Х.МОНГОЛХАТАН

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин өдөр бүр улс оронд төдийгүй дэлхийд болж буй үйл явдлыг сонины хуудаснаа түүх болгон үлдээсээр 32 жилийн нүүрийг үзэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүрээгээ тэлж орчин цагт цахим хэрэглээ, сошиал орчны мэдээлэл хурдтай түгэх болсон ч хормын төдийд арилах тоос мэт алга болдог. Харин сонины шарласан хуудас олон арван жилийг үдсэн ч баримт болсоор, түүх өгүүлсээр байдгийн нэгэн жишээг сонирхуулъя.

21 жилийн өмнө манай сонины редакцид “Хурд” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж өгсөн ярилцлага бидний өмнө байна.

2002 оны гуравдугаар сарын 6-ны лхагва гарагийн дугаарт “Редакцийн зочин” буланд ““Хурд”-ынхан Монголын Битлз болохыг хүсдэг” гэсэн гарчигтай сонирхолтой ярилцлага нийтлэгдэж байсан юм. Тэр үед уран бүтээлийнхээ тухай, урлагийн тухай, үзэгчдийнхээ тухай халуун дотно яриа өрнүүлж хамгийн гол нь "Хурд"-ын үнэнч фэнүүд, сонсогчидтойгоо хамтдаа хөгшрөх хүсэлтэйгээ ярьж байж. Тэд хүслээ биелүүлж, хэлсэндээ хүрчээ. Монголын рок попын түүхэнд нэрээ үлдээж, 30 жилийн туршид уран бүтээлээ тасралтгүй туурвин, олон зуун сайхан дууг хүмүүсийн зүрх сэтгэлд хүргэж чадсан нь бахдам. "Хурд" бол монголчуудын домог, бидний үеийнхний шүтээн байсан, байсаар ч ирсэн, цаашид ч байх нь тодорхой. “Хурд” хамтлагтайгаа хамт уярч, догдолж, хайрлаж, жаргаж 30 жилийг үдсэн үнэнч фэнүүд нь аль хэдийнэ намба суужээ.

Анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дундаас эхлэлтэй “Хурд” хамтлаг ах дүүгээрээ хамтлагаа бүрдүүлж монгол залуусыг рок хөгжмөөр хөглөж, сэтгэл зүрхэнд нь дуун дурсамж хоногшуулж чадсан гавьяатай. Тэдний дууг сонсоогүй, аялж үзээгүй монгол хүн байхгүй. Бүр дэлхийд тархсан монголчууд ч “Хурд”-ын дуугаар элгээ дэвтээж, энгэрээ норгож, баяр гунигаа үргээж ирсэн.

Энэ сарын 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Хурд” хамтлагийн 30 жилийн ойн баярын “ХУРД 30 ЖИЛ” тоглолт болно. Тэдний үнэнч фэнүүд энэ үдэш жаргаж доргих нь тодорхой. Мөн Якут, Тува, Орос, Өвөр Монгол, Хятадын аялал жуулчлалын компаниуд “ХУРД 30 ЖИЛ” тоглолтыг үзэхээс гадна Монголын үзэсгэлэнт болон түүхэн, дурсгалт газруудаар аялах хөтөлбөр гаргасан нь тэдний нэр хүнд хилийн чанадад ч ямар өндөрт байдгийг харуулна. Тиймээс төдийгөөс өдий хүртэл урлагтаа, уран бүтээлдээ, фэнүүддээ үнэнч байж үргэлж ая дуугаараа амьдралыг хөглөж ирсэн хамтлагийн бүрэлдэхүүнд чин сэтгэлээсээ талархаж байна.  

2002 онд өгсөн ярилцлагадаа "Хурд" фэнүүдтэйгээ өтөлнө гэж хэлж байсан нь өнөөдөр ийнхүү биелжээ. Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 109 (7094)