Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужинг онцолж байна. Тэрбээр БНСУ-ын Жинжү хотод болсон ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

 

Хөнгөн атлетикаас хүндийн өргөлт рүү

Г.Ануужин анх н.Гунгаа, н.Болдбаатар багшийн удирдлага дор хөнгөн атлетикаар хичээллэдэг байжээ. Энэ спортын тамирчид өвлийн улиралд гадаа бэлтгэл хийх боломжгүй. Тиймээс хүндийн өргөлтийн тамирчидтай бэлтгэл хийдэг байж. Энэ үеэс хүндийн өргөлтийн спортыг сонирхох болжээ. Гэвч хэрхэн хэлэхээ мэдэхгүй үед нь Я.Дөрвөлжин багш түүнийг хараад санал тавьснаар энэ спорттой холбогдсон байна. Г.Ануужин энэ удаагийн ДАШТ-д огцмоор 93, түлхэлттэй өргөлтөөр 118, нийлбэрээр 211 кг өргөснөөр Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас Азийн аварга болсон хоёр дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө Гавьяат тамирчин М.Анхцэцэг тивдээ аваргалж байсан юм. Тэрбээр анх 2014 онд Тайландад болсон өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ороцсоноор хүндийн өргөлт сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн байдаг. Энэ тэмцээнд тэрбээр спортын мастер цолны болзол хангаад ирсэн. Г.Ануужингийн хувьд Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай. Түүний туйлын зорилго нь олимпын аварга болох. Үнэхээр түүнд ганцхан медаль дутуу байгаа нь олимпынх билээ.

 

Аавынхаа нэрийг өндөр өргөж яваа аварга

 

Г.Ануужин аавынхаа нэрийг өндөрт өргөж, үргэлж сайн сайхан, амжилтаар дүүрэн дуудуулахыг эрхэмлэж явдаг нэгэн. Энэ тухайгаа манай сонинд “Аав минь миний оролцсон тэмцээнийг нэг ч удаа үзэж байгаагүй. Хааяа аав минь байсан бол гэж бодогдох үе бий. Ямар ч байсан Ганзориг гэдэг нэрийг өндөрт өргөж, спортоороо амжилт гаргаж ачийг нь хариулна гэж бодож явна. Багшийн минь  энийг өргөөд л аавдаа бэлэг барьчих гэсэн үг одоо ч миний сэтгэлээс гардаггүй. Одоог хүртэл дэвжээн дээр гарах бүртээ аавдаа бэлэг барьж байна гэж боддог” хэмээн ярьж байсан нь түүх болон хадгалагдан үлджээ. Г.Ануужингийн амжилтын хамгийн том хүч бол шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр юм. Аавынх нь оронд аав болж, алдаа оноог нь хэлж, зааж, чиглүүлж яваа эрхэм багшдаа тэрбээр хамгийн их талархдаг гэсэн.

Эх сурвалж:: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 99 (7084)