Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Төрийн шагналт, зохиолч З.Дорж "Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян" гэж бичсэн байдаг. Монгол үндэстэн цаашид мөнх оршихын тулгуур нь хэл соёл билээ. Тиймээс эх хэлээ хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх нь хүн бүхний үүрэг учир “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Өв соёл” буландаа үндэсний цөөнхүүдийн хэл соёлын дархлааны тухай асуудлыг цувралаар хөндөж байгаа билээ. Бид энэ дугаартаа монгол үндэст­ний томоохон төлөөлөл болох буриад түмний хэл аялгын тухай ээлжит цувралаа хүргэж байна.

 

Монголын буриадуудын хэл халх аялга руу ууссан

 

 Өнөөдөр дэлхий ертөнц даяаршиж, шинжлэх ухаан техник үсрэнгүй хөгжиж байгааг дагаад олон шинэ зүйл бий болж, түүний нэр, хэллэг, гадаад үг орж ирж эх хэлэнд минь холилдсоор байна. Ялангуяа монгол гэж омогшдог, хэл соёлоороо ондоошдог үндэсний цөөнхийн хэл аялга устаж үгүй болох аюулд өртөөд байгаагийн нэг нь буриад хэл аялга билээ. 2003 онд ЮНЕСКО дэлхий дээрх устах аюулд орсон хэлний бүрэн зураглалыг гаргажээ. Ингэхдээ эмзэг, ховордсон, нэн ховордсон, устаж үгүй болсон зэрэг таван ангиллаар авч үзсэн байна. Энэхүү системээс Монгол Улсыг хайж үзэхэд долоон тэмдэглэгээ гарч ирж байв. Хөвсгөлчүүдийн дунд хэрэглэгддэг байсан уйгур урианхай хэлийг “нэн ховордсон” хэмээн үзэж улаан өнгөөр тэмдэглэсэн бол цаатан буюу духа аялгыг “ноцтой аюулд орсон” хэмээн үзэж улбар шар өнгөөр тэмдэглэжээ. Харин бусад таван тэмдэглэгээ нь БНХАУ болон ОХУ-ын газар нутагт хамаарч байгаа бөгөөд тува, ойрод, буриад хэл зэргийг нэрлэжээ. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Мөнхцэцэг “Монгол Улсын 3.5 сая хүнээс гадна дэлхийн өнцөг буланд тархан суурьшсан монголчууд монгол хэлээрээ ярьж байна. Албан бичгээ хүртэл бид өнөөдөр монгол хэлээрээ явуулж байна. Дэлхий дээр 10 орчим сая монгол угсаатан байгаагаас зургаан сая орчим нь монгол хэлээрээ ярьдаг гэсэн барагцаа тооцоолол байдаг” гэж онцолжээ. Тэгвэл өнөөдрийн нөхцөл байдлаар буриад түмний хамгийн их хэрэглэдэг ОХУ-ын хойд аялгаар ярьдаг хүмүүс өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа юм. Хэл шинжлэлийн доктор Б.Цэрэндулам “Монголын буриадуудын хэл халх аялгуундаа ууссан нь элбэг. Нийслэл хот руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаа нь буриад аялгууд мартагдаж, уусах нөхцөл болж байна. Цаашлаад буриад хэл аялгуу нь өөрийн өвөрмөц байдлаа алдаж, нутаг нутгийн аялгатай нийлж байгаа нь үгийн сан, хэл зүйн түвшинд өөрчлөлт орох аюулд аваачихыг үгүйсгэхгүй. Бид чинь  хорчин, үзэмчин, цахар, халх, дөрвөд, торгууд гээд олон аялгатай, хэлний баялаг түүхтэй ард түмэн. Эдгээрийг төрийн бодлогоор хамгаалж, авч үлдэх нь чухал” гэв. 

 

Цэцэрлэгийн насны хүүхдийн 14.4  хувь нь төрөлх хэлээрээ ярьдаг

 

Үндэстэн оршихын гол үндэс нь хэл, бичиг. Ялангуяа монгол хэлний эх ундарга болсон үндэсний цөөнхийн хэлний нэг болох буриад хэл аялгууг хамгаалан үлдээж, хөгжүүлэх  зайлшгүй шаардлага тулгараад байна. Олон улс судлаач Б.Өсөхбат “Буриадууд нь монгол туургатны  эртний салбар аймаг юм. Хорь буриад, Барга гэсэн хоёр том угсаатан салбарлан гарсан байдаг. Харин барга-буриад аялга халх хэлнээс 1800 жилийн тэртээ салсан гэж үздэг. Буриад нь дотроо 90 гаруй овгоос бүрддэг байж. Тухайлбал, сонгоол буриад, аг буриад, хорь буриад гэх мэт. Монголын буриадууд нь хэл аялгууны хувьд хорь, ага, хамниган, худир буриадын аялгуу болон сонгоол буриадын аялгуугаар голчлон ярилцдаг” гэв.1958 оны долдугаар сарын 7-ны ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар орон, ард түмэн зэрэг буриадтай холбогдох бүх нэрсээс монгол гэсэн үгийг хассан гэдэг. Тэгвэл одоогийн байдлаар хөдөө нутагт цэцэрлэгийн насны буриад хүүхдийн 32.1 хувь нь, хотын буриад хүүхдийн 14.4 хувь нь төрөлх аялгаараа ярьдаг гэсэн судалгаа гарчээ. Харин анги ахих тусам энэ хувь буурсаар их дээд сургууль, техникумд хөдөөнөөс ирсэн оюутны  10.7 хувь, хотод төгссөн оюутны 3.1 хувь нь буриадаар, үлдсэн нь оросоор ойлголцдог болсон байна.

 

Эх хэлээрээ ойлголцох орчин байхгүй болжээ

 

Дэлхийн мөхөх аюулд орсон хэлнүүдийн атласаас харвал, орос дахь буриадуудын эх хэл мөхөх аюулын гурав дахь шат буюу ноцтой аюулд орсон хэлнүүдийн тоонд багтаж байна. Буриадад ихэвчлэн настай хүмүүс л эх хэлээрээ ярих ба дунд, залуу үе нь эх хэлээрээ ярихаа больжээ. Хэрэв энэ байдал хэвээр үргэлжилбэл буриадуудын эх хэл удахгүй аюулын сүүлийн шатанд орох нь тодорхой гэж Олон улс судлаач Б.Өсөхбат онцоллоо.Буриадууд хэдэн жилийн өмнөөс эх хэлээ сэргээх хөдөлгөөн өрнүүлсэн ч төдийлэн амжилтад хүрэхгүй байгаа ажээ. Учир нь өнөөгийн буриад хүүхдүүдэд эх хэлээ сурах орчин нь гэр бүлийн хүрээнд, нийгэмд ч бараг үгүй болжээ. Нэг жишээ дурьдахад бага, дунд сургуульд хичээлүүдээ эх хэлээрээ судлах боломжгүй байдаг байна. Буриадууд хэдийгээр Монголоос багш урьж ажиллуулах талаар санал гаргадаг боловч энэ нь үр дүнтэй ажил хэрэг болдоггүй гэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 94 (7079)