Б.НАНДИН

 

АНУ-ын уран бүтээлч Стефан Петранекийн “Цаг хугацаа, орон зайгаар антропосиний эрин үед холбогдох нь” нэртэй бие даасан үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 26-нд үүдээ нээх гэж байна.

Байгаль дэлхий сүйдэж байгаа эрин үеийг олон улсын эрдэмтэд Антропосин хэмээн нэрлэдэг. Уран бүтээлч П.Стефан байгаль орчин хэрхэн унаган байдлаа алдаж сүйтгэгдэж байгааг АНУ-ын муж улсуудаар явж судалгаа хийж, бүтээлүүддээ тусгажээ. Харин түүний энэхүү бие даасан үзэсгэлэнг Индианагийн их сургуулийн доктор, профессор, куратор Ц.Уранчимэг дэглэж монгол үзэгчдийн хүртээл болгож буй юм.

Уран бүтээлчийн зүгээс “Байгаль сүйдэх гамшиг монголчуудад ч хамаатай” хэмээн онцолсон бөгөөд тэрээр Индианагийн их сургуульд Монгол судлалын ангийг удирддаг аж. Индианагийн их сургуулийн Херрон урлаг, дизайны сургууль нь Уран зургийн галерейтэй хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан байна. Тиймээс анх удаа зохион байгуулагдах энэхүү үзэсгэлэн нь хоёр орны соёл урлагийн салбарын хамтын ажиллагаанд дэвшил авчрах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 104 (7089)