Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх төслийн багийн ахлагч, зохицуулагч М.Тэмүүжинтэй ярилцлаа.

 

-Төсөл нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, удахгүй дуусах гэж байна. Анх хэрхэн эхэлж байв?

-Энэхүү төсөл өнгөрсөн оны зургадугаар сард эхэлж байсан. Жил үргэлжлээд үр дүнгээ танилцуулж, хаалтаа хийхэд бэлэн болсон байна. Манай төсөл гурван зорилтыг дэвшүүлэн ажилласан. Нэгдүгээрт гэр хорооллын залуучуудын нөхцөл байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт залуусын утга учиртай оролцооны орчныг бий болгох, гуравдугаарт залуусын утга учиртай оролцооны зөв арга барилыг хот байгуулалт, төлөвлөлтөд туршихаар зорьсон.

-Эдгээр зорилтуудад тулгуурлаад ямар ажлуудыг хийсэн бэ?

-Нэгдүгээр зорилтын хүрээнд Баянхошуу, Сэлбэ буюу Сонгинохайрхан дүүргийн 7-11, 28, 40 зэрэг нийт долоон хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14,18 дугаар хорооны нийт 16 мянга орчим залуусын төлөөлөл 600 гаруй залуучуудаас өргөн хэмжээний, дэлгэрэнгүй нөхцөл байдлын судалгааг хийсэн. Энэхүү судалгаагаар бид залуучуудын хүсэл зорилго, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлохыг зорьсон. Ингэхдээ ядуурал, жендер, хөдөлмөр эрхлэлт, иргэний оролцоо гэсэн дөрвөн агуулгаар судаллаа. Үүнээс залуучуудын аж байдал ямар байгаа тухай ойлголттой болж авсан. Харин хоёрдугаар зорилтын хүрээнд төслөөрөө дамжуулаад иргэдтэй харилцах мэргэжилтнүүддээ залуусын утга учиртай оролцооны арга барилуудын талаарх сургалтыг Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагаа хариуцсан зохицуулагчтай хамтран зохион байгуулсан. Үүнээс гадна, гуравдугаар зорилтын хүрээнд бид “Залуу  элч” хөтөлбөр гэж байгууллаа. Ингэхдээ төслийн зорилтот 11 хороонд амьдарч буй залуусын хэрэгцээнд тулгуурласан гэдгээрээ онцлог.

-Судалгаанаас харахад залуусын хамгийн их тулгамдаж буй асуудал нь юу байсан бэ?

-Залууст дэмжлэг, туслалцаа их хэрэгтэй байна. Тухайлбал, чөлөөт цагаа өнгөрөөх орчины тухайд залуусын 38.4 хувь нь сэтгэл хангалуун бус байна гэж хариулсан. Мөн залуусын 90 хувь нь  дэд бүтцийн хангамжгүй байшинд амьдарч байгаа ба 73.1 хувь нь нүхэн жорлон ашиглаж байна гэсэн судалгаа гарлаа. Үүнээс гадна залуус хэдийгээр бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа ч 16 хувь нь л дээд боловсролтой болох сонголт хийдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй залуусын 35 хувь нь эрүүл мэндийн шалтгааны улмаас сургууль завсарддаг. Судалгаанд хамрагдагсдын 75 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй учир тусламж үйлчилгээг илүү өндөр өртөгтэй авах магадлал өндөр. Мөн эмзэглэмээр нэг судалгаа нь хөдөлмөрийн харьцаанд эмэгтэйчүүд гэр ахуйн буюу цалингүй ажилд эрэгтэйчүүдээс хоёр цагаар илүү, хүүхэд асрах, гэр ахуйн ажилд оролцох нь эрэгтэйчүүдээс 28.9 хувиар илүү цаг зарцуулдаг ажээ. Харин эрэгтэйчүүд чөлөөт цаг, олон нийтийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдээс 30.1 хувиар илүү их цаг зарцуулдаг гэсэн үзүүлэлт гарсан. Мөн судалгаанд оролцсон залуусын 5.3 хувь нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлсэн. Эдгээр эмэгтэйчүүдийн 45 хувь нь гэр бүлтэй, 75 хувь нь бага орлоготой өрхийнх байжээ. Хохирогчдын 16 хувь нь сүүлийн долоо хоногт хүчирхийлэлд өртсөн гэж байсан нь харамсалтай.

-Ингээд судалгаа аваад орхих учиргүй байх. Залууст тулгамдаж буй эдгээр асуудлыг шийдвэрлэх түвшинд нь хүртэл дуу хоолойг нь хэрхэн хүргэх үү?

-Бид өнөөдөр үр дүнгээ танилцуулах хурал, уулзалт хийнэ. Үүнд  төрийн байгууллагын, иргэний нийгмийн байгууллагын, олон улсын байгууллагын төлөөлөл болон төслийн гол санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банкны төлөөллүүд оролцох юм. Энэ үеэр бид залуусаас ирсэн саналыг холбогдох байгууллагуудад нь уламжилна. Залуусын дунд үүсээд байгаа энэ олон асуудлыг бүгдийг нь нэг дор шийдэх боломжгүй. Тиймээс голлох асуудал нь хаана байна вэ, түүнээс л эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр их удаан хугацааны ажил болох байх. 

    

-Танай төслийн “Залуу элч” хөтөлбөр нэлээд эрчээ авах шиг болсон. Энэхүү хөтөлбөрийн тухай мэдээлэл өгөөч?

-“Залуу элч” хөтөлбөрт Баянхошуу, Сэлбэ орчмын 18-30 насны залуучуудыг хамруулсан. Ингээд Фэйсбүүк пэйж нээгээд олон түмэнд зар түгээсэн. Үүний дараа их олон залуус манай хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Бид тэдгээрээс эхлээд 11-ийг нь залуу манлайлагч болгосон. Эдгээр залуустаа гэр хорооллын тогтвортой хөгжил, гэр хорооллын залуучуудын оролцоо, ур чадвар ба манлайлал, хүртээмжтэй нийгэм, залуусаар удирдуулсан судалгаа зэрэг агуулгатай таван багц сургалтын хийсэн. Энэхүү сургалтыг хийхдээ багш сургагчийн зарчмаар орон нутгийн залуучуудыг хамруулсан. Тэд маань буцаад мэдсэн сурснаа үеийн залуустаа сургалт хийснээр 150 залуу элчтэй болсон байна. Энэ нь бид үргэлж заахдаа бус залуус бие биедээ үлгэрлэж, бусдыгаа манлайлах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, санал бодлоо солилцох зэрэг олон талын ач холбогдолтой.

-Сургалт хийлээ, 150 залуу элчтэй боллоо. Үүний эцсийн үр дүн нь юуны төлөө байв?

-“Залуу элч” хөтөлбөрийн зорилго нь  төслийн маань гурав дахь зорилт болох залуусын утга учиртай оролцооны арга барилыг хот байгуулалт, төлөвлөлтөд турших гэсэн зорилтод залуучуудын оролцоог нэмэгдүүлж, агуулгыг нь ойлгуулах гэж хичээж ажилласан. Энэ агуулга дээр ч залуус маань өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа.

-Төслийн хүрээнд гэр хороололд бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийсэн гэж сонссон?

-“Залуу элч” хөтөлбөрийн хүрээнд 150 залуу маань таван багц сургалтдаа хамрагдсан. Тэдний 55 нь бидэнтэй тогтмол харилцаатай байсан. Эдгээр залуусыг багт хуваагдаад бичил төслийн үйл ажиллагаа, бичил төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ гэсэн сургалт хийсэн. Ингээд буцалтгүй нөхцлөөр 1000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгосон юм. Энэхүү төсөл дээр манай залуусаас 40 гаруй санаа ирсэн. Үүнээс бид Азийн хөгжлийн банкны төлөөллүүдтэйгээ ярилцаад зургаан саналыг нь дэмжихээр болсон юм. Нэгдүгээрт, “Мэдлэгтэй өрөө” төсөл. Энэхүү төсөл нь Сэлбэ дэд төвд байгуулагдаж байгаа хүүхэд залуусын номын сан юм. Гэр хорооллын бүсэд амьдарч буй залуус мэдлэг авахын тулд өдөрт дунджаар дөрвөн цагийг зарцуулж байна. Гэрийнх нь ойролцоо номын сан байхгүй учир заавал хотын төв рүү орох болдог. Тэгэхээр гэр хороололд номын сан зайлшгүй хэрэгтэй гэж харсан. Манай залуус “Мэдлэгтэй өрөө” төслийнхөө номын сангийн бүхий л сандал, ширээг өөрсдийн гараар хийхийг зорьсон.

-Зарим айлыг хаягжуулж, гудамж талбайд машины хөдөлгөөнөөс болгоомжлох толь байрлуулсан гэсэн үү?

-Дээхнэ үед гэр хороолол ийм шигүү, замбараагүй, зохион байгуулалтгүй байгаагүй. Ядахдаа л нохойтой айл нь хашааны хаалган дээрээ сэрэмжлүүлэг биччихдэг байсан. Мөн мухар гудамж гэдгийг тэмдэглэдэг байлаа. Харин одоо энэ бүгд эсрэгээрээ болж. Түргэн тусламж очиход хаяг байршлаа тавиагүй болохоор түргэн шуурхай очиж чадахгүй. Тиймээс манай залуучууд СХД-ийн IX хорооны зарим айлыг хаягжууллаа. Үүнээс гадна гэр хорооллын гудамж талбайд аюулгүйн толь их чухал. Учир нь бага насны хүүхдүүд ганцаараа хичээлдээ явахаас эхлээд усаа авахдаа гудамж, булан эргэнэ. Даанч өндөр хашаатай учир цаанаас ирж буй машины харагдах орчин хязгаарлагдмал. Тиймээс 10 гаруй аюулгүйн толийг байршуулсан зэрэг төслийнхөө хүрээнд манай залуус өөрсдийн саналаар олон бүтээн байгуулалтыг хийсэн байна.

-Төсөл цаашид үргэлжлэх үү. Азийн хөгжлийн банкнаас гадна та бүхний энэхүү ажлыг дэмжиж буй байгууллага бий юу?

-Бидний зорилго бол төслөө цааш нь үргэлжлүүлэх. Энэ удаагийн төсөл, судалгаа маань ерөнхийдөө туршилтын журмаар явагдсан. Манай “Хүүхдийг ивээх сан”-ийн зүгээс эдгээр залуусын эхлүүлсэн ажлыг дэмжээч гэсэн хүсэлтээ Монголынхоо томоохон компаниуд руу илгээсэн. Зарим нь хүлээж авч уулзсан. Энэхүү төслөөс олж авсан нэг гол зүйл нь манай залуус хялбар аргаар төслийг хэрхэн хэрэгжүүлэх тухай сайн туршлагыг хуримтлуулж авлаа.  Тиймээс иймэрхүү төслийг хэн нэгэн санаачлахад энэ загвараараа хэрэгжүүлэх боломжтой, мэдлэгтэй болсон гэдгээрээ давуу талтай.

Эх сурвалж:: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 99 (7084)