнийг намын даргаар сонгох”-ыг хориглоно гэсэн заалтыг нэмж тусгалаа.

Энэ үеэр намын даргын ажлаа өгч буй Ц.Ганхуяг "Иргэний Зориг Ногоон нам улс төрийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хүчин. Миний бие энэ намыг анх байгуулагдах цагаас эхлэн гишүүнээс дарга болтлоо ажиллалаа. Өнгөрсөн жилүүдийг алдаа оноотой туулж ирсэн хэдий ч одоо шинэ үеийн хүмүүст замаа тавьж өгөх цаг нь болжээ. Ц.Ганхуяг миний бие хувийн шалтгааны улмаас намын даргын албаа өгөхөөр болж байгаагаа мэдэгдэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд намын үйл ажиллагааг авч явсан дэд дарга Батын Батбаатарыг намын даргад нэр дэвшүүлж байна. Хуралд оролцож буй гишүүд Та бүхэн минь дэмжиж өгөөрэй" хэмээн хүслээ.

Эх сурвалж:www.polit.mn