Доржийн ОЮУНЧИМЭГ 

 

"Зууны мэдээ" сонины “Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн дугаарт “Эрдэнэс ай ти” консерцумын гүйцэтгэх захирал В.Буянмөнхийг урилаа.

 

-Уул уурхайн биржийн хуулийн хэрэгжилт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Тэгэхээр “Эрдэнэс ай ти” консорциум цахим биржийн үйл ажиллагаанд хэрхэн оролцохоор төлөвлөсөн бэ. Ямар систем санал болгож байна?

-Хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хангах хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох төрийн байгууллагууд эрх зүйн орчныг сайжруулах ажлуудыг хийсэн. Тухайлбал, энэ хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журам нь батлагдсан.

Харин цахим биржийг ажиллуулахын тулд систем шаардлагатай. Хэдийгээр Хөрөнгийн биржээр дамжуулан цахим арилжаа хийж байгаа ч энэ нь цогц систем биш л дээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн захиалга хүлээж аваад компаниудад өгч байгаа юм. Тэгэхээр одоогийн ажиллаж байгаа горимыг биржийн систем гэж ойлгож болохгүй. Тиймээс уул уурхайн биржийг жинхэнэ утгаар нь ажиллуулахын тулд цогц систем хэрэгтэй гэсэн үг л дээ. Үүнийг нь манай компани бүтээчихээд Засгийн газартай хамтарч ажиллах санал тавьж байгаа юм. Учир нь одоогийн арилжаа цогц шийдэлгүй байгаа учраас урт хугацаанд ажиллахыг хүсч байгаа сонирхогч талуудад ойлгомжгүй байгаа хэрэг. Бүр тодруулбал, гадна талдаа хамтрах сонирхолтой хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй болж байгаа нь анзаарагдаж байна. Тиймээс хууль хэрэгжиж эхлэх хугацаатай давхцан шинэ системийг танилцуулах нь хөрөнгө оруулагчдад илүү ойлгомжтой бас итгэл төрөхүйц байх болно.

-Танай консорциумыг ай ти-гийн салбарын хэд хэдэн компани хамтарч байгуулсан гэж сонссон. Мэдээж шинэ тутам байгуулагдсан гэж харж байгаа учраас ажлын туршлага ямар түвшинд байгаа вэ гэдгийг хүмүүс сонирхож байгаа болов уу?

-Манай консорциумд ай ти-гийн салбарын 11 компани нэгдсэн. Бид чамгүй туршлагатай хамт олон. Зарим компаниуд маань энэ салбартаа 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байна. Бид мэдлэгийн эдийн засгийг олон улсын зах зээлд борлуулах сонирхлоор нэгдсэн. Тиймдээ ч бидний хийж бүтээсэн энэ систем олон улсын зах дээр Монгол ай ти инженерүүдийг таниулах хөшүүрэг болно. Бидний ур чадвар дэлхийн түвшинд үнэлэгдэх хэмжээнд байгааг харуулахыг хүсч байгаа. Энэ бол бидний алсыг зорьсон амбийц юм. Бид цахим биржийн системийг бүтээж Засгийн газарт санал болгож байгаа хэрэг.

-Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилт эхлэх хугацаа ойрхон байна шүү дээ. Та бүхэн Засгийн газарт системээ танилцуулж, хамтран ажиллах саналаа хүргүүлсэн үү?

-Цаг хугацааны хувьд их л тулгуу болж байна. Манай консорциумын зүгээс төрийн холбогдох газруудад Засгийн газар, Ерөнхий сайд, салбарын яамдын сайдуудад уулзах хүсэлт хүргүүлсэн. Одоогоор Засгийн газар ямар шийдвэр гаргах бол гэсэн хүлээлттэй байна. Магадгүй гадны системийг сонирхож байж болох ч ийм богино хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй. Ер нь ай ти программ гэдэг нэлээд нарийн үйлдлийн системээс бүтнэ. Чамгүй цаг хугацаа зарцуулна. Монголчуудын хамгийн сайн мэдэх миллениум ай ти системийг 10 гаруй жилийн өмнө Хөрөнгийн биржид нутагшуулсан. Үүний тулд зөвхөн лицензийг нь худалдаж авахын тулд 3.5 орчим сая ам.доллар төлж байсан. Үүнийг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ зэрэгт дахиж төлбөр төлсөн шүү дээ. Үндсэндээ 10 гаруй сая ам.доллараар бүтсэн гэсэн үг. Тэгвэл манай инженерүүдийн бүтээсэн системийг уул уурхайн биржийн арилжаанд үнэгүй ашиглаж, эзэмшээрэй гэдэг саналыг л Засгийн газарт тавиад байгаа юм л даа.

-Систем өндөр зардлаар бүтдэг атал та бүхэн яагаад Засгийн газарт үнэгүй ашиглах санал тавьж байгаа юм бэ?

-Нэгдүгээр асар үнэтэй, том хэмжээний системийг гаднаас худалдаж авах хугацаа байхгүй гэж харж байгаа. Бидний хувьд Засгийн газар эрсдэл үүрэхгүйгээр үндэсний ай ти компаниудтайгаа хамтарч ажиллахыг хүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хяналтаа тавь. Ямар нэг зардал гаргах огт хэрэггүй. Харин энэ системийн тодорхой хувийг үнэгүй эзэмшээд бодлогын дэмжлэг үзүүлэн хяналтаа тавьж ажиллаач ээ гэж байгаа юм.

Уул уурхайн цахим биржийг анхнаас нь зөв голдирлоор эхлүүлж хэрэгжүүлэхийн тулд талуудын оролцоог хангах нь чухал. Үүний тулд төр өөрийн эзэмшилдээ Засгийн газрыг оролцуулж хяналт тавина. Харин ай ти-гийн компани нь системийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хариуцна. Мэдээж үйл ажиллагаа явж байгаа учраас зардал гарах нь зайлшгүй. Үүний тулд оролцогч талууд буюу брокер диллерийн компани, борлуулагч, худалдан авагч талууд гээд бүхий л талын оролцоог жигд хангаж ажиллах нь энэ систем эрүүл хөгжих боломжийг бүрдүүлнэ.

-Мэдээж талуудын оролцоог хангах нь сайн боловч үл ойлголцол үүсвэл эрсдэл хаана үүсэх вэ. Хэн хариуцах вэ?

-Эрсдэлийг тооцох нь зүйн хэрэг. Гэхдээ улс орны эрх ашиг нэгдүгээрт эрэмбэлэгдэх учиртай. Уул уурхайн биржээр дамжин төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. Тиймээс талууд харилцан нээлттэй байдлаар ойлголцож ажиллах нь чухал. Нөгөөтэйгүүр Засгийн газар санаачлаад эхлүүлж байгаа ажилд бид өөрсдийн хувь нэмрийг оруулахыг л зорьж байгаа юм.

-Тэгвэл ай ти салбарын инженерүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд эрэмбэл гэвэл?

-Манай салбарын мэргэжилтэн, инженерүүд дэлхийн тавцанд өрсөлдөхүйц байгааг бэлхнээ харж байна. Фэйсбүүк, Гүүгл зэрэг олон улсын компаниудад ажилладаг залуус бий. Түүнээс гадна эх орондоо амьдарч байгаа залуус гадны зах зээл дээр өрсөлдөх хэмжээнд ажиллаж байгаа жишээ ч олон байна. Гэхдээ зөвхөн инженер, мэргэжилтнүүдийн ур чадвараар дэлхийн хэмжээнд өрсөлдөнө гэдэг өрөөсгөл ойлголт.

Сүүлийн үед мэдлэгийн эдийн засаг гэдэг ойлголт бий болсон. Энд хувь хүнээс илүүтэй компанийн бүтээгдэхүүний хөгжил голлох байр суурьтай байдаг. Тиймээс зөвхөн мэргэжилтнүүд ур чадвартай байхаас гадна тухайн компанийн хөгжил чухал үүрэгтэй гэсэн үг.

-Мэдлэгийн эдийн засагт төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэвэл юуг онцлох вэ?

-Маш тодорхой. Тухайн инженерүүд, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ олон улсад өрсөлдөхүйц гэдгийг төрийн байгууллага нь таниулах нэг гарц байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн цахим биржийн систем бусад улс орнуудад эрэлттэй байхын тулд эх орондоо хэрхэн ажиллаж байгаа вэ гэдгийг нотолж харуулах шаардлагатай. Үүний тулд Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтэд үндэсний компанийн бүтээсэн системийг үнэгүй ашиглаач гээд байгаа юм шүү дээ.

-Тэгвэл системийг хамтарч эзэмшихэд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Тулгамдахаас илүү тодорхойгүй байдал үүсч байна. Хэдийгээр холбогдох газруудад нь танилцуулсан боловч дорвитой хариу сонсоогүй л байна.

-Та бүхний бүтээсэн системийн давуу тал?

-Нэгдүгээрт, системийг цогцоор нь харж хийсэн. Тодруулбал, цахим арилжаанаас гадна төлбөр тооцооны систем, мөшгилтийн тогтолцоог бүрэн цогцоор нь бүтээсэн. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах явцад ямар нэг чирэгдэл учруулахгүйгээр уян хатан ажиллах боломжтой. Мөн өгөгдлийн хяналт шалгалт хийх боломжийг нь бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, бүх талын итгэлцлийг дааж ажиллах нээлттэй орчныг бүрдүүлсэн. Гуравдугаарт, хэдийгээр бид системийг цогцоор нь хийсэн гэж байгаа ч зарим өгөгдлийг нь төрийн байгууллага хийнэ гэдэг байдал ажиглагдсан. Энэ нь зах зээлийн зарчимд нийцэхгүй гэж харж байна. Учир нь төр мэдээллийн систем хийх нь буруу алхам болдог. Яагаад гэвэл, төр өөрийн хийсэн системийг хянана гэдэг хэт өрөөсгөл. Нөгөөтэйгүүр, мэдлэгийн экспортийг хувийн компаниуд л хийдэг шүү дээ. Олон улсын туршлагаас харвал төр нь бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулдаггүйтэй адил гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 111 (7096)