Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Өнгөрсөн долоо хоногт манай улсын эдийн засагт өөрчлөлт авчрах хэд хэдэн уулзалт, бүтээн байгуулалт өрнөлөө. Тэдгээрийг тоймлон хүргэж байна.

 

Зэс хайлуулах болон хар төмөрлөгийн үйлдвэрийг ашиглалтад оруулна

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, УУХҮЯ, Уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэс Монгол" нэгдлээс хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд дотоод, гадаадын мянга орчим төлөөлөгч оролцлоо. Монгол Улсын эдийн засагт жин дардаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх шийдлээ тодорхойлоход энэ удаагийн зөвлөгөөний ач холбогдол оршиж байв.

Тэгвэл энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг. Энэ хэрээр Монгол Улсын экспортын 93, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Түүхий эдийн экспорт давамгайлсан манай улсын хувьд экспортын үндсэн түүхий эд болох нүүрс, газрын тос, зэс, төмрийн хүдрийн боловсруулах үйлдвэр байгуулж, дэвшилтэт технологи, инновацид суурилсан нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэн тэргүүний зорилт тавигдаж байгаа юм. Тэгэхээр олборлолтоос боловсруулалт руу шилжих үйл явцыг хурдасгах, эрх зүйн орчноо тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцөө бэлдэх зэрэгт голлон анхаарч, бодит ажил болгох шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, цаашдын хандлагыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зөвлөгөөнд оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд аж үйлдвэржилт, аялал жуулчлал гэсэн хоёр салбарт анхаарал хандуулах ёстой. Аж үйлдвэржилтийн салбарт хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх нь чухал” гэсэн юм. Харин Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны гишүүн Г.Батцэнгэл “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн тулгуур баганы нэг, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байна. Тиймээс аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрийн хөгжлийн тулгуур нь уул уурхайн салбар болно гэж үзэж байгаа. Энэ ажлын хүрээнд Үндэсний хорооны түвшинд яригдаж байгаа төслүүдийг харахад зэс хайлуулах үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэр, нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрийн төслүүд байна. Тиймээс уул уурхайн салбараа түшиглээд хүнд үйлдвэрээ хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа” гэлээ. Аж үйлдвэржилтийн сэргэлтэд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага бий. Энэ зорилгын хүрээнд УУХҮЯ нь Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарсан Ажлын хэсгийн хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Хуулийн төслийг УИХ-ын энэ оны намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.

 

Хас банк IPO өнөөдрөөс эхэлнэ

 

Арилжааны ХАС банк хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж эхэллээ. Ингэснээр хувьцаагаа олон нийтэд санал болгож буй арилжааны 5 дахь банк болж байна.

Тус банк нийт хувьцааныхаа 5.01 хувийг 677 төгрөгийн нэгжийн үнээр анхдагч зах зээлд арилжиж, 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Хувьцаагаа гаргаснаар тус банк сайн засаглал, санхүүгийн хүртээмж, тогтвортой өсөлтийн илэрхийлэл болсон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна гэдгээ мэдэгдлээ. Өнөөдрөө ирэх сарын 5-ныг хүртэл анхдагч зах зээлийн арилжаа явагдана.

 

Эдийн засаг өсөж цар тахлын өмнөх үед хүрлээ

 

Монгол Улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өссөн байна. Түүнчлэн манай улсын валютын нөөц тогтвортой өсөж байна. Эдийн засгийн өсөлт гадаад эрэлтээс бий болж байгаа. Манай улсын экспорт тасралтгүй нэмэгдэж байна. Нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн. Мөн Оюутолгой төлөвлөж байсаанаас 43 хувиар илүү үйлчдвэрлэл хийж байна. Эдийн засгийн өсөлтийг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ гэдгийг энэ Засгийн газар мэдэгдэж байсан. Одоогийн байдлаар нийт гурван салбараас бусад нь тахлын өмнөх үеийн хэмжээнд очсон байна. Тус гурван салбар бол уул уурхай, тээвэр, барилга байна. Гэхдээ ойрын хугацаанд хөл хорионы өмнөх үеийнтэй ижил болно гэж бодож байна. Гэсэн хэдий ч хөдөө аж ахуйн салбарын өсөлт -5.1 хувь байна. Дотоодын эрэлт өөрчлөлтгүй байна.

Монгол Улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өссөн байна. Түүнчлэн манай улсын валютын нөөц тогтвортой өсөж байна. Эдийн засгийн өсөлт гадаад эрэлтээс бий болж байгаа. Манай улсын экспорт тасралтгүй нэмэгдэж байна. Нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн. Мөн Оюутолгой төлөвлөж байсаанаас 43 хувиар илүү үйлчдвэрлэл хийж байна. Эдийн засгийн өсөлтийг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ гэдгийг энэ Засгийн газар мэдэгдэж байсан. Одоогийн байдлаар нийт гурван салбараас бусад нь тахлын өмнөх үеийн хэмжээнд очсон байна. Тус гурван салбар бол уул уурхай, тээвэр, барилга байна. Гэхдээ ойрын хугацаанд хөл хорионы өмнөх үеийнтэй ижил болно гэж бодож байна. Гэсэн хэдий ч хөдөө аж ахуйн салбарын өсөлт -5.1 хувь байна. Дотоодын эрэлт өөрчлөлтгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 106 (7091)