Б.БАЯР
Говьсүмбэр аймагт байдаг Хорих 425 дугаар ангид энэ сарын 22-23-нд шилжих шөнө хоёр хүн амиа алджээ. Тус ангид хоригдож байсан хүмүүжигч дээр эхнэр нь удаан хугацааны эргэлтээр очжээ. Эмгэнэлтэй нь тухайн хүмүүжигч этгээд эхнэрээ хөнөөгөөд, дараа нь өөрийгөө егүүтгэжээ. Энэ хэрэг явдлыг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Гэхдээ “...Хорих ангид яагаад ийм явдал болсон бэ” гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл энэ эмгэнэлтэй явдал хорих ангийн удаан хугацааны уулзалтын буюу “...72 цагийн эргэлт”-ийн байранд болсон байна. Ийм эргэлт нь тусдаа хууль, журамтай юм байна. Тодруулбал, уг эргэлт нь “...Ял эдэлж байгаа хүмүүжигчид хууль, журамд заасны дагуу эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан хугацааны уулзалт хийх эрхтэй” хэмээх журмын дагуу зохион байгуулдаг. Энэ журмын дагуу хүмүүжигчид дотнын хүмүүстэйгээ хорих ангийн байрлалд, айлын зохион байгуулалттайгаар тусгайлан бэлтгэж, тохижуулсан уулзалтын өрөөнд 72 цаг хүртэлх хугацаанд дээрх эргэлтийг авдаг байгаа юм.
Хамгийн гол нь энэхүү удаан хугацааны уулзалтыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд зохион байгуулдаг. Хуулийн 9.1 дэх хэсгийн “...Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна” гэжээ. Тэгэхээр удаан хугацааны уулзалтын байранд хяналтын камер тавих нь хориотой болчихож байгаа юм. Бас хорих ангийн алба хаагчид өрөөнд нь биечилсэн хяналтыг тавих аргагүй гэсэн үг.
Ерөөсөө л удаан хугацааны уулзалтын 72 цагийн хугацаанд эргэлтээр очсон ойр дотныхныхоо Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9.1 дэх хэсэгт зааасан эрхийг тухайн хүмүүжигч ч эдэлдэг гэсэн үг.
Энэ үйл ажиллагаа шүүхийн шийдвэрийг биелүүлэх, ял эдлүүлэх ажиллагаатай зарим талаар зөрчилддөг байна. Учир нь шүүхээс оноосон ялын хугацаанд давтамжтайгаар гурав хоног буюу 72 цагийн туршид ингэж “ялаас чөлөөлөгддөг” байгаа юм. Яг л иргэний эрх эдэлж 72 цагийг өнгөрөөдөг. Энэ талаас нь харвал удаан хугацааны уулзалт буюу 72 цагийн эргэлтийг эргэж харах ч боломжтой.
Гэвч Монгол Улс дахь хүний эрхийг хангах талаасаа энэ нь маш сайн үйл ажиллагаа гэгддэг байна. ХЭҮК ч хорих байгууллагад хүмүүжиж буй хүмүүст ийм байдлаар “хүний эрх” эдлүүлдгийг дэмждэг. Бүтэн гурав хоногийн хугацаанд гэр бүл, ойр дотныхонтойгоо өнжсөн хүмүүжигч сэтгэл зүй, зан харилцааны хувьд тогтвортой болдог. Ирээдүйдээ итгэх итгэл нь нэмэгддэг. Мөн нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг. Цаашлаад гэр бүлийн тогтвортой байдал ч үүгээр дамжиж хадгалагддаг. Гол нь нийгмээс тусгаарлагдаж, ял эдэлж буй хүмүүс ялын хугацаагаа дуусгаад нийгэмд хөл тавихдаа “зөөлөн газардах” томоохон хөшүүрэг нь энэ уулзалт болдог байгаа юм. Энэ нь удаан хугацааны уулзалтыг нэвтрүүлснээс хойш практикаар нотлогдоод өнөөдрийг хүрчээ. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн хугацааын туршид удаан хугацааны уулзалтаас саараасаа сайн үр дүн илүүтэй гарчээ. Товчхондоо, жирийн, чанга дэглэмтэй хүмүүжигчдийн тухайд хууль, журмаар тогтоосон хугацааны давтамжаараа энэхүү эргэлт, уулзалтыг авдаг. Энэ нь хүмүүжигчдийн тухайд гарах хугацаанаасаа дутуугүй хоног тоолж хүлээдэг уулзалт болдог байна.
Гэвч Говьсүмбэр дэх хорих ангид болсон энэ хэрэг явдал ийм уулзалт цаашид байх ёстой юу, үгүй юу гэдгийг хөндөж эхэллээ. Үнэхээр ч үүнийг ярихаас өөр арга байхгүй. Учир нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд энэ эргэлт, уулзалт зохион байгуулдаг болохоор яг дээрх шиг нөхцөл байдалд хэн нэгэн алба хаагч, хорих ангийг буруутгах нөхцөл хомс болж байгаа юм. Тэр утгаараа ганц 425 дугаар хорих анги бус ШШГЕГ-ын харьяа бусад хорих ангиудад ч ийм харамсалтай, эмгэнэлтэй явдал гарахыг үгүйсгэх аргагүй гэсэн үг. Тиймээс бусад Хорих ангийн дарга нар ч болгоомжтой байхад илүүдэхгүй. Яг одоо бүх хорих ангид ийм эргэлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тиймээс “...Удаан хугацааны уулзалтын байр чинь тайван биз” гэж Хорих ангийн дарга нараас асууя. Яагаад гэвэл нийгмийн байдал ороо бусгаа, иргэд бухимдалтай байгаа цаг үед хаана хаанаа болгоомж илүүдэхгүй. Ер нь бол энэхүү 72 цагийн эргэлт, уулзалтын асуудлыг ХЗДХЯ, ХЭҮК, ШШГЕГ болоод бусад холбогдох байгууллагууд бодлогын хэмжээнд авч үзээд бодитой шийдвэр гаргахаас өөр гарцгүй боллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 105 (7090)